"Оюутны мэдээ"-д өгсөн ярилцлага. 2009 оны 12 сарын 09
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Буянцогтоо:-Мэдээлэл технологийн салбарт танай холбооны оруулах хувь нэмэр юу вэ? Холбооныхоо талаар танилцуулаач?
- Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нь 2007 онд байгуулагдсан гишүүнчлэлтэй ТББ юм. Одоогоор манай холбоонд 60 гаруй компани бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байна. Бидний эрхэм зорилго бол мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн салбарыг Монгол улсын эдийн засагт жинтэй байр суурь эзэлсэн салбар болгон хөгжүүлэх явдал юм. Манай холбоо нь гишүүн байгууллагуудаа чадавхжуулах, мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн тухай нийгмийн сэтгэхүйг өөрчилж энэ талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, зах зээлээ өргөтгөх зэрэг чиглэлийг чухалчилж ажилладаг. Бид салбартаа тулгарч байгаа асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэхийг зорьдог. Жишээ нь бусад аж үйлдвэрийн салбарт техник, технологи илүүтэй чухалд тооцогддог бол мэдээлэл технологийн салбарт хүний нөөцийн асуудал хамгийн чухал ойлголтын нэг байдаг. Энэ ч үүднээс бид 2010 онд салбарынхаа хүний нөөцийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байна.
-Мэдээлэл технологийн салбар, бусад нийгмийн салбараас юугаараа онцлог давуу талтай вэ?
Мэдээллийн технологи бол бидний бүтээхээр зорьж байгаа мэдлэгийн нийгмийн үндсэн дэд бүтэц нь гэж хэлж болно. Нөгөө талаас, мэдээллийн технологийн салбар маань өөрөө эдийн засгийн бие даасан нэгэн үйлдвэрлэлийн салбар. Тиймээс аливаа улсын хөгжлийг энэ салбарынх нь хөгжлөөр үнэлэх хандлага ч байдаг. Өнөөгийн мэдээлэлжсэн нийгэмд аливаа байгууллагын хувьд мэдээллийн систем нь маш сайн зохиомжлогдсон, тогвортой ажиллагаатай байх нь зах зээлийн өрсөлдөөнд ялах үндэс нь болжээ.. Тиймээс өнөөдрийн нийгэм бүхий л төрлийн мэргэжилтнүүдийг мэдээлэл технологийн өндөр мэдлэг, чадвартай байхыг шаардаж байна.
-Энэ чиглэлээр суралцагч оюутан залуучуудын хувьд ажлын байрны олдоц хэр байдаг бол?
-Мэдээлэл технологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг ШУТИС, МУИС, МУБИС гээд төрийн болон хувийн 30 орчим их дээд сургууль байна. Эдгээр сургуулиудаднийтдээ 10 мянга орчим оюутан залуус суралцаж, жил бүр 600-700 оюутан мэдээлэл технологийн чиглэлээр дээд мэргэжил эзэмшин төгсөж байгаа юм. Энэ тоо цаашид нэлээд өсөх хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь манай улсын эдийн засаг хөгжихийн хэрээр байгууллагуудын мэдээллийн системийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага зүй ёсоор нэмэгдэж байгаатай холбоотой юм
Ажлын байрны хувьд эрэлт хэрэгцээ жилээс жилд өсч байна. Харин нийлүүлэлт дутагдалтай байгаа нь ажиглагдаж байна. Чадвартай боловсон хүчин үнэхээр дутагдаж байна. Байгууллагуудаас сайн мэргэжилтэн хэрэгтэй байна гээд манай холбоо руу нэлээд ханддаг. Тэдний хэлдэг нэг зүйл бол сургууль төгсөөд ирж байгаа оюутнуудын чадавхи сул, шаардлага хангахгүй байна гэдэг. Тэгэхээр энэ эрэлт нийлүүлэлт хоорондын харилцааг сайжруулах шаардлагатай байгаа юм. Энэ нь мөн боловсролын байгууллагын сургалтын чанар муу байгааг нэг талаар харуулж байна. Гэхдээ нөгөө талаас компаниудын өөрийнх нь чадавхи бас сул байдгийг дурдах нь зүйтэй. Компаниуд өөрсдөө ямар чадвартай хүний нөөц хүсч байгаагаа нарийн сайн тодорхойлж чаддаггүй. Байгууллагуудын хүний нөөцийн менежмент доогуур түвшинд байна. Иймээс хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийн харилцааг сайжруулахад боловсролын болон бизнесийн байгууллагууд тал талаасаа нягт уялдаатай ажиллах ёстой юм.
-Оюутан залуучуудыг үйлдвэрлэлийн салбартай холбож ур чадвараа дээшлүүлэх боломжийг нь хангаж өгнө гэсэн үг үү?
-Боловсрол -- үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулахын тулд их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг зах зээл дээр хэрэгцээтэй байгаа мэдлэг, чадварыг заадаг болгон сайжруулах шаардлагатай. Үүний тулд мэдээлэл технологийн компаниуд өөрийн салбарт хэрэгтэй байгаа мэргэшлийн стандартыг гаргаж, түүн дээр суурилсан сертификатийн тогтолцоог гаргаж салбартаа хэвшүүлэх шаардлагатай. Түүнийх нь дагууд их дээд сургууль, боловсролын байгууллагууд сургалт явуулдаг тогтолцоонд орох ёстой юм. Энэ чиглэлд манай салбарт олон улсын МТ-ийн Инженерийн Шалгалтын системийг нэвтрүүлж байгаа бөгөөд энэ нь Азийн 10 улс нэгдэн орсон шалгалтын нэгдсэн конвенци юм. Энэ шалгалтыг салбарынхаа боловсролын байгууллагууд, компаниудад нэвтрүүлэх ажлыг манай холбоо холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Дашрамд хэлэхэд энэ шалгалтыг өгч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификаттай болохыг оюутнуудад уриалмаар байна.
Энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ёстой бас нэг чухал ажил бол гадаадад Интерншип гэж нэрлэгддэг дадлагын тогтолцоо юм. Интерншип гэдэг бол оюутан хүн аливаа компани дээр урт хугацаагаар дадлага хийх үед тухайн оюутан сургуульд суралцах үедээ авах ёстой кредит үнэлгээгээ авч болдог тогтолцоо. Ийм тогтолцоог сургууль, компани хоёрын хоорондын гэрээгээр зохицуулдаг. Тухайлбал, аль нэг мэргэжлийн тодорхой чиглэлээр оюутан хүн тухайн чиглэлээр өндөр технологитой компани дээр дадлага хийнгээ шаардлагатай кредитээ аваад сургуулиа төгсөж болно гэсэн үг. Ийм тогтолцоог бий болгохын тулд МОСА холбоо ажиллаж байна.
-Танай холбооны дэргэд мэдээлэл технологийн чиглэлээр суралцагч оюутан залуучуудын клуб ажилладаг. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай холбооны дэргэдэх Оюутны Клуб бүх оюутан залуусын өмнө нээлттэй байдаг. МТ-оор мэргэшсэн, эсвэл энэ чиглэлийг сонирхон судалдаг хэн ч байсан гишүүн болоод үйл ажиллагаанд нь хамрагдах боломжтой. Клубын гол зорилго бол ирээдүйн нийгмийн хөдөлгөгч хүчин болсон оюутан залуустаа МТ-ийн чиглэлээр өндөр мэдлэг, чадвартай болоход нь туслах, өдөөж өгөх зорилготой. Мэргэжилтнүүдийг урьж цуврал лекц явуулдгаас гадна, оюутнуудад өөрсдөө илтгэл тавих, туршлагаа солилцох зэргээр мэргэжлийн ур чадвар болон манлайлах чадвараа хөгжүүлэх боломж олгохыг зорьдог. МТ-ын мэргэжлээр сурч байгаа оюутны хувьд манай гишүүн компаниудтай холбогдон дадлага хийх, ажил хийх, цаашид тухайн компанид орж ажиллах боломжоор хангагдах зэрэг давуу талууд бий. Оюутнууд маань энэ салбарын ирээдүйг авч явах хүмүүс учраас тэднийг хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Энэ бол манай холбооны ажлын үндсэн чиглэлийн нэг нь байх болно.. , Оюутнуудын хувьд хоорондоо мэргэжлийнхээ талаар санаа бодлоо солилцох, мэдээллээ хүргэх боломжийг бүрдүүлэх тэдний дунд эрдэм шинжилгээ судалгаа, бүтээлийн уралдаан зохион байгуулах, сургуулиа төгсөж байгаа оюутнуудад ажлын байртай болоход нь туслах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.
-Оюутан залуучууд маань аутсорсингийн чиглэлээр ажиллаж гадаадаас ажил авч хийх боломжтой гэж та ярьж байсан. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү.
Сүүлийн жилүүдэд гар утасны айФон, Андройд гэсэн дэлхийг бүрхсэн том инновациуд гарч ирлээ. Үүний үр дүнд дэлхийн аль ч орны програм зохиогчид тухайн гар утсанд зориулсан програм хийгээд түүнийгээ дэлхий даяар байгаа гар утасны хэрэглэгчдэд зарж борлуулах боломжтой болсон. Саяхан японы нэгэн залуухан програм зохиогч төгөлдөр хуурын дасгал хийхэд зориулагдсан програм бичиж нэг бүрийг нь 1 доллараар зараад хоромхон зуур саятан болсон жишээг дурдаж болно.
Манай холбооноос дэвшүүлж буй нэгэн шинэ санаачилга бол дээрхтэй төстэйгээр монголдоо гар утасны контент зардаг дэд бүтцийг бий болгоё гэж зорьж байгаа явдал. Тэгэхээр оюутнууд маань монголынхоо хэрэглэгчдэд зориулж програм зохиогоод мянган төгрөгөөр ч юмуу, таван зуун төгрөгөөр зарах бололцоотой болно. Ийм боломж бол байна. Мэдээлэл технологийн хувьд бол цаашид нийгмийн дэд бүтэц болж нийгэмд түгээмэл мэргэжил болон хөгжих нь харагдаж байгаа юм. Хорь гаруй жилийн өмнө бол нийгмийн цөөнхийн салбар байсан бол цаашид энэ салбар эрчимтэй хөгжиж , нийгмийн бүх салбарын мэргэжилтэнд зайлшгүй сурах шаардлагатай суурь мэргэшил болон хөгжиж байна л даа. Мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд олон улсын түвшинд хүрсэн ур чадварын сертификат авахыг зорих хэрэгтэй. Оюутан залуучууд маань өөрсдийн зохиосон програмынбүтээлээ дэлхийн зах зээл дээр гаргах бололцоо сүүлийн жилүүдэд эрчимтэй бүрдэн, хөгжиж байна. Мөн мэдээлэл технологийн чиглэлээр суралцагчдын хувьд урьд өмнө нь байгаагүй бизнес хийх боломж бүрдэж байгаа юм.
-Мэдээлэл технологийн чиглэлээр манай улсад хүний нөөц хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Манай багш нарын хувьд онолын мэдлэг сайн ч, үйлдвэрийн ур чадварын мэдлэг дутмаг байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь манай боловсролын салбарын гажигтай холбоотой. Ер нь энэ бол бүх салбарт ажиглагдаж байгаа зүйл л дээ. Багш нарын хичээл заах цагийн норм их өндөр. Тийм учраас хичээлдээ дарагдаад ядаргаанд орчихдог, дорхноо хоцрогддог. Багш хүн бол судалгаа шинжилгээ байнга хийдэг, мэргэжлийнхээ чиглэлээр олон улсын мэргэжилтэн судлаач нартай байнга холбоотой байж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, үйлдвэрлэл дээр туршилт явуулах зэргээр мэдлэгийг бүтээгч байх ёстой юм шүү дээ. Ийм тогтолцоонд орвол багш нар хоцрогдоно гэсэн ойлголт байхгүй болж, харин тэд өөрсдийн салбартаа ямагт мэдлэгийн манлайлагч нар байх боломжтой болно. Боловсролын салбарт ийм төрлийн реформ хийх тал дээр МОСА холбоо анхаарч ажиллана.
-Та оюутнуудад хандаж юуг захиж хэлэх вэ?
Бид Мэдлэгийн нийгэм рүү явж байна. Аливаа байгууллага, хувь хүний өрсөлдөх чадварын гол цөм нь мэдлэг байна. Мэдээлэл технологийн хөгжлийн үрээр цаг хугацаа, газар зүйн байрлалын хязгаарлалтгүйгээр мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээж дэлхий даяар үйл ажиллагаа явуулах боломж зөвхөн томоохон хүчин чадалтай байгууллагуудад биш хувь хүмүүст ч адилхан олгогдсон ийм цаг үед бид амьдарч байна. Тиймээс оюутнуудыг дэлхийн түвшинд хүрсэн мэдлэг, боловсролтой болохыг зориорой гэж хэлэх байна. Дэлхийн түвшинд хүрсэн мэдлэгтэй болоход тань сүүлийн үед олон улсад хөгжиж буй боловсролын нээлттэй агуулга тусална. Инженер технологийн салбарт дэлхийд манлайлагчийн үүрэг гүйцэтгэдэг Массачусэтсийн Технологийн Их Сургуулийн Нээлттэй Агуулга – OpenCourseWare (MIT OCW)-г хичээл сурлагандаа ашиглахыг уриалах байна. Эгнээнээсээ 64 Нобелийн шагналтныг төрүүлсэн тэр алдартай сургуулийн хөтөлбөр, сургалтын материал вэб дээр чөлөөтэй тавигдсан байдгийг ашиглах хэрэгтэй юм. Мөн олон улсын түвшний сертификатийн шалгалтыг өгөхийг зорих хэрэгтэй.
No comments:
Post a Comment