9/3/06

Дэлхий хавтгай болж байна

Хэдэн сараар блог дээрээ юм бичилгүй алга болсондоо хүлцэл өчие. Блог дээрээ уншсан номныхоо тухай бичиж явна хэмээн өөртөө болоод бусдад амласан мөртлөө хэрэгжүүлэлгүй өдий хүрлээ. Мэдээж хэрэг энэ хугацаанд өчнөөн ном уншсан, харин тэдгээр дотроос хамгийн сэтгэлд хоногшсон ном болох дараахь номыг сонголоо. Энэ номын агуулгын талаар дэлгэрэнгүй бичие гэж шийдэв. Ганц удаагийн бичлэгээр ч биш, хэд хэд хувааж бичнэ дээ. . . за дахиад худлаа амлалт авах гэж байна. Юутай ч энэ номын тоймыг доор тавилаа, жаахан дутуу байгаа, сүүлчийн дүгнэлтийн хэсгийг удалгүй дуусгаад тавина даа.

The World is Flat

Энэ номын зохиогч Томас Фредман Нью Ёорк Таймсд ажилладаг, Пулицерийн шагналыг 3нтаа хүртэж олноо алдаршсан сэтгүүлч юм. Түүний туурвисан From Beirut to Jerusalem, The Lexus and the Olive Tree: Understanding Globalization and Longitudes and Attitudes, Exploring the World after September 11 гэсэн 3 бүтээл нь олон улсын бестселлер болжээ.

Фредман энэ номондоо хүн төрөлхтний өмнө айсуй яваа цоо шинэ ертөнцийн тухай тайлбарлажээ. Дэлхий flat буюу хавтгай болсоор байна гэснээрээ даяаршлын ачаар дэлхий дээр мэдээллийн асар хүчтэй сүлжээ үүсч, өрсөлдөөний талбай улам бүр тэв тэгшхэн хавтгай болсоор байна, ингэснээр ази, африк, европ америк, хар шар, энэтхэг хятад ер хэн байвч ижил тэгш эрхтэйгээр тоглоомонд оролцох боломжтой үе ирж байна гэсэн санааг гаргажээ. Тэгээд тэрхүү шинэ ертөнцийн үүсэл хөгжлийг өөрийнхөөрөө тайлбарлахыг оролдож, бас зохиогч өөрөө Америк хүн тул Америк орныг энэхүү ертөнцтэй холбосон тайлбар сэлтийг оруулжээ.

Энэ номын ерөнхий агуулгыг тоймлон бичье хэмээн шийдэв. Дашрамд хэлэхэд энэ ном тун зузаан, чамгүй нуршуу тул тойм бичихэд амаргүй байсныг хэлсү. Нэлээн хэдэн сарын өмнө уншаад орхисон тул, тойм бичихийн тулд эргээд дахин уншихын дайны юм болов. Тэгтэл харин ашгүй интернетээс CapitolReader.com аас гаргасан нэгэн review –г олоод түүнийг баримтлан орчуулахыг нь орчуулж, нэмж бичихийг нь бичээд гаргалаа. Гэхдээ би номыг ухаж төнхөж, учир начрыг нь олж анализ хийж уншдаггүй, гүйлгээд гүйлгээд өнгөрдөг муу зуршилтай нэгэн тул орхигдуулсан утга санаа, буруу ойлгосон зүйл ч байх нь магад тул өршөөгөөрэй. Харин цаашид блог дээрээ энэхүү тоймоо тойруулаад өөрийн саналыг бичээд бусад хүмүүнтэй саналаан солилцдог ч юмуу хэмээн сэтгэв. Ингэхийн учир гэвэл бидний Монголчууд ирээдүйн хөгжлийн загвараа тодорхойлохдоо энэ номоос санаа авууштай зүйл олон байх мэт хэмээн бодсоны тул юм.

While We Were Sleeping

Биднийг унтаж байх хоорондуур

Дэлхийн мэдлэгийн төвүүд нэгэн бүхэл глобал сүлжээнд нэгдэж буй нь хүн төрөлхтнийг шинэчлэл, цэцэглэн хөгжилтийн шинэ эрин үе рүү чиглүүлэн залж байна. Асар өндөр хурдтайгаар өрнөж буй энэ үйл явцыг дэлхий “хавтгайрч” байна гэж тодорхойлжээ. Харин ихэнх Америкчууд терроризм руу гол анхаарлаа төвлөрүүлж байх хоорондуур энэ бүхэн явагдаж буй тул америкчуудын хувьд айсуй яваа шинэ эрин юуг бэлэглэж болох вэ гэдэгт бэлтгэл муутай, төсөөлөл багатай байна.

Globalization 3.0

Даяаршлын 3.0 хувилбар

Өнөөдөр үнэн хэрэгтээ даяаршлын 3.0 гэсэн хувилбар явагдаж байна. Технологийн дэвшил энэхүү 3.0 хувилбарыг улам цааш нь өөр түвшинд хүргэж эхлээд байна.

Даяаршлын анхны 1.0 хувилбар Колумб Америкийг нээсэн үеэс буюу 1492 – 1800 оны хооронд үргэлжилсэн. Хуучин дэлхий, шинэ эх газрын хооронд худалдаа харилцаа өргөнөөр хөгжиж, ингэснээр дэлхий том хэмжээнээс дунд зэргийн болж ирсэн. Даяаршлын 2 дахь үе 1800 – 2000 онд үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд дэлхийн 1, 2 –р дайн, хүйтэн дайны үеүд байсан ч үндэстэн дамжсан томоохон корпорациудын үйл ажиллагааны ачаар дэлхийн бөмбөрцгийн хэмжээ дунд зэргээс бага хэмжээний болж ирсэн.

2000 оноос эхэлсэн даяаршлын 3 дахь үед дэлхий багаас бүүр өчүүхэн жижиг болон хувирч байна. Энэ үеийн өнгө төрхийг үндэстэн дамжсан компаниуд биш хувь хүмүүсийн (individuals) үйл ажиллагаа голлон тодорхойлох боллоо. Өмнөх хоёр үед Европ, Америкчуудын үйл ажиллагаа голлож байсан бол, энэ үед барууны бус орнууд, цагаан биш арьстнууд буюу Энэтхэг, Хятад тэргүүтэй үндэстнүүд гол дүрд тоглох боллоо.

(Ноён Колумб даяаршлын эхлэлийг тавьсан гэж байгаа биз. Үнэндээ бол тэрнээс өмнө Чингис хаан даяаршсан дэлхийг байгуулчихаад байсан биш гэж үү. Харамсалтай нь Их хааныг тэнгэрт одсоны дараагаар хойч үр хүүхдүүдийн хоорондын маргаанаас болоод даяаршсан дэлхий буцаад хаагдмал болсон. Дэлхийг бүрхсэн эх газрын худалдаа, мэдээллийн сүлжээ задран унаснаас болоод тухайн үеийн европчууд Энэтхэг орж ваар сав сэлтийг худалдан авах шинэ далайн замын эрэлд гарсанаар газар зүйн нээлтүүд шил шилээн даран цуварсан билээ. Энэ нээлтүүдийн эхлэл нь Америкийг олоод Энэтхэг хэмээн андуурсан Колумбын аялал байв)

Tax Returns, Technical Support & X-Rays

Татварын тооцоо, Техникийн үйлчилгээ, Рентген зургийн оношилгоо

Хавтгайран буй шинэ ертөнцийн нэгэн жишээ бол гар ажиллагаатай хөдөлмөр төдийгүй оюуны чадвар шаардсан ажлыг ч гадаад орон руу шилжүүлж эхэлсэн явдал юм. Тоон боловсруулалт (digitizing), бүтцийн хувьд салгаж болох бүхий л сүлжээг хөдөлмөрийн өртөг багатай орон руу шилжүүлэх боллоо. 2003 онд 25,000 Татварын тооцоог (Tax Returns) Энэтхэгийн аудиторуудаар (CPA – Certified public accountant) хийлгэсэн байна. Энэтхэг аудиторуудад сард 100 доллар төлдөг байна. 2005 онд 400,000 америкчуудын татварын тооцоог хийлгэнэ гэсэн прогнозтой байгаа. Эмнэлгүүдэд авсан рентген зургуудын оношилгоог Энэтхэг, Австралийн эмч нараар тогтоолгодог боллоо...

Компаниуд ийнхүү ажлуудаа гадагшаа захиалах болсон нь зөвхөн хэдэн саяар тоологдох хэмнэлтийн төлөө биш, чадварлаг ажилчдаар ажлаа хийлгэхийн тулд юм. Америкт бага цалинтай, төдийлөн нэр хүндгүй байдаг ажлууд, тухайлбал Call Center-ийн оператор зэрэг нь Энэтхэгт бол өндөр цалинтай, нэр хүндтэй ажилд тооцогдож, ажилчид нь хүсэл эрмэлзэл дүүрэн, өндөр боловсрол эзэмшсэн байдаг.

What Goes Around Comes Around

Бид юуг алдаж, юуг авч байна вэ

Аутсорсинг, даяршлын үеийн хавтгайран буй ертөнц... Энэ бүхэн Америкчуудын хувьд дан сөрөг үр дагаврыг бий болгож байна уу? Тийм биш юмаа. Авч буй зүйл ч олон. Дэлхийн ихэнх орны компьютерууд Windows аар ажиллаж, доторх процессор нь Intel,телефон утас нь Lucent, агаар хөргүүр нь Carrier, савласан ус нь Coke байдаг. Америкийн Энэтхэг рүү хийдэг экспортын бүтээгдэхүүний хэмжээ 1990 ээс 2003 оны хооронд 2 дахин өссөн байна.

Эдгээр бүтээгдэхүүнийг Америкчууд Америктаа үйлдвэрлэдэг. Одоохондоо ийм өндөр чанарын бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх шугамыг зөвхөн Америкчууд хийж чадаж байна. Хятад, Энэтхэг, Оросуудын R&D ийн түвшин ийм хэмжээнд хүрэх болоогүй. Гэвч тэд өнөөгийн Америк орны гүйцэтгэж буй дэлхийн дизайнер, дэлхийн архитектор болох зорилтыг өмнөө тавиад ажиллаж байгаа нь үнэн билээ.

Homesourcing

Зөвхөн аутсорсинг л ажлын талаарх ойлголтыг эвдэж шинэ ертөнцийн өнгийг чимж буй хүчин зүйл биш. Хоүмсорсинг буюу офис дахь ажлыг айлын гэр лүү шилжүүлж буй үзэгдэл нь адил зүйлийн тухай бас нэгэн тунхаглал юм. Бизнесийн байгууллагууд зардлаа багасгаж, үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө бүх нөөцөө шавхаж буй өнөө үед энэхүү хоүмсорсинг улам өргөн дэлгэр болж байна. Ажил олгогчид хоүмсорсингийг мэдэгдэхүйц үр дүн өгч байна гэж дүгнэж байна. Жишээ нь Jet Blue гэдэг онгоцны компани гэхэд л Salt Lake City орчмын 400 билет зарагч агентлагаа шууд гэрээс нь ажиллуулж байна.

Flatburgers

Хэрвээ та Missouri мужийн Cape Girardeau дахь McDonaldsийн драйв-ин ээр дайран гарах бол өөрийн оршин буй Colorado гийн Springs дэхь Call Center-а шууд захиалгаа өгч болно. Тэгээд драйв-индээ очиж дотогшоо ороод ширээн дээрх каарт уншигчид каартаа шургуулахад л болох нь тэр. Ажил олгогч нар энэ схемийг бүтээмжийг өсгөж, зардал болоод хүлээлгийн цагийг илт багасгаж байна хэмээн үнэлж байна.

Ten Flattening Forces

Дэлхийг хавтгайруулагч 10 хүчин зүйлс

  1. The Berlin Wall

Берлиний хана нуран унаснаар олон сая хүнийг эрх чөлөө ардчилал руу дуудсан их хүчний давалгааг эхлүүлсэн билээ. Энэ үйл хэрэг бидэнд дэлхий ертөнцийг цоо шинээр харах боломжийг өгсөн.

  1. Netscape

90 ээд оны дундуур өрнөсөн PC-based platform-оос Internet-based platform руу шилжих хөдөлгөөний явцад вэб браузер хэмээх киллер-апликэшн бий болж улмаар интернэтийн хөгжлийн хурдыг асар ихээр нэмсэн.

  1. Workflow Software

  1. Open Sourcing Эх кодыг онлайнаар нээлттэй болгосноор олон газрын хүмүүс нэгэн дор цуглаж өөрсдийн софтвээрээс авахуулаад толь бичгийг хамтдаа бүтээх боломжтой болсон. Үнэгүй софтвээрийн хөдөлгөөн нь хэрэглэгч нарынхаа хүчээр бүтээгдэж, сайжруулагдаж ирсэн бөгөөд тэдгээр бүтээгдэхүүнийг бүтээх олон төрлийн зэмсгийг ч бүтээн бий болгосон юм. Хэрвээ нээлттэй эхийн хөдөлгөөн үүсээгүйсэн бол тэдгээр хүчит зэмсгүүд дэлхий дээр бий болохгүй байх байсан бизээ.

  1. Outsourcing

  1. Offshoring 2001 онд Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн нь өрсөлдөөний шинэ ертөнцийг бий болгов.

  1. Supply Chains Нийлүүлэлтийн гинжин хэлхээ

Хэвтээ тэнхлэгийн дагууд бэлтгэн нийлүүлэгчид, жижиглэн худалдаалагчид болоод хэрэглэгч нарын хоорондын хамтын ажиллагааг хангадаг аргачлал бөгөөд энэ аргыг хэрэгжүүлсэн төгс жишээ бол Wal Mart юм. Энэ концепци нь хавтгай ертөнц дэхь хил хязгаарын саад тотгорыг багасгасан шинэ глобал стандартыг бий болгосон юм. (Supply chain ийг манайхан юу гэж хэлдэг юм бол?)

  1. Insourcing Цөөн тооны компаниуд л Supply Chain (нийлүүлэлтийн гинжин хэлхээ) ний менежментийг өөрийн хүчээр бий болгох бололцоотой байдаг. Харин Insourcing ийн арга нь үлдэж буй нийт компаниудад өрсөлдөх боломжийг олгосон юм. Тошиба гийн жишээг авч үзэхэд засварын үйлчилгээгээ UPS-д даалгасан байдаг. Таны эвдэрсэн Тошиба компьютерийг UPS хүлээж аваад засчихаад, буцаагаад танд хүргэнэ. UPS бас NIKE тай дээрхтэй адил гэрээтэй. Үйлчлүүлэгч Найкийн бүтээгдэхүүнийг захиална, захиалгыг Найк хүлээж аваад UPS д шилжүүлнэ. UPS нь Nike ийн бүтээгдэхүүний агуулахыг ажиллуулдгийн хувьд агуулахаас бүтээгдэхүүнийг аваад захиалагчид хүргэж өгнө.

  1. In-forming Google, Yahoo, MSN зэрэг нь дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүст мэдээлэлд хандах боломжийг олгож байна. Тэдгээр мэдээллийг интернэт байгаагүйсэн бол өөр аргаар хүмүүс олж авах нь бараг боломжгүй юм. Энэ боломжын үрээг урьд өмнө төсөөлөгдөөгүй глобал нийгэмлэгүүдийг хэлбэршүүлэн бий болгож байна.

  1. The Steroids Дижитал, мобайл, виртуаль инновациуд нь бусад хавтгайруулагч хүчин зүйлүүдэд супер хүчийг олгосон юм. Лаптоп, гар утас, VoIP болоод гар төхөөрөмжүүд нь дэлхийг асар өндөр хурдаар холбож, утасгүй хавтгай ертөнцийг бий болгож байна.

Triple Convergence

Гурвалсан нийлэмж

2000 оноос эхлэн хавтгайруулагч 10 хүчин зүйлүүд нийлэн нэгдэж эхэлснээр хувь хүмүүс, бизнесийн байгууллагууд шинэ шинэ чадвар, боломжийг өөрсөндөө бий болгох боломжтой болсон. Анхдагч, Хоёрдогч болон Гуравдагч нийлэмж хэмээн Гурвалсан Нийлэмж гэдэг ойлголтыг тодорхойлжээ.

Анхдагч нийлэмж гэж хавтгайруулагч хүчин зүйлс бүгдээр нийлж даяаршсан, вэбд суурилсан уралдааны талбайг бий болгож эхэлснийг хэлжээ.

Хоёрдогч нийлэмж гэдэг нь ирж буй шинэ ертөнцөд шинэ арга барилаар ажиллаж чадах дизайнер, бизнесийн консалтант, шинийг санаачлагч менежерүүдийн асар өргөн хүрээ төрөн гарсныг хэлжээ.

Гуравдагч нийлэмж гэдгээр дээрх шинэ процессуудтай дэлхийн хаалттай хэсэгт байсан 3 тэрбум хүн ам танилцаж эхэлснийг хэлжээ.


Being an Untouchable

Үл өртөгч байх

Хавтгай ертөнц дээр өрсөлдөхийн тулд бид өөрсдийн чадварыг байнга дээшлүүлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл зөвхөн өндөр мэдлэгтэй, шинэ санаа сэдэж түүнийгээ хэрэгжүүлж чаддаг хүнд л ажил олдох боломжтой эрин ирж байна. Өөрийгөө гадны аливаа нөлөөнд үл өртөгч болгох хэрэгтэй. Үл өртөгч - тухайн хүний ажлыг бусдад аутсорс хийж болохгүй хүнийг хэлнэ. Үл өртөгч байна гэдэг бол тусгайлан мэргэшинэ гэсэн үг. Тусгайлан мэргэшнэ гэдэг бол барагтай бол тоон боловсруулалтад орчихгүй, орлуулагдашгүй мэргэшилтэй болно гэсэн үг юм.

Хэрвээ та тусгайлан мэргэшиж чадахгүй бол зангуугаа хаян зогсох усан онгоц мэт хөдөлгөөнгүйгээр нэгэн байрлалд уягдах болно. Жишээ нь, рестораны үйлчлэгч, цахилгаанчин, үсчин, сувилагч гэх мэт.

Хүн бүр тухайн нөхцөл байдалд тохируулан ажиллаж чаддаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд өөрсдийн үнэ цэнийг (value) ямагт дээшлүүлж байх шаардлагатай.

The Quiet Crisis

Тайван хямрал

Америк улс тайван хямралд ороод байна гэжээ. 2004 оны Олимпийн тоглолтод Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн гаргасан “амжилт” үүний тод жишээ болно. (Яг энэ бичлэгийг бичиж байх үед энэ оны дэлхийн аваргад өнөөх Америкчууд маань дахиад л "сайн амжилт" гаргаж байваа...)

Америкчуудын хөгжлийн тулгуур хүчин зүйл болж ирсэн шинжлэх ухаан болоод инженерийн ухааны үндэс суурь өдрөөс өдөрт дордсоор байна. Хэдийгээр бид урьдын адил шинжлэх ухаан, боловсрол, хөрөнгө оруулалтын зах зээл, шинэчлэлийн хувьд дэлхийд манлайлсан хэвээр байгаа ч, бидний өрсөлдөгч нар марафон гүйлтэд гүйж байхтай адил байхад, бид өглөөний шогшоо хийж байгаатай адил хурдаар урагшилж байна гэжээ. Өнөөдөр хэдийгээр тийм шаардлага байхгүй юм шиг харагдаж байж болох ч уралдааныхаа замыг солих хэрэгтэй байна.

Америкийн нийгмийн “ичгүүртэй нууц” болох доорх гурван бодит үнэнээс улбаалан үүсэх далайн шуурга биднийг нөмрөхөөс өмнө хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна:

- Шинжлэх ухаан хийгээд инженерийн салбарыг сонирхон мэргэжигчдийн тоо хангалттай биш болсон

- Бидний өрсөлдөгч нар асар хүчтэй амбицтайгаар уралдаанд оролцож байхад манай залуусын тэмүүлэл тэдний хаана нь ч хүрэхгүй

- Америк болоод Хятад, Энэтхэгийн хоорондох боловсролын ялгаа хүчтэй болсоор буй


Тэгээд цааш нь NASA ийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дийлэнх ихэнх нь насан өндөр болсон бөгөөд залуу сайн мэргэжилтнүүдийг ажилд авъя гэхэд америкийн харъяат судлаач мэргэжлийн залуус нүдний гэм болоод байгаа тухай өгүүлжээ. NASA мэтийн газарт үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар гадны харъяат иргэдийг ажилд авдаггүй байна. Энэ хямралын учир шалтгаан нь боловсролын системд байгаа гэсэн санааг гаргажээ. (Манайхан энэ талаар нухацтай судалж үзүүштэй санагдав. Манай Боловсролын яамныхан сураг сонсохнээ америктай төстэйгээр дунд сургуульд үзэх байгалийн ухааны чиглэлийн хичээлийн цагийг багасгаж байгаа гэсэн. Энэ сэдвээр блог дээрээ тусад нь бичлэг гаргадаг ч юм билүү)

Companies in the Flat World

Шинэ ертөнц дахь компанийн оршихуй

Зарим компаниуд гурвалсан нийлэмжийг ашиглаж байхад зарим нь үгүй л байна. Шинэ ертөнцөд цэцэглэн хөгжих компаниуд дараахь энгийн дүрмийг баримтлууштай хэмээн санал болгожээ:

1. Дэлхий “хавтгайрч”, өөрсдийгөө хэцүү байдалд орох нь гэж мэдэрч эхэлбэл, шалавхан хүрз аваад өөрийгөө ух. Битгий хана босгож саад барихыг оролд.

2. Томоор хөдөлж сур, хэдийгээр өөрөө том биш ч гэлээ. (Learn to act really big even if you aren`t.) Хамтын ажиллагааны бүхий л зэмсгийг ашиглаж сур.

3. Хэрвээ өөрсдөө том бол жижиг үйлийг ч хийж сур. Ингэснээрээ үйлчлүүлэгчиддээ том хэмжээнд ажиллах боломжийг олго.

4. Хамтын ажиллагаанд суралц. Зах зээлийг ямар ч компани дангаар хянах бололцоогүй гэдгийг танин мэдсэнээр өөрсдийн үнэт зүйлсийг бүтээх боломжийг гартаа оруулах болно.

5. Өөрийн бизнесийг цаг ямагт шинжлэн үзэж тэр үр дүнгээ үйлчлүүлэгчдээ зарах замаар компани өөрийн эрүүл чийрэг бүтцийг хадгалж чадна.

6. Овор хэмжээгээ багасгахын тулд биш ялахын төлөө аутсорсинг хий. Шинэчлэлийг хурдан бөгөөд хямдаар гүйцэтгэхийн тулд аутсорсинг хий. Олон төрлийн мэргэжилтнүүдийг ажиллуул.

7. Аутсорсинг бол Бенедикт Арнолд (урвагч гэсэн утга болтой, орч.) нарт зориулсан эд биш, энэ бол сайн сайхны туйлыг бий болгохыг хүсэгчдэд зориулсан сонголт гэдгийг хүлээн зөвшөөр.

The Unflat World

Хавтгай бус дэлхий

Шинэ шинэ технологийн дэвшлүүд нь хүмүүнлэг ёсоор ашиглагдана гэсэн баталгаа байхгүй байна. Технологийн дэвшлийг хүн төрөлхтний өмнө аюул болгон хувиргаж дэлхийг хавтгай бус болгохыг оролдогч хүчин оршсоор л байна. Бид тэдэнтэй тэмцэх аргад суралцах шаардлагатай.

The Environment

Байгаль орчин

Хөгжиж буй эдийн засгуудын энергийн хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Энергийн хомсдол дэлхийг улам хавтгай болоход саад болж буй гол хүчин зүйл юм. Энэтхэг, Хятад, Латин Америк болоод хуучин Зөвлөлт лагерийн сая сая хүмүүс баялгийг бүтээхийн төлөө, өөрсдийн гэсэн машин, байр, хөргөгч, майкровэйв халаагчтай болохын төлөө тэмцэлдэж байна. Энэ бүхэн хүн төрөлхтнийг энергийн хомсдолын аюул, улмаар энергийн дайнд ч хүргэж болзошгүй.

Урьдчилсан тооцоогоор Хятад улс өдөрт 7 сая баррел нефт импортолдаг бол 2012 он гэхэд 14 саяд хүрнэ гэж үзэж байна. Энэ хэрэгцээг хангахад дахин нэг Саудийн Араб хэрэгтэй гэсэн үг. Америкийн мөрөөдөлтэй адилхан Энэтхэг, Хятад болоод Оросуудын мөрөөдөл нь өндөр энерги, үнэт метал, өндөр цахилгаан хангамжийг хүсч байна. Бид энергийн хэрэглээ, хадгалалт хамгаалалтын талаар цоо шинэ хандлагыг хайж олохгүйгээр хавтгай ертөнцийн энергийн хэрэгцээг хангаж чадашгүй юм.


Conclusion : Imagination

Төсөөлөл

Энэ их зузаан номын дүгнэлтийн хэсэг ТӨСӨӨЛӨЛ гэсэн ганцхан үгээр илэрхийлэгдэхүйц товчхон ажээ. Аяар дэлгэрүүлж бичнээ. . .

8 comments:

Зэлмэ said...

мнөх хоёр үед Европ, Америкчуудын үйл ажиллагаа голлож байсан бол, энэ үед барууны бус орнууд, цагаан биш арьстнууд буюу Энэтхэг, Хятад тэргүүтэй үндэстнүүд гол дүрд тоглох боллоо.-- Энэ хэсэг

Энэ тухай нилээд дээрээс яриад байгаа юм. Япон гэж алга байна шүү111
Гол нь Энэтхэг, хятадын хүний нөөцөд байгаа болов уу.

Buyantsogtoo, Ts. said...

Энэ ном 2005 онд анх хэвлэгдэн гарангуут бестселлер болсон бөгөөд 2006 онд нэмэн засварлагдсан 2 дахь хэвлэл нь гарсан байна. Би энд 2005 оны хэвлэлийг барьж тойм бичлээ. Саяхан 2006 оны хэвлэлийн япон орчуулгыг олж авсан ч хараахан нэмэгдсэн хэсгүүдийг уншиж амжаагүй л явна. Гарчгийг харж байхад өөрчлөлт оруулсан хэсгүүд байна билээ. Япон орчуулгыг 日系経済新聞社 эрхлэн 2 ботьтойгоор хэвлүүлжээ.

Хишгээд : коммент үлдээсэн баярлалаа.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Үнэхээр дажгүй ном шүү. Би энэ номыг монголд явж байхдаа найзаасаа авч уншаад. Дараа нь нилээн юм бодсон шүү. Чи энд тун дажгүй товчилж бичиж. Чиний энэ блогыг өөрийнхдөө холбоноо.

Peace,
Confidence.

Анхаа said...

Хүн болгон цаг ирэх тусам сурч боловсорч байдаг болов уу. Харин хурдан уу удаан уу гэдэг нь чухал. Үүний хамгийн гол шалгуур нь олж авсан мэдлэгээ хэрхэн ашиглаж чаддагт байдаг. Бид Амеркуудийг хийсэнийг гүйцээн тэдний бүтээсэн зүйлс дээр нь тулгуурлан хөгжинө гэдэг бол эрсдэлтэй. Харин тэдний хийснээс илүү сайныг шинийг хийгээд өөдөөс нь барьвал бид илүү хөгжинө. Үндсэн суурь суурь эд ангиудыг нь хийгээл бид тэрэн дээр нь тулгуурлан үйлдвэрлэл хийгээд байвал бид Амеркуудын гарт орж байгаа хэрэг. Харин Тэр суурь эд ангиудыг нь өөрсдөө тэднийхээс хувь илүүг бүтээхийн төлөө ажиллавал тэдний дээр гарах цаг мөдхөн ирнэ гэж боддог.

Dulu said...

Томас Фрийдманы веб хуудсаас яагаад энэ номоо бичих болсон болоод бусад номнуудынхаа талаар єгсєн ярилцлага, яриа зэргийг сонсоход гайхалтай байсан шvv.

http://www.thomaslfriedman.com/index.htm

erka said...

Хөгжиж буй эдийн засгуудын энергийн хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Энергийн хомсдол дэлхийг улам хавтгай болоход саад болж буй гол хүчин зүйл юм. Энэтхэг, Хятад, Латин Америк болоод хуучин Зөвлөлт лагерийн сая сая хүмүүс баялгийг бүтээхийн төлөө, өөрсдийн гэсэн машин, байр, хөргөгч, майкровэйв халаагчтай болохын төлөө тэмцэлдэж байна. Энэ бүхэн хүн төрөлхтнийг энергийн хомсдолын аюул, улмаар энергийн дайнд ч хүргэж болзошгүй.

Миний авсан мэдээллээр ойрын хэдэн жилд дэлхийн хүн амын тоог наян хувиар хорогдуулах нууц ажиллагаа хэрэгжүүлж эхлээд байгаа бололтой. Чухам хэн үүнийг санаачлан хэрэгжүүлж байгааг мэдэхгүй.
Ямар ч байсан дундад зуунаас өдгөөг хүртэлхи дэлхийн бүх хувьсгал, бүх дайныг далдуур удирдан зохион байгуулж байсан чөлөөт масончууд гэх байгууллага бий. Дэлхийн банк, санхүүгийн аварга том байгууллагууд тэдний хараа, хяналтан доор ажилладаг юм байна. Францын хувьсгал, америкийн хувьсгал, октябрийн хувьсгал, фашизм гээд тэдний гараар ороогүй түүхийн нэг ч үйл явдал байдаггүй гэнэ.
Саяхан энэ байгууллын түүхийн талаар өгүүлсэн нэгэн баримтат кино оллоо. Магадгүй иймэрхүү түүхэн баримтат киног монголоор орчуулан үндэсний телевизээр ч юмуу гаргавал хүрээлэн буй дэлхий ертөнцөө танин мэдэхэд илүү сонирхолтой, бас сургамжтай байж мэдэх юм.

history of Freemasonry

muugii said...

bi shuumjilmeer baina. ta ene nomnii tovchiloliig l unshisan baina. khishgee san uuchilaarai japan gdg oron chini developing ch bish buur less developingd tootsogdoj yavdii shuu, most bubbling economy in the current. tghed hajuud ni nud uzuurleed bdag s/korea ni harin aziin most attractive to investment spot bolood bga bish u,
ankh bayaraa amerikiin zamaar hugjivul ersdeltei geh uy gesen ug ve, Manai mgliin nuhtsuld yaj 2 tom gurend uuschilgui globaliin unuu ued bie daasan uls gdgeeree uldeh ve , hyatadiin buurund naaldaj oros ruu ineeh l heregetei bolj dee. yamar ch ded butec bhgui. hun amiin bolovsrol chadavhi 0 eruul mend mash dooguur. irgediin orlogo yarih hc um bhgui ,aj uildver 0, batlan hamgaalah zevsegt huchin ni ch yamar bdiin. ingeed l uls orshin togtoh gol gol hugjiliin uzuulelt 0 bgaad bga. ta nar 1920 onii englandiin corn law-g unshaarai yag odoo manai tur zasgiinhanii hiij bui iuldel. gelee gehdee ch tednii hiisen ni dotoodiin uildverlelee demjihed chiglesen bsan. za za duusahgui ni

muugii said...

bi shuumjilmeer baina. ta ene nomnii tovchiloliig l unshisan baina. khishgee san uuchilaarai japan gdg oron chini developing ch bish buur less developingd tootsogdoj yavdii shuu, most bubbling economy in the current. tghed hajuud ni nud uzuurleed bdag s/korea ni harin aziin most attractive to investment spot bolood bga bish u,
ankh bayaraa amerikiin zamaar hugjivul ersdeltei geh uy gesen ug ve, Manai mgliin nuhtsuld yaj 2 tom gurend uuschilgui globaliin unuu ued bie daasan uls gdgeeree uldeh ve , hyatadiin buurund naaldaj oros ruu ineeh l heregetei bolj dee. yamar ch ded butec bhgui. hun amiin bolovsrol chadavhi 0 eruul mend mash dooguur. irgediin orlogo yarih hc um bhgui ,aj uildver 0, batlan hamgaalah zevsegt huchin ni ch yamar bdiin. ingeed l uls orshin togtoh gol gol hugjiliin uzuulelt 0 bgaad bga. ta nar 1920 onii englandiin corn law-g unshaarai yag odoo manai tur zasgiinhanii hiij bui iuldel. gelee gehdee ch tednii hiisen ni dotoodiin uildverlelee demjihed chiglesen bsan. za za duusahgui ni