4/11/06

Ном унших тухай

Блогнийхоо нээлтэн дээр юу бичих вэ гэж хэсэг бодсоны эцэст ер нь блогоороо дамжуулан өөрийн сонирхон судлаж буй сэдвээр бусадтай санал солилцох зорилгоор бичиж байя гэж шийдлээ. Миний хувьд өдөр тутмын ажилдаа түүртээд өөрийгөө хөгжүүлэх тал дээр бага анхаарах болсон ч ном уншиж мэдлэгээн арвижуулахыг ямагт хичээж явдаг бөгөөд сонирхсон сэдвээрээ ном худалдан авч унших үйлдлийг хойш нь тавидаггүй зантай нэгэн л дээ. Харин сүүлийн үед (сүүлийн үед ч гэж дээ, нэлээн дээхэн үеэс) номын тавиурт маань уншиж амжаагүй номууд олноор үзэгдэх болсонд сэтгэл бяцхан дундуур явдаг болоод байгаа. Бас нэлээн хэдэн жил огт шинэ ном уншиж, судлахгүй явсандаа харамсдаг. Гэхдээ л одоо хэр нь хангалттай унших завгүй л байх юм. Ном унших зав гарахгүйд харамсах тоолондоо номыг богино хугацаанд маш хурдан уншдаг чадварыг эзэмшихсэн гэж боддог юм. Харин блог дээрээ энэ тухай бичие гэж шийдээд миний номын санд энэ сэдвээр 2-3 ном байсныг өчигдөр орой гаргаж үзэв. "Super Reading Secrets", A time Warner Company(1); "Read better, Read faster" , Penguin books(2) гээд 2 ном, "How to read a book"(3) гээд бас нэгэн ном байв. Аль алин дээр нь хурдан унших чадварыг хэрхэн эзэмших талаар бичээд холбогдох дасгал, техникүүдийг тайлбарласан аж. Нэг минутанд уншиж буй үгийн тоогоор дараахь ангилалыг гаргаж болохыг (2) т үзүүлснийг доор сийрүүлье:

Минутанд унших үгийн тоо

  • 170-200 Маш удаан
  • 200-230 Удаан
  • 230-250 Дундаж
  • 250-300 Дундажаас дээш
  • 300-350 Дунд зэргийн хурдан
  • 350-450 Хурдан
  • 450-550 Маш хурдан
  • 550-650 Онцгой хурдан


Тэгээд энэ номон дээрх дасгалыг уншиж өөрийгөө сорьж үзэхэд минутанд 321 орчим үг уншиж байв. Англи текст гэхэд муугүй үзүүлэлт юм уу гэж бодоод монгол текст дээр сорьж үзэхээр номын тавиураасаа гарт тааралдсаныг авбал "Өлзийнарангийн өчил"(А.Дашням) хэмээх дээхэн үеийн нэгэн дурдатгал зохиол байв. 1 минут 15 секундад 720 орчим үг буюу минутанд 576 үг уншиж байна. Мэдээж хурдан уншихыг хичээж нэлээн "таваргаж" уншсан л даа. Гэхдээ хичээгээд суралцвал хурдан уншдаг болж болох юм байна гэх итгэл төрөв. Өөрт байгаа дээрх номуудыг судлан, хурдан уншилтаар хичээллээд үзье гэж шийдлээ. Цаашид блог дээрээ хааяа энэ сэдвээр суралцсан зүйлээсээ бичиж байх болноо.

---


8 comments:

Dulu said...

Их сонирхолтой бичлэг байнаа.
Зарим хvмvvс хурдан уншдаг хэрнээ уншсан зvйлээ ойлгохгvй vлдэх тохиолдол их бий.Хvмvvсийн аливааг хvлээн авах чадвар ялгаатай байдаг болохоор бичлэгт дурьдсан байгаа ангилал их ерєнхий л зvйл юм. Хурдан уншихдаа гол нь биш уншсан зvйлээ ойлгосон эсэхэд л ном уншихын ач холбогдол байгаа байх.

gobi said...

Дөлөөгийн хэлсэнтэй үнэхээр санал нэг байна. Хурдан унших чухал хэдий ч түүнийг ойлгож үлдэнэ гэдэг туйлын чухал.

Бас нэг зүйл гэвэл ном уншиж амжуулна гэдэг нь хурдан уншихаас гадна цаг ашиглалттай нягт холбоотой. Тиймээс амьдралын ямар цагийг ном уншихад зориулж болох талаар зөвлөлгөө оруулбал...

За бас орчин үеийн номуудын хувьд уншигч заавал бүгдийг нь уншихыг шаарддаггүй. Бүлэгүүдийн тойм тайлбар, тухайн номыг яаж уншиж хэрэглэх гэсэн хэсгүүдийг нь хараад хэрэгтэй хэсгээ түүгээд унших нь их цаг хэмнэдэг.

Эцэст нь ном яах гэж уншдаг вэ гэсэн асуултыг тойруулаад тайлбарлавал бас л сонирхолтой байх.

Buyantsogtoo said...

Саналаа ирүүлсэн та бүхэнд баярлалаа. Би санал нэг байна. Comprehension - ойлгох чадварын тухай тэдгээр номнууд дээр бичсэн байна лээ. Хурдан уншдаг хэрнээ ойлгодоггүй бол утгагүй хэрэг болно. Дээрх Өлзийнарангийн өчлийг хурдан уншихад ер нь ойлголтын түвшин гайгүй сайн байсан. (Энэ номыг та бүхэн мэдэх үү? Их сонирхолтой бичлэгтэй ном шүү. Маш урт урт өгүүүлбэрүүдтэй. Тэр нь ч хурдан уншихад түлхэц өгөх шиг санагдсан)
Харин англи текстийн хувьд мэдээж мэдэхгүй үг хэллэг байснаас ойлголтын хувь унаж байсан ч тухайн агуулгын хувьд байж болох түвшин гэж үзсэн. Ойлголтоо шалгах тестийг уг номонд оруулсан байсан.
Ер нь цаг заваар бага байдаг хүмүүс энэ хурдан уншилтад суралцмаар санагдсан шүү. Мэдээж энд анхаарал төвлөрүүлэх чадвар гол үүрэгтэй. Бас дээрээс нь бясалгалтай холбовол бүүр ч мундаг болох дог. Би энэ сэдвээр хааяадаа бичиж байхыг хичээнээ. Та бүхнийг надтай санал солилцож байвал баяртай байна шүү.

Confidence of Youth said...

Залуу минь, дажгүй сэдэв нээсэн байна. Одоо өөрийн олж мэдсэн хурдан унших аргачлал, санах ойгоо нэмэх аргууд, ойлголтоо сайжруулах текнилийн талаар наад номнуудаасаа авч тавьбал баярлана шүү. Орхигдуулсан, сонсоогүй эсвэл мартсан юмнууд байж болох тул олж мэдюү л гэлээ. Ингээд төгсгөлд нь АМЖИЛТ хүсье!

Peace,
Confidence.

А.Ганбаатар said...

Энэ ч миний яаг сонирхож байсан сэдэв байна. Мэдээж ойлгохгүй бол унших хэрэг юун. Харин хурдан унших талаар таны бичсэн номнуудаас мэдмээр байх юм. Энэ хэдэн номноосоо хамгийн сайн гэсэн арга дасгалыг та бидэнтэй хуваалцаач.

Erkhemee said...

Маш сонирхолтой талбар байлаа. Ер нь хааяа ном уншиж мэдлэгээ нэмж байх зайлшгүй шаардлагатай л даа. Миний хувьд гэртээ амралтын өдөр ном уншиж суух цаг зав гарна шүү.
Эсвэл оройн хоолоо идсэний дараа жоохон гарчиглах ч "нойрны сайн эм" дээ :))

kotoko said...

Богино хугацаанд аливаа юмны утгыг алдагдуулахгүй унших талаар зөндөө юм нэмээрэй...

Mongolian Hand Made said...

Философ гүн ухааны ном, хууль эрх зүйн ном, эрдэм шинжилгээний бүтээл гэх зэргийг хурдан уншихаар ойлгоход хэцүү байдаг үг бүр нь утга илэрхийлээд.

миний хувьд зохиолын биш номыг хурдан унших хэрэгтэй бол агуулга гарчигаас нь харж байгаад хэрэгтэй сэдэвээ түүвэрлээд уншчихдаг.