12/10/06

"Өлзийнарангийн өчил"-өөс

"Өлзийнарангийн өчил", (Дурсамж тууж),
Монголын Зохиолчдын Эвлэлийн Хороо, редактор Ц.Дамдинсүрэн, Улаанбаатар, 1974

"Өлзийнарангийн өчил" хэмээх энэ номыг оюутан байхдаа хуучин номын дэлгүүрээс олж авч уншиж байсан юм. Уншаад найруулгынх нь онцлог сайхныг бахдан биширч, дахин дахин уншиж монголын уламжлалт найруулгын шинжийг бага боловч учрыг нь олж ухаараад авъя даа хэмээн сэтгэж байсан ч тэгж эс завдсаар байтал багагүй хугацаа өнгөрчээ. Их сонирхолтой бичлэгтэй, маш урт урт өгүүлбэрүүдтэй ном. Харин өнөөдөр энэ номыг барьж аваад сонирхол татсан үг хэллэгтэй газруудаас нь хэсэгчилж блог дээрээ тавья гэж бодлоо.


...Аргын улирлын нэгэн мянган есөн зуун дөрвөн он, билгийн улирлын арван тавдугаар жарны хөхөгчин могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн таван (Манж чин улсын Бадруулт төр хааны гучдугаар он)-ы сав саруул, цэв цэлмэг сайхан нэгэн өдрийн өглөөний ургах наран лугаа уралдан, Өшгөгийн нурууны өвөр бэл дэх Эмгэнтээг гэдэг өнө эртний өлзий төгс идээшилт өвөлжөөнд өмнө өгүүлсэн ард Адьяагийн аргалын утаанд шарлаж борлосон бага таван ханат ханхайхан хар гэрийн зүүн хатавчинд энэрэлт эх Цэвэлийн хэвлийгээс нэгэн нялзрай хөвүүн нярайлан төрснийг эмэг эх Долгор ээлт гараа тосон ах, эгч нарын маань нялхын үнэр танар нэвт шивт шингэсэн нэхий өлгийд боож авчээ. Төрийн эрх чөлөө, түмний жаргал цэнгэл гэгчийг түүний эцэг эх хэзээнээс төдий л үл мэдэх бөгөөд гагцхүү хаан төрийн албан татвар, харьяат ноёны зоог шүүс залгуулах, хамжлага нийгмээр нийлүүлэх нэртэй нэргүй тэсгэн таталт гүйцэлдүүлэх хийгээд халуун ам бүлсийн амин зуулга улжуулах алинд ч хүртэн хүрэлцэхгүй бог бод нийлсэн хэдхэн арван малын байх бараа, бага сага ашиг шим харж, өмсөх эдлэх өөдтэй хувцас хунар, уух идэх унд хоол ховор хомс, авдар хөндий, алга хоосхон сууж, гэрийн сайжрал, хэтийн амьдрал бодох боломжгүй, яг л ядуу хүний зовлон янз бүр гэгчээр арай чарай амьдрах авч, ам нэмж ахиад нэгэн хөвүүнтэй болсонд санаа сэтгэл сарнин унаж гутралгүй улам урамшин баяссан ажгуу.
Удалгүй хоёр гурав хоносны хойно нэгэн шүдлэн хонь шүүслэж, уламжлалт ёсоор ууц тавин, нярай хонгор хөвүүнийхээ хөлийг хавтгай чулуун дээр гишгүүлэн байж, тойг, борвины яс, арц утлага хольж буцалгасан бүлээн ус бэлсгэн, "хад мэт бэх бат хүн болохыг" бэлэгдэн бүх биеийг нь угааж дуусаад эцэг Адьяа, айл хөршийн хөдөөч гэцэл Цэдэвийг бор гэрийнхээ босго алхуулан, унд хоол, идээ будааны аль сайнаар ая засан зочилж, өөдөн (цэмбэ) -гөөр өнгөлсөн олигтойхон нэгэн олбог дээрээ гэрийн хоймор залан завилуулж, сан солх тавиулан, сая төрсөн хөвүүндээ нэр хайрлаж соёрхохыг гуйн эдийн дээд хадаг дэлгэж, идээний дээж сүү аягалан барьжээ. Гэцэл ламтан, харамжийн хадаг, сүүг алга тосон аваад, амталж таалсан юм амнаас гарч унуузай гэсэн мэт араа шүд жимийн байж хэсэгхэн зуур бодол тунгаан болгоосон дүр үзүүлж дув дуугай думбайн сууснаа, гэв гэнэт өнөөх хөвүүний нярайлсан сар өдөр, цаг мөчийг сайтар лавлан асууж, аавдаа алт, ээждээ эрдэнэ, ах дүү, анд нөхөд, ард олондоо ач тустай хүн болоорой хэмээн ерөөж Өлзийнаран нэр өгчээ.
(6-р тал)

No comments: