9/17/06

Боловсролын тухай

Хэдхэн сарын өмнө японы ЭнЭйчКэй сувгаар нэгэн мэдээг үзээд ихэд гайхаж билээ. Уг мэдээнд японы мэргэшүүлэх сургууль төгссөн залуус (хуучнаар бол манайхны ТМС, техникум төгссөнтэй дүйх) ажлын удирдамж зэрэг бичиг баримтыг уншиж чадахгүй болсон нь түгээмэл үзэгдэл боллоо гэж байв. Үүнээс улбаалан үйлдвэрлэлийн аваар осол ихээр гарах болсон гэнэ. Тэгээд нэгэн компани үйлдвэрийнхээ ажилчдад ханз үсэг заадаг болсон тухай нэлээн дэлгэрэнгүйгээр харуулж байсан нь яг л манай компаний залуус япон хэлний хичээл хийдэгтэй адилхан харагдаж итгэхэд бэрхтэй санагдаж билээ. Энэ үзэгдэл өнөөх японуудын халаглаад байдаг ゆとり教育の成果буюу ачаалал багатай боловсролын үр дүн болтой.

Дараа нь “Дэлхий хавтгай болж байна“ номыг уншаад мөн л Америкийн боловсролын системийн шинэчлэл буруу байснаас S&E буюу шинжлэх ухаан, инженерийн мэргэжлийг сонгогчдын тоо хэт багасаж “үндэсний хямралд” хүргэж буй тухай олж мэдээд өндөр хөгжилтэй орнууд баяжаад ирсэн хойноо хүүхдүүдээ баахан эрхлүүлж дээ гэж бодов.

Монголын боловсролын системийн байдал ямар байна вэ? Манай 10 жилийн боловсролын систем ихээхэн чөлөөтэй байдалд байдаг гэж хэлж болно байх. Учир нь түүрк сургууль, энэтхэг сургууль, япон сургууль, орос сургууль, саяхан байгуулагдсан америк сургууль гээд бусад хувийн сургуулиуд тус тусдаа өөрсдийн дураар боловсруулсан хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг гэж энгийн бидэнд ойлгогддог. Ер нь ч тийм болтой юм билээ. Сургуульд элсэх нас чиг хуульчлагдаагүй, зарим айл 6 настайд нь хүүхдээ сургуульд оруулна, зарим нь 7-тойд нь, эсвэл бүр 8-тайд нь ч оруулна. Ноднингоос эхлээд 11 жилийн системд шилжих шиг болсон. Харин америк сургууль 12 жилээр төгсгөх юм гэсэн. Ингээд бодохлоор бид боловсролын эрх чөлөөт системтэй улс гэж хэлж болно. Сураг сонсохноо энэ жилээс ахлах ангийн хүүхдүүд шинжлэх ухааны төрлийн хичээлийг сонгож үздэг болох гэнэ. Хэрвээ энэ нь тухайн төрлийн хичээлийн цагийг багасгаж байгаа бол дээр дурдагдсан америк, японы алдааг давтах нь уу гэлтэй. Бид бусад орны алдаанаас суралцвал хоцорсныхоо давууг эдлэх ач холбогдолтой сон.

“Дэлхий хавтгай болж байна” номон дээр бичсэнээс үзвэл хятад, энэтхэгчүүд боловсролын системдээ тун чиг их анхаарч, асар хүчтэй өрсөлдөөнийг өрнүүлж байгаа нь америкийн өнөөгийн бодит байдлаас хамаагүй илүү болсныг тэмдэглэжээ. Бид тэрхүү америк, японуудыг ч “айлгаад” байгаа хятад, энэтхэгийн боловсролын бодлогыг судалж үзүүштэй мэт санагдана.

Манай монголчууд эрт дээр үеэсээ боловсролыг эрхэмд үздэг сэтгэлгээний уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл зарим буурай оронд хөдөөний эцэг, эхчүүдийг зөвхөн хүүхдэдээ боловсрол олгох нь зүйтэй гэдэг бодол, санаатай болгохын төлөө хэдэн жил үргэлжилсэн төсөл хэрэгжүүлдэг гэж сонссон. Тэгээд бодохлоор боловсролынхоо системийг илүү сайн, илүү боловсронгуй болгож, боловсролын төлөө урд урдынхаас илүү хүчтэй анхаарал тавибал манай монголчуудын боловсролын түвшин дорхноо дэлхийн түвшинд хүрэх бололцоотой бөгөөд манай улсын өрсөлдөх чадвар ч өндөр болох юм. Монгол улсын ирээдүйг оюуны үйлдвэрлэл дээр тулгуурлах ёстой гэж олон хүн үздэг. Үүний тулд боловсролд урьд урьдаас илүү их анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээгээр гадаад зах зээлээс аутсорсинг хийх зэргээр оюуны үйлдвэрлэлийн талаар бодит мэдрэмжийг олон нийтэд бий болгож, мөн дотоодын оюуны үйлдвэрлэлийн зах зээлийг ч эртнээс бодлоготойгоор хөгжүүлэх шаардлагатай юм. Ингэхдээ мөнөөх л хятад, энэтхэгчүүдийн туршлагаас судлууштай. Тэд зөвхөн хүний олноор хөгжлийн давалгааг бий болгоод байгаа биш, нарийн бодож боловсруулсан бодлогын хүчээр тийн хөгжиж эхлээд байна.

3 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Bluewolf, enkhchimeg_d баярлалаа. Сүүлийн үед манайхан боловсролын талаар бас ч гэж нааштай юм ярьдаг болж байна шүү. Саяхан боловсролын хуулиа шинэчлэх шиг боллоо. Тэрнийх нь тухай хальт сонсоход янз бүрээр бодож л байгаа болтой. Бас сүүлийн үед байгалийн шинжлэх ухаанаар мэргэжихийн чухлыг энд тэндгүй ухаарч эхлэх хандлага байна уу даа гэж бодогдохоор зүйлс ажиглагдаж байгаа нь сайшаалтай.

gegeen said...

sonirholtoi bailaa. minii bas aust-d ajiglasan zuil baina. bi www.gegeen.com deer link-g chini tavij boloh u

iSulD said...

зөв юм бичжээ. Дутуу ч юм их байна тиймүү. Ижил бодолтой яваа нэгэн байна. Би бас жаахан ноороглодог юм