4/14/11

Монголын Шинэ Улстөрд Хэн Ялах вэ? III

Өнгөрсөн 20 жилийн Монголын “улстөр” бидэнд юу бүтээж, ямар хөгжил авчирсаныг эргэж нэг цэгнэе. “Монголын төрийг 40 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын сууж ч үзээгүй унааг өнөөдөр би эдэлж байна” хэмээн “ная” гэж нэрийдсэн хуучин япон жийп авсандаа хөөр болон өгүүлэх хөдөөх эрийн энэ үг Монгол улс өнгөрсөн 20 жилд али хэр өөрчлөгдөж “хөгжсөний” нэгэн гэрч гэлтэй.

Тиймээ, энэ 20 жилд Монгол хүний толгой дээр наран жаргахаа болиж, дэлхийн бөмбөрцгийн али л өөдтэй, хөгжилтэй газар Монгол хөвүүд, охид сурч, ажиллаж, эрдмийг ч, бас эд агуурсыг ч өвөрлөн эх нутагтаа ирэх болов. Хорин жилийн ихэнхэд гадаадын зээл тусламжаар амиа зогоож, гал алдчихалгүйхэн явж ирсэн Монгол улс энүүхэн хэдэн жилийн өмнөөс чухамхүү “Гэнэт баяжихын үлгэр” гэгч нь болж улстөрчид тэн тэнгээр мөнгө амлаж, тэрэг тэргээр алт, зэсийг нүүрстэй хамт зүүдэлцгээх болов. Хөгжлийн банк гэгчийг байгуулж мөнгийг чухам хурын ус адил асгаруулах юм байх. Энэ бүхэн яах аргагүй “хөгжсөний” гэрч мөн бизээ.

Гэвч..., үнэхээр бид хөгжсөн юм гэж үү, үнэхээр Монголын ард түмэн өөдлөх, дэвжих замдаа орж чадсан уу?? Би үүнд эргэлзэж байна. Эргэлзэнэ гэдэг бүхнийг үгүйсгэх гэсэн үг мэдээж биш. Монголтой харицуулахад жинхэнэ баян орон, хөгжилтэй орон гэгдэж ирсэн Арабын орнуудыг харая. Тэдэнд бидний хөгжил гэж ойлгодог материаллаг зүйлс бүгд бий. Гэтэл өнөөдөр тэд алаан хядаандаа тулжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа ямар болохын үлгэрийг тэднээс харж болох мэт. Өнөөдөрийн Монголын нийгэм, улстөрийн бодлого зөв чиглэлд явж байгаа эсэхэд эргэлзэж, эрэгцүүлж сайтар бодохыг орчин цаг, түүх биднээс шаардаж байна.

Олон зүйл эс нуршин энэ 20 жилийн явдлыг шуудхан дүгнэж хэлэхэд “бүсэлхийнээс доодхоороо толгой хийж, үнэт зүйлсээ уландаа гишгэсэн, мэдлэгийг, эрдмийг, боловсролыг үзэн ядаж хулгай дээрмийг хөхүүлэн хөөрөгдсөн он жилүүд” байлаа. Хэдийгээр жийп машины тоо олширч, малын тоо өссөн ч хөгжил дэвшлийг баталгаажуулж, олон нийтэд ирээдүйд итгэх итгэл, хүсэл тэмүүлэл бэлэглэхүйц хүмүүний нийгмийг бүтээсэнгүй. Авилга-хулгайд идэгдсэн Засаглал нь цөөнхийн төлөө үйлчилдэг тогтолцоо болон хэвшиж, тэр ни эдийнзасгийн бодот өсөлтийг боомилдог газрын баялгийн үйлдвэрлэлийг магтан дуулж буй энэ цагт ирээдүйн тухай эерэг төсөөлөл үүсэхийн аргагүй.

14 тэрбум төгрөг банкнаас зулбуулсан Хүрэлсүхийн хамсаатан, нам дагасан луйварчин хэдхэн жилийн ял аван “шоронд амрахаар” явж одох, 100 сая ногоон завшиж талыг нь намдаа өргөсөн гэх Баатар нэртийн хэрэг тэгсгээд замхрах, зомби өвчтөн зохиож ЭМД-ийн даатгалаас олон зуун сая төгрөг хусч сонгуулидаа ашигладаг улстөрчдийн хэрэг, иргэний паспорт хуурамчаар үйлдэж, зохиомол хүнийг дуртай үедээ бүтээж сонгуулид өөрсдийн төлөө санал өгүүлдэг, мөнгөтэй л бол намд орж али нэг тойрогийг сонгогчдын саналтай нь хамт худалдан аваад Их Хуралд орж сууна. Энэ мэтээр эцэсгүй үргэлжлэх нийгмийн шинжтэй авилга, хулгай, луйврын хэргийг жагсаан бичихэд сонины талбай хүрэхгүй.

200 мянган хүн эх орноосоо дүрвэн харид одон хар ажил хийн амидарч байна. 50 мянган хүн маш хортой нөхцөлд ажиллаж амидарч байна. Залуу үе амидрахын эрхээр гадаадад дүрвэхийг мөрөөдлөө болгоно. Охид бүсгүйчүүл ни гадаад хүнтэй суухыг илүүд үзнэ. Авилгад идэгдсэн ялзарсан төр ни шашныг тэнгэрт тултал хөгжүүлэн дэлгэрүүлнэ.

Үйлдсэн гэмт хэрэг, хулгай дээрмээ “чадаж байгаа юманд арга байхгүй” гэх ялзарсан зарчмаар тайлбарлана. Хэдийгээр өнгөрсөн зуунд ноёлсон гажуудсан социализмийн үед хүн зоны чөлөөтэй бодох сэтгэхийг хязгаарлаж, хүний зөвтүүдийг гажуудуулж байсан ч нийгэмд бүтээж бий болгосон зүйлс чамлахааргүй олон байж, олон түмний амидралын баталгааг хангаж байжээ. Харин тэр бүхнийг өнгөрсөн 20 жилд хулгайлж, хувааж идэн устгасаныг зөвтгөн тайлбарлах онол олдохгүй. Гажуудсан социализмын үеийн Засаг захиргааныхан идэж ууж, тусгай хангамж эдэлж байсан гэгдэн буруутгагдаж байсан ч тэр бол энэ цагийн луйварчдын зулбуулсантай харицуулашгүй өчүүхэн юм байж. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж хулгай хийж чадсанаа зөвтгөж буй ни “чаддаг юм бол над шиг хулгай хийгээч” хэмээн олон түмэнд уриалж буйтай ижил юм. Хийсэн гэмт хэргээ замхруулахын тулд эрх баригчид нийгэмийг бүхэлд ни хулгайч, гэмт хэргийн сэтгэлзүйтэй болгох гэсэн далд санаархал ни тэр. Энэ үзэгдэл ч угаасаа авилгач, хулгайчдын сэтгэлзүйн онолоор тайлбарлагдана.

Шил шилээ дарсан бузрын бузар хэргүүд тасралгүй үргэлжилж, цаг ирэх тусам гэмт хэрэгтнүүд ни улам өнгө орон гялалзах ийм нийгэмд шударгаар ажиллаж хөдөлмөрлөх, сайн сайхныг зорин тэмүүлж амьдрах итгэл үнэмшил эгэл хүмүүсийн оюунд бий болохын учир огтхон ч үгүй. Гадаад оронд явж боловсрол эзэмшээд улс орноо хөгжүүлэх оргилуун хүсэл тээн ирэх залуус монголын энэ бузар үнэлэмжтэй дасан зохицох гэж хэрэндээ таарсан зовлонг эдэлнэ. Гадаад явж муу юм сурсанууд нь ч яахав, аргаа олоод нам даган амиа зогооно. Өндөр мэдлэг чадвартай байх тусам орох газар тэдэнд эс олдоно. Мэдлэгийн болон боловсролын салбарт ажиллагчдыг “эмзэг бүлгийнхэн” болгоод рангалчихсан, нүдний булангаар ч тоож үл харна. Боловсролыг англи хэлний анхан шат, компьютерийн операторын хэмжээнд дүрсэлнэ.

Бүх төвшний албан тушаал улстөржиж нам дагасан л байвал ямар ч нохой хамаагүй авчраад тавьчихна. Ядахдаа ёс суртахуунтай хоточ банхарыг биш, гэрийнхээ хаяагаар толгойгоо шургуулан өнгөтэй өөдтэйг ни шууж орхидог, ямар цусных нь үл мэдэгдэх хурлийз нохдын адил ялзарсан сурталтай “далдаганууруудыг” авчраад мэргэжил боловсрол үл хэрэгсэн албан тушаал болгон дээр хуваарилчихна. Ёс суртахуунгүй “далдагануураар” даргалуулсан ямар ч боловсролтой, эрүүл тархитай хүн төрийн байгууллагад үр бүтээлтэй ажиллахын аргагүйд хүрнэ. Тийнхүү ялзарсан Төр энэ нийгмийн гол үнэлэмжийг бүтээж олон нийтийн оюун бодлыг бузартуулж байна. Энэ л ялзарсан Төр гэгч ни улс нийгэмийг бүхэлд ни хамарсан авилга—хулгай, гэмт хэргийн сэтгэлзүйг улам бүр урамшуулан дэлгэрүүлсээр байна. Авилгатай тэмцэх талаар ганц удаа ч олигтой юм хийхгүй, хийхлээрээ олон улсын байгууллагынхны шахалтаар байгуулсан Авилгатай тэмцэх газартайгаа тэмцэнэ.

Ардчилал, захзээл, газар доорх баялаг... энэ бүхэн биднийг сайн сайхан амьдруулах хангалттай нөхцөл болохгүй. Монголд бий болсон мөнгөний “ардчилалыг” Ардчилал гэхгүй. Улсын мөнгө хулгайлж чадсан цөөхөн хулгайч нар ни захзээл дэээр дангаар ноёрхлоо тогтоосон ийм улсыг капитализмийг хөгжүүлж байна гэж хэлэхгүй. Газрын баялгаа олборлохоосоо өмнө олох мөнгөө тооцоолоод бэлнээр тараагаад эхэлчихсэн. Газрын баялгийн салбар болоод бусад салбарынх ни хооронд тэмээ ямаа мэт цалингийн ялгаа үүсчихсэн. Нийгэм дэхь үнэлэмжийн тогтолцооны өөдөө хардаг ни уруугаа харчихсан. Өнөөгийн Монголын нийгэм бүхэлдээ хулгайчид ба эгэл хүмүүс гэсэн ялгаварт нийгэм болжээ. Ийм нийгэмд хөгжил ирэх үү? Ийм нийгэмд амгалан амьдрал ирэх үү? Мэдлэгийг уландаа гишгэсэн улстөр, наад захын этикгүй улстөрчидтэй, ялзарсан үнэлэмжийг зохиож үйлдвэрлэж байдаг Төртэй улс сайн сайханыг цогцлоож чадах уу? Дээр доргүй хулгайчийн сэтгэлгээтэй болсон энэ нийгэмд хөгжил гэж байна гэвэл тэр ни энэ монгол үндэстнийг бүхэлд ни “хулгайч үндэстэн” болгох тийм л “хөгжил” байна.

Худал, хулгайн үүр болсон төрийг сайн үйл бүтээнэ гэж хүлээвэл горидсоны гарз болно. Худалч луйварчид хулгайч төрийг засахгүй. Монголдоо хайртай, мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, эрхэмсэг хүмүүс хулгайч төрийг засна.

9 comments:

Amarbat said...

Яах вэ, бүр дотор арзаганачихлаа.

snbr said...

Keep writing!

Төмөр-очир said...

Dunguj ehluuleed duusgachihlaa daa

Buyantsogtoo, Ts. said...

Thanks for comments. Сонингийн зай хязгаарлагдмал, уншигчдын хүрээ маш өргөн учраас сонинд юм бичнэ гэдэг их ярвигтай юм. 20 жилд яг юу бүтээв гэдгийг л энд гаргахыг зорисон юм.Олсоноосоо алдсан нь их, энэ чигээрээ яваад байвал манай Үндэстний Мораль улам л доройтно гэсэн миний бодол юм. Гарах гарц нь мэдлэгжих л явдал.

Enkhtuya said...

Ёстой сайхан хэлж байнаа.

Жич: нь гэж бичдэг байснаа болиод ни гэж бичдэг болсон уу? эсвэл өөр шалтгаан байгаа юм болвуу.

Buyantsogtoo, Ts. said...

Enkhtuya санд: ни-ийн хувид хуучин монгол бичгээ баримтлаад зөөлний тэмдэг энэ тэрийг хэрэглэхгүй, эгшиг гээхгүй бичдэг "урсгал"-ыг дагаж бичсэн юм. Хэсэгтээ ингэж бичээд үзие гэж бодож байгаа. Бас эдийнзасаг, захзээл гэх мэт үгийг нийлүүлж бичиж байвал зүгээр санагдаж буй.

Шувуухай said...

Ийм новшнуудаас сарын хорин цаас царайчлаад ажилгүй суугаа англи хэлгүй өөрийнхөө үеийнхнийг л баахан өрөвдлөө... Хэзээ надад мэдлэг бас чадвар суулгаж цалингаараа амьдрах компани, төр засаг олдохын бүү мэд... Би хичээе сурая Надад харин заагаад өгөөч

Шувуухай said...

Ийм новшнуудаас сарын хорин цаас царайчлаад ажилгүй суугаа англи хэлгүй өөрийнхөө үеийнхнийг л баахан өрөвдлөө... Хэзээ надад мэдлэг бас чадвар суулгаж цалингаараа амьдрах компани, төр засаг олдохын бүү мэд... Би хичээе сурая Надад харин заагаад өгөөч

Дугуйлан - философийн клуб said...

Дээрх сэдэвтэй салшгүй холбоотой зүйлийг та бүхэн доорх видеоноос харах болно.
Ийшээ орж үзээрэй. Блогтоо энэ видеог тавиарай, баярлалаа
http://www.youtube.com/watch?v=oHC3UAD56sU&feature=related