4/18/11

Хувьсгал гэдэг нийгмийг эмчлэх багаж

Хувьсгал гэхлээр манайхан халзан толгойтой Ленин багшийг Сүх жанжинтайгаа хамт толгойдоо дүрслээд, олон хүний амь нас хөнөөсөн айхавтар дайн байлдааны тухай санаандаа дүрсэлж “аллергитээд” байдаг шиг. 21 жилийн өмнөх Ардчилсан хувьсгал гэхлээр бас л үймээн шуугиан, өлсгөлөн тэмцэл зарласан үйл явдал болсон. Гэвч хувьсгал гэдэг бидний төсөөллөөс арайхан өөр ойлголт юм байна.

Хувьсгал гэдэг ерөнхийдөө аливаа зүйл нэг төлөвөөс нөгөө төлөвт огцом шилжихийг заасан утгатай үг боловч одоо үед голдуу улстөрийн нэг тогтолцооноос нөгөөд чанарын эрс өөрчлөлт хийж шилжихийг ийн нэрлэж ойлгох болжээ. Эх үг нь Револьюүшн гэх латин гаралтай үг агаад “эргэлт, эргэлт хийж өөрчлөгдөх” гэсэн утгатай. Улстөрийн хувьсгалаас гадна аж үйлдвэрийн хувьсгал, энергийн хувьсгал, электроникийн хувьсгал гээд олон төрлийн хувьсгалыг бидний өнгөрсөн цагийн түүх дамжин иржээ. Орчин үед мэдлэгийн хувьсгал, даяаршлын хувьсгал явагдаж, сүүлдээ энэ хоёр нийлээд даяаршсан мэдлэгийн хувьсгал ид явагдаж байна гэж энэ дэлхийн мэргэд онолдож байна.

Улстөрийн хувьсгал жинхэнэ утгаараа явагдвал эдийнзасаг, хууль, соёл, шашин, мэдлэгийн салбар, урлаг, хэл, ёс заншил гээд нийхэм, эдийнзасгийн бүхий л хүрээг хамрах тул Түгээмэл Хувьсгал гэж ерөнхийлөн нэрлэж тэр нь улмаар цааш нарийсч задраад эдийнзасгийн хувьсгал, соёлын хувьсгал, тэр бүү хэл хүний хувьсгал гэх мэт нэр томъёонууд гарч ирсэн байдаг. Капиталист нийгэмд капиталийн эздийн оронд хувьцаат компанийн удирдлагууд давамгайлах үүрэг гүйцэтгэх болсоноор капитализм чанарын хувьд том өөрчлөгдсөн гэх Burnham-ийн “Менежерийн Хувьсгал”-ын онол бол эдийнзасгийн хувьсгалын жишээ. Хятадын коммунистууд ард олныхоо бодол сэтгэлгээнд хувсгал хийхийг (хүний хувьсгал) зорин их бужигнаан өрнүүлсэн нь алдарт Соёлын Их Хувьсгал гэж түүхнээ нэрлэгдсэн үйл явдал. Эдгээр нь өргөн утгаараа Нийгмийн Түгээмэл Хувьсгалын тухайн хувилбарууд.

Дэлхийд хамгийн алдартай Түгээмэл Хувьсгал бол 1789 оны Францийн хувьсгал. Мэдлэг, Оюун, Улстөр, Эдийнзасаг, Нийгмийг бүхэлд нь хамарсан маш өргөн хүрээтэй хувьсгал болжээ. Хүн төрөлхтний оюуны хөгжилд томоохон хувь нэмэр оруулснаараа Францийн хувьсгал түүхнээ тов тодоор тэмдэглэгдэн үлдсэн юм. Францийн хувьсгалаас өмнө Англид 1600-аад онуудад хэд хэдэн хувьсгал өрнөсөн байдаг. Цаашилбал Америкийн Тусгаар Тогтнолын Хувьсгал, Оросын хэд хэдэн хувьсгал, Мексикийн хувьсгал, Хятадын хувьсгалууд гээд тоочих юм бол тун урт жагсаалт гарна.

Түүхээс харахад өнөөгийн өндөр хөгжилтэй томоохон гүрнүүд хувьсгалыг илүү хиймтгий байдаг нь харагдана. Хувьсгалыг сайн хийснээрээ тэд илүү хөгжөө юү гэмээр. Франц улс гэхэд 4 хувьсгал хийж 5 Бүгд Найрамдах Төрийг байгуулсан гэх мөртөө бас болоогүй удахгүй дахиад ч хувьсгалжихгүй бол болохгүй нь гэцгээж байна. Сүүлийн үед сүрхий хурдтай хөгжиж дэлхийн анхааралд байгаа Өмнөд Солонгос улс харьцангуй богино хугацаанд 5 ч хувьсгал хийгээд амжсан бөгөөд өнөөдөр 6 дахь Репаблик буюу Бүгд Найрамдах Төр нь ажиллаж байна. Ердөө 50-иадхан жилийн дотор дахин дахин хувьсгал хийж 6 төрийн нүүр үзнэ гэхлээр хөгжил цэцэглэлт рүү тэмүүлсэн ямар их эрч хүчтэй үндэстэн бэ гэж Өмнөд Солонгосуудаар бахархах сэтгэл төрнө.

Ерөнхийдөө нийгмийн хувьсгалыг тухайн цагийн томоохон бодогч, нийгмийн зүтгэлтнүүд цаад үзэл санааг нь томъёолж хувьсгалыг өрнүүлж тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн байх нь харагдана. Алдарт Францийн хувьсгалын эцэг хэмээн алдаршсан Жан Жак Рүсо ардчилалын онолын үндсийг анхлан томъёолж гаргаад улмаар хувьсгалын үйл явцыг загварчилсан байна.

Монголчуудыг өнгөрсөн зуунд үндсэндээ 3 том хувьсгал хийсэн гэдэг. 1911 оны тусгаар тогтнолын хувьсгал, 1921 оны гадны түрэмгийлэгчдээс салах хувьсгал, тэгээд 90 оны ардчилсан хувьсгал. Эдгээр хувисгалууд нь бүгд гадны хүчин зүйлийн нөлөө хүчтэй байжээ. 11 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Хятадын дотоод хямрал нөлөөлж, монголын томоохон ноёд гол үйл ажиллагааг удирдан тусгаар тогтнолоо зарлажээ. 21 оны хувисгал нь Октябрийн хувисгалын шууд тусгал байсан юм. Барон Унгерн Монголын нутгаар дамжин зугатаж ирээгүйсэн бол юу болох байсныг хэн ч хэлж мэдэхгүй. 90 оны хувисгал бол социалист дэглэм нуран унаж зүүн европийн соц улсууд бужигнаад эхэлчихсэн хойно тэр давалгаанаар болсон үйл хэрэг. Хамаг ажиллагааг нь шууд удирдаж байсан Москва хайхрахаа болисон учраас л МАХН-ын хүч суларч бууж өгсөн юм. Ингэж ардчилсан хувисгал өрнөсөн.

Монголчуудын хувьсгалын түүх үүгээр дуусахгүй. Ардын хувьсгалаас хойшхи жилүүдэд тайван замаар хэдэн хэдэн хувьсгал амжилттай хийснийг тэмдэглэх нь зүйтэй. Соц гэгдсэн он жилүүдэд ард нийтээрээ 100 хувь бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн амжилттай өрнөж Юнеско-гийн тусгай шагнал хүртэв. Соёлын довтолгооныг өрнүүлж иргэншиж соёлжихын эх суурийг амжилттай тавив. Нэгдэлжих хөдөлгөөнийг өргөн далайцтай өрнүүлсэн нь хөдөлмөрийн хуваарилалтыг анхлан бий болгосноороо түүхэн хувьсгалч ач холбогдолтой үйл явдал болжээ. 60 онд үндсэн хуулиа шинэчилж аж үйлдвэржилтийн хувьсгалыг эхлүүлэв. Ийнхүү сөнөхийн ирмэгт байсан үндэстэн хот байгуулж иргэншиж, хөдөлмөрийн хуваарилалтад орж, аж үйлдвэрийг хөгжүүлж эхэлснээр мэдлэг, боловсролын хэрэгцээг бий болгож боловсролын тогтолцоогоо үүсгэж хөгжүүлэв. Үүнийг даган домогийн аман зохиол, шашин, феодализмын нэр томъёоноос өөр үгсийн сангүй байсан монгол хэл орос хэлний нөлөөгөөр шинжлэх ухаан, технологийн нэр томъёогоор арвижсан нь томоохон мэдлэгийн хувьсгал өрнөсөн хэрэг мөн.

Тиймээс Монголчууд бид чинь яггүй хувьсгалч ард түмэн. Аргагүй л, найман зууны тэртээд дэлхийн хэргийг шийдэж явсан үндэстэн юм даа. Өнөөгийн Монголын хөгжил дэвшил өнгөрсөн зуунд хийсэн тэр олон хувьсгалуудын үрдүн гэж хэлж болохоор ажээ.

Дэлхийн болоод Монголын хувьсгалуудийн түүхийг эргүүлж тойруулан харж байхад хувьсгал гэдэг уул язгуураасаа бол аливаа нийгэмд бугшиж буй болсон идээ бээр, халдварт өвчнийг анагаадаг эмчилгээ ажээ. Хувьсгалыг зөв өрнүүлж хийж чадсан цөөхөн улс үндэстэн л өнөөгийн дэлхий дээр өндөр хөгжилтэй орон болцгоож. Хувьсгалыг өндөр мэдлэгтэй, эрдэмтэй, улс үндэстнийхээ төлөө гэсэн халуун эрмэлзэлтэй, алсын хараатай томоохон бодлоготнууд хийдэг байна. Хөгжилтэй орнуудад өрнөсөн хувьсгалыг судлахад томоохон бодлоготнууд өнөөдрийн манай нийгэмд бий болсонтой ижил олон бузар булай асуудлаас ангижрах арга замыг нарийн тооцоолж, ард нийтээрээ сайн сайхан амьдрах гэрэлт ирээдүйг зохиомжлон гаргадаг байна.

Өнгөрсөн 20 жилд бий болсон нийгмийн ялзрал, худалч хулгайч нарт баригдсан төрийн доройтол өнөөгийн биднийг хувьсгал хийж тэрхүү бохир заваан нийгмийн өвчнөөсөө салахыг шаардаж байна. Ардчилалаар замнасан түүхээ эргэн нэг харж юуг алдаж, юуг олсноо цэгнэж, түүхэндээ анх удаагаа гадны нөлөөллийн дор биш, өөрсдийн оюун бодлын хүчээр хувьсгал хийж ирээдүйгээ шийдэх түүхэн боломж иржээ. Гартаа олдсон боломжийг алдалгүйгээр, түүнийг “чулуу болгох” л чухал. Ингэж чадах эсэх нь Монголоо гэсэн халуун сэтгэлтэй, мэдлэгтэй монгол хүмүүсийн оюун бодол, чин зоригоос шууд хамаарна.

Нийгэмд Хувьсгал хэрэгтэй болсон энэ цагт Ху нам “хувьсгалтаасаа” татгалзах нь юуны учир вэ гэж эрхгүй бодогдоно. Нийгэмд мэдлэгийн үнэ цэнэ огт үгүй болж, оюуны хоосрол газар авч, авилга—хулгай хавтгайрсанаас баян хоосоны ялгаа ихэсч, хямралт байдал гүнзгийрсээр буйг эрхбиш сэрэлээрээ мэдэрч хувьсгал өрнөж хулгай хийх эрх мэдлээ алдахаас болгоомжлон “ху” үсэг орсон бүх үгийг монгол хэлний үгийн сангаас хасч олны сэтгэлийг засах гэв үү? Тэдний энэ болгоомжлолоос үл хамааран тэгэхээс тэгэх гэсэн мэт хувьсгалын тухай сэдэв олны дунд ам дамжин түгсээр л байх бололтой.

Хувьсгал гэдэг нийгмийн халдварт өвчнийг анагаах эм, ондоо үгээр хэлбэл нийгмийг засварлах багаж, бүр тодруулбал хувьсгал гэдэг чинь хулгайч дээрэмчдээс салах арга зам гэлтэй. Гагцхүү түүнийг зөв онол, мэдлэг дээр тулгуурлан зөв замаар хийх нь чухал. Шинэ цагийн шинэ Монголыг бүтээхийн тулд олон түмний оюуныг гэгээрүүлсэн Мэдлэгийн Түгээмэл хувьсгалыг өрнүүлээсэй. Үндэстэн даяараа зөвшилцөлд хүрэх замаар өнөөдрийг хүртэл нийгэмд буй болсон бугшмал өвчнөөс салах цор ганц зам бол гагцхүү хувьсгал ажээ.

5 comments:

Bellerophon said...

Manai niigmiin olonh ni erh chuluu, shudraga yosiin tuhai zuv oilgolttoi bish bol huvisgal hiih ni ayultai bolvuu.

Batbayar said...

Өнөөгийн ерөнхийлөгч болон улсын отгон баатар нар 2Э хувьсгал хийн цус урсгаж монголчуудыг зовоох гээд байна гэсэн суртлыг залхтал давтаж байна.
Эндээс нэг сонин логик дүгнэлт хийж болхоор байна.
90онд хувьсгал хийгчид нь Ерөнхийлөгч&УлсынБаатар тэргүүтнүүд байсан, харин эрх баригчид нь МАХН-н удирдлага тухайлбал Ж.Батмөнх агсан байсан.
Хувьсгалын шаардлагыг эрх баригчид хүлээн зөвшөөрч уулзаж зөвшилцсөнөөр тайван замаар хувьсгал өрнөх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Харин одоо бол хувьсгалчид маань эрх баригчид болж хувьсгал хийгчид нь 2Э тэргүүтэй нөхдүүд байна. Гэтэл одоогийн эрх баригч нар хувьсгал гарах л юм бол цус урсана зовно гээд ирээдүйг харж байгаа юм шигээр төсөөлж хэлээд байгаа нь өөрсдийнх нь хийх хариу үйлдэл юм биш үү.
Тэд яагаад 90оны удирдагчид шиг сэтгэхгүй үйлдэхгүй байна вэ, яагаад өөрсдөө Батмөнх агсан нар шиг асуудлыг авч үзэхгүй байна??

Зорилго said...

Minii huvid niigem gedgiin jijig huvilbar ni minii amidral gej uzdeg. Minii amidral nadad neg l bish sanagdsan esvel busad hunii amidraltai haritsuulgad doroi buurai yavaa gej uzvel bi yamar negen baidlaar oorchloltiig hiine. Haanaas yaj ehlehee bas nadad yamar bolomj bgaa gedgees shaltgaalan bolohgui zuiliig oorchlon iluu saihan zuilruu temuuleh bolno. Iim zuiliig zuvhun bi ch bish buh hun hiij chadna. Yag uuntei adil hun bur l mongoliin niigem bolohgui neg l bish bgaag medej bgaa ch haanaas henees yunaas ehlehee medehgui bna. Bas bid heterhii zavgui esvel heterhii zavtai bgaa bolhoor ene zuiliig yaj oorchloh tuhai udaan bodohgui bas bodohiig ch husehgui bgaa yum shig ee

www.ulemj.com said...

Ажилгүйдэл гуйланчлал хэт их байгаа нийгэмд хувьсгал шиг амархан юм алга. Ленин "та нар эздийгээ алаад хөрөнгийг нь хувааж авцгаа" гэж уриалсан юм бишүү. Нийгэмийн шилжилт маш алгуур л явах байх. Одоогийн нөхцөлд бүгд сүлбэлдсэн...

Erkardo said...

Маш зөв зүйтэй асуудлыг хөндсөн байна. Монголын нийгэмд өнөөдөр өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй, байнга хэрэг болсоор байх болно.

Гэхдээ! Монгол Улсад ардчилал байна. Бид хүсвэл 76 г бүгдийг нь сонгохгүй байж болно шүү дээ. даанч Масс тэгж мэдэхгүй байна.

Өөрөөр хэлбэл хувьсгалыг бид өөрсдийнхөө сэтгэхүй, оюун санаанд хийх хэрэгтэй байна.

Бүх нийтээрээ мөнгө тараах нь буруу зүйл гээж мэддэг болж хувьсмаар байна. хэрвээ тэгвэл энэ 76 -ын ихэнх нь дараа жил сонгогдохгүй. Энэ чинь л жинхэнэ жам ёсны, аюулгүй, тайван, зөв хувьсал биш үү?