12/10/15

ХӨГЖИЛ БА АРИУН ЦЭВЭР

 1990 онд бид ардчилалтай золгосноор тэр үеийг хүртэл огт харилцаагүй шахуу байсан урд хөрш Хятадтай чөлөөтэй ирж очилцдог болсон билээ. Тэр үед манайхан Хятад руу вагоноор голдуу явж Эрээн, Хөх хот, Бээжин орж ганзага энэ тэр хийж эхэлсэн. Анх яваад ирсэн улсууд хятадуудын бохир завааныг гайхсаар ирдэг байсныг тодхон санаж байна. Вагон дотор явахдаа шүлс, цэрээ чөлөөтэй хаяна, хажуудах хүн рүүгээ хээв нэг бөгсөө чиглүүлж байгаад унгана, за тэгээд хэхрэх энэ тэр бол энүүхэнд гэж байгаа. Бас, нэг гэрийнхэн түмпэнд ус хийж байгаад бүгд ээлжээрээ нүүрээ угаана, тэгэхдээ шүлс мүлсээ түмпэн рүүгээ хаячихна, дараагийн хүн нь хамаагүй тэрэнд нь угаачихна...гэх зэрэг сонсоод жинхэнэ утгаараа "игжээр хүргэм" зүйл ярьсаар манайхан ирдэг байсан юм даг.

Тэр цагаас хойш 20 гаран жил өнгөрсөн өнөөдөр хятадуудын тэр байдал арай дээрдсэн байх аа. Манайхан ч бас дасаа биз. Гэхдээ л Бээжинд явж байхад орчин цагийн гял толь болсон зочид буудлын коридорт хээв нэг шүлсээ хаяад зогсож байх нутгийн иргэд бишгүй дээ л нэг таардаг. Бээжингийн эрх баригчид ард түмнээ соёлжуулах гэж дээрхэн үеэс элдэв арга хэрэглэж ирсэн юм билээ. Мао Зэ дун Соёлын хувсьгал гэж сүртэй том кампанит ажил хийж байсан гэдэг. Манайх ч гэсэн соёлын довтолгоон гэж 50, 60-аад онд хийж байсан юм даг уу даа. Бидний хувьд Зөвлөлтийг дагаж тэдний ахуйн соёлоос суралцсан улс шүү дээ.

Азид хамгийн цэвэрхэн, соёлтой, хөгжилтэй улс гэвэл Япон, за бас Сингапурыг нэрлэж болно. Саяхан, дэлхий 2-р дайнаас хойших Японы хөгжлийн тухай ном уншиж байгаад тэднийг цагтаа бас л соёлжих асуудалтай тулгарч явсан юм байна гэдгийг олж мэдлээ. Дайны дараа Японыг АНУ бүрэн мэдэлдээ аваад GHQ (General Headquarters) гэгчийг байгуулан генерал МакАртурыг толгойлогчоор нь тавьжээ. Дайны нурангид дарагдсан Японыг хөгжүүлж, тухайн үед дэлхий бүхэлдээ социалист, капиталист гэсэн 2 лагерьт хуваагдаж эхэлсэн цаг тул капитализмаар замнасан улс ингэж хөгждөг юм байна гэдэг сайн жишээ болгон харуулах зорилгоор Японы эдийн засгийн хөгжилд АНУ ихээхэн хүч тавьж байж.

Япон ч дорхноо сэргэж 1960-аад он гарахад бүр бие даагаад олимпийн наадам зохион байгуулах хэмжээнд хүрсэн байна. 1964 оны Токиогийн олимпийн бэлтгэл гэж улс даяараа эрвийх дэрвийхээрээ хөдөлжээ. Тэр үед Токиогийн тэнгэрт одоогийн Бээжин, Улаанбаатараас дутахааргүй нүүрсний угаар дүүрдэг байсан гэнэ. Бас, галт тэргээр зорчдог япончууд багтаж ядан чихцэлддэг нь Энэтхэг, Пакистаны өнөөгийн дүр зургаас ялгаагүй байсан бололтой. Түүнээс гадна тэр үед япончууд тэр болгон усанд орж чаддаггүй, хирээ үнэртүүлсэн хүмүүс л явдаг байсан гэнэ. Галт тэрэгний жорлон явуут дундаа доошоо урсгасаар давхидаг байсан тул хот дотор үнэр танар үүсгээд онцгүй байсан гэнэ. Ер нь тухайн үед Токио хот бүхэлдээ бохирын дэд бүтэцтэй болж амжаагүй, хураагдсан ялгадсыг "баасны шар машинаар" соруулдаг тул хот бүхэлдээ өмхийдүү...Тэр бүхнийгээ 64 оны Токиогийн олимпийн үеэр зохицуулах гэж орон даяар ихээхэн хөл хөөрцөг болж байжээ.

Тэгээд бодохоор япончууд ч гэсэн саяхан босч ирсэн байгаа биз??

Япончууд ард түмнийхээ зан төлөв, соёлыг өөрчлөх гэж том том кампанит ажил явуулж байсан гэнэ. Тэр бүхнийг нь судалж үзвэл маниуст хэрэг болж мэдэхээр юм бна...
Нэг онцгой анхаарал татсан зүйл бол япончууд тэр цагт огтоосоо менгее хадгалах тухай ойлголтгуй бсан гэнэ. Байгаа бүх мөнгөө үpэн таран хийж байж санаа нь амардаг байжээ. Тэр характерийг нь өөрчлөх гэж ундэстэн даяараа томоос том хампаанит ажил өрнуулж байж сая мөнгөө хадгалдаг япон занг төлөвшүүлсэн гэж бна шуу. Тэрхүү хуримтлал нь ч улсынх нь бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмэр оруулжээ.

No comments: