11/8/08

Сэр сэр салхитай Сэрүүн Бумбын орноор



Америкийн University of Phoenix гэдэг алсын зайн болон онлайн сургалтаар дагнасан их сургуульд докторант оюутан болсоор нэг жил хагасыг үджээ. Мэдээллийн Систем болоод Технологийн Менежментийн чиглэлээр PhD хөтөлбөр явуулдаг 2, 3хан сургуулийн нэг байсан нь энэ сургуулийг сонгох шалтгаан болсон юм. Бүх сургалт онлайнаар явагдах бөгөөд жилдээ 1-2 удаа сургууль дээрээ очиж суурин-сургалтын арга хэмжээнд хамрагдана. Ийн явах замдаа би Сан Франсиско хот, алдарт Силикон Ваалийгаар дайрдаг юм. Энэ жилийн 9 сарын эхээр Аризона мужийн нийслэл Феникс орж сургуулийнхаа суурин хөтөлбөрт оролцчихоод буцах замдаа Силикон Ваалийд хэд хоног саатав.
Силикон Ваалий хэмээн алдаршсан энэ газар бол Сан Франсиско хотоос эхлэн урд зүг рүү чиглэн тогтсон Мэдээллийн Технологийн тусгай бүс нутаг билээ. Silicon Valley -г шууд орчуулбал Цахиуран Хөндий болох бөгөөд яг ийм нэртэй газар бол байхгүй. San Francisco Bay Area -д орших энэ хөндийг Америкийн хөгжлийн нэгэн нүүр царай гэж хэлж болно. Угтаа бол тус улсын зүүн эрэгт төвлөрсөн хөгжлийн төвийг баруун эрэг рүү чиглүүлэх бодлогоор технологийн хөгжлийн тусгай бүсийг байгуулсан нь ийм алдартай газар болон хөгжжээ. Сан Франсиско хавийн газар нутаг - Цахиуран Хөндий нь цаг агаарын маш таатай нөхцөлтэй. Жилийн туршид бараг л нэгэн хэвийн цаг агаартэй байх агаад өвөлдөө бороо элбэг, зундаа тэгтлээ их халахгүй. Чухам л
Сэр, сэр салхитай
Бур бур бороотой
Үргэлж мөнхөд
Өвөлгүй Зунаараа байдаг Сэрүүн Бумбын орон хэмээн алдарт Жангар туульд гардаг үлгэрийн орон эрхгүй санаанд бууна. Хүн амьдрахад маш таатай уур амьсгалтай энэ "Сэрүүн бумбын орон"-д хөрөнгө санхүүгийн болон хүний нөөцийн төвлөрөлийг бий болгосноор Америкийн эдийн засгийн нэгэн том "мөнгөний уурхайг" бий болгож чадсан юм. Улмаар энэ загвар нь эдийн засгийн хөгжлийн нэгэн прототип арга болтлоо дэлхий даяар тархсан хэлбэр юм. Одоо бараг улс бүр өөрийн Силикон Ваалийг барьж байгуулах болжээ. За энэ тухай хожим дэлгэрүүлсү гээд Дэлхийн Мэдээллийн Технологийн Шинэчлэлийн гол цөм болсон энэ алдартай газарт амьдарч, байлдааны тэргүүн шугам дээр хүчийг үзэн яваа монгол "цэргийн" тухай танилцуулахыг хүслээ.
Түүнийг Ширчингийн Баатар гэдэг нэрээр нь олон хүн танина. Гэвч түүнийг бүтээл туурвил, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаанаас нь хараад нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтэй гэж андуурч боддог хүмүүс байж магадгүй. Ш. Баатар Новосибирскт компьютерийн програмчлалын мэргэжлээр төгсөөд Монголдоо хэдэн жил ажиллаж байгаад Японы Хамамацү хотод эмнэлгийн мэдээлэл зүйн чиглэлээр доктор хамгаалж, улмаар Америкийн алдартай хоёр сургууль болох Харвардын Их Сургууль, Массачүсецийн Технологийн Их Сургуулиудын хамтарсан Post Doctoral хөтөлбөрт хамрагдаж дүүргэсэн. Мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлдэг орнуудад боловсрол эзэмшиж дэлхийн зиндаанд хүрсэн мэргэжилтэн. Тэр надаас насаар хэд ах. Намайг оюутан байхад шинэхэн сургууль дүүргээд ирсэн шавхийсэн залуу тэр үеийн нарийн технологийн талаарх мэдээлэл өгч, харамгүй зааж тусалдаг, олонтойгоо мэдээлэл солилцох дуртай, тусархуу нэгэн байв. Японд бид нэгэн цаг үед өөр хотуудад амьдарч байсан ч байнгын холбоотой байдаг байв. Гэвч түүнийг Америк явснаас хойш бараг холбоо тасарч хааяадаа и-мэил солилцох төдий байсан юм. Харин өнгөрсөн намар хэрэг болгон найзындаа зорьж очлоо. Түүний зочломтгой, эелдэг зан урьдын хэвээрээ. Bay Area хавьд өнгөрөөсөн нэгэн гарагийн туршид түүнтэй хоёронтоо ч уулзаж, тэдний хоттой танилцаж, гэрт нь уригдан очиж чамгүй олон цагаар хүүрнэлдэв. Дөрвөн ханаар нь дүүрэн ном өрсөн тэдний гэр-номын санд тухлан сууж монголынхоо тухай, сүүлийн үеийн мэдээллийн технологийн хөгжил дэвшлийн тухай, монголынхоо МТ-ийн салбарыг хэрхэн хөгжүүлбээс зохилтойв гэх мэт элдвийн олон сэдвээр шөнө дөлийг хугаслан хүүрнэлдсэн бүлгөө. Баатар маань 20-иод жилийн өмнө судалж хийж байсан, техникийн хувьд өндөр мэдлэг шаарддаг, мэргэжлийн хэллэгээр доод түвшний гэж хэлэгддэг системийн програмчлалийн ажлаа хийсээр яваа нь надад гайхах, бахдах сэтгэлийг хослуулав. Мэдээллийн технологийн ихэнх мэргэжилтнүүд 40 гараад ирэхлээрээ удирдах ажил руу шилждэг нь манай салбарынхны нийтлэг дүр төрх л дээ. Гэтэл тэрээр All State хэмээх Америк даяар салбартай, Нэгдсэн Улсын хамгийн том даатгалын компанийн Мэдээллийн системийн ахлах инженерээр ажиллаж, Юникс системийн програмчлалийг гардан хийсээр яваа нь намайг бишрүүлэв. Бас цагаахан атаархал ч төрлөө. Нарийн мэргэжлээрээ дагнан ажиллах нь түүнд нэгдүгээрт сонирхолтой, хоёрдугаарт ажлын байраа амар алдахгүй байх (Job Security) боломжийг олгодог юм хэмээн тэрээр өгүүлнэ. Америк шиг өрсөлдөөний асар өндөр түвшинд хүрсэн газарт энэ асуудал мэргэжилтнүүдийн хувьд амин чухал байдаг нь ойлгомжтой.
Тийм завгүй, мэргэжлийн өндөр түвшний алба хашихын хажуугаар тэрбээр түүх, антропологийн шинжлэх ухааныг бие даан сонирхон судалж, олон эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ. Түүний номын сангаар дүүрэн Монголын түүх, хэл судлалын чиглэлийн англи, япон, орос, хятад гээд дэлхийн олон хэл дээр бичигдсэн ном, материал байх юм. Эдүгээ олон улсын монгол судлаачдын хүрээлэлд түүний нэрийг андахгүй болжээ. Монголынхоо түүхээр сэдэвлэсэн нэгэн сэдэвт бүтээл туурвиж буй бөгөөд удахгүй уншигчдын гар дээр хүргэнэ хэмээж байв. Тэрээр түүх, антропологийн мэргэжлээр алдарт Берклейн Их Сургуульд зочин-судлаачаар ажиллаж байгаа ажээ. Тийм том сургуульд үнэлэгдэнэ гэдэг түүний зиндааг бэлхнээ харуулж буй хэрэг. Түүний туйлын хөдөлмөрч, бүтээлч чанараар эрхгүй бахархах сэтгэл төрнө.

Доктор Баатартай уулзсан хоёр дахь уулзалтын үеэр тэрээр "энэ хөндийд 10 гаран жил ганцаар ажиллалаа, харин сүүлийн үед энд ажиллах монгол мэргэжилтний тоо ганц хоёроор нэмэгдэх шинжтэй болж байгаад маш баяртай байгаа" гэсээр Силикон Ваалийд ирээд тун удаагүй байгаа нэгэн бүсгүйг дагуулан ирж танилцуулсан юм. Бүсгүйн нэрийг М. Сувдмаа гэнэ. Тэрвээр Монголдоо компьютерийн мэргэжлээр суралцаж байгаад Америкт ирж суралцан бакалавраас эхлээд докторантураа дуусгаад яг 10 жилийн дараа Силикон Ваалий руу нүүн ирж ажлын талбар луу шилжиж байгаа нь энэ ажээ. Сургуулиа дүүргээд МайкроСофт гэх мэт олон том компаниас ажлын санал авсан ч МТ-ийн дэлхийн томоохон компаниудийн нэг болох Яхүү компанийг сонгон ажилд оржээ. Бахархмаар. Сувдмаа Иллинойгийн Их Сургуулиас Докторын зэрэг хүртсэн юм байна. Мэдээллийн нууцлалын чиглэлээр докторын ажлаа туурвижээ. Үдшийн зоог барингаа хөөрөлдсөн бидний уулзалтын үеэр Силикон Ваалийгийн зүрхэн голтод ажиллаж амьдарч буйн хувьд тэндхийн соёлын нарийн ширийнээс Сувдаа танилцуулж ярьсан нь миний хувьд тун чиг сонирхолтой байв. Инноваци болохуйц шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхэд хамгийн гол нь хийж гүйцэтгэх чадвар чухал, шинэ санаа олох нь төдийлөн хэцүү биш, гагцхүү түүнийг зөв цагт эхлүүлж бодит үйл хэрэг болгох чадвар хамгаас чухал юм билээ гэж др. Сувдмаа өгүүлж байв.
Ийнхүү миний бие өнгөрсөн намар алдарт Силикон Ваалийд очиж, дэлхийн бизнесийн өрсөлдөөнт нэгэн төв болсон энэ газарт үнэн хүчийг үзэн "байлдаж" яваа монголын "хашир цэрэг", "шинэхэн цэрэг" хоёр Доктортой уулзаж ярилцан тэднээс шинэ эрч хүч, урам зоригийг авсан билээ. Тэр хоёроороо би чин сэтгэлээсээ бахархаж, Монгол маань 90 оны ардчилсан хувьсгалаар нээлттэй хөгжлийн замд орсноос хойш 20 орчим жил болсны дараа манай монгол залуус дэлхийн оюуны үйлдвэрлэлийн салбарт хүч үзэх хэмжээнд хүрч иржээ гэдгийг мэдэрч байлаа. Эдгээр залуусын маань дэлхийн тавцан дээрх үйл ажиллагаа, амжилт бүтээл нь монголын залуу үед үлгэр дууриал болж, нэгэн төрлийн урагшлах замынх нь луужин болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол маань улирч баларсан үеийн газрын баялагт дулдуйдсан хөгжлийн загвараар биш, оюуны баялаг дээр тулгуурласан мэдлэгийн нийгмийг бүтээх замаар хөгжих ёстой.

Доктор Баатарын блог: http://shbaatar.blogspot.com

Доктор Сувдмаагийн блог: http://www.suvda.com
Түүний зарим нийтлэл, ярилцлагыг эндээс үзнэ үү.

24 comments:

Soyolerdene said...

Sh.Baatar ahaar uneheer baharhaj bainaa. Iim baharaltai humuusiin tuhai mun medeelliin tehnologiin tuhai saihan medee duulgaj baidag tand bayarlaj bainaa.

Buyantsogtoo, Ts. said...

Соёлоо коммент үлдээсэнд баярлалаа. Силикон Ваалийд очсон 2 дахь МТ-ийн монгол залуу бол ОргилТехд байсан Нямдаваа юм билээ. Намайг тэнд очих үеэр Нямка өөр хот руу томилолтоор явсан гээд уулзаж чадаагүй. Яваандаа ийм хүмүүс л биднийгээ дэмжинэ дээ гэж итгэж хүлээж байна даа. Энэтхэг, Хятадуудын хувьд олон жилийн өмнө Америкт очиж суурьшин мундаг болсон мэргэжилтнүүд нь эргээд нутаг руугаа ажил явуулах мэтээр бие биенээ дэмждэг юм билээ.

Г.Ганбат said...

Шинэ оны мэнд.
Ойрд блогоо бичихгүй болохоор тань гайхаж байлаа. Сургуульд сурч байгаа юм байж. Амжилт хүсье.

Ирж байгаа онд олон сайхан нийтлэл, мэдээллээр тань уулзаж байх болтугай.

Pearle Deppsu said...

Wow, сурч байгаа юм байна.

гэснээс Баатар гуай ийм хүн байсан юм байжээ.

бас тэр Сувдаа бүсгүйгээр бахархаж байна шүү. аминдаа ч юм байна, адил мэргэжилтэй ч юм байна. билэгшээлтэй санагдчихлаа

Өнөржаргал said...

Яасан гайхалтай юм бэ! Үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Тэдэн шиг л байхсан. Нээрээ л залуус бидний луужин, үлгэр дуурайл болсон гайхалтай хүмүүс юм даа. Ажил үйлс нь ямагт өөдрөг байх болтугай. Ийм сайхан эрч хүч хайрласан бичлэг хийсэн танд баярлалаа.

Uranaa said...

Oo za, minii naiz iim chuhal ajiltai yavsnaa helehgui yagaa ve? Chamaig chini amraad l yavj baina gej bodoj baisan sh dee. Mongolyn baharhal bainaa. Unoodorhon manai ajil deer Baataryn tuhai yarij baisan. Namaig USA-d ochood Baatartai uulzav u gej asuutsgaagaad l, kk.

Unknown said...

San Jose-д очоод төөрсөн, Баатар ахтай холбоо барьсан чинь Нямдаваа ахтай холбоо барихыг санал болгосон. Түүнтэй холбоо бариад гэрт нь очиж хонохдоо нэлээн их зүйл ярьсан. Дараа нь Баатар маань намайг хүлээн авсан. Хэд хоногийн хугацаанд бид 2 нэлээн олон сэдвээр мөн ч их ярьсан даа.

jagdag said...

Баатар ах болон Сувдмаад Монголын "Мэдээлэл холбооны тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнуулсанд нь баяр хүргээрэй!

Алс хол эх орныхоо нэрийг өндөрт өргөж мэргэжлээрээ олон жил ажиллана гэдэг мэдээллийн технологийнхонд амаргүй ажил. Дээр нь энэ их хурд, хөгжил, өөрчлөлт, өрсөлдөөн ... давж гараад дэлхийн мэдээллийн технологийн тэргүүн фронтод зүтгэх амаргүй шүү.

Эх орноос нь, эгэл ардаас нь үзүүлэх дэмжлэг хамгийн их урам өгдөг юм билээ.

Др. Ш.Баатар, Др. М.Сувдмаа нараас гадна Чикаго-д амьдардаг Иллиос Нэтворкингийн П.Амгаабаатар, Фелидалфид их сургуульд багшилдаг Др. Б.Ундрахбуян, Сеатлд амьдарч Микрософтод программ зохиогч хийдэг Л.Бат-Өлзий нар Мэдээлэл холбооны тэргүүний ажилтан болжээ.

Бүгдэд нь баяр хүргээд америкийн мэдээллийн технологийн салбарт араасаа олон монгол дагуулаарай хэмээн ерөөе!

Энд зориуд Др. хэмээх хүндэт цолыг нь дурдлаа. Энд дурдсан улс бүгд хөгжингүй оронд докторын зэрэг хамгаалж, үүндээ арваад жил суралцаж нүсэр хөдөлмөр гаргасан юм.

foo_at_bar said...

Блогийн эзэн сайхан нийтлэл бичиж.
Гэхдээ бас санал бодлоо хэлэх нь зүйтэй байх. Уншиж байгаа залуучуудаасаа нэг юм хүсэх гэсэн юм. Хүнийг сайн мэдэхгүйгээр гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаа, олон янзын сургуульд эрдмийн зэрэг цол хамгаалсан л бол хий хоосноор шүтэн бишрэхээ больмоор юм.

Яг үнэндээ Баатар хэдэн жил Монгол улсад мэргэжлээрээ ажилласан бэ гэж хэн нэг нь бодож үзсэн үү? Монгол улсад ажиллаж амьдарч байхдаа Мэдээллийн Технологийн чиглэлээр юу хийсэн юм бол оо гэж бодож үзэв үү?

Миний мэдэхийн 88 онд Оросод сургууль төгсөөд Монголд 3 жил ажиллаад Япон явсан санагдана. Тухайн 3 жилд юу хийснийг нь одоо дурсдаг хүн байгаа болов уу? Цуг ажиллаж байсан улсууд байдаг л байх даа бодвол. Харин Жагдаг бол Монгол улсдаа байх хугацаандаа Баатарыг бодвол илүү ихийг хийж бүтээсэн шүү.

Баатар нь түүх, шашин, ёс заншлаа дээдэлдэг нь сайн хэрэг. Энэ талаараа ч байнга блогтоо бичдэгийг мэдэх юм. Гэхдээ бид түүх, шашин, ёс заншлаа сайн мэддэг сурталчилдаг хүнийг мэдээллийн технологи, мэргэжилдээ үнэхээр мундаг юм байна гэж хоосон биширч хүндэтгэх гэж үү?

Үнэхээр сайн мэдээллийн технологийн мэргэжилтэн юм бол Монгол улсынхаа энэ салбарын мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, лекц уншиж байсан тохиолдол байна уу? Яагаад энэ хүн мэргэжлийн бидэндээ зориулаад блогтоо ганц ч болов tips & tricks аль эсвэл Юникс үйлдлийн систем дээр ингэж системийн програм бичнэ гээд ганц хоёр ч болов үг хэлэхгүй байна вэ? Энэ их сонин байгаа биз.

Би Баатартай уулзаж байсан, emacs, timbuktu л гэж ярьж байснаас яг үнэндээ юу хийдгээ ч хэлдэггүй л хүн дээ. Компанидаа юу хийдгийг нь дэлгэрэнгүй асуувал компаний нууц гээд л хэлээд өнгөрөх биз. Яг үнэндээ Юникс дээр системийн програм бичдэг л гэж өөрөө хэлж байгаа болохоос яг үнэндээ хүний бичсэн хэдэн shell скриптийг нааш цааш нь болгоод суудаг ч юм уу хэн мэдлээ. Тийм л сайн emacs мэддэг юм бол emacs-ийн талаар блогоороо дамжуулаад тусламж, зөвлөгөө яагаад өгч болохгүй гэж? Ингэхэд Монгол улсын маань бүх програм зохиогчид emacs-ийн хүчтэй талыг мэдэх бил үү? Мэдээллийн технологийнхан маань бүгд Англи хэлэндээ сайн бил үү?

Баатар нь Далай лам, Ажаа гэгээн л гэдэг хүн дээ, муугаар бодвол шашны нэрээр хүмүүсийн мөнгийг сааж байгаа ч юм уу хэн мэдлээ. Мэдээллийн технологийн үнэхээр сайн мундаг мэдлэгтэй хүн юм бол шашнаар хүний толгойг угааж байхын оронд эх орныхоо мэргэжил нэгт нөхөдтэйгөө өөрийн мэдлэгээс хуваалцмаар юм даа. Түүхийн сайн мэдлэгтэй нь үнэн хэдий ч түүхийг судлах ёстой хүмүүс нь л судална биз, ёстой нөгөө эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчийн үлгэр болох бий. АНУ-д ажиллаж амьдарч байгаа талаараа зөвлөгөө өгсөн нийтлэлүүд олныг бичиж байсныг нь харин сайшаах нь зүйтэй. Олон ч хүнд тусалсан байх.

Энд бичигдсэн Сувдмаа гэдэг хүн бас л хэдэн жил Монголд ажилласан бэ гэж залуучуудаасаа асуумаар байна. Гадаадад манай улсын олон залуучууд ажиллаж амьдарч байгаа нь сайшаалтай хэдий ч яг үнэндээ тэдний хэд нь Монгол улсынхаа мэдээллийн технологийн хөгжилд хувь нэмэр оруулж байгааг бас залуучуудаасаа асуумаар байна. Яг үнэндээ ийм ийм газар ийм ийм мундаг мэргэжил эзэмшсэн ийм ийм хүмүүсийн маань ихэнх нь өөрсдийнхөө хар амиа бодож л харийн газар хүний компанид орлого оруулан амьдарч байгаа шүү дээ. Монгол улсынхаа нэрийг тодорхой хэмжээгээр гаргаж байгаа нь үнэн л байх, гэхдээ л өөрийнхөө байрыг эзэлчих бий гэсэн шиг мэргэжлийнхээ талаар, сурч мэдсэн зүйлсийнхээ талаар нэг ч үг эх орныхоо мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцахгүй л байна шүү дээ. За тэгээд олон жил гадаадад амьдарсан хүн аль хэдийн цагаачилчихсан ч юм уу хэн мэдэх вэ.

Мэдээж саарын хажуугаар сайн гэж, хүний газар сурсан мэдсэнээ хуваалцаж байгаа олон залуус байгааг үгүйсгэхгүй. Жишээ нь
http://natsag.blogspot.com/
http://baynaa.blogspot.com/
http://ochko.blogspot.com/ гэх мэт.

Тиймээс залуучууддаа хандаж уриалмаар байна. Хүнийг хий хоосон биширч байхаар хийж бүтээсэн юмаар нь хүндэтгэж бахархан дуурайж байгаасай гэж хүсэж байна.

Erkardo said...

Буяа ахдаа ийм сайхан хэрэгтэй бичлэг бичсэнд баярлалаа. бас сурлага, бизнест нь өндөр амжилт хүсье.

Монгол хүн чадвараараа дэлхийн томоохон компаниудад ажиллаж, нэртэй сургуулиудад зэрэг авч чадаж байгаад үнэхээр их бахархаж бас омогшиж байна.

Тэдэн шиг үлгэр дууриалал болон амьдрах юмсан гэж бодогдож байна. Бүгдэнд нь амжилт хүсье.

Foo at bar-t: Монгол хүмүүс гадаадад гарч ажиллаад монголоо хөгжүүлэхгүй гадаадыг хөгжүүлээд байна гэж хүмүүс их шүүмжилдэг. гэхдээ урт хугацаанд ирээдүйг харах юм бол энэ нь муу биш харин ч сайн зүйл гэдгийг энэтхэг, хаятдын жишээ харуулсаар байна шүү дээ.

Ш. Баатар said...

ИТ-гийнханд танилцуулахаар миний тухай бичсэнд баярлалаа. Дөлөө болон Жагдагдоржид мөн баярлалаа. Шүүмжлэл бичсэн фүү_эт_бар ч бас баярлалаа. Технологийн талаар нарийн бичдэггүйд бас учир бий, уулзаж учирсан мэргэжил нэгт нөхдөдөө бол мэдсэн сурснаа аль болохоор хэлэлгүй яах вэ. Олон нийтэд зориулан хэт мэргэжлийн юм бичих бас нэг их онц биш байх аа. Блогтоо бол өөрийн дуртай зүйлээ би бичнэ. Монголд очоод мэргэжлийн талаараа хэд хэдэн удаа лекц уншиж байсныг энэ ташрамд хэлье. Миний мэдэх надаас олон жилийн өмнө АНУ-д мэргэжлээрээ ирсэн нэгэн найз маань бий. Тэрээр НҮБ-д 1990 онд oрсoн ба одоо болтол мэргэжлээрээ ажилласаар байгаа шүү. Кувэйтийг чөлөөлөх Цөлийн шуурга хэмээх операцийн танкийн довтолгоог удирдах програм хангамжийг (real-time update system) хийлцэж байснаар нь би бахархдаг юм. Америк болон бусад хөгжингүй орнуудын програм хангамжийн салбарт ажилладаг залуус маань дэлхийн хүн төрөлхтний оюуны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаагаар нь бахархдаг. Шууд болон шууд бус утгаараа тэдний нэр нөлөө Монголд энэ салбарыг хөгжүүлэхэд суурь болно гэж би бодож явдаг юм.

jagdag said...

За энэ нийтлэл нилээд хэлэлцүүлэг маягтай болж олон хүн санал бодлоо илэрхийлжээ. Аливаад заавал зөрчил байж урагшилдаг гэдэгт итгэдэгийн хувьд бодсон санаснаас минь зөрүүтэйг бичсэнд, мөн санааг ойлгож дэмжиж буйд, бүгдэд нь талархал илэрхийлээд өмнө бичсэндээ жаахан тодруулга хийе гэж саналаа.

foo_at_bar манийг мэддэг, Баатар ахыг таньдаг нэгэн байна. Мэдээллийн технологиор ч чамгүй мэдлэгтэй нь харагдана. Баатар ах маниас тав ах хүн, компьютер програмчлалаар "цагаан хорхойтсон" манийг (тухайн үед жирийн сургуулийн арван жилд компьютерийн хичээл ордоггүй байж, маний аз таарч гүнзгий гээч ангид сурсаных есдүгээр ангидаа Цэрэнбат багш "өвчин" дамжуулсан хэрэг) оюутан болох үед төгсөж байлаа. Бид нэг сургуулийн бүтээгдхүүн гэсэн үг. foo-гийн жишээ болгосон блог бүхий улс маний ойлгосноор манай дүү нарийн үе, зарим нь цуг сурч, ажиллаж ч байсан юм билээ. Маниас 5-10 дүү улс гэсэн үг. За ингэхээр бараг 15 жилийг холбосон мэргэжил нэгтнүүдийг хамруулаад бичиж, таниж буйн хувьд foo өөрөө ч хоосонгүй нь харагдана. Энэ хүний хэлсэн ярьсан нь алт л байх. Байх гэдэг нь жинхэнэ нэр, царайг мэдэхгүй байгаагаас минь энэ.

Алт унагах хэмжээний туршлага, мэдлэгтэй ч бичсэнтэй нь бас маргах хэрэг гарах юм. Олон хүн ярьж хэлж байдаг л даа. Гадаадад гараад, тагнуул, эх оронч бус, урвагч болчихож байгаа мэт ... манай гэрт ч үргэлж энэ талаар санал зөрөлдөж байдаг. Өндөр хөгжилтэй орны томоохон бизнес, байгууллагад орох босго их өндөр. Тэнд ажиллаж хөдөлмөрлөх нь үргэлж маш их өргсөлдөөн дунд байдаг, ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй хүмүүст. Цаг тутам өөрчлөгдөн хөгжиж буй мэргэжлээрээ өсөж байх хэрэгтэй, тухайн байгууллага, орчин тойрон, улс орныхоо цаг үе, соёлыг мэдэрч, хүн бүрийг хүндэлж сайхан харьцаж байж тэргүүн фронтод үлдэнэ шүү дээ. Ингэж байхдаа маш их мэдлэг цуглуулж, мэдээлэл боловсруулж, хувийн чадварлаг зохион байгуулалттай болдог. Товчдоо энэ бүгдийг цаг хугацаа харуулдаг, тодорхой хугацаа орж байж үүнд хүрдэг.

Энэ их хөдөлмөрийг эх оронд нь үр ашигтай хүргэх цорын ганц арга нь буцаж очоод гэртээ ажиллах биш юм аа. Алсаас холоос ч гэлээ эх орноо гэсэн сэтгэлд нь гал нэмж явах хэрэгтэй. Хөдөлмөр үр дүнг нь үнэлэх хэрэгтэй. Сурсан мэдсэнийг нь авах хэрэгтэй. Хэн нэг нь цаг заваа зарцуулж хооронд нь холбож явах хэрэгтэй гэж үздэгээ бичиж foo-тэй ялигүй маргаан өрнүүлэв.

Нэмж тодруулахад Др. Сувдмаа гэдэг энэ охин эх орондоо хөдөлмөрлөж үзээгүй ч гэлээ монголчууддаа тустай олон зүйл хийдэг юм. Улс эх орон байтугай өөрийн хармаанаас хөрөнгө мөнгө гаргахгүйгээр АНУ-н олон их дээд сургуульд амжилттай сурч чадсан, түүнийгээ өөрийн ажлуулдаг вэбээрээ дамжуулан хуваалцаж, залуу үед сургамж зөвлөгөө өгч байдаг нэгэн. Мөн Америкт бизнес эрхлэх гэсэн чамгүй эрсдэл үүрсэн нутаг нэгтнүүдээ дэмжиж явдаг юм. Хоёр жил дараалан Америкийн Монголчуудын бизнес эрхлэгч нарын хурал зөвлөгөөнд мэргэжлийнхээ зөвлөгөөг өгч илтгэл тавьсан.

Илинойн их сургуульд доктор хамгаалаад yahoo-гийн босгыг алхаж чадна гэдэг нь их олон залууст хүчтэй нөлөөлж, сайн үлгэр дууриалал болно, мэргэжлээрээ өсөх ирээдэй их байгааг харуулж буй хэрэг.

Бусад шагнал авсан хүмүүс ч гэсэн дандаа шилдэгүүд. Коммэнт маань бичлэгээс урт болж буй тул одоо өндөрлөөд энэ шагнал авсан хүмүүсийн тухай өөрийн блогоор дамжуулан хүргэх "өр" дуртайяа тавья даа. Ингэхэд, би блогоо ойр ойрхон шинэчлээд, өөрийн мэргэжлийнхээ зөвлөгөө тавиад байдаг нэгэн бас л биш. Санаа байсан ч цаг зав тэр бүр гарахгүй, тэгээд ч жаахан илүүдсэн цагаараа мэргэжлийн нарийн ширийнээс өөр зүйл сараачиж тархиа жаал цэвэрлэдэг ухаантай. ( Дандаа гадаадын компанийг хөгжүүлж орлого оруулах гээд байж болохгүй ш дээ :-). Блогийн хаяг нь http://argamag.blogspot.com шүү!).

Ер нь Америкийн мэдээллийн технологийн салбарт Монгол гээч нэгийг дуурсгаж яваа пионерүүд нилээд олон шүү. АМХТ өөрсдийн мэддэг, холбоотой байдаг улсуудаас төлөөлүүлж нэр дэвшүүлсэн юм. Цаашид олонд толилуулах урт жагсаалт бий.

Энэ бүх хүмүүсийн хөдөлмөр, сурсан мэдсэн зүйлс, ажиллаж олж авч буй мэдлэг, соёл, этик ... бүгдийг нь бид эх орондоо хүргэж, холбох хэрэгтэй байна.

foo_at_bar said...

Хатуу хэлсэн үгийг зөвөөр ойлгож хэлэлцүүлэг өрнүүлсэн Жагдагт баярлалаа.
Баатар ах ч тэр, андууд ч гэсэн түс тас хэлсэн үгийг минь зөвөөр ойлгоно биз ээ.
Аль ч газрын IT-ийнхан динамик орчинд ажилладаг болохоор чөлөө заваараа түүнийгээ
мартах гэж өөр олон зүйл сонирхох нь хүний ёсон, тиймээс ч хүнийг блогтоо
юу бичихийг заах нь утгагүй хэрэг.
Хальт харахад харийн нутагт ажиллаж байгаа залуус эх орноо гэсэн
сэтгэлтэй байдгийг мэдэлгүй яах вэ. Асар их өрсөлдөөнтэй орчинд цаг
наргүй ажиллаж байдгийг ч мунхаг миний бие тунгааж явдаг.
Тийм ч учраас эх орондоо ажиллаж амьдарч байгаа залуусынхаа
оюун ухаанд нь амьдралынхаа туршлагаасаа гадна мэргэжлийн
хувьд ч гэсэн аль болох тус нэмэр болж мэдлэгээсээ
хуваалцаж байгаасай гэж хүссэндээ ширүүн үг хэдийг чулуудсан юм.
Хойшид ч нутагт нэгтнүүд маань мэдээллийн технологи өндөр хөгжсөн орнуудад
дэлхийн тэргүүлэх компаниудад улам ихээр ажиллах биз ээ.
Гагцхүү эргээд эх орондоо хувь нэмрээ оруулаасай л гэж хүсэх байна даа.
Гадаадад олон залуус ажиллаж амьдардаг ч хэн нь хаана ямар
амжилттай мэргэжлээрээ өсөн дэвжиж байгааг тэр болгон мэдэхгүй болохоор
блог хөтлөгч залуус маань энэ талаараа зав зайндаа бичиж байвал блог тань ч илүү үр бүтээлтэй
болж уншигч бид ч баяртай байх болов уу. Хэдийгээр IT-д Англи хэлгүйгээр
хол алхахгүй ч эх орондоо амьдарч байгаа залуучууд маань тэр бүр Англи хэлэндээ
ус цас болчихоогүй л байна. Тэгээд ч эх хэлээрээ уншихад ч хурдан
ойлгоход ч түргэн байдгийг алс холд сууж буй мэргэн залуус маань
мэдэх буй заа. Та бүхний мэдлэг, оюун хожмын өдөр хойч үедээ
буян болох болтугай.

[foo_at_bar]

Soyolerdene said...

Жилийн өмнө анх коммент бичээд эргэж хараагүй явж. Олон юм бичигджээ. Энд нэр нь гараад байгаа Нямка бас Бадрал 2-оос оюутан байх үедээ Windows SDК тухай асуудаг байлаа. Энэ 2 Оргилтехийн аймаар програмистууд. Би харин Соргогийн шинэ хүн байв.

Buyantsogtoo, Ts. said...

Бадрал Нямка хоёр байжээ. Тэгсэн Бадрал нүдний шилээ алга болгоод хоёулаа 2 цаг гаран хайсан байна. Дээрээс нь Сараа эгч бас хайлцаад 3 цаг гаран хайгаад ололгүй жаахан амсхийх зуураа чиний наад зүүж байгаа шилнээс чинь ямар ялгаатай юм гэсэн чинь... Ай, өө энэ байсан байшдээ гэсэн гэдээг. Зүүсэн шилээ 3 цаг хайсан түүх энэ юм.
Яахав дээ, хааяа хэнд ч гэсэн тохиолддог л асуудал доо

~!NmBa!~ said...

Ш.Баатар ахаар бахархаж явдаг шүү. Аль 2-р курсын оюутан байхдаа л Компьютер.МН сэтгүүлд өгсөн таны ярилцлагыг уншаад бахархах сэтгэл төрж байж билээ. Таны блогийг байнга уншиж суудаг. Түүх болон мэргэжлийн зөвлөгөө өгсөн мэдээллүүд чинь таалагддаг шүү. Мөн өөр олон Монгол залуус төрөн гарч Цахим Хөндийд ажиллаж, амьдарч байгаад баяртай байна. Та бүхнийхээ ажил, амьдралд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ганзо said...

Би энэ Баатар ахыг түүхч хүн гэж боддог байсан чинь IT-ийн мундаг хүн байжээ..Гайхалтай юм.

Сайхан нийтлэл бичсэн танд баярлалаа

badral khurelbaatar said...

Тэгэхэд Нямка шилээ алга болгосон гэж залруулья. Гэхдээ хэн ч байсан ялгаагүй дээ. Нямкатай 1998 онд америк руу явтал нь хамт ажилласандаа их баярлаж явдаг.

Tatar said...
This comment has been removed by a blog administrator.
Tatar said...
This comment has been removed by a blog administrator.
Tatar said...
This comment has been removed by a blog administrator.
Unknown said...

Sh. Baatar geed uuriguu shuvtan magtdag, eldev humuust "doligonodog" gar yum uu gej l boddog yum sh dee!

Unknown said...

Chamaig "dajgui" shudarga nuhur gej boddog shuu!

"Hon'nyi ar's numursu"- goyo goyo yum yar'san "FAKE" etgeeduud haa saigui bii!

Блогчин хүү Commie said...

Мэдээллийн технологийн салбарт ажилладаггүй, дурдсан улсуудтай урд өмнө нь огт нүүр тулан учирч яваагүй ч Буянцогтоо, Баатар, Сувдмаа нарын талаар хэвлэл мэдээллээс олонтоо сонсож дуулж байсан, эчнээ сайн таних юм байна. Харин Ундрахбуянг бол зүс таних юм байна. Манай залуучууд ингэж сайн яваад нь үнэхээрийн их баярлаж байна аа. Та бүхний сурсан мэдсэн зүйлсийг улс эх орон хэзээ нэгэн цагт ашигладаг болох буй за гэж найднам.