4/16/09

Эдийн засгийн хямралаас гарахад инноваци туслана

Зууны Мэдээ сонины 2009 оны 4 сарын 16-ны дугаарт хэвлэгдсэн.

Орчин үед дэлхийн эдийн засгийн өсөлт хөгжилтэд глобалчлал, инновац гэсэн үндсэн хоёр хүчин зүйл гол үүрэг гүйцэтгэж байна. Глобалчлал нь гол төлөв эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлтэд нөлөөлж байдаг бол инновац нь чанарын талын үзүүлэлтийг илтгэдэг. Хямралаас өмнө дэлхийн эдийн засаг жилдээ бүхэл бүтэн Герман улсын эдийн засгийн хэмжээгээр өсөж байв. Өнөөгийн хямралын нэг гол түгээмэл шинж нь хүмүүс бараа худалдан авахаас татгалзах болсон явдал юм. Үүнд маш олон шалтгаан бий. Хүмүүсийн худалдан авах чадавхи буурсан, тансаг хэрэглээнээс татгалзаж эхэлсэн, банк санхүүгийн байгууллагын чадавхи ганхаж суларсан, түүнд итгэх итгэл алдарч эхэлсэн, үнийн хөөрөгдөл зэрэг олон шалтгаан нөлөөлж байна.

Дэлхийн эдийн засагт нөлөө бүхий улс орнууд хямралаас гарах арга замыг хайж, тодорхой арга хэмжээ авч эхлээд байна. Обамагийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулиуд нь ХХI зуунд өрсөлдөх чадварын цоо шинэ талбарыг бий болгоход чиглэгдэж байна. Хямралаас гарах хамгийн найдвартай арга замыг Билл Гэйтс тодорхойлохдоо “Өнөөгийн хямралын үеэр инновацийн үсрэлт болно. Хямралын нөхцөлд агуу их нээлтүүд үргэлж гарч байдаг” гэж хэлжээ. Дэлхийн 20 том эдийн засгийн улс орнууд инновац бол хямралаас гарах цорын ганц зөв гарц гэж хүлээн зөвшөөрч тодорхой алхамуудыг хэрэгжүүлж эхэлж байна. Энэ оны 6 сард тэд дахин цугларч хамтын бодлого, хүчин чармайлтаа нэгтгэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Монгол хар ухаанаас монголчлох сэтгэлгээнд

Манай ахмад үеийнхэн “хар ухаанаар бодоход” гээд л өөрийнхөө бодол саналаа даруухнаар илэрхийлж байхтай бид олонтаа тааралддаг билээ. Чухамхүү энэ “хар ухаан” гэдэг нь монголын ард түмний дунд түүхийн олон зуун жилийн турш ам дамжин үе залгамжилж ирсэн, өнөөдрийн ярьдгаар “best practices” буюу “оновчтой шийдлүүд”, жинхэнэ монгол ухааны бодит жишээ байжээ хэмээн миний бие боддог. Харин өнгөрсөн зууны тавь, жараад оноос эхлэн монгол оронд атрыг эзэмших их хөдөлгөөн, үндэсний аж үйлдвэрийн үндэс суурийг бий болгох, их барилгын ажлын эрчимтэй өрнөлтийн үр дүнд гаднаас орж ирж байсан машин техник, технологийг өөрийн нөхцөл байдалд тохируулан, дотоодынхоо нөөцийг ашиглан зарим эд ангийг өөрчлөх, орлуулах төдийгүй, түүнийг дууриалган монгол загвар бүтээхийг оролдож байсныг “монголчлох” гэж бид хэлж заншсан. Хамгийн наад захын жишээ бол хөдөө хээр нутагт эвдэрч саатсан машин тэргээ монголчлох сэтгэлгээгээрээ хөдөлгөн халуун хүйтний аюулаас хүний алтан амийг аварч чадсан жолооч олон байсныг хэлэхэд хангалттай. Гадны технологиос санаа авч гэрийн мод үйлдвэрлэх шинийг санаачлагч Хөвсгөл нутгаас гарч нэг хэсэг шуугиулж байсныг мартаагүй. Тэр бүү хэл модоор онгоц хийгээд амжилттэй нисгэж чадсан нэгэн ч байсан гэдэг. Шинэ санал, оновчтой бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохиож, гурил, сахар савлахаас аваад, жимс хураах зэрэг хүний хөдөлмөр хөнгөвчилсөн механик ажиллагаатай суурь машин, үйлдвэрийн дамжлага хүртэл хийхийг оролдож чамлахааргүй амжилтанд хүрч байсан билээ. Хориод жилийн өмнө хэсэг залуус анхны монгол компьютерийг “Apple” компьютерийн жишгээр бүтээж, улмаар “Монел” компани монголдоо компьютер, телевизор угсарч эхэлснийг бид мартаагүй байх аа. Монголчлох сэтгэлгээний давуу тал нь сөрөг үр дагавраасаа илүүтэй байсныг би энд зориуд тодруулж гаргахыг оролдож байна. Мэдээж хэрэг, надтай санал нэгдэхгүй хүн олон байхыг үгүйсгэхгүй. Монголчлох сэтгэлгээ бол гол төлөв тулгарсан хүнд бэрхшээлтэй үед монгол хүнээс гарч ирж байсан бүтээлч сэтгэлгээний илрэл гэж хэлэх гээд байгаа юм. Гэхдээ бас залуу насны оргилуун хүсэл мөрөөдлийн үр дүнд гарч ирж байлаа. Мэдээжээр монголчлох сэтгэлгээний үр дүн нь урт хугацаанд тухайн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байсан олон жишээг дурдаж болох биз.

Талын монголчууд бид бусдаас дутахгүй гэсэн бардам тэнхлүүн зандаа тулгуурлан монгол хар ухаанаа хөгжүүлж, монголчлох сэтгэлгээг бий болгосон байна.

Харамсалтай нь монголчлох сэтгэлгээ, бүтээлч ухааны үр дүнд бий болсон олон сайхан бүтээл, санаа амьдралд хэрэгжиж чадалгүй үлдсэн нь нэг талаас, тэдгээр бүтээлийг дэмжих дэмжлэг, сайхан санааг амьдралд хэрэгжүүлж “ чулуу” болгох ухаан дутагдсаных, нөгөө талаас харийн хүний санааг зээлдэж, монголчлох оролдлого нь тэр бүр илүү сайн үр дүнд хүргэж чадахгүй байсанд орших биз ээ. Зах зээлийн орчин үед монголчууд бид нүдээ нээж алс холын Америк төдийгүй дэлхийн хэмжээний мэдээллийн урсгалаас хүртэх боломжтой болсон өнөө үед “цагираг дугуй” дахин бүтээх бус дэлхий дахинаа туршигдаж, танигдсан монгол хөрсөнд үр дүн өгөх арга технологийг бүтээлчээр сурч, монгол хар ухаан – монголчлох сэтгэлгээг хөгжүүлэн тэтгэж, орчин үеийн хэллэгээр “innovation” -г өргөнөөр дэмжиж чадваас улс орны эдийн засгийн хөгжил дэвшил шинэ шатанд гарч, ард түмний аж амьдрал эрс дээшлэх нөхцөл бүрдэнэ.

Ямар инноваци бидэнд хэрэгтэй вэ

Энэ бол улс төрийн дээд түвшинд хийх хариуцлагатай сонголт, шийдэл байдаг. Дэлхий дээр инновацийн хөгжлийн дор хаяж 4 чиглэлийн стратеги байх шиг. Нэгд, АНУ-ын барьж буй бүх чиглэлээр дэлхийд тэргүүлэх бодлого, хоёрт, Япон, Өмнөд Солонгос, Хятадын засгийн газраас барьж байгаа бусдын технологийг зээлдэн боловсронгуй болгон хөгжих бодлого, гуравт, Норвеги улс 30 жилийн өмнөөс өөрийн газрын баялгаа ашиглуулах эрхийг гадны компанид олгохдоо тэдний тэргүүний технологийг өөрийн болгох, улмаар инновац, судалгааны бүхэл бүтэн салбар бий болгохыг нөхцөл болгон тавьснаар өнөөдөр технологи экспортлогч орон болж чадсан жишээг дурдаж болно. Өөр нэг чиглэл бол цэрэг дайны судалгаа шинжилгээг иргэний зориулалттай технологи бүтээх давхар зорилгоор хөгжүүлэх стратеги юм. Ийм стратегийн үрээр интернет, нисгэгчгүй автомат нислэгийн аппарат, GPS зэрэг нээлт бүтээлүүд бий болж нийтийн хүртээл болоод байна.

Шинэ бүтээл, инновац хоёрын ялгаа

Монголчууд бид шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжиж хөгжүүлж байсан үе саяхан. Харамсалтай нь, тэдгээр санаа бүтээл амьдрал дээр хэрэгжиж үр дүнгээ өгсөн нь тун цөөхөн, эсвэл байхгүй ч байж мэднэ. Үүнд л шинэ бүтээл, монголчлох сэтгэлгээ- инновац хоорондын ялгаа оршиж байгаа юм. Инновац гэдэг нь зах зээлийн хэрэгцээг хангах шинэ бүтээл юм. Шинийг санаачлагч болоод инноватор хоёрын хоорондын ялгаа бас үүнд оршино. Шинийг санаачлагч бол зөвхөн шинээр техник, технологи бүтээхэд гол анхаарлаа хандуулдаг байхад инноватор бол шинэ бүтээлээ зах зээлийн хэрэгцээ шаардлагын үүднээс харж бүтээж, хэрхэн зах зээлд оруулж чадах вэ гэсэн менежментийн ухаанаар зэвсэглэсэн байдаг аж. Үүнд л гол ялгаа нь оршиж байна. Эндээс монгол оронд шинжлэх ухааныг хөгжүүлж ирсэн төрийн бодлогыг эргэж хармаар байна.

Хямралаас гарах төрийн бодлого

Эдийн засгийн хямралаас гарахын тулд монголын төр засгаас удаан хугацааны төрийн бодлогыг ухаалгаар хэрэгжүүлж, улс орноо ойрын 10-15 жилийн дотор хөл дээр нь босгох зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Ийм бодлого ч энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн хөтөлбөрийн гол хэсэг байх учиртай.

Юуны өмнө, саяхан баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын үндсэн дээр инновацийн төрийн бодлогыг зөв тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг нэн даруй эхлүүштэй. Дээрх 4 чиглэлийн стратегиэс манайх бусдын технологийг зээлдэх, газрын нөөц баялгийнхаа оронд технологи инновацийн баазтай болох чиглэлээр дахин нарийвчлан судалж бодлогоо тодорхойлох шаардлагатай болов уу. Уул уурхайн чиглэлээр лицэнз аван ашиг олж буй гадаад дотоодын компаниудад орчин үеийн экологийн цэвэр технологийг нутагшуулах, улмаар технологи инновацийн төв байгуулж ажиллуулах, боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зэрэг шаардлагыг тавих цаг болжээ. Мөн монголчлох сэтгэлгээг улам дэмжин гадаадын технологиос судлан нутагшуулах ажлыг бүх талаар дэмжих, энэ ажлыг бизнесийн хүрээнийхний дэмжлэгтэйгээр явуулах, чанаргүй, хүн хуурсан, хялбар аргаар мөнгө олох оролдлогыг таслан зогсоох, түүний оронд технологийн дэвшилтэт шийдлийг хэрэгжүүлэх ажлыг бүх талаар хөхүүлэн дэмжиж ажиллаваас зохилтой.

Хоёрт, ужиг болсон үр өгөөжгүй төрийн бодлогоосоо салж, боловсрол, мэдлэгийн үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарт тэргүүлэх чиглэлийг дахин батламжлан тогтоох хэрэгтэй байна. Үүнд, улс орны эдийн засгийн хөгжилд шаардлага бага мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээний ажлыг хааж, дээрх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг гадаадад сургах замаар шийдэх, энэ чиглэлийн эрдэмтдээ гадаадын тэргүүлэх лабораторид тодорхой зорилго даалгавартай ажиллуулах нь зөв байх. Улс орны эдийн засгийн нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын талаар төрөөс зориуд анхаарч хөрөнгө оруулалт хийж, сургалтын чанарыг эрс сайжруулж, гарсан мэргэжилтнүүд нь зах зээлийн шаардлагыг бүрэн хангахуйц мэдлэг чадвартай бэлтгэгддэг болгох хэрэгтэй.

Гуравт, бүх шатны удирдах ажилтнууд, бизнесийн дээд, дунд шатны бүх хүмүүсийг хамруулсан менежментийн сургалтыг тогтмол явуулах талаар онцгой анхаарах хэрэгтэй байна.

Дөрөвт, гадаад хэлний сургалтын чанарыг эрс дээшлүүлэх тал дээр тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Энд гадаад хэлийг хямд төсөр, зардал багатай аргаар хүүхэд залуучуудад эзэмшүүлэх тогтолцоог бий болгоход төрөөс онцгойлон анхаармаар байна.

7 comments:

Батсүхийн Баасанжаргал said...

Сайн нийтлэл байна. Миний ойлгосоноор эдийн засгийн хямралыг даваад зогсохгүй, хөгжилд тэмүүлэх арга ухаан нь байж, цөөхөн хэдэн ардынхаа цоорсон оюун ухаанаар үсрэнгүй дэвшилтэд хүрэх чухал гарц шиг санагдлаа.

Цэгмээ said...

Ta ene followers-oo tavia, Unshuushtai blog bolohoor nadaas ugsuuleed dagah hun zund shuu!!!

lesson said...

ulesson.blogspot.com сонирхоод үзээрэй

lesson said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com/

Moogy said...

Mongolchuud niiteeree doloo honogt 50-60 tsag ajillaj surval ediin zasgiin hyamralaas garah tsaashlaad delhiin orsoldoond bairaa olj chadah bolovuu. Niigem n togtvorjichihson ornuudiig duuraij 40 hon tsag ajilladag normond orood hyamralaa urtasgasan baij magadgui l yum.

Idea said...

Сайн байна уу. Дээр тан руу ярьсан сэтгүүлч байнаа. Та үүнийг уншаад санаа оноогоо үлдээвэл их баярлана шүү.

http://addidea.blogspot.com/