16/04/2009

Эдийн засгийн хямралаас гарахад инноваци туслана

Зууны Мэдээ сонины 2009 оны 4 сарын 16-ны дугаарт хэвлэгдсэн.

Орчин үед дэлхийн эдийн засгийн өсөлт хөгжилтэд глобалчлал, инновац гэсэн үндсэн хоёр хүчин зүйл гол үүрэг гүйцэтгэж байна. Глобалчлал нь гол төлөв эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлтэд нөлөөлж байдаг бол инновац нь чанарын талын үзүүлэлтийг илтгэдэг. Хямралаас өмнө дэлхийн эдийн засаг жилдээ бүхэл бүтэн Герман улсын эдийн засгийн хэмжээгээр өсөж байв. Өнөөгийн хямралын нэг гол түгээмэл шинж нь хүмүүс бараа худалдан авахаас татгалзах болсон явдал юм. Үүнд маш олон шалтгаан бий. Хүмүүсийн худалдан авах чадавхи буурсан, тансаг хэрэглээнээс татгалзаж эхэлсэн, банк санхүүгийн байгууллагын чадавхи ганхаж суларсан, түүнд итгэх итгэл алдарч эхэлсэн, үнийн хөөрөгдөл зэрэг олон шалтгаан нөлөөлж байна.

Дэлхийн эдийн засагт нөлөө бүхий улс орнууд хямралаас гарах арга замыг хайж, тодорхой арга хэмжээ авч эхлээд байна. Обамагийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулиуд нь ХХI зуунд өрсөлдөх чадварын цоо шинэ талбарыг бий болгоход чиглэгдэж байна. Хямралаас гарах хамгийн найдвартай арга замыг Билл Гэйтс тодорхойлохдоо “Өнөөгийн хямралын үеэр инновацийн үсрэлт болно. Хямралын нөхцөлд агуу их нээлтүүд үргэлж гарч байдаг” гэж хэлжээ. Дэлхийн 20 том эдийн засгийн улс орнууд инновац бол хямралаас гарах цорын ганц зөв гарц гэж хүлээн зөвшөөрч тодорхой алхамуудыг хэрэгжүүлж эхэлж байна. Энэ оны 6 сард тэд дахин цугларч хамтын бодлого, хүчин чармайлтаа нэгтгэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Монгол хар ухаанаас монголчлох сэтгэлгээнд

Манай ахмад үеийнхэн “хар ухаанаар бодоход” гээд л өөрийнхөө бодол саналаа даруухнаар илэрхийлж байхтай бид олонтаа тааралддаг билээ. Чухамхүү энэ “хар ухаан” гэдэг нь монголын ард түмний дунд түүхийн олон зуун жилийн турш ам дамжин үе залгамжилж ирсэн, өнөөдрийн ярьдгаар “best practices” буюу “оновчтой шийдлүүд”, жинхэнэ монгол ухааны бодит жишээ байжээ хэмээн миний бие боддог. Харин өнгөрсөн зууны тавь, жараад оноос эхлэн монгол оронд атрыг эзэмших их хөдөлгөөн, үндэсний аж үйлдвэрийн үндэс суурийг бий болгох, их барилгын ажлын эрчимтэй өрнөлтийн үр дүнд гаднаас орж ирж байсан машин техник, технологийг өөрийн нөхцөл байдалд тохируулан, дотоодынхоо нөөцийг ашиглан зарим эд ангийг өөрчлөх, орлуулах төдийгүй, түүнийг дууриалган монгол загвар бүтээхийг оролдож байсныг “монголчлох” гэж бид хэлж заншсан. Хамгийн наад захын жишээ бол хөдөө хээр нутагт эвдэрч саатсан машин тэргээ монголчлох сэтгэлгээгээрээ хөдөлгөн халуун хүйтний аюулаас хүний алтан амийг аварч чадсан жолооч олон байсныг хэлэхэд хангалттай. Гадны технологиос санаа авч гэрийн мод үйлдвэрлэх шинийг санаачлагч Хөвсгөл нутгаас гарч нэг хэсэг шуугиулж байсныг мартаагүй. Тэр бүү хэл модоор онгоц хийгээд амжилттэй нисгэж чадсан нэгэн ч байсан гэдэг. Шинэ санал, оновчтой бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохиож, гурил, сахар савлахаас аваад, жимс хураах зэрэг хүний хөдөлмөр хөнгөвчилсөн механик ажиллагаатай суурь машин, үйлдвэрийн дамжлага хүртэл хийхийг оролдож чамлахааргүй амжилтанд хүрч байсан билээ. Хориод жилийн өмнө хэсэг залуус анхны монгол компьютерийг “Apple” компьютерийн жишгээр бүтээж, улмаар “Монел” компани монголдоо компьютер, телевизор угсарч эхэлснийг бид мартаагүй байх аа. Монголчлох сэтгэлгээний давуу тал нь сөрөг үр дагавраасаа илүүтэй байсныг би энд зориуд тодруулж гаргахыг оролдож байна. Мэдээж хэрэг, надтай санал нэгдэхгүй хүн олон байхыг үгүйсгэхгүй. Монголчлох сэтгэлгээ бол гол төлөв тулгарсан хүнд бэрхшээлтэй үед монгол хүнээс гарч ирж байсан бүтээлч сэтгэлгээний илрэл гэж хэлэх гээд байгаа юм. Гэхдээ бас залуу насны оргилуун хүсэл мөрөөдлийн үр дүнд гарч ирж байлаа. Мэдээжээр монголчлох сэтгэлгээний үр дүн нь урт хугацаанд тухайн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байсан олон жишээг дурдаж болох биз.

Талын монголчууд бид бусдаас дутахгүй гэсэн бардам тэнхлүүн зандаа тулгуурлан монгол хар ухаанаа хөгжүүлж, монголчлох сэтгэлгээг бий болгосон байна.

Харамсалтай нь монголчлох сэтгэлгээ, бүтээлч ухааны үр дүнд бий болсон олон сайхан бүтээл, санаа амьдралд хэрэгжиж чадалгүй үлдсэн нь нэг талаас, тэдгээр бүтээлийг дэмжих дэмжлэг, сайхан санааг амьдралд хэрэгжүүлж “ чулуу” болгох ухаан дутагдсаных, нөгөө талаас харийн хүний санааг зээлдэж, монголчлох оролдлого нь тэр бүр илүү сайн үр дүнд хүргэж чадахгүй байсанд орших биз ээ. Зах зээлийн орчин үед монголчууд бид нүдээ нээж алс холын Америк төдийгүй дэлхийн хэмжээний мэдээллийн урсгалаас хүртэх боломжтой болсон өнөө үед “цагираг дугуй” дахин бүтээх бус дэлхий дахинаа туршигдаж, танигдсан монгол хөрсөнд үр дүн өгөх арга технологийг бүтээлчээр сурч, монгол хар ухаан – монголчлох сэтгэлгээг хөгжүүлэн тэтгэж, орчин үеийн хэллэгээр “innovation” -г өргөнөөр дэмжиж чадваас улс орны эдийн засгийн хөгжил дэвшил шинэ шатанд гарч, ард түмний аж амьдрал эрс дээшлэх нөхцөл бүрдэнэ.

Ямар инноваци бидэнд хэрэгтэй вэ

Энэ бол улс төрийн дээд түвшинд хийх хариуцлагатай сонголт, шийдэл байдаг. Дэлхий дээр инновацийн хөгжлийн дор хаяж 4 чиглэлийн стратеги байх шиг. Нэгд, АНУ-ын барьж буй бүх чиглэлээр дэлхийд тэргүүлэх бодлого, хоёрт, Япон, Өмнөд Солонгос, Хятадын засгийн газраас барьж байгаа бусдын технологийг зээлдэн боловсронгуй болгон хөгжих бодлого, гуравт, Норвеги улс 30 жилийн өмнөөс өөрийн газрын баялгаа ашиглуулах эрхийг гадны компанид олгохдоо тэдний тэргүүний технологийг өөрийн болгох, улмаар инновац, судалгааны бүхэл бүтэн салбар бий болгохыг нөхцөл болгон тавьснаар өнөөдөр технологи экспортлогч орон болж чадсан жишээг дурдаж болно. Өөр нэг чиглэл бол цэрэг дайны судалгаа шинжилгээг иргэний зориулалттай технологи бүтээх давхар зорилгоор хөгжүүлэх стратеги юм. Ийм стратегийн үрээр интернет, нисгэгчгүй автомат нислэгийн аппарат, GPS зэрэг нээлт бүтээлүүд бий болж нийтийн хүртээл болоод байна.

Шинэ бүтээл, инновац хоёрын ялгаа

Монголчууд бид шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжиж хөгжүүлж байсан үе саяхан. Харамсалтай нь, тэдгээр санаа бүтээл амьдрал дээр хэрэгжиж үр дүнгээ өгсөн нь тун цөөхөн, эсвэл байхгүй ч байж мэднэ. Үүнд л шинэ бүтээл, монголчлох сэтгэлгээ- инновац хоорондын ялгаа оршиж байгаа юм. Инновац гэдэг нь зах зээлийн хэрэгцээг хангах шинэ бүтээл юм. Шинийг санаачлагч болоод инноватор хоёрын хоорондын ялгаа бас үүнд оршино. Шинийг санаачлагч бол зөвхөн шинээр техник, технологи бүтээхэд гол анхаарлаа хандуулдаг байхад инноватор бол шинэ бүтээлээ зах зээлийн хэрэгцээ шаардлагын үүднээс харж бүтээж, хэрхэн зах зээлд оруулж чадах вэ гэсэн менежментийн ухаанаар зэвсэглэсэн байдаг аж. Үүнд л гол ялгаа нь оршиж байна. Эндээс монгол оронд шинжлэх ухааныг хөгжүүлж ирсэн төрийн бодлогыг эргэж хармаар байна.

Хямралаас гарах төрийн бодлого

Эдийн засгийн хямралаас гарахын тулд монголын төр засгаас удаан хугацааны төрийн бодлогыг ухаалгаар хэрэгжүүлж, улс орноо ойрын 10-15 жилийн дотор хөл дээр нь босгох зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Ийм бодлого ч энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн хөтөлбөрийн гол хэсэг байх учиртай.

Юуны өмнө, саяхан баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын үндсэн дээр инновацийн төрийн бодлогыг зөв тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг нэн даруй эхлүүштэй. Дээрх 4 чиглэлийн стратегиэс манайх бусдын технологийг зээлдэх, газрын нөөц баялгийнхаа оронд технологи инновацийн баазтай болох чиглэлээр дахин нарийвчлан судалж бодлогоо тодорхойлох шаардлагатай болов уу. Уул уурхайн чиглэлээр лицэнз аван ашиг олж буй гадаад дотоодын компаниудад орчин үеийн экологийн цэвэр технологийг нутагшуулах, улмаар технологи инновацийн төв байгуулж ажиллуулах, боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зэрэг шаардлагыг тавих цаг болжээ. Мөн монголчлох сэтгэлгээг улам дэмжин гадаадын технологиос судлан нутагшуулах ажлыг бүх талаар дэмжих, энэ ажлыг бизнесийн хүрээнийхний дэмжлэгтэйгээр явуулах, чанаргүй, хүн хуурсан, хялбар аргаар мөнгө олох оролдлогыг таслан зогсоох, түүний оронд технологийн дэвшилтэт шийдлийг хэрэгжүүлэх ажлыг бүх талаар хөхүүлэн дэмжиж ажиллаваас зохилтой.

Хоёрт, ужиг болсон үр өгөөжгүй төрийн бодлогоосоо салж, боловсрол, мэдлэгийн үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарт тэргүүлэх чиглэлийг дахин батламжлан тогтоох хэрэгтэй байна. Үүнд, улс орны эдийн засгийн хөгжилд шаардлага бага мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээний ажлыг хааж, дээрх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг гадаадад сургах замаар шийдэх, энэ чиглэлийн эрдэмтдээ гадаадын тэргүүлэх лабораторид тодорхой зорилго даалгавартай ажиллуулах нь зөв байх. Улс орны эдийн засгийн нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын талаар төрөөс зориуд анхаарч хөрөнгө оруулалт хийж, сургалтын чанарыг эрс сайжруулж, гарсан мэргэжилтнүүд нь зах зээлийн шаардлагыг бүрэн хангахуйц мэдлэг чадвартай бэлтгэгддэг болгох хэрэгтэй.

Гуравт, бүх шатны удирдах ажилтнууд, бизнесийн дээд, дунд шатны бүх хүмүүсийг хамруулсан менежментийн сургалтыг тогтмол явуулах талаар онцгой анхаарах хэрэгтэй байна.

Дөрөвт, гадаад хэлний сургалтын чанарыг эрс дээшлүүлэх тал дээр тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Энд гадаад хэлийг хямд төсөр, зардал багатай аргаар хүүхэд залуучуудад эзэмшүүлэх тогтолцоог бий болгоход төрөөс онцгойлон анхаармаар байна.

12/02/2009

Мэдлэгийн зуунд ямар боловсрол хэрэгтэй вэ?

Доорх бичвэр 2009 оны 2 сарын 12-ны өдрийн Зууны Мэдээ сонины дугаарт
"Мэдлэгийн зууны боловсрол ба диплом үйлдвэрлэгч ТҮЦ"
нэртэйгээр хэвлэгдсэн.

Хаврын урь орох бүрт хотынхон бөөн ажил болгон газар ухаж, мод суулгадаг боловч хот маань ногоон бүрхүүлтэй болж чадалгүй өдий хүрсэн нь ургамал судлаачдын мэдлэг боловсрол дутсаных уу, эсвэл мэргэжлийн хүний үгийг ойшоодоггүй удирдлагуудын мэдлэг боловсрол дутуугийнх уу. Өнөөдрийн хотыг харахад азийн цагаан дагина гэгдэж байсан тэр үе аль эрт өнгөрч архитектурын ямар ч үзэмж зохицол байхгүй, хэдэн шавааралдсан байшинтай, цэцэрлэг, ногоон байгууламж, зүлэг, засмал явган зам байхгүй, өмнө байсан зүлэг мод, тохижуулсан явган замаа устгаад энд тэндгүй шороо бужигнасан хот болж хувирсан нь бас л мэдлэг боловсрол доройтож байгаагийн илрэл болов уу. Хөдөө нутгаар яваад үзэхэд ч газар усаа хайрлаж хамгаалах, ухаалгаар эзэмшиж ашиглах сэтгэл дутсанаас хайр найргүй ухаж төнхөөд, үр дүнд нь гол горхи хатаж ширгэн, цөлжилт газар авсаар байгааг эцсийн бүлэгт бас л мэдлэг боловсролтой холбож үзэх хэрэгтэй юм даа.

Энэ бүхнийг нэг талаас зах зээлийн нөхцөлд хүн бүр өөрсдийн амьжиргааны төлөө хийж байгаа гэж зөвтгөхийг оролдовч нөгөө талаас улс орны амьдрал гэдэг хүн бүрээс хамааралтай учир энэ бүхний цаана хууль тогтоогч, хэрэгжүүлэгчээс эхлэн бүх иргэд байгаа гэдгийг мартаж болохгүй юм. Тэгвэл бид бүгдээрээ ухамсар доройтож, бүх зүйлийг зоосны нүхээр хардаг болсон гэвэл итгэхэд бас бэрхшээлтэй. Харин бид бүхний сурч эзэмшсэн боловсрол маань зах зээлийн өнөө үед хэрэгцээ багатай, хэт академик шинжтэй, амьдралаас хөндий, өдөр тутмын амьдралын гол тулгуур асуудлуудыг баттай суулгаж чадаагүйгээс үүдэлтэй гэвэл арай илүү үнэнд ойртох биз. Өөрөөр хэлбэл, монголын боловсролын систем гүнзгий хямралын ирмэгт ирээд байгаагийн дохио бөгөөд улс орныхоо хөгжлийн одоо, ирээдүйг харгалзан боловсролын системдээ ухаалаг дорвитой шинэчлэл өөрчлөлт хийх цаг болжээ.

Ардчиллын салхи үлээж эхэлсэн 90-ээд оноос эхлэн монголчууд бид өөрсдийгөө онолын суурь боловсрол сайтай гэдгээ мэдэрч, жирийн ардаас эхлээд төрийн сайдаа хүртэл бахархан ярьсаар ирсэн билээ. Өнгөрсөн 20 орчим жилд монголын боловсролд урд өмнө байгаагүй хатуу валютийн хөрөнгө оруулалт зээл тусламжаар орж ирж, урд өмнө үзээгүй олон сайдын нүүр харсан боловч боловсролын агуулга маань урд өмнө байгаагүйгээр түвшин нь доройтож ирсэн байх юм.

Социализмын үед боловсролын системийн эцсийн үр дүнд маш их анхаарал тавьж байсан нь нийт ард түмний дунд онц дүн, улаан диплом, зэрэг цолны нууцхан өрсөлдөөн зарлаж, оюун ухаанд нь боловсрол гэдэг хамгийн гол нь мэдлэг бус харин диплом, цол хэргэм гэсэн өрөөсгөл сэтгэлгээг баттай суулгаж чадсан байх юм. Энэ өрөөсгөл сэтгэлгээ нь зах зээлд шилжихдээ онц дүн, улаан диплом, зэрэг цолыг мөнгөөр авах замыг нээж, улс орон маань “хуурамч” эрдэмтэн мэргэдээр дүүрч, диплом үйлдвэрлэгч жижиг “ТҮЦ”-ийн тоогоор дэлхийд толгой цохиж, албан байгууллагууд ч хоёр үг зөв холбож хэлэх чадваргүй хирнээ гадаад хэлтэй гэж анкетаа бөглөдөг ажилтнуудаар дүүрч, улмаар боловсролын системийн нэр хүнд хөсөр унаж, гүн хямралын ирмэгт ирээд байна.

Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт авсан арга хэмжээ гэвэл сайндаа боловсролын хуулинд үндэслэл муутайхан нэмэлт оруулахаас хэтрээгүй бөгөөд харин хамаарах албан тушаалтнууд нь өөртөө болон дотны нөхдөө боловсролын ТҮЦ байгуулах эрхээр шагнахаас хэтэрч байсангүй. Боловсролын салбарт дээгүүр албан тушаал хашиж байсан олон хүмүүсийн нэртэй холбоотой нэг бус ТҮЦ-нүүд мөн л нөгөө дипломыг хөдөөний айлын эзэгтэй ааруул тавьж байгаагийн нэг адил “үйлдвэрлэж”, эзэнд нь багагүй ашиг авчирсаар л байгаа нь сайд дарга нарын хийх гэж байгаа өөрчлөлт шинэчлэлд цаашдаа итгэх итгэлийг алга болгож байна даа.

Ард түмэн маань ч социализмын үеийнхээ сэтгэлгээнээс ангижирч чадаагүй, онц дүн, улаан дипломд шүтэн биширсээр үр хүүхдээ нэг их дээд сургууль л бараадуулбал бусад нь болж бүтэх юм шиг хамаг мөнгөө үргүй зарсаар байх юм. Өнөөдөр их дээд сургууль төгсөгчдөөс хичнээн нь ямар ажил хийж байгаа, мөн хичнээн нь дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа талаар тодорхой судалгаа хийдэг байгууллага ч алга л байна. Гэтэл өнгөрсөн хориод жилд дэлхий дахинаа боловсролын философид эрс өөрчлөлт орж, мэдлэгийн зуунд зэрэг цол, диплом, гэрчилгээ, тэдний тоо, өнгөөр биш, эрдэмтэнг бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл, нийтлэлээр нь, гадаад хэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний түвшингээр, оюутан залуучуудыг зах зээлд гарч ажиллах чадвараар нь, сурагчдыг сургалтанд хамрагдсан хугацаа, мэдлэгээ бие даан гүнзгийрүүлэх чадвар, харьцааны өндөр соёлтой нийгмийн идэвхитэй иргэн болсноор нь үнэлдэг болж байх юм.

Манайд ч гэсэн ажил олгогчид шинэ боловсон хүчнийг өнөөдөр ямар сургууль төгссөн, ямар өнгийн диплом зэрэгтэйг харахаасаа илүү хүмүүстэй хэрхэн харьцаж чаддаг, үүрэг даалгаврыг ямархуу хариуцлагатай биелүүлж байгаа, гадаад хэлний мэдлэг нь хир, компьютер дээр хэрхэн ажиллаж байгаа зэргийг л илүүтэй харж, цалин хөлсийг нь эдгээр үзүүлэлтээс хамаарч тогтоох хандлагатай болж эхэлж байна.

Монголд өнөөдөр улс орны хөгжлийн бодлогыг зөв бариад явах шинэ үеийн мэргэжилтнүүд цөөн боловч бий болсон байна. Харамсалтай нь тэд нар төр засгийн байгууллагын дээд түвшин рүү тэмүүлэхгүй, төрөөс ч тэднийг олж харж дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа санагдана. Тэдгээр шинэ залуу үеийн элитүүд зах зээлд дэлхийн хэмжээнд яаж ажиллаж болох арга ухааныг эзэмшсэн учир юу хийж, яаж амьдрахаа хэнээр ч заалгахгүй болгоод л, гол төлөв харийн оронд ажиллаж амьдарч явна. Зах зээл, глобалчлал, мэдлэгийн зууны энэхүү хандлагад улс орны үндэсний аюулгүй байдлын үүднээс хариулт өгч, боловсролын системд гүнзгий өөрчлөлт хийх шаардлага төр засгаас эхлээд жирийн иргэн бүрийн өмнө хурцаар тавигдаж байна.

Төр засгаас ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, чанартай, нийгэмд шаардлагатай мэдлэг боловсрол олгох арга замыг эрж хайх, ард иргэдэд үр хүүхдээ дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд өндөр үнээр шилжүүлэх үү, эсвэл их сургуулийн дипломгүй ч нийгэмд шаардлагатай тодорхой мэдлэг, чадвар эзэмшүүлж амьдралаа авч явах замд нь чиглүүлэх үү гэдэг сонголтыг хийх цаг ирж байна. Харин залуучуудын өмнө өөрийн оюуны чадавхи, сонирхол, сэтгэлийн дуудлагаа сайтар нягтлан бодож, зах зээл, мэдлэгийн зуунд хэрхэн өөрийн байр сууриа олох талаар аль болох эртнээс төлөвлөж, зорилгодоо хүрэхийн тулд оюун ухаан, тэвчээр хатуужил, хүч чадлаа дайчлан ажиллах хэрэгтэй болж байна.

Их сургуулийн захирал, эзэд ард түмнээ хуурсан диплом олгодог сургалт явуулдаг бол эх орон ард түмнийхээ өмнө хийж байгаа нүглээ наминчилж, зоригтой шийдвэр гарган чанар муухан ангиудаа яаралтай хааж, их сургуулийн түвшинд нийцсэн сургалтыг явуулахад бүх хүчээ дайчлан ажиллах цаг болжээ. Оюутныхаа мөнгөөр барилга барьж, компьютерийн анги байгуулснаараа сайн сургууль гэгддэг байсан 90-ээд оны үе өнгөрснийг сайтар ухаарч, багш нарынхаа чанарыг дээшлүүлэх талаар дорвитой хөрөнгө оруулалт хийж, тэдэнд тавих шаардлагыг өндөржүүлж хэвшүүлэх шаардлагатай. Сургалтын дэвшилтэт технологийг өргөн нэвтрүүлж, гадаадад төгссөн залуучуудыг сургалтын ажилд татан оролцуулах талаар нэмэлт урамшууллын арга хэмжээ хэрэгжүүлэх, гадаад харилцаагаа хүн солилцох, туршлага судлах зэрэг үр дүнгүй хэлбэрээс диплом харилцан хүлээн зөвшөөрөх, тэдний дэвшилтэт сургалтын арга технологиос судалж нэвтрүүлэхэд шилжүүлэх, багш нараа гадны сургуульд урт богино хугацаагаар ажиллуулах, гадны багш нарыг урьж ажиллуулахад хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлэх зэрэг ажлыг хийх цаг тулаад байна.

Төр өөрийн мэдлийн их дээд сургуулиудынхаа бүтцийг эргэн харж, тоог цөөлж оновчтой бүтцийг бий болгох, бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэлийг зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчилж, улмаар улс орны хөгжлийн өнөөгийн нөхцөлд шаардлагатай мэргэжилд түлхүү анхаарал тавьж, түүнд дорвитой хөрөнгө оруулалт хийж, дэлхийн түвшинд ойртсон их сургуультай болох нөхцлийг бүрдүүлж өгмөөр байна. Түүнээс гадна зах зээлд өрсөлдөх чадвартай нарийн мэргэжлийн ажиллах хүчин бэлтгэх нэр хүндтэй дунд шатны боловсролын цоо шинэ бүтцийг бүрдүүлэх нийгмийн шаардлага урьд урьдаас илүүтэйгээр тавигдаж байна. Энэ ажлыг ажил олгогчид, хувийн хэвшлийнхнийг өргөн хүрээтэй оролцуулах замаар шийдвэрлэхгүй бол бас л зах зээлд хэрэгцээгүй ажилчин бэлтгэдэг хуучин систем рүүгээ хальтран орох аюултай.

Бүх нийтэд дунд боловсролыг үнэгүй олгох үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэх ажлын явцад эргэн нэг сайтар дүгнэлт хийж, дунд сургуулийн дамжлагаар гарч байгаа ирээдүйн иргэд маань юу сурч, ямар хүн болж байгааг судалмаар байна. Өнөөдрийн хүүхдүүд “Мянганы хүүхдүүд”-ийн нэг адил компьютер, чат, мессенжэр, интернет, гар утсаар гарамгай харилцаж чаддаг, мэдээллийг оюун ухаандаа тунгаахаас түрүүн интернэтээс олж “copy-paste” хийдэг, тоо бодлогыг толгойндоо бодохоосоо компьютераар бодуулдаг, чөлөөт цагаа компьютерийн тоглоом, видео кино үзэх зэргээр интернет медиад илүүтэйгээр зарцуулдаг болсныг харгалзан сургалтын арга технологио өөрчлөн, багш нараа яаралтай шинэ технологид сургах шаардлага тулгарч ирж байна. Өөрөөр хэлбэл, дунд сургуулийг академик сургалтаас нийгэмдээ идэвхитэй иргэн бэлтгэхэд чиглүүлэх, улмаар сургалтын эцсийн үр дүнд бус процесст илүү анхаарал тавих хэрэгтэй боловуу. Ер нь дунд боловсролын өөрчлөлт шинэчлэлийг хийхдээ Финланд, Норвеги, Өмнөд Солонгос зэрэг улсын туршлагыг бүтээлчээр судалж үзэж байж хийхэд буруудахгүй бизээ.

08/11/2008

Сэр сэр салхитай Сэрүүн Бумбын орноор



Америкийн University of Phoenix гэдэг алсын зайн болон онлайн сургалтаар дагнасан их сургуульд докторант оюутан болсоор нэг жил хагасыг үджээ. Мэдээллийн Систем болоод Технологийн Менежментийн чиглэлээр PhD хөтөлбөр явуулдаг 2, 3хан сургуулийн нэг байсан нь энэ сургуулийг сонгох шалтгаан болсон юм. Бүх сургалт онлайнаар явагдах бөгөөд жилдээ 1-2 удаа сургууль дээрээ очиж суурин-сургалтын арга хэмжээнд хамрагдана. Ийн явах замдаа би Сан Франсиско хот, алдарт Силикон Ваалийгаар дайрдаг юм. Энэ жилийн 9 сарын эхээр Аризона мужийн нийслэл Феникс орж сургуулийнхаа суурин хөтөлбөрт оролцчихоод буцах замдаа Силикон Ваалийд хэд хоног саатав.
Силикон Ваалий хэмээн алдаршсан энэ газар бол Сан Франсиско хотоос эхлэн урд зүг рүү чиглэн тогтсон Мэдээллийн Технологийн тусгай бүс нутаг билээ. Silicon Valley -г шууд орчуулбал Цахиуран Хөндий болох бөгөөд яг ийм нэртэй газар бол байхгүй. San Francisco Bay Area -д орших энэ хөндийг Америкийн хөгжлийн нэгэн нүүр царай гэж хэлж болно. Угтаа бол тус улсын зүүн эрэгт төвлөрсөн хөгжлийн төвийг баруун эрэг рүү чиглүүлэх бодлогоор технологийн хөгжлийн тусгай бүсийг байгуулсан нь ийм алдартай газар болон хөгжжээ. Сан Франсиско хавийн газар нутаг - Цахиуран Хөндий нь цаг агаарын маш таатай нөхцөлтэй. Жилийн туршид бараг л нэгэн хэвийн цаг агаартэй байх агаад өвөлдөө бороо элбэг, зундаа тэгтлээ их халахгүй. Чухам л
Сэр, сэр салхитай
Бур бур бороотой
Үргэлж мөнхөд
Өвөлгүй Зунаараа байдаг Сэрүүн Бумбын орон хэмээн алдарт Жангар туульд гардаг үлгэрийн орон эрхгүй санаанд бууна. Хүн амьдрахад маш таатай уур амьсгалтай энэ "Сэрүүн бумбын орон"-д хөрөнгө санхүүгийн болон хүний нөөцийн төвлөрөлийг бий болгосноор Америкийн эдийн засгийн нэгэн том "мөнгөний уурхайг" бий болгож чадсан юм. Улмаар энэ загвар нь эдийн засгийн хөгжлийн нэгэн прототип арга болтлоо дэлхий даяар тархсан хэлбэр юм. Одоо бараг улс бүр өөрийн Силикон Ваалийг барьж байгуулах болжээ. За энэ тухай хожим дэлгэрүүлсү гээд Дэлхийн Мэдээллийн Технологийн Шинэчлэлийн гол цөм болсон энэ алдартай газарт амьдарч, байлдааны тэргүүн шугам дээр хүчийг үзэн яваа монгол "цэргийн" тухай танилцуулахыг хүслээ.
Түүнийг Ширчингийн Баатар гэдэг нэрээр нь олон хүн танина. Гэвч түүнийг бүтээл туурвил, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаанаас нь хараад нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтэй гэж андуурч боддог хүмүүс байж магадгүй. Ш. Баатар Новосибирскт компьютерийн програмчлалын мэргэжлээр төгсөөд Монголдоо хэдэн жил ажиллаж байгаад Японы Хамамацү хотод эмнэлгийн мэдээлэл зүйн чиглэлээр доктор хамгаалж, улмаар Америкийн алдартай хоёр сургууль болох Харвардын Их Сургууль, Массачүсецийн Технологийн Их Сургуулиудын хамтарсан Post Doctoral хөтөлбөрт хамрагдаж дүүргэсэн. Мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлдэг орнуудад боловсрол эзэмшиж дэлхийн зиндаанд хүрсэн мэргэжилтэн. Тэр надаас насаар хэд ах. Намайг оюутан байхад шинэхэн сургууль дүүргээд ирсэн шавхийсэн залуу тэр үеийн нарийн технологийн талаарх мэдээлэл өгч, харамгүй зааж тусалдаг, олонтойгоо мэдээлэл солилцох дуртай, тусархуу нэгэн байв. Японд бид нэгэн цаг үед өөр хотуудад амьдарч байсан ч байнгын холбоотой байдаг байв. Гэвч түүнийг Америк явснаас хойш бараг холбоо тасарч хааяадаа и-мэил солилцох төдий байсан юм. Харин өнгөрсөн намар хэрэг болгон найзындаа зорьж очлоо. Түүний зочломтгой, эелдэг зан урьдын хэвээрээ. Bay Area хавьд өнгөрөөсөн нэгэн гарагийн туршид түүнтэй хоёронтоо ч уулзаж, тэдний хоттой танилцаж, гэрт нь уригдан очиж чамгүй олон цагаар хүүрнэлдэв. Дөрвөн ханаар нь дүүрэн ном өрсөн тэдний гэр-номын санд тухлан сууж монголынхоо тухай, сүүлийн үеийн мэдээллийн технологийн хөгжил дэвшлийн тухай, монголынхоо МТ-ийн салбарыг хэрхэн хөгжүүлбээс зохилтойв гэх мэт элдвийн олон сэдвээр шөнө дөлийг хугаслан хүүрнэлдсэн бүлгөө. Баатар маань 20-иод жилийн өмнө судалж хийж байсан, техникийн хувьд өндөр мэдлэг шаарддаг, мэргэжлийн хэллэгээр доод түвшний гэж хэлэгддэг системийн програмчлалийн ажлаа хийсээр яваа нь надад гайхах, бахдах сэтгэлийг хослуулав. Мэдээллийн технологийн ихэнх мэргэжилтнүүд 40 гараад ирэхлээрээ удирдах ажил руу шилждэг нь манай салбарынхны нийтлэг дүр төрх л дээ. Гэтэл тэрээр All State хэмээх Америк даяар салбартай, Нэгдсэн Улсын хамгийн том даатгалын компанийн Мэдээллийн системийн ахлах инженерээр ажиллаж, Юникс системийн програмчлалийг гардан хийсээр яваа нь намайг бишрүүлэв. Бас цагаахан атаархал ч төрлөө. Нарийн мэргэжлээрээ дагнан ажиллах нь түүнд нэгдүгээрт сонирхолтой, хоёрдугаарт ажлын байраа амар алдахгүй байх (Job Security) боломжийг олгодог юм хэмээн тэрээр өгүүлнэ. Америк шиг өрсөлдөөний асар өндөр түвшинд хүрсэн газарт энэ асуудал мэргэжилтнүүдийн хувьд амин чухал байдаг нь ойлгомжтой.
Тийм завгүй, мэргэжлийн өндөр түвшний алба хашихын хажуугаар тэрбээр түүх, антропологийн шинжлэх ухааныг бие даан сонирхон судалж, олон эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ. Түүний номын сангаар дүүрэн Монголын түүх, хэл судлалын чиглэлийн англи, япон, орос, хятад гээд дэлхийн олон хэл дээр бичигдсэн ном, материал байх юм. Эдүгээ олон улсын монгол судлаачдын хүрээлэлд түүний нэрийг андахгүй болжээ. Монголынхоо түүхээр сэдэвлэсэн нэгэн сэдэвт бүтээл туурвиж буй бөгөөд удахгүй уншигчдын гар дээр хүргэнэ хэмээж байв. Тэрээр түүх, антропологийн мэргэжлээр алдарт Берклейн Их Сургуульд зочин-судлаачаар ажиллаж байгаа ажээ. Тийм том сургуульд үнэлэгдэнэ гэдэг түүний зиндааг бэлхнээ харуулж буй хэрэг. Түүний туйлын хөдөлмөрч, бүтээлч чанараар эрхгүй бахархах сэтгэл төрнө.

Доктор Баатартай уулзсан хоёр дахь уулзалтын үеэр тэрээр "энэ хөндийд 10 гаран жил ганцаар ажиллалаа, харин сүүлийн үед энд ажиллах монгол мэргэжилтний тоо ганц хоёроор нэмэгдэх шинжтэй болж байгаад маш баяртай байгаа" гэсээр Силикон Ваалийд ирээд тун удаагүй байгаа нэгэн бүсгүйг дагуулан ирж танилцуулсан юм. Бүсгүйн нэрийг М. Сувдмаа гэнэ. Тэрвээр Монголдоо компьютерийн мэргэжлээр суралцаж байгаад Америкт ирж суралцан бакалавраас эхлээд докторантураа дуусгаад яг 10 жилийн дараа Силикон Ваалий руу нүүн ирж ажлын талбар луу шилжиж байгаа нь энэ ажээ. Сургуулиа дүүргээд МайкроСофт гэх мэт олон том компаниас ажлын санал авсан ч МТ-ийн дэлхийн томоохон компаниудийн нэг болох Яхүү компанийг сонгон ажилд оржээ. Бахархмаар. Сувдмаа Иллинойгийн Их Сургуулиас Докторын зэрэг хүртсэн юм байна. Мэдээллийн нууцлалын чиглэлээр докторын ажлаа туурвижээ. Үдшийн зоог барингаа хөөрөлдсөн бидний уулзалтын үеэр Силикон Ваалийгийн зүрхэн голтод ажиллаж амьдарч буйн хувьд тэндхийн соёлын нарийн ширийнээс Сувдаа танилцуулж ярьсан нь миний хувьд тун чиг сонирхолтой байв. Инноваци болохуйц шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхэд хамгийн гол нь хийж гүйцэтгэх чадвар чухал, шинэ санаа олох нь төдийлөн хэцүү биш, гагцхүү түүнийг зөв цагт эхлүүлж бодит үйл хэрэг болгох чадвар хамгаас чухал юм билээ гэж др. Сувдмаа өгүүлж байв.
Ийнхүү миний бие өнгөрсөн намар алдарт Силикон Ваалийд очиж, дэлхийн бизнесийн өрсөлдөөнт нэгэн төв болсон энэ газарт үнэн хүчийг үзэн "байлдаж" яваа монголын "хашир цэрэг", "шинэхэн цэрэг" хоёр Доктортой уулзаж ярилцан тэднээс шинэ эрч хүч, урам зоригийг авсан билээ. Тэр хоёроороо би чин сэтгэлээсээ бахархаж, Монгол маань 90 оны ардчилсан хувьсгалаар нээлттэй хөгжлийн замд орсноос хойш 20 орчим жил болсны дараа манай монгол залуус дэлхийн оюуны үйлдвэрлэлийн салбарт хүч үзэх хэмжээнд хүрч иржээ гэдгийг мэдэрч байлаа. Эдгээр залуусын маань дэлхийн тавцан дээрх үйл ажиллагаа, амжилт бүтээл нь монголын залуу үед үлгэр дууриал болж, нэгэн төрлийн урагшлах замынх нь луужин болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол маань улирч баларсан үеийн газрын баялагт дулдуйдсан хөгжлийн загвараар биш, оюуны баялаг дээр тулгуурласан мэдлэгийн нийгмийг бүтээх замаар хөгжих ёстой.

Доктор Баатарын блог: http://shbaatar.blogspot.com

Доктор Сувдмаагийн блог: http://www.suvda.com
Түүний зарим нийтлэл, ярилцлагыг эндээс үзнэ үү.

Steve Jobs Stanford University Speech



Hi guys, I think, it is definitely worth watching

02/07/2008

Баяр нь уу, Элбэг нь үү?

Өглөө болов. Телевизээр С.Баярын дуу гарч байна. Нойрмогдуухан босоод телевизорийнхаа өмнө суулаа.
Баяр дарга бослого болсон газраар явж байна. Хажуудаа Цагдаагийн даргаа, гал хамаандын даргаа, КГБ-ийн даргаа гээд нэлээн олон бараа бологчдоо дагуулжээ. Эмнэлгээр очиж байна. Гэмтсэн цагдаа нарын орон дээр очиж яриа дэлгэж, гарыг нь барьж толгойг нь илнэ. Хохирсон цагдаагийн гэр бүлийн хүнтэй уулзаж сэтгэлийг нь засах халуун дулаан үг хэлж байна. Хамаг хохиролыг нь арилгаж өгөх талаар өөрөөс хамаарах бүхнийг хийнээ хэмээн амлаж байна.
Болж байна ш дээ. Ерөнхий сайд гэдэг чинь ингэх л ёстой шүү дээ. Даанч ерөнхий сайдын энэ үйлдэл чухам "ниргэсэн хойно хашгирав" гэгчийг л санагдууллаа.

Тиймээ, би энэ болж байгаа хэрэгт хамгийн түрүүнд төрийг буруутгаж байна. Ерөнхий сайдыг буруутгаж байна. Бусад төрийн хүчний байгууллагуудыг буруутгаж байна. Яагаад тэд системтэй арга хэмжээг эхнээс нь авсангүй вэ? Юуг хүлээсэндээ тэр вэ?
Ихээхэн үймээн болж муу үр дүн гарах тусмаа эцсийн үр дүн нь тэдэнд ашигтай тусна гэж тооцоолов уу. Хэрэв энэ таамаглал үнэн бол тэд босогчдын дотор зориудаар бэлтгэгдсэн үймүүлэгчдийг оруулан үймээнийг улам дэврээсэн байж ч магадгүй юм. Ийм "технологийг" Хятад, Киргизийн бослогын үед коммунистууд хэрэглэж байсан шүү дээ. Яагаад гэвэл цагдаа нар замбараагүйгээр хий хоосон буудахаас өөр юу ч хийж чадаагүй. Цагдаа нар үймээнийг дэврээх үүрэгтэйгээр оролцож байгаа юм шиг харагдаж байв. Тэдэнд ямар ч байлдааны тактик байсангүй, ямар ч зохион байгуулалт байсангүй. Хий л гүйлдэж, бороохойгоор зодолдож, буун дуу гаргасан амьтад байв. Цагдаагийн сургуулийн хэдэн оюутныг аваачиж золиос болгосон бололтой. Тэнд ямар ч командлагч байсангүй. Мэргэжлийн цагдаа нарын үнэр ч байсангүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Сонгуулийн үр дүнг будлиантуулсан гэх хэрэгт Элбэгдорж нь буруутай юу, эсвэл Санжийн Баяр буруутай юу? Тэд яг адилхан үг хэлж бие биен рүүгээ чихэлцэж байна.
Миний дүгнэлтээр энэ хоёр хоёулаа буруутай. Хоёулаа луйвар хийсэн. Нэг нь энхийн цагаан тагтаа байж нөгөөх нь хар хэрээ байхын үлгэр огтхон ч байхгүй. Харин Ху нам нь хэрээс хэтэртэл луйвар хийжээ. Үүнийг жирийн иргэд ч мэдэрч байна.
Ер нь энэ хэрэгт Монголын улс төрийн систем бүхэлдээ буруутай. Монголын улс төрийн системийн үнэлэмж ингэтлээ доройтсон байхад энгийн иргэдийн уур хилэн буцлахаас өөр аргагүй.

Бослогын дараахь өдөр






Иргэний дайн эхлэв үү ??

Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийснээрээ дэлхий даяар алдаршсан Монголд маань анх удаа буун дуу гарч аллага, түйвээн болов. Гэнэтийн энэ үзэгдэлд олон нийт тун ихээр цочирдлоо.
Бослого болсон шөнийн явдлыг ажиглаад төрсөн бодлоо энд хуваалцая.
Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй сөрөг хүчний бухимдлаас үүдэлтэйгээр ХУ намын төв байрны үүдэн дээр өдөр 3 цагийн үед эхэлсэн жагсаал даамжирч улмаар хүчирхийлэл болон хувирч шөнийн 4, 5 цагийг хүртэл үргэлжлэв. Энэ хооронд ХУ намын байрыг галдаж, доторх эд хогшлийг хулгайлан тонох үйл ажиллагаа явагдаж, улмаар хажуугийн барилга, байшингууд руу дайрч сүүлдээ Уран зургийн галерейг шатааж эхэлсэн билээ.

Болсон явдлыг эргэж нэг харъя:
Орой 6 цагийн үед С.Баяр хэвлэлийн бага хурал хийлгэв. С.Баярын царай нэг л өөр. Өнөөх шийдэмгий, хурцдуу бөгөөд оновчтойдуу маягийн үгнүүд нь огт гарахгүй юм. Сонгуулийг будлиантай болсон гэж Элбэгдоржтой яг адилхан үг хэлж гоншигнож байна. Элбэгдорж энэ хоёрын хэнд нь итгэх вэ? Яг адилхан юм яриад байна. Хувьсгалт намыг бусад намынхан үеийн үед ингэж чулуугаар шидэлж дайрч давшилж байдагт нь гомдолтой явдаг юм байна.
Сонгуульд ялагдсан нөхдүүд хорссондоо увайгүй ааш гаргаж байна гэлээ.

Буун дуу тачигнана. Цагдаа нар яах учраа олохгүй, сандралдана. Жагсагчид нь цагдаа нараасаа "мэргэжлийн" хувьд илт давамгай байдалтай харагдана. Манай цагдаа нарын хувьд үнэхээр байгаа байдал нь тэр үү? Дэндүү сул дорой, зохион байгуулалтгүй юмаа. Жагсагчид харин "мэргэжлийн ур, чадвар" өндөр гэдгээ харуулж усаар шүрших, хурдан хугацаанд гал тавих, цагдаа нараас зэвсгийг нь булааж хариу дайралт хийх зэргийг гаргуутай үйлдэж байв...
Цагдаа нарыг даргалж, хамаандалж байгаа хэн нэгэн этгээд огт байхгүй бололтой. Телевизийн дуранд бамбай барьсан хэсэг цагдаа айж бэмбэгнэн, сандруухан байгаа нь харагдана. Арга ч үгүй биз, баахан цагдаа нар шархдаж эмнэлэгт хүргэгдсэн тул...
Өнөө иргэдээ хамгаалах ёстой төрийн машин маань яагаад ажиллахгүй байна вэ? Хэдэн бэмбийсэн цагдаа, цөөхөн хэдэн гал унтраах машин гээ л зогсчихсон. Цагдаагийн дарга ч үзэгдсэнгүй. Хууль зүйн сайд ч, хотын дарга ч, ерөнхий сайд ч ... хэн ч гарч ирдэггүй ээ... Эмх замбараагүй байдал үргэлжилсээр л байв.

Оройхон Ерөнхийлөгч дээр намуудын төлөөлөгчид цуглаж уулзалт хийв. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хурал гэнэ. Элбэгээ ХУ намын булхайтайг баахан дурдав. С.Баяр мөчөөгөө өгөлгүй хариу хэлцэлдэнэ. Идэвхтэн аанай л учир нь үл олдох юмаа ярьж дүрийг эсгэнэ...
Энэ хурал хараажаар олигтой юм болсонгүй. Хурал дуусаад оролцогчид суудлаасаа босох үед төр яагаад ажиллахгүй байна вэ? Галыг унтраах хэрэгтэй, босогчдыг тараах хэрэгтэй байна гэж Элбэгдорж дуугарахуйд С.Баяр та нар гал тавьж би түүнийг нь унтраах ёстой юмуу гэж мөчөөрхөв. Энэ нөхөр Ерөнхий сайдын албыг хашиж төр толгойлж буйгаа мартаа юу даа. Энэ үг надад огт таалагдсангүй ээ...

Ерөнхийлөгч телевизээр үг хэлэв: Агуулга нь хүчирхийлэл хэрэглэх нь буруу, хүчирхийлэл үргэжлээд байвал Ерөнхийлөгч хөдлөхөөс өөр аргагүйд хүрнэ шүү гэв. Уг нь тийм байдалд хүрмээргүй байна, гэхдээ хөдлөхөөс аргагүйд хүрвэл хөдөлнөө гэв. Ай даа Ерөнхийлөгч хүний зандаа нэг иймэрхүү сэн дээ.

Ийгл телевиз болж байгаа үйл явцыг яг газар дээрээс нь тасралтгүй шахам нэвтрүүлж байв. Үндэсний телевиз алдаг оногдуухан нэвтрүүлнэ. Бусад сувгуудаар бас л алдаг, оног юм гарах юм. Зарим нь ч илт нэг талыг барьсан маягтай юм ярина.

Эмгэнэлт үзэгдлийг зохицуулахаар төрийн машин огтхон ч ажилласангүй...
Шөнийн 1 цагийн үед Ерөнхийлөгчийн Захирамж гэгчийг телевизээр уншиж сонордуулав. Онцгой байдал тогтоов. Бүх телевизүүдийг нэвтрүүлэх эрхийг нь 4 хоног хаана. Хотын төвөөр шөнө сэлгүүцэхийг хориглоно. Энэ үйл ажиллагааг Хууль Зүйн сайдад даалгаж байна гэх мэт агуулгатай байв. Үндэсний телевизорыг онцгой байдлын туршид ганцаар нэвтрүүлэг явуулах эрхтэй болгов.

Үндэсний телевизор үргэлжлүүлэн байдлыг нэвтрүүлэв. Мэргэжлийн ур чадвараар маруухан юмаа. Олигтойхон эмх цэгцтэй, ойлгомжтойгоор мэдээгээ хүргэчихэж чадахгүй юм. Дүн тавибал хасах дунд л тавимаар юм. Бослого гараад байгаа орчмын газрын зургийг харуулж байгаад түүн дээрээ зааж байгаад хаана юу болоод байгааг тайлбарлаад ярьж болмоорсон доо. Мэдээгээ машинаар зөөх юм. Улаанбаатарын газрын зураг байдаг биз дээ. Интернэт дээр Гүүглийн газрын зураг байж л байгаа. Түүнийг шууд эфир лүүгээ өгч байгаад хүнд ойлгомжтойгоор тайлбараа хүргэж болноо доо. За тэрнийгээ больё гэхэд томхон шиг баатам цаасан дээр гараараа зурж байгаад тайлбарласан ч болно доо.
Галерей шатаад л байв. НИК-ийн байрны урд 2 машиныг шатааж буй үйл явц дэлгэцнээ харагдана. Шөнийн 2 цаг өнгөрөөд гэнэт баахан цагдаагийн машин гарч ирэв. Их л холоос ирсэн бололтой. 3 цаг өнгөрлөө... нойр хүрч унтахаар хэвтлээ.

Бүтэн 14 цагийн туршид эмх замбараагүй үймээнийг зүгээр л харж өөгшүүлсэн байдал үргэлжлэв. Бид чинь өөрийн төр засагтай билүү, үгүй билүү? С.Баяр гэдэг нөхөр шооконд орчихоод учраа олохоо байчихав уу? Аль эсвэл бослогыг зүгээр орхичихвол эцсийн үр дүн өөрт нь ашигтайгаар эргэнэ гэж цээжний наймаа хийв үү? Ямар ч байсан төрийн машин огт ажилласангүй. Өнөөх онцгой байдлын алба нь хаачив? Нисдэг тэргээ хөлөглөөд гараад ирмээрсэн. Цагдаа нь хаачив, цагдаагийн дарга нь хаачив, гэнэт яагаад ерөнхийлөгч нь хууль зүйн сайдад үүрэг буулгаад унав? Ерөнхий сайдад үүрэг болгодогүй юм байх даа?
Би хувьдаа юу болоод байгааг сайтар ухаараагүй л байна...
(Үргэлжлэл бий)

07/05/2008

Эсрэг эффект

Саяхан даа, манай Дагваа аваргыг Японууд сүр дуулиан дэгдээн байж, хоёр башё дараалан барилдах эрхийг нь хасч олон заалт нөхцөлтэйгээр нутагт буцаасан нь. Тэр үед ихэнх японууд за ингээд энэ залуу барилдахаас өнгөрлөө, тэр чигээрээ зодог тайлах бизээ гэлцэж байв. Бас энэ явдлыг хоёр улс хоорондын харилцаанд сэв суулгах вий хэмээн болггоомжлох нэгэн ч байв.
Тэр бүх таамгийг эдүгээ Дагваа маань эвдэж, шуугиант үйл явдлын өмнө байснаасаа ч нэр хүндээ өсгөх маягтай явааг нь магтахаас өөр аргагүй.
Түүнийг өнгөрсөн 8 сарын 29-нд нутагтаа буцаж ирэх үед нь японы хэд хэдэн телевизийн сурвалжлах групп даган ирж Монгол дахь үйл хөдлөлийг нь нэгд нэгэнгүй Токёо руу дамжуулж байсан гэдэг. Харин Дагваа нутагтаа ирэнгүүтээ олны анхаарлаас дайжин Хархорин дахь эзэмшил газар луугаа бултаж дайжсан тул тэдгээр сурвалжлагчид хийх, хэлэхээ олж ядан Монголын эдийн засгийн тухай мэдээллийг өдөр бүр япон руу дамжуулж байв. Газрын үнэ сараас сард өсч буй, орон сууцны үнэ японоос төдийлэн хямдгүй, Монголчууд япончуудын эдэлж хэрэглэдэгээс ч үнэтэй эд зүйлсийг хэрэглэдэг гэх мэтчилэн манай эдийн засгийн элдэв нарийн ширийнийг нэгд нэгэнгүй мэдээлж байсан нь чухам "эсрэг эффект" гэгч болж Монголыг хятадын алс хязгаар нутагт хөгжлөөс олон жил хоцорсон, Түвд мэтийн муж нутагтай адилтган үздэг японы олон нийтэд орчин үеийн Монголын эдийн засгийн хөгжлийн талаар бодит мэдээллийг хүргэснээр, японтой харьцаж ирсэн өнгөрсөн 30 гаран жилийн туршид амжуулж чадаагүй том пийаар болсон гэлтэй. Японтой харьцаж ирсэн энэ олон жилийн туршид японы олон нийт монголын талаар ямар ч бодит мэдээлэлгүй явж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч хоёр улс хоорондын эдийн засгийн харилцаа урагшилж өгөлгүй явж ирсэн юм. Бид Японоос багагүй эдийн засгийн тусламж авдаг хэрнээ Солонгостой илүү бизнесийн харилцааг хөгжүүлсэн байдаг.
Ийн харахад, сумочид маань дипломат харилцааны чухал ресурс байх бүрэн бололцоотойг харуулсан тод жишээ энэ юм.

06/01/2008

Google's OpenSocial

09/12/2007

Ардчилсан Монгол