1/13/17

СТАРТ-АП ҮНДЭСТЭН (2): Улсын хөгжилд хөдөө аж ахуйн салбар чухал үүрэгтэй

Старт-ап үндэстэн номын арын хавтас дээр 3 зүйл сэдвээр номын агуулгаас иш татаж оруулсан буй. Хөдөө аж ахуй, Венчер санг хөгжүүлсэн жишээ, Израйлийн цэргийн соёл гэсэн 3 сэдэв.
Саяхан өөд болсон Израйлийн ерөнхийлөгч Шимон Перес авхайтан тус улсыг үндэслэн байгуулагч анхны багийн гишүүдээс үлдсэн бараг хамгийн сүүлийн хүн байсан юм. 
Номын зохиогч нар түүнтэй уулзан Израйлийн хөгжлийн тухай хөөрөлдөхөд тэрбээр хамгийн түрүүн хөдөө аж ахуйн салбарыг онцолж тайлбарлажээ.
"Хорин таван жилийн дотор Израйль хөдөө аж ахуйгаас авдаг өгөөжөө 17 дахин өсгөж чадсан юм. Энэ бол гайхмаар амжилт. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Үнэндээ, хөдөө аж ахуйн 95 хувь нь шинжлэх ухаан, ердөө таван хувь нь ажил байдаг юм." хэмээн тэрбээр хэлдэг.
Улс орны хөгжилд хөдөө аж ахуйн салбар онцгой үүрэг гүйцэтгэдэг тухай олон эрдэмтэн судлаачид онцолдог. 
Ялангуяа Ази тивийн гайгүй хөгжилтэйд тооцогдох бүх орон эхлээд хөдөө аж ахуйн салбараа босгож эдийн засгийнхаа суурийг тавьсан байдаг. Үүний цаад нэг учир нь энэ салбар олон хүнийг ажлын байраар хангадагт бий гэсэн тайлбар бий. 
Үнэхээр ч Япон, Солонгос, Тайвань, Хятад гэсэн улсууд хөгжлийнхөө эхэн үед ажиллах хүчний дийлэнхийг агуулдаг хөдөө аж ахуйн салбараа түлхүү анхаарч хөгжүүлснээр эдийн засгийн сууриа тавьж чаджээ.
Харин, Израйль улс хөдөө аж ахуйн салбарыг зөвхөн ажлын байр олноор шингээдэг талаас нь биш, инновацийг төрүүлэх, өндөр үр ашиг өгөх салбар болгон хөгжүүлэх зорилго тавин гайхалтай амжилтад хүрч чадсан байна.
Израйльчуудын бүтээсэн говь цөл газарт зориулсан усалгааны систем дэлхийг даяар хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигтай инноваци болж чадсан юм. Энэ тухайд номоос уншаарай.
Эндээс нэг санаа хэлж болно. Өөрсдийн өмнө тулгарч байгаа томоохон асуудлыг шийдэх чиглэлд эрчимтэй ажиллавал тэндээс инноваци төрөх магадлал өндөр.
Манай орны хувьд хүйтэн сэрүүн бүсийн хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэх, халаалтын системийг боловсронгуй болгох гэхчлэн өөр бусад оронд тэр бүр байдаггүй, бидний онцлогоос үүдэлтэй бэрхшээлүүд бий. Барилгын дулаалга ч гэдэг юмуу. Тэр мэт асуудалд илүүтэй анхаарвал инновацийг хөгжүүлэх магадлал өндөр байх болов уу.
Нэг жишээ хэлэхэд, Япон гэр, байшингийн дотоод халаалт тал дээр яг үнэнийг хэлэхэд жаахан хоцрогдонгуй талдаа. Гэтэл, Өмнөд Солонгос энэ талаар хамаагүй дэвшилд хүрсэн байх жишээтэй. Солонгос Японоос арай сэрүүхэн газар л даа. Өвөл Японы байрууд их хүйтээн. Мань мэт нь хөлдчих гээд л, эсвэл толгой өвдтөл халааж алчих гээд байх нь бий.

No comments: