2/12/09

Мэдлэгийн зуунд ямар боловсрол хэрэгтэй вэ?

Доорх бичвэр 2009 оны 2 сарын 12-ны өдрийн Зууны Мэдээ сонины дугаарт
"Мэдлэгийн зууны боловсрол ба диплом үйлдвэрлэгч ТҮЦ"
нэртэйгээр хэвлэгдсэн.

Хаврын урь орох бүрт хотынхон бөөн ажил болгон газар ухаж, мод суулгадаг боловч хот маань ногоон бүрхүүлтэй болж чадалгүй өдий хүрсэн нь ургамал судлаачдын мэдлэг боловсрол дутсаных уу, эсвэл мэргэжлийн хүний үгийг ойшоодоггүй удирдлагуудын мэдлэг боловсрол дутуугийнх уу. Өнөөдрийн хотыг харахад азийн цагаан дагина гэгдэж байсан тэр үе аль эрт өнгөрч архитектурын ямар ч үзэмж зохицол байхгүй, хэдэн шавааралдсан байшинтай, цэцэрлэг, ногоон байгууламж, зүлэг, засмал явган зам байхгүй, өмнө байсан зүлэг мод, тохижуулсан явган замаа устгаад энд тэндгүй шороо бужигнасан хот болж хувирсан нь бас л мэдлэг боловсрол доройтож байгаагийн илрэл болов уу. Хөдөө нутгаар яваад үзэхэд ч газар усаа хайрлаж хамгаалах, ухаалгаар эзэмшиж ашиглах сэтгэл дутсанаас хайр найргүй ухаж төнхөөд, үр дүнд нь гол горхи хатаж ширгэн, цөлжилт газар авсаар байгааг эцсийн бүлэгт бас л мэдлэг боловсролтой холбож үзэх хэрэгтэй юм даа.

Энэ бүхнийг нэг талаас зах зээлийн нөхцөлд хүн бүр өөрсдийн амьжиргааны төлөө хийж байгаа гэж зөвтгөхийг оролдовч нөгөө талаас улс орны амьдрал гэдэг хүн бүрээс хамааралтай учир энэ бүхний цаана хууль тогтоогч, хэрэгжүүлэгчээс эхлэн бүх иргэд байгаа гэдгийг мартаж болохгүй юм. Тэгвэл бид бүгдээрээ ухамсар доройтож, бүх зүйлийг зоосны нүхээр хардаг болсон гэвэл итгэхэд бас бэрхшээлтэй. Харин бид бүхний сурч эзэмшсэн боловсрол маань зах зээлийн өнөө үед хэрэгцээ багатай, хэт академик шинжтэй, амьдралаас хөндий, өдөр тутмын амьдралын гол тулгуур асуудлуудыг баттай суулгаж чадаагүйгээс үүдэлтэй гэвэл арай илүү үнэнд ойртох биз. Өөрөөр хэлбэл, монголын боловсролын систем гүнзгий хямралын ирмэгт ирээд байгаагийн дохио бөгөөд улс орныхоо хөгжлийн одоо, ирээдүйг харгалзан боловсролын системдээ ухаалаг дорвитой шинэчлэл өөрчлөлт хийх цаг болжээ.

Ардчиллын салхи үлээж эхэлсэн 90-ээд оноос эхлэн монголчууд бид өөрсдийгөө онолын суурь боловсрол сайтай гэдгээ мэдэрч, жирийн ардаас эхлээд төрийн сайдаа хүртэл бахархан ярьсаар ирсэн билээ. Өнгөрсөн 20 орчим жилд монголын боловсролд урд өмнө байгаагүй хатуу валютийн хөрөнгө оруулалт зээл тусламжаар орж ирж, урд өмнө үзээгүй олон сайдын нүүр харсан боловч боловсролын агуулга маань урд өмнө байгаагүйгээр түвшин нь доройтож ирсэн байх юм.

Социализмын үед боловсролын системийн эцсийн үр дүнд маш их анхаарал тавьж байсан нь нийт ард түмний дунд онц дүн, улаан диплом, зэрэг цолны нууцхан өрсөлдөөн зарлаж, оюун ухаанд нь боловсрол гэдэг хамгийн гол нь мэдлэг бус харин диплом, цол хэргэм гэсэн өрөөсгөл сэтгэлгээг баттай суулгаж чадсан байх юм. Энэ өрөөсгөл сэтгэлгээ нь зах зээлд шилжихдээ онц дүн, улаан диплом, зэрэг цолыг мөнгөөр авах замыг нээж, улс орон маань “хуурамч” эрдэмтэн мэргэдээр дүүрч, диплом үйлдвэрлэгч жижиг “ТҮЦ”-ийн тоогоор дэлхийд толгой цохиж, албан байгууллагууд ч хоёр үг зөв холбож хэлэх чадваргүй хирнээ гадаад хэлтэй гэж анкетаа бөглөдөг ажилтнуудаар дүүрч, улмаар боловсролын системийн нэр хүнд хөсөр унаж, гүн хямралын ирмэгт ирээд байна.

Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт авсан арга хэмжээ гэвэл сайндаа боловсролын хуулинд үндэслэл муутайхан нэмэлт оруулахаас хэтрээгүй бөгөөд харин хамаарах албан тушаалтнууд нь өөртөө болон дотны нөхдөө боловсролын ТҮЦ байгуулах эрхээр шагнахаас хэтэрч байсангүй. Боловсролын салбарт дээгүүр албан тушаал хашиж байсан олон хүмүүсийн нэртэй холбоотой нэг бус ТҮЦ-нүүд мөн л нөгөө дипломыг хөдөөний айлын эзэгтэй ааруул тавьж байгаагийн нэг адил “үйлдвэрлэж”, эзэнд нь багагүй ашиг авчирсаар л байгаа нь сайд дарга нарын хийх гэж байгаа өөрчлөлт шинэчлэлд цаашдаа итгэх итгэлийг алга болгож байна даа.

Ард түмэн маань ч социализмын үеийнхээ сэтгэлгээнээс ангижирч чадаагүй, онц дүн, улаан дипломд шүтэн биширсээр үр хүүхдээ нэг их дээд сургууль л бараадуулбал бусад нь болж бүтэх юм шиг хамаг мөнгөө үргүй зарсаар байх юм. Өнөөдөр их дээд сургууль төгсөгчдөөс хичнээн нь ямар ажил хийж байгаа, мөн хичнээн нь дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа талаар тодорхой судалгаа хийдэг байгууллага ч алга л байна. Гэтэл өнгөрсөн хориод жилд дэлхий дахинаа боловсролын философид эрс өөрчлөлт орж, мэдлэгийн зуунд зэрэг цол, диплом, гэрчилгээ, тэдний тоо, өнгөөр биш, эрдэмтэнг бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл, нийтлэлээр нь, гадаад хэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний түвшингээр, оюутан залуучуудыг зах зээлд гарч ажиллах чадвараар нь, сурагчдыг сургалтанд хамрагдсан хугацаа, мэдлэгээ бие даан гүнзгийрүүлэх чадвар, харьцааны өндөр соёлтой нийгмийн идэвхитэй иргэн болсноор нь үнэлдэг болж байх юм.

Манайд ч гэсэн ажил олгогчид шинэ боловсон хүчнийг өнөөдөр ямар сургууль төгссөн, ямар өнгийн диплом зэрэгтэйг харахаасаа илүү хүмүүстэй хэрхэн харьцаж чаддаг, үүрэг даалгаврыг ямархуу хариуцлагатай биелүүлж байгаа, гадаад хэлний мэдлэг нь хир, компьютер дээр хэрхэн ажиллаж байгаа зэргийг л илүүтэй харж, цалин хөлсийг нь эдгээр үзүүлэлтээс хамаарч тогтоох хандлагатай болж эхэлж байна.

Монголд өнөөдөр улс орны хөгжлийн бодлогыг зөв бариад явах шинэ үеийн мэргэжилтнүүд цөөн боловч бий болсон байна. Харамсалтай нь тэд нар төр засгийн байгууллагын дээд түвшин рүү тэмүүлэхгүй, төрөөс ч тэднийг олж харж дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа санагдана. Тэдгээр шинэ залуу үеийн элитүүд зах зээлд дэлхийн хэмжээнд яаж ажиллаж болох арга ухааныг эзэмшсэн учир юу хийж, яаж амьдрахаа хэнээр ч заалгахгүй болгоод л, гол төлөв харийн оронд ажиллаж амьдарч явна. Зах зээл, глобалчлал, мэдлэгийн зууны энэхүү хандлагад улс орны үндэсний аюулгүй байдлын үүднээс хариулт өгч, боловсролын системд гүнзгий өөрчлөлт хийх шаардлага төр засгаас эхлээд жирийн иргэн бүрийн өмнө хурцаар тавигдаж байна.

Төр засгаас ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, чанартай, нийгэмд шаардлагатай мэдлэг боловсрол олгох арга замыг эрж хайх, ард иргэдэд үр хүүхдээ дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд өндөр үнээр шилжүүлэх үү, эсвэл их сургуулийн дипломгүй ч нийгэмд шаардлагатай тодорхой мэдлэг, чадвар эзэмшүүлж амьдралаа авч явах замд нь чиглүүлэх үү гэдэг сонголтыг хийх цаг ирж байна. Харин залуучуудын өмнө өөрийн оюуны чадавхи, сонирхол, сэтгэлийн дуудлагаа сайтар нягтлан бодож, зах зээл, мэдлэгийн зуунд хэрхэн өөрийн байр сууриа олох талаар аль болох эртнээс төлөвлөж, зорилгодоо хүрэхийн тулд оюун ухаан, тэвчээр хатуужил, хүч чадлаа дайчлан ажиллах хэрэгтэй болж байна.

Их сургуулийн захирал, эзэд ард түмнээ хуурсан диплом олгодог сургалт явуулдаг бол эх орон ард түмнийхээ өмнө хийж байгаа нүглээ наминчилж, зоригтой шийдвэр гарган чанар муухан ангиудаа яаралтай хааж, их сургуулийн түвшинд нийцсэн сургалтыг явуулахад бүх хүчээ дайчлан ажиллах цаг болжээ. Оюутныхаа мөнгөөр барилга барьж, компьютерийн анги байгуулснаараа сайн сургууль гэгддэг байсан 90-ээд оны үе өнгөрснийг сайтар ухаарч, багш нарынхаа чанарыг дээшлүүлэх талаар дорвитой хөрөнгө оруулалт хийж, тэдэнд тавих шаардлагыг өндөржүүлж хэвшүүлэх шаардлагатай. Сургалтын дэвшилтэт технологийг өргөн нэвтрүүлж, гадаадад төгссөн залуучуудыг сургалтын ажилд татан оролцуулах талаар нэмэлт урамшууллын арга хэмжээ хэрэгжүүлэх, гадаад харилцаагаа хүн солилцох, туршлага судлах зэрэг үр дүнгүй хэлбэрээс диплом харилцан хүлээн зөвшөөрөх, тэдний дэвшилтэт сургалтын арга технологиос судалж нэвтрүүлэхэд шилжүүлэх, багш нараа гадны сургуульд урт богино хугацаагаар ажиллуулах, гадны багш нарыг урьж ажиллуулахад хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлэх зэрэг ажлыг хийх цаг тулаад байна.

Төр өөрийн мэдлийн их дээд сургуулиудынхаа бүтцийг эргэн харж, тоог цөөлж оновчтой бүтцийг бий болгох, бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэлийг зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчилж, улмаар улс орны хөгжлийн өнөөгийн нөхцөлд шаардлагатай мэргэжилд түлхүү анхаарал тавьж, түүнд дорвитой хөрөнгө оруулалт хийж, дэлхийн түвшинд ойртсон их сургуультай болох нөхцлийг бүрдүүлж өгмөөр байна. Түүнээс гадна зах зээлд өрсөлдөх чадвартай нарийн мэргэжлийн ажиллах хүчин бэлтгэх нэр хүндтэй дунд шатны боловсролын цоо шинэ бүтцийг бүрдүүлэх нийгмийн шаардлага урьд урьдаас илүүтэйгээр тавигдаж байна. Энэ ажлыг ажил олгогчид, хувийн хэвшлийнхнийг өргөн хүрээтэй оролцуулах замаар шийдвэрлэхгүй бол бас л зах зээлд хэрэгцээгүй ажилчин бэлтгэдэг хуучин систем рүүгээ хальтран орох аюултай.

Бүх нийтэд дунд боловсролыг үнэгүй олгох үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэх ажлын явцад эргэн нэг сайтар дүгнэлт хийж, дунд сургуулийн дамжлагаар гарч байгаа ирээдүйн иргэд маань юу сурч, ямар хүн болж байгааг судалмаар байна. Өнөөдрийн хүүхдүүд “Мянганы хүүхдүүд”-ийн нэг адил компьютер, чат, мессенжэр, интернет, гар утсаар гарамгай харилцаж чаддаг, мэдээллийг оюун ухаандаа тунгаахаас түрүүн интернэтээс олж “copy-paste” хийдэг, тоо бодлогыг толгойндоо бодохоосоо компьютераар бодуулдаг, чөлөөт цагаа компьютерийн тоглоом, видео кино үзэх зэргээр интернет медиад илүүтэйгээр зарцуулдаг болсныг харгалзан сургалтын арга технологио өөрчлөн, багш нараа яаралтай шинэ технологид сургах шаардлага тулгарч ирж байна. Өөрөөр хэлбэл, дунд сургуулийг академик сургалтаас нийгэмдээ идэвхитэй иргэн бэлтгэхэд чиглүүлэх, улмаар сургалтын эцсийн үр дүнд бус процесст илүү анхаарал тавих хэрэгтэй боловуу. Ер нь дунд боловсролын өөрчлөлт шинэчлэлийг хийхдээ Финланд, Норвеги, Өмнөд Солонгос зэрэг улсын туршлагыг бүтээлчээр судалж үзэж байж хийхэд буруудахгүй бизээ.

14 comments:

Pearle Deppsu said...

Их сургуулиудын үнэ өндөр байх хэрэгтэй гэж би боддог.

Ялангуяа онцлох хэдэн сургууль бүүр илүү үнэтэй байх хэрэгтэй болов уу. Тэр чинээгээрээ лабораторт байх техник, тоног төхөөрөмж, номын санд байх ном, багш нарын заах чадвар, багш нарын авч буй цалингын хэмжээ, түүндээ сэтгэл хангалуун байгаа зэрэг нь өнөөдрийн байдлаас хамаагүй илүү болох болов уу.

Даанч үүнийг ойлгохгүй хэдэн оюутнууд маань сурсанаараа л жагсаал хийх байх даа

БОРОО said...

Цөөн тооны чанартай их сургуультай болох хэрэгтэй. Бас төлбөр нь өндөр байх хэрэгтэй. Мэдээж бага төлбөрөөр ямарч материал хангамж авч чадахгүй тийм их сургуулиар яахын. Харин үнэхээр сурлагатай оюутануудад нь бол тэр тэтгэлэг гээчийг нь хайр найргүй өгөх хэрэгтэй.
Дээд боловсролыг ингэж сүйрүүлж, хямралд оруулсан газар бол БСШУЯамны дээд боловсрол хариуцсан газар, түүний дарга нарын хийж байгаа ажил.

Д.Өлзий-Орших said...

Сайхан нийтлэл байна. Баяр хүргэе. Нөгөө ...-ны чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг хичнээн сайхан санаа шүүмж гарган нийтлэл бичээд ажилдаа тусган хэрэгжүүлдэг байгууллага, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг төрийн ажилтан бараг байхгүй болсон доо. Дээрээсээ бүх зүйл шинэчлэгдэж байж л эмх цэгцэндээ орно.

Төлбөр өндөр байж чанарыг нэхэх нь мэдээж тодорхой. Гэхдээ боловсролын чанарыг ярихын тулд сууриас нь буюу 10 жилийн боловсролоос эхлэх нь тодорхой. Ер нь төрийн бодлого асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Нэгийг нь сайжруулах гэж байна гээд бусдыг нь тараагаад, нураагаад байж болохгүй.

Жаргалсайхан said...

Их сургуулиуд өндөр үнэтэй болохоор өнөөгийн нийгэмд тэр өртөгийг нь төлөөд сурах хичнээн хувь байгаа билээ. Мөнгөтэй цөөхөн хүрээнийхэний үрс сураад бусад нь хэцүүхэн болох бас нэг тал байгаа л даа. Өлзийоршихтой санал нэг байна.

Och Oyuntugs said...

Сайхан нийтлэл байна.
Улсын сургуулиудыг нэгтгээд дараа нь бүс бүсээр нь хуваах хэрэгтэй болуу. Монгол Улсын Их Сургууль УБ ч, МУИС Дархан ч юмуу.
Тэгээд төлбөр өндөр байлаа гээд сургалтын чанар, дэвшилтэд ямар ч нөлөө байхгүй. Өндөр төлбөртэй Монголын сургуульд сурснаас "гадагшаа дотогшоо" гарсан нь дээр байлгүйдээ. Хаашдаа улсын их сургууль юм чинь бүх талын хөнгөлөлт байх ёстой. Төрөөс хоёр ч юмуу гуравхан жилийг "боловсролыг дэмжих жил" гээд ахиухан мөнгө хаяад өгвөл хөл дээрээ босчих л байх лдаа.
Миний бодлоор Их Сургууль гэдэг газар юм сурах, юм сургадаг газар биш, юм бүтээдэг газар л байх ёстой болуу. Тэгж байж хөрөнгө оруулалт, технологийн дэвшил гарна биздээ.
Юу гэж бодож байна

Badka said...

Гадаадад суралцахад монголоос бага зардал гарч байна гэж үү.
Их дээд сургуулиудын үнэ төлбөр нь энэ орны чинь эдийн засгийн бололцоо, байж байгаа амьжиргаанд нь таарсан л байгаашд. Тэгж яривал манайх шиг хямд үнээр ДЭЭД БОЛОВСРОЛ олгодог газар монголоос өөр байдаг юмуу. 1000 ч хүрэхгүй долларын зардлаар өөр газар дээд боловсролын диплом авч чадахиймуу. Энэ үнэ төлбөр чинь өөрөө эдийн засаг нь ямар байна тэрнээсээ л хамаарахаас тохиролцооны дэлгүүр маягтай юм биш лдээ. Бас улс аль болох олон хүнийг дээд боловсролтон болгох үүрэг хүлээгээгүй. Монголд өнөөдөр 140 мянга гаруй оюутан сурч байна. 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоороо дэлхийд нэгдүгээрт тууж явна.

Д.Өлзий-Орших said...

Нэг хэсэг дэлгүүрийн худалдагч авах зар дээр хүртэл дээд боловсролтой гэсэн шаардлага тавьдаг байсан шүү. Тэгээд ч социализмийн үеийн сэтгэхүйгээр дээд боловсролтой хүн сайхан амьдарна гэж бүгд боддог байсан учир зах зээлийн эрэлт үүсэж, эрэлтийг мэдэрсэн нөхдүүд (голдуу дарга нар) энэ олон дээд сургуулиудыг үүсгэсэн. Би боддог юм, зах зээлийнхээ жамаар дээд сургуулиуд аяндаа цөөрнө. Оюутан тухайн сургуулийг сонгохгүй бол хаалгаа барихаас өөр сонголт тэдэнд мэдээж үлдэхгүй. Хэдэн жилийн өмнөхийг бодвол оюутнууд харьцангуй өөрчлөгдөж байна, диплом л авчихбал ажилтай гэж боддог байсан бол диплом нэмэргүй гэдгийг ойлгон мөнгөө төлөөд хариуд нь юм сурахыг хүсдэг болж байна. Хэрэв шаардлага хангахгүй бол тэр сургуулийг орхиж байна. Төр оролцоод цөөлөх гээд байх шаардлага огт байхгүй, зах зээлийнхээ жамаар шалгараад үлдэнэ. Харин улсын сургуулиудын хувьд төрд хийх ажил маш их байгаа байх.

Бүрэн дунд боловсрол эзэмшээд дараачийн сонголт цор 1 байсан учраас бүгд дээд сургууль руу хошуурч байсан. Харин одоо заавал дээд боловсрол эзэмшихгүйгээр сайхан амьдарч болно гэдгийг хүмүүс ойлгон мэргэжлийн сургуулиудад хүүхдээ өгч байгаа байх. Гэхдээ төр мэргэжлийн сургуулиудыг ингэж дэмжихдээ нөгөө муу хэлэгдээд байгаа олон дээд сургуулиудынхаа түүхийн араас явж байгаагаа анзаарч байгаа болов уу. Мэргэжлийн сургууль байгуулах эрхийг чөлөөтэй олгож байна, тэтгэлэг олгож байна, боловсролын төлөө биш харин мөнгөний төлөө мэргэжлийн сургууль байгуулахыг хүмүүс хүсч байна. Мэргэжлийн сургууль байгуулахаар хөөцөлдөж байгаа тухай хэд хэдэн дээд сургуулийн захирлын амнаас сонсож байсан. Чанаргүй дээд боловсрол олгож байгаа нөхдүүд хажуудаа бас нэг чанаргүй мэргэжлийн сургууль байгуулна. Магадгүй хэдэн жилийн дараа чанаргүй олон мэргэжлийн сургуулиудтай холбоотой асуудлууд үүсч эхэлнэ.

Жаргалсайхан said...

Бадралын ярьдаг үнэн хүн болгон дээд боловсролтой байх албагүй. Монголд хэтэрхий их дээд боловсролын араас хөөцөлддөг дипломын араас улайран зүтгэх үзэл сурталыг нийгэм нь өөрөө бий болгосон шүү дээ.
Нийгэмд яг хийдэг нь биш ярьж чаддаг нь өнөөрөд хожиж байгаа болохоор тэр шүү дээ. Microsoft -ийн Билл ахийг хар л даа өөрөө кодоо бичдэг, зохиомжилдог бас бизнесийн боловсруулалт төлөвлөгөөг өөрөө хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн ярьдаг байвал мундаг болно гэвэл бас өрөөсгөл ярьдаг ч хийдэг ч байх нь чухал байх.

Barimalch said...

Mongold ulsiin chuhal alban tushaaluud expertiziin tuvshinii ajiluudad ondor mergejisen undesniihee bolovson huching gadnaas tatah bodlogo yavagdah baih l da.

Huviin hevshiliin ajiliin apparatuud tsever ajil heregch bolovson huchineer hagagdaad shaardlaga n ondorsoh tutam toriin albanuud shahagdaad bas ajiliin haruitslaga n ondorsono gej naidjiina.

Javkhlan said...

tiim shuu ih surguuliin surgaltiin tuvshing saijruulah heregtei.

N Tsene said...

Таны энэ бичлэгийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр нийтэллээ. Мөн блогын нэг, линк, таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлтээ ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

Buyantsogtoo, Ts. said...

Neenee-д танай сайт commercial site биш бол татгалзах зүйлгүй.
Баярлалаа.

me said...

USI iin dergedeh surguulid yaaj elseh ve?
tulbur?
surgaltiin programaa uuruu songoh bolomj?
hugatsaa?

ene talaar medeelel uguuch

Unknown said...

Та өр байна, эсвэл та банкинд зээл татгалзаж байсан бэ? Манай баг 2% -ийн хүүтэй таны асуудлыг шийдвэрлэхэд туслах болно.
Бид ямар зорилгоор хурдан зээлийг санал болгож байна. Зүгээр л нэг ID карт, хурдан шалгах, хамгийн бага албан ёсны, орлогын баталгаа өгөх шаардлага байхгүй Санал авах ба 24-аас доошгүй цагийн дотор зээлийн шийдвэр өндөр баталгаажуулах. Бид дэлхий Бидний эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил 6 сараас нь аливаа валютын 10 тэрбум хүртэлх өндөр зээлийн хэмжээг авсан байна. Ямар ч өр зээл, зээлийн түүх. Бид нэг өдөр бүгдийг зохицуулах, бидэнд ирдэг.
Манай и-мэйлээр бидэнд өнөөдөр Холбоо барих: dewiahmad.loanfirm@gmail.com