1/27/11

Монголын шинэ улстөрд хэн ялах вэ?

Хавар цагийн урь орохыг эс хүлээн Монголын улстөр халуурч эхэллээ. Хогийн овоо тойрон идэш шиншлэх өлөн ноход адил "амбицлаг" залуус эрхбаригчдыг тойрон олз хайн гороолцгооно. Үзэл бодлоо илэрхийлсэн нэгнээ барьж идэх нь холгүй хэмлэлцэх аж. Ийн өрнөх Монголын улстөрийг харж эрхгүй гутран сүүрс алдавч, нэгэн цагт дэлхийн хэргийг хэлцэж, шийдэж явсан энэ үндэстний улстөрийн ирээдүй ямар байх ёстой талаар бодлоо хөврүүлж энд тэрлэв.

Дэлхий дээр гурван төрлийн хувьсгал явагдаж байна гэж үзэх боллоо. Үүнийг дурдвал Даяаршил, Мэдлэгийн хувьсгал, гуравдахь нь дээрх хоёрын хосолмол хувьсгал болох Даярчлагдсан Мэдлэгийн хувьсгал. Даяаршлын хувьсгалыг хамгийн амжилттай гүйцэтгэж түүний үрийг хүртэж буй улс бол Хятад. Тэд дэлхийн хүн бүрийн өмсөж хэрэглэх агтавчаас авахуулаад бүхий л хэрэглээний зүйлсийг хямдханаар үйлдвэрлэн нийлүүлэгч дэлхийн-үйлдвэр болжээ. Мэдлэгийн хувьсгалын жишээ гэвэл алдарт Билл Гэйтс, сүүлийн үеийн том төлөөлөгчөөр Гүүгл компанийг нэрлэж болно. Билл Гэйтс нефтийн цооног эзэмшээгүй, алт олборлож төмөрзам бариагүй. Тэрээр зөвхөн мэдлэг гэдэг капиталийг өсгөн үржүүлж баяжсан. Орчин цагт ихэнх улс гүрэн энэхүү Даяаршсан Мэдлэгийн хувьсгалыг өрнүүлж, дэлхийн эдийнзасгийн тавцнаа өрсөлдөх чадвараа сайжруулахаар мэрийх боллоо.

Мэдлэгийн эдийн засагт гол капитал мэдлэг байдаг. Тэрхүү мэдлэгийг шинжлэхухаан үйлдвэрлэж, энтрёпрёноршип буюу бизнесийг үүсгэн хөгжүүлэх тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн тогтолцооны тусламжтайгаар өндөр үр ашиг бүхий эдийнзасаг болгон хөгжүүлэх боломжтой. Ирээдүйн шинэ мэдлэгийг биотехнологи-БТ, нанотехнологи-НТ ийн салбар голлон үйлдвэрлэнэ хэмээн дэлхий дахинаа үзэх болов. Биотехнологи, нанотехнологийн салбарт шинэ мэдлэгийн үйлдвэрлэл хүчээ авч, түүнийг нь мэдлэгийн эдийн засгийн суурь бүтэц болсон Мэдээллийн технологи дэмжих бөгөөд ирээдүйд Биотехнологи, Нанотехнологийн дэвшил нь МТ-ийн хөгжлийг үсрэнгүй хөгжил рүү түлхэнэ гэж таамагладаг. Дэлхийн улсууд БТ, НТ голлосон мэдлэгийн эдийнзасаг руу тэмүүлэн хөгжиж байна. Улстөр нь ийм л эдийн засгийн бодлогоор өрсөлдөж байна.


Олон улсад тийм байгаа бол Монголд байдал ямар байнав? Өнгөрсөн 20 жилд ардчилал хөгжиж, капиталист эдийнзасгийг цогцлоосон нэртэй ч, үнэн хэрэгтээ феодализм хүчтэй хөгжив. Газрын эзэд дагнан баяжиж, засгийн эрхийг тэд л худалдан авдаг нь яах аргагүй феодализмийн онцгой шинж юм. Нам нэртэй феодалуудийн олонлог нь төрийн тогтолцоог гэр бүл, танил талаараа хувааж аван хөрөнгөө арвижуулна. Феодалууд сонгогчдын саналыг худалдан авах болж ардчилсан парламентийн тогтолцоог үгүй болголоо. Газрын төлөө тэд үхэн хатан алалцаж, Монголын ардтүмний өөдөөс буу шагайн 7 сарын 1-ний цуст өдрийг түүхэнд тодоос тод цусан улаан өнгөөр будаж үлдээв.


Феодализмийн балчиг шалбаагнаас Монголын улстөрийг цэвэрлэж энэ цагийн дэлхийн улс гүрний зиндаанд монгол улс, монгол үндэстнийг хүргэх Улстөрийн Нам ямар бодлого барих ёстой вэ? гэдэг асуултад хамтдаа хариу эрээд үзье.


Дэлхийн улс орнуудын улстөр, эдийнзасгийн бодлогыг ажиглахад улс дамнасан буюу транснациональ орчин нөхцөлд ажиллах Төрийн бодлого боловсруулж, улс дамнасан капиталистуудийг төрүүлэх бодлогыг явуулж, улс дамнасан Үйлдвэрлэлийн бүтцийг бүтээхийг зорьж, үүний төлөө судалгаа, хөгжүүлэлт, хүний нөөцөд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр эрчимтэй ажиллаж байх юм. Тийм чиглэлүүдээр Улстөрийн Намууд нь ч өрсөлдөж байна. Монгол улс дэлхийн тэргүүлэгч орнуудыг гүйцэж түрүүлэхийг хүсч байгаа л юм бол улстөрийн намуудын бодлого нь ч дээрхтэй ижил зорилтуудыг агуулж түүнийг хэрэгжүүлэхийн төлөө байх нь гарцаагүй.


Транснациональ орчин нөхцөл дахь Төрийн бодлого, Мэдлэгийн эдийн засгийн тогтолцоог бүтээх чадвар бүхий хүний нөөцтэй болж чадсан Улстөрийн Нам л Монголын ирээдүйг тодорхойлно. Ирээдүйд Биотехнологи, Нанотехнологийн салбарт шинэ мэдлэг, технологи хамгийн ихээр бий болно гэж үзэж буй энэ цагт эдгээр салбарын энтрёпрёнерууд буюу бизнес-хөгжүүлэгчдийг өөртөө татаж чадсан Нам улстөрийн тэмцэлд ялна.


Хүссэн хүсээгүй дэлхий Мэдлэгийн эдийнзасаг руу явж байна. Хэдэн жилийн өмнөх яриагаар бол байгалийн хий, нефть зэрэг энергийн эх үүсвэр ихтэй нь дэлхийд ноёрхлоо тогтооно гэж байв. Орост Путин ерөнхийлөгч байх үеийн л яриа. Гэтэл өнөөдөр Оросын ерөнхийлөгч Медведев “Орос улс аль диван галавын үеийн байгалийн нөөц дээр тулгуурласан хөгжлийн загварт илүү найдаж байгаа нь үнэхээрийн ичгүүртэй гэхээсээ илүүтэй шившигтэй юм” гэж хэлж байх юм. Түүний зөв. Тэрээр Оросын Силикон Ваалий байгуулахаа зарлан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг хүчтэй татаж эхэллээ.


Өндөр технологийн үйлдвэрлэлийн амжилтыг тодорхой хугацаанд хичнээн тооны технологи-патент үйлдвэрлэв, хичнээн тооны компани байгуулав, аль хэр хэмжээний мөнгөн орлого олов гэдгээр нь хэмждэг. Мэдлэгт суурилсан шинэ бизнес-компанийг үүсгэн хөгжүүлэх механизм болох Энтрёпренёршипийн тогтолцоог тийм үзүүлэлтээр үнэлдэг. Энтрёпренёршипийн тогтолцоог амжилттай ажиллуулахын нэгэн чухал урьдач нөхцөл бол тухайн салбарын инженер-судлаачдын тоог тодорхой төвшинд хүртэл олшруулах явдал юм. Тиймээс их дээд сургуулийн шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлж Мэдлэгийг бүтээгч их дээд сургуулиудтай болж тэнд суралцагчдын тоог олшруулах нь чухал. Бас нэгэн чухал дэд бүтэц бол Хөрөнгийн захзээлийн хөгжилт. Энэ чиглэлд манайд уулуурхайг түшиглэсэн сайн эхлэл тавигдаж байна. Цаашид өндөр технологийн вээнчер компаниудад зориулсан хөрөнгийн захзээлийг бодлогоор хөгжүүлэх нь зүйтэй.


Монголын улстөрийн намуудын ирээдүйн чадавхи нь тэд өөрсдийн эгнээнд биотехнологи, нанотехнологи, мэдээлэлтехнологийн салбарын мэргэжилтнүүдийг хэр зэрэг олноор татаж, тэдэнд зориулан хөрөнгө оруулалт хийхээс шууд хамаарна. Өндөртехнологийн салбарт ажиллах ирээдүйн хүний нөөцийг бага дунд ангиас нь бэлтгэх боловсролын тогтолцоог бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг бий болгох хэрэгтэй. Өндөртехнологийн салбарт тэргүүлэгч дэлхийн юниверситүүдэд тусгай бодлогоор мэргэжилтнүүдээ бэлдэх тогтолцоог яаралтай бий болгох нь зүйтэй.


Бүс нутгийн хөгжил ч мөн л биотехнологи, нанотехнологийн хөгжлийг дэмжиж, энэ чиглэлд их дээд сургууль, компаниуд үйл ажиллагаа явуулах таатай боломжийг бүрдүүлэн тэднийг хэрхэн татаж чадахаас хүчтэй хамаарна. Шинээр боловсруулж буй Монгол орны бүсчилсэн хөгжлийн бодлогод мэдлэгийн эдийнзасгийн бүтцийг байгуулах тухай бодолцох нь зүйтэй. Тухайн бүс нутагт ямар чиглэлийн өндөр технологийг хөгжүүлэхийг судалгааны үндсэн дээр шийдэж, тэр чиглэлийн боловсон хүчнийг бэлдэх их дээд сургуулийг байгуулах нь чухал.


Хүн бүр өөрийн мэдлэгийг зарж баяжих боломжтой нийгмийг бид өөрсдийн гараар бүтээн байгуулах бүрэн боломж бий. Мөнгөтэй бизнесменүүд нь өндөртехнологийн бизнест хувьцаагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх боломжтой. Мэдлэгийн эдийнзасгийг хөгжүүлэх загвар, тогтолцоо улс орон бүрийн онцлогоос хамааран харилцан адилгүй байна. Бид яаран хөдөлж чадвал тэгтлээ хол хоцорчихоогүй байна.


Манай улстөрийн намууд үнэнийг хэлэхэд хөгжлийн ямар ч бодлогогүй явж ирлээ. Өнгөрсөн 20 жилийн ихэнх цаг үед засгийн эрх барьсан МАХН гэхэд л Төв үзэл хэмээх ламын ёсыг хүртэл сахиж үзсэн. Тэгтэл саяхан барууны бодлого ярьчихсан тууж явахыг нь судлаачид шүүмжилэхэд нэрээ сольж зүүн нэртэй барууны нам боллоо. АН-ын идеологи бас л бантан. Ямар сайндаа дарга нь "баруун, зүүн гэж юу байдгийг мэдэхгүй ээ" гэж үнэнээсээ өчиж байхав. Ардчилсан Намын шинэ идеологийг Баабар, Бат-үүл ах хоёр лавтай тодорхойлохгүй дэг. Тэдний араас гарч ирж буй залуу лидерүүд одоохондоо харагдахгүй л байна. Юм мэддэг залуучууд байхгүйдээ биш юмаа. Мэдлэгийг ойлгох хэмжээний боловсролтой, мэдлэгтэй удирдагчид намуудад байхгүй, байгаа ганц нэгийгээ тоохгүй байна.


Монголын улстөр шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай. Тэрхүү шинэчлэл Мэдлэгийн эдийнзасгийг хөгжүүлэхэд чиглэхээс өөр гарц байхгүй. Мэдлэгийн эдийнзасгийн чиглэлд зөв бодлого явуулж чадах Улстөрийн удирдагч, Улстөрийн нам ирээдүйн улстөрийн тэмцэлд ялалт байгуулах нь зайлшгүй.

6 comments:

erka said...

Хөгжил гэдгийг хэн, хэрхэн тодорхойлж байна гэдгээс асуудал, түүний шийдэл, гаргалгаа улам бүр хүчтэй хамаарах хандлага илэрч байгаагийн нэг жишээ нь Медведевийн хэлсэн үг юм болов уу. Reinveting yourself гэдэг үгийг Америкийн ерөнхийлөгч саяхан онцлож хэллээ. Шинэ цаг үе шинэ сэтгэлгээ шаардаж байгааг дэлхийн том улс төрчид бүгд хүлээн зөвшөөрлөө. Том компаниуд улс орноо чирдэг гэсэн хөгжлийн уламжлалт загвар үеэ өнгөрөөж байна. Өнөөдөр авхаалжтай, сэргэлэн, шинээр сэтгэдэг дурын хүн интернетээр дамжуулан саятан болох боломжтой боллоо. Ийм нөхцөлд аажимдаа үл хөдлөх хөрөнгө ямар ч хэрэгцээгүй хог болон хувирах магадлалтай. Магадгүй үүнийг л шинэ эдийн засаг гэж нэрлэж байгаа болов уу.

Бусадтай харьцуулахад монголчууд үл хөдлөх хөрөнгө айхтар сүрхий хөгжүүлээгүй. Энэ утгаараа бидэнд маш том давуу тал бий болж байна. Энэ давуу талаа зөв ашиглавал шинэ эдийн засаг руу маш хурдан орох боломж бидэнд бий. Мэдээж энд улс төрийн зөв бодлого, чиглэл хэрэгтэй. Хүмүүс өнөөдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байгаа нь зөв байраа сууриа олох найдлага төрүүлж байна. Хэний зөв, буруу вэ гэдэг бол чухал биш, харин санаагаа уралдуулна гэдэг л чухал. Аль болох олон өрсөлдөгч төрөн гарч, аль болох олон санаа, олон хувилбар уралдуулбал монголчууд бидэнд бүгдэд нь л хэрэгтэй.

serdaram said...

Saihan bichleg boljee. Ene setgelgee, uzel bodol tsoohon hunii tolgoid bish olon hunii tolgoid baigaasai gej bodoj baina.

Donorov Gantulga said...

Сайхан нийтлэл болсон байна. Төрд байгаа гарууд ийм яриаг зарим нь ойлгохгүй, ойлгох нэг нь ойлгохыг хүсэхгүй л дээ. Олон нийтийг "нүдээ нээж" харахад нь тусалсан, мэдлэгжүүлэх үйлсэд нь нэмэр болсон сайхан нийтлэл болжээ,баяр хүргэе!

erka said...

Зам, барилга, худалдаа, арилжаа гэх мэт нүдэнд харагдаж, гарт баригддаг үйл ажиллагааны талбарт гарах аливаа өөрчлөлт, шинэчлэлтийг хүмүүс анзаарч чаддаг. Энэ үнэхээр хэрэгтэй, ашигтай, шинэлэг, боловсронгуй зүйл мөн байна гэж үнэлж мэддэг.
Гэтэл жишээ нь мэдээллийн технологийн салбарт ийм үнэлэмж илт үгүйлэгддэг. Гадаад, дотоодод явагддаг элдэв сургалт, семинар уулзалт дээр ялангуяа багш, зөвлөхүүдтэй мэргэжлийн яриа хөөрөө өрнүүлэхэд хүний мэдлэг, ур чадвар, туршлагыг үнэлж чаддаг нь надад илт мэдрэгддэг. Миний Монголд хийсэн хэд хэдэн ажлыг гаднын мэргэжилтэн, зөвлөхүүд өндөр үнэлсэн тохиолдлууд цөөнгүй бий. Мэдээллийн технологийн бус хүмүүс шүү дээ.
Харин монголчууд үүнийг огт ойлгодоггүй. Хичнээн гоё, сайхан, мундаг ажил хийлээ гэхэд зүгээр л ажлаа хийж байгаа хэрэг гэж хардаг. Угаасаа л мэдээллийн технологи нь аяндаа автоматаар хөдөлмөр хөнгөвчилдөг, хүний оролцоо байхгүй гэж үзэж байгаа аятай. Гэхдээ энэ бол асуудал биш.
Гол асуудал мэргэжлийн хүмүүс дээр гардаг. Ухаандаа тэмээ гэхээр өмнөөс ямаа гэж ярьдаг хүмүүс олон бий. Асуудлынхаа уг үндэс, учир шалтгааныг сөхөж ярихынхаа оронд буруу үзлээрээ шууд хичээл заах гээд дайрдаг. Юу бодож байгаа, юу хэлэх гэж байгаа нь угаасаа тодорхой. Хэлэх гэсэн үг, санааг нь өрсөөд хэлээд өгсөн ч болно. Бодлыг нь шууд уншиж болно. Яагаад ингэж бодож байгааг нь тайлбарлах гэвэл үндсэн сэдвээсээ хазайлаа гээд хүнээр ганц ч үг хэлүүлэлгүй яриа таслах хүсэлтэй.

Ерөнхий дүр зураг ийм боловч хүн, хүний хандлага бас өөр. Таван үг сонсмогцоо хуучин үзэл бодол, итгэл үнэмшилдээ эргэлзэн дор нь өөрөөр сэтгэж эхэлдэг хүмүүс байдаг. Хэд, хэдэн удаа уулзаж ярилцаад өөрөөр сэтгэж эхэлдэг хүмүүс бас бий. Бүр тас гүрийж, хөндлөн эсэргүүцдэг хүмүүс байна. Хэд, хэдэн удаа алдаа хийгээд тэр нь сэтгэлгээний хоцрогдолтой холбоотой гэдгийг ойлготлоо нэлээд хугацаа өнгөрнө. Харьцуулах зүйл байхгүй бол ийм хүмүүс зөв, буруугаа бараг ойлгохгүй. Хийж буй ажлыг нь өөрөөр, гэхдээ илүү өндөр бүтээмжтэй, илүү чанартай, илүү ачаалал багатайгаар хийж харуулбал ийм хүмүүс сэтгэлгээний хоцрогдлоо хурдан ойлгодог. Харин удирдах ажилтны хувьд үзэл бодлыг нь шинэчлэх маш хэцүү. Өөрийнх нь мэдэхгүй, шинэ юм бүхэн бөөн эрсдэл болж харагдана. Элдэв хүмүүсийн олон янзын алдаа, оноо, эрсдэлтэй цаг тутам тулгарч байдаг удирдах ажилтны хувьд шинэ санааг шинэ санаа гэж харахаасаа илүү алдаа гэж харах хандлага түлхүү ажиглагддаг. Сайн менежер, муу менежер хоёрын гол ялгаа энд л байгаа байх. Шинэ санааг олж харж, ялгаж салгаж үнэлж, дэмжиж чаддаг нь барууны менежментийн амжилтын гол нууц гэж би боддог. Менежерүүд нь өндөр мэдлэгтэй гэсэн үг. Монголын менежерүүд хэрэгтэй зүйлээ дэмжихгүй, шал хэрэггүй зүйлийг дэмжих, үнэлэх хандлага түгээмэл ажиглагддаг. Толгой нь буруу ажиллаж байгаагийн илрэл гэж л хэлнэ. Мэдлэгийн түвшин, хэмжээ нь тэр юмдаа. Өмнөөс нь ичмээр. Ялангуа залуу хүмүүс шинэ зүйлийг маш хурдан ойлгож, тусгаж авах чадвартай байдаг. Гэтэл удирдлагынх нь хандлага, үнэлэмж хоцрогдсон, ажилтныхаа шинэ хандлагыг дэмжиж хөгжүүлэх биш, харин буруутгаж зэмлэсэн байр суурьтай байвал яахав? Ийм зүйлийг өөрчлөх, шинэчлэх их хэцүү. Улс төр үүнтэй тун төстэй бололтой. Өөрөөр хэлбэл хийх ажил маш их байна. Шүүмжлэл өрнүүлнэ гэдэг бол дөнгөж эхлэл. Гэхдээ энэ шатанд ороогүй олон орон бий гээд бодохоор өөрсдийгөө чамлах хэрэггүй ч гэмээр...

Buyantsogtoo, Ts. said...

Санал үлдээсэн андуудад баярлалаа. Эрка андын хэлж буйтай түмэнтээ санал нэгдэж байна.

Lkhavuu said...
This comment has been removed by the author.