11/16/15

УЛСЫН СҮР НЬ ИХ СУРГУУЛЬДАА

          Америкийн Нэгдсэн Улс бол дэлхийн хамгийн хүчирхэг улс. Аливаа улсын хүч чадал гэдэг ямар утгатай ойлголт вэ? Дээрхэн цагт бол цөмийн зэвсэг гэхчлэн цэрэг армийнх нь хүчин чадлаар энэ ойлголтыг илэрхийлдэг байв. Цэргийн хүчээр мэдээж Америк дэлхийд тэргүүлдэг ч  гэлээ, тэдний хувьд улсынх нь жинхэнэ сүр хүчний нууц нь “их дээд сургуульдаа” байдаг.
          Америкийн их дээд сургуулийн боловсролын түвшин дэлхийд дээгүүр түвшинд ордог. Хууль, эдийн засаг, инженерчлэл, анагаах, бизнесийн сургууль гээд бүхий л салбарт тэд хол тасархай түрүүлдэг. Дэлхийн их дээд сургуулиудын эхний 100 байрын дотор 60 гаран нь Америкийнх гээд бод доо. Гэхдээ, энэ бол Америкчууд дэлхийн бусад үндэстнээс илүү мундаг “толгойтой” гэсэн үг огт биш. Харин дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг “гавлуудыг” урин цуглуулж чаддаг учраас тэд ийм амжилтад хүрч.
          Америкийн их дээд сургуулиуд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх оюутнуудын өмнө үүд хаалгаа чөлөөтэй нээдэг учраас гайхмаар интернацианальч соёлтой болсон байдаг. Дийлэнх их дээд сургуулиуд гадаад оюутнуудад зориулсан тохилог дотуур байртай. Америкт Харвард тэргүүтэй зүүн эргийн Айви лийгийн сургуулиуд, баруун эргийн Станфордоор ахлуулсан дээд зэрэглэлийн сургуулиуд байхаас гадна, маш өргөн хүрээтэй боловсрол олгох зорилготой, Либераль артс коллеж гэж нэрлэгдэх 4 жилийн  дээд сургууль  бүх Америк даяар 230 орчим бий. Либераль урлагийн коллеж анх гарч ирж байхдаа дундаж дээд давхаргынхны охидыг голчлон элсүүлж байжээ. Охайо мужийн Ообилин, Массачусетс мужийн Уиллиамсын дээд сургууль зэргийг жишээлж болно. Оюутнууд нь түүх, нийгэм судлал, байгалийн ухаанаас авахуулаад урлаг, спорт гээд ерөнхий эрдмийн хичээлийг сайтар суралцаж, сургуулиа дүүргэсэн хойноо эхлээд ямар нэг газар ажилд орно. 2-3 жил ажилласны эцэст дахиад магистрт суралцахаар их сургуульд элсэнэ. Нийгмийн ухаан талдаа Харвард, Станфордын их сургуулийн бизнес, хуулийн сургууль, харин байгалийн ухаан, инженерчлэл талдаа MIT, Калтек зэрэг нь хамгийн элит сургуульд тооцогддог.
          Их сургуулиуд сайн профессорын төлөө өрсөлддөг
          Уламжлалаараа бол Английн Кембриж, Оксфордын их сургууль дэлхийд хамгийн сайн сургууль байж ирсэн боловч сүүлийн үед тэнд суралцах оюутнуудын дийлэнх нь Английн өөрийнх нь иргэд болсноос харахад бодит байдал дээр Америкийн 1-р зэрэглэлийн их сургуулиуд тэднээс хол түрүүлсэн гэдгийг олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Цагтаа Францын Сорбоны их сургууль дэлхийд дээгүүрт ордог байсан бол сүүлийн жилүүдэд мөн л франц хэлтэн оюутнуудын тоо давамгайлах болж дээгүүр байранд орохоо больж эхэлсэн. Бизнесийн сургуулийн хувьд ч Европчууд АНУ-ын түвшинд хүрэхгүй гэдгийг хэн ч эсэргүүцэж чадахгүй.
          Америкийн их дээд сургуулиуд хооронд өрсөлдөөн асар хүчтэй өрнөж байдаг.  Тиймээс оюутнуудыг татах чадвартай сайн багшийн эрэлд их дээд сургуулиуд гарах бөгөөд гадаадын алдартай эрдэмтдийг урин ажиллуулдаг. Сургуулийнх нь нүүр царай болсон алдартай профессорууд байвал сайн оюутан элсэх анхдагч нөхцөл бүрдэнэ. Авьяаслаг оюутан элсүүлж чадвал мэдээж хэрэг чадварлаг төгсөгчдийг аж үйлдвэрийн салбар луу нийлүүлж чадна гэсэн үг.  Төгсөгчид нь мундаг байвал сургуулийн нэр хүнд өснө. Сургуулийн нэр хүнд өсөхийн хэрээр мөн л сайн оюутнууд уг сургуульд элсэнэ. Ийнхүү сайнаас сайныг төрүүлсэн “сайны тойрог” үүсч бий болно.
          Их дээд сургуулийн Удирдах зөвлөлийн хурал дээр хаанаас, хэн гэдэг сайн профессорийг “агнаж авчрах вэ” гэдэг яриа байнгын сэдэв болж байдаг. Хэн нэг эрдэмтэн судалгааны сайн бүтээл гаргангуут аль нэг их сургуулиас шуудхан л утас цохиж “манай сургуульд багшлаач, манайх танд ийм тийм сайн нөхцөл амлая” гээд л урина.

(Үргэлжлэл бий)

No comments: