Тулгат андын блогноос Кёкүшюүзанд зориулсан бичлэгийг
уншаад миний бие ч бас тэр гавьяат хүний тухай
эрхгүй хэдэн үг хэлмээр санагдаад
энэхүү бичлэгийг тэрлэв.
Алдарт сумочтой би хувь хүнийх нь хувьд танилцаж нөхөрлөөгүй ч сумочийнх нь хувьд олон жил фэн нь явлаа. Түүний гялалзсан амжилтыг монгол, японы олон фэнүүд мартахгүй дурсах нь дамжиггүй. Миний хувьд бүүр ч мартагдахааргүй дурсамж үлдсэн байдаг юм. Яагаад гэвэл дөнгөж хорь гаранхан насандаа япон оронд ирээд өнөөх соёлын шоок гэгчид нь өртөж унаж тусч, гуниж гутарч явсан тэр үетэй минь түүний ид гарч ирж байсан цаг давхцдаг. Тэмцээний үеэр барилдаан бүрийг нь алгасахгүй үзэж, орилж хашгирах ч энүүхэнд, заримдаа нүдэндээ нулимстайгаар л түүнтэй хамт барилдаж, унахад нь цуг нурж, давахад нь цуг дэвдэг байлаа. Намайг анх японд очиход Батбаяр маань жүюрёо зиндаанд гарч ирээгүй тул телевизээр гардаггүй байв. Битүүхэн ажиг сураг тавьж байхад монголын бөхчүүд доод зиндаанд гайгүй сайн барилдаж буй гэлцдэг байлаа. Нэгэн удаа алдарт уран барилдаанч сумоч Томонохана Жийбэн таймс сонинд өгсөн ярилцлагадаа монголын бөхчүүдийн тухай ихээр магтаад, тун удахгүй юм дуулгахаар хэдэн залуус байгаа гэснийг уншаад хэзээ дээд зиндаа руу дэвшин гарч ирэх бол хэмээн тэсэн ядан хүлээж байтал манай хүн ч төд их удалгүй жюүрёо зиндаанд ороод ирсэн юм. Тэгээд л түүний үе эхэлсэн дээ… Одоо эргээд санахад ямар сайхан барилдаануудыг үзүүлж үзэгч олныг гайхшруулдаг байж вэ? Амьдралын минь зурвасхан ч гэлээ манантай будантай тэр өдрүүдэд түүний гандан бууршгүй, цоглог гавшгай барилдаанууд ямар их гэрэл гэгээ, сэтгэлийн тэнхээ өгдөг байж вэ… Ганц надад ч биш тухайн цаг үед японд амьдарч сурч байсан олон олон монголчуудад тэрээр сэтгэлийн тэнхээ, урам зориг өгч байсан биз ээ. Ингээд Кёкүшюүзандаа “хонтоо ни оцүкарэсама” гэж хэлээд цаашдынх нь амьдралын шинэ замналд чин сэтгэлээсээ амжилт хүсье.
Түүний тухай нэгэн хөгжилтэй түүх миний сэтгэлд үлдсэнийг дашрамд танилцуулсу. Жюүрёод байхдаа нэгэн удаа башёгийн хамгийн сүүлийн 15 дахь өдөр унаа давааных нь тоо тэнцчихсэн гараад ирлээ дээ. Түүнтэй барилдах бөх нь одоо бодоход Которюү зэки байсан санагдана. Тэгсэн хоёр бөх маань тачи-ай хийж тогтоод сэрвүүхэн золгох аядав уу гүй юу манай хүн зайлж татаад хаячихлаа. Би ч өөрийн эрхгүй хашгираад босоод ирсэн дэг. Тэгээд хэсэг азнатал жюүрёо зиндаанд энэ мэхийг 33 жилийн өмнө хийж байсан байна гээд л зарлаж байна. Бөөн шуугиан. Түүнээс ярилцлага авсан сурвалжлагч : Кёкүшюүзан зэкитэй ярилцлаа, яах аргагүй монгол мэх юм байна. Монгол бөхөөр барилддаг байхдаа сурч байсан мэх гэнэ, нэрийг нь “маниул” гэдэг гэж байна хэмээн эфирээр зарлалаа. “Маниуру, ма ни у ру” гэж ирээд япон аялгаар хэд хэд давтан хэлэв. Би бүр гайхаж, хэсэг бодсоны эцэст маниул гэж хэлээд байгааг нь ойлгоод мань хүн монгол хэлээ мартчихаад тухайн үед санаанд орсон үгээрээ хариу хэлчихвүү гэж бодоод элгээ хөштөл инээсэн юмдаг. Тэгтэл Кёкүшюүзан ярилцлага өгөх тухайн агшинд мэхийнхээ монгол нэрийг санахгүй болохоороо монгол бөхчүүдийн жаргоноор хариултыг хэлчихсэн нь тэр байсан юм билээ. Бөхчүүд хоорондоо хааяа тоглож, наадахдаа зайлж татахыг "маниулдах" гэцгээдгийг хожим мэдсэн юм.
Бас нэгэн явдлыг тод санаж байна. Тэрээр нэгэнтээ “сотомүсо” буюу манай гар ачих мэхийг сумогийн дэвжээн дээр анх хийж олныг шуугиулсан бөгөөд тэр үедээ өгсөн ярилцлагандаа уг мэхийг 7 хоногийн өмнө өөрийн сумогийн багш, сумогийн доктор хэмээн олонд алдаршиж явсан Оошима гуайгаар заалгасныгаа өнөөдрийн барилдаан дээр туршиж үзлээ гэсэн юм. Тэр үед би тун их гайхаж байв, яагаад багшаараа заалгасан гэж хэлэв гээд… Тэгээд яахав дээ тэгж хэлэх шаардлага байсан байх гэж бодоод л өнгөрсөн. Тэрнээс хойш үүнтэй төстэй ярилцлага энэ тэр өгч байсныг нь санахгүй байна. Одоо бодоход дээрх явдал түүний нөхцөл байдалд зохицож чаддаг, өөрөөр хэлбэл “күүки о ёму” буюу “уур амьсгалыг унших” чадвар өндөртэй гэдгийг харуулна бус уу гэж бодно. Ер нь түүний тухай танил найз нөхдөөс нь олонтаа сонсч явахад харилцааны өндөр соёлтой, хүнд тусархаг, тэр ч чанараараа жапануудтай хэл амаа их амархан олдог гэх юм билээ. Дээрх түүх ч үүний баталгаа болох мэт.
3 comments:
Би Кёкүшюүзаныг хоёр орны хооронд ёстой том bridge болж байгаа хүн юм даа гэж боддог. Цаашид ч болсоор байх байлгүй яав гэж. Зодог тайлсан хэдий ч нас нь залуугаараа болохоор эх орныхоо төлөө ихээ зүйл хийж, сумод барилдсан жилүүд шигээ амжилт үзүүлэх байхаа гэж итгэж буй.
Жич: Би блог дээрээ нэг санал асуулгархуу юм үүсгэчихлээ. Сонирхож үзээд мөн саналаа өгвөл туйлын их баярлах болноо.
Сайхан бичжээ.Баялалаа.
1997 онд анх Японд хөл тавиж үзэж байхдаа хүмүүст Монгол гээд хэлэхээр "Аа Кёкүшюүзан"гээд л толгой дохиод эрхий хуруу гозойлгодог байж билээ.Би тэгэхэд Сумо гэж юу байгийг ч мэддэггүй дээр нь хэлгүй байж хариуд нь бас л толгой дохиод авдаг байсан юм. Кёкүшүзанаар овоглуулж явсаар сумо ч их үзэж сүүлдээ Сумо-д дуртай болсон доо.Одоо ч сумод дуртай япон хүмүүстэй "нэвтрэлцэх эрхийн бичиг" Батбаяраар эхэлсэн монгол сумочид хэвээрээ л байна.
Мэхийн уурхай Батбаярт монгол хүнийхээ хувид талархаж явдгаа илэрхийлээд Оцукарэсама гэж хэлье.
Гэхдээ одоо би сумог ч монгол бөхөө ч үзэхээ больжээ. Яагаадыг хариулж мэдэхгүй юм. Яах аргагүй л хамгийн дуртай спорт нь бөх байсан даг. Шюүгийн үе бол миний бөх сонирхсон ид оргил үе байжээ. Хүн дуртай юмнаасаа таашаал авдаг тул тэр үед Шюүгийн барилдаануудаас мундаг таашаал авдаг байж дээ. Одоо бол хэзээ ч тэгж бөх мөх рүү дурлаж гүйхгүй байх.
Post a Comment