8/6/12

Авилгын харанхуйд үүрийн гэгээ татав уу

Авилга гэдэг үзэгдэлтэй бид нэг л мэдэхэд ижил дасал болж орхиж. Энэ хорт мангас манай нийгэмд тун хүчтэй нэвчээд буй. Найман нэрийн барааны дэлгүүр, хиамны үйлдвэрийн зөвшөөрөл авах, сунгах зэргээс эхлээд ер бүх л төрлийн ажил хөөцөлдөхөд, за тэгээд засгаас зарлах тендер гэвэл заавал авилга атгуулна. Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимжсэнээс болж засаг мөнгөжихийн хэрээр авилгын хэмжээ, хүрээ хамаагүй том болж хувирчээ. Авилга байдаг гэдгийг үгүйсгэх хүн манай улсад ганц ч байхгүй. Найман нэрийн дэлгүүр, дунд сургуулийн багш, эмч нарт атгуулдаг хэдэн бор төгрөг, набоор энэ тэр бол юу ч биш, хэдэн зуун мянга, сая доллараар хэмжигдэх болжээ.

Хамгийн их авилга эргэлддэг газар  улстөрийн салбар болсон мэт. Сонгуульд орох эрхээ намаасаа мөнгөөр худалдаж авна. Сонгуулийн нэг тойрогт гарах сурталчилгааны зардлыг тооцох нэгж тэрбум төгрөг болж өсчээ. Хүмүүсийнх нь дундаж цалинтай харьцуулахад байж боломгүй том тоо. Мөнгөгүй хүн сонгуульд оролцох боломжгүй. Төрд насаараа ажилласан улсууд хамгийн баян байдаг, хахуулийг ихээр өгдөг компани огцом баяждаг жишиг бол манай өнөөгийн бодит байдал юм.

Авилга гэдэг угтаа хүн төрөлхтний хамгийн хөнөөлт дайсны нэг юм. Энэ хорлонт дайсан хэзээ үүсч бүрэлдэв? Эрт нэгэн цагт Ромын эзэнт гүрэн гэж айхтар хүчтэй төрт улс байжээ. Тэр улсын ард иргэд ихээ халуун цустай, цөс ихтэй амбицлаг хүмүүс байсан нь тэгж мандан бадрахын үндэс болсон гэж судлаачид үздэг. Харин, тэр хүчирхэг гүрэн авилга гэгч хорт мангаст идэгдсэнээс болж мөхсөн юм. Авилгад идэгдсэн тэрхүү хүчирхэг гүрнийг хорт муу аюулаас салгаж цэвэрлэсэн нь бидний өвөг дээдэс Хүн гүрэн ажээ. Европчуудын дунд Аттилагийн стратегийн тухай ном одоо ч алдартай. Дэлхийн талыг эзэлсэн Монголын эзэнт гүрний нуран унасан шалтгаан бас л авилгатай холбоотой.

Авилгаас салаагүй цагт хөгжил дэвшлийн тухай санасны ч гарз. Манайд харин сүүлийн жилүүдэд энэ тухай сүрхий ярьж, ганц хоёр авилгачийг шийтгэдэг болж байгаа нь асар том дэвшил юм. Монголын ард түмэн оюун ухааны хувьд том дэвшилд хүрч байна гэсэн үг. Хөгжил гэдэг чухамдаа ийм л дэвшлээс эхэлдэг. Түүх гэдэг  чухамдаа хүний оюун ухаанд гарч буй ийм төрлийн процессийг хэлдэг болохоос зүгээр нэг үйл явдлын он дарааллын бичиг биш.
Хэдэн жилийн өмнө гаалийн хэмээх Баатрын хэрэг илэрсэн нь анхны томоохон авилгын хэрэг байв. Дараа нь банк цөлмөсөн хэд хэдэн хэрэг гарсан нь бас л авилгын хэрэг юм. Сураг ажиг нь гарч байснаа чимээгүй болж одсон авилгын хэргүүд ч олон. Харин, энэ удаад хорт үзэгдлийн үрийг Монголын улстөрд маш хүчтэй үндэслүүлж ургуулсан гол эзэн гэгддэг гурав дахь ерөнхийлөгчийн хэргийг шийдлээ. Энэ бол чухамдаа авилга гэгч хөнөөлт дайсан, бас шашин гэгч хар тамхинд гүн автсан харанхуй нийгэмд гэрэл гэгээ сацрахын горьдлого төрүүлсэн түүхэн үйл явдал боллоо.

Гэвч, авилгатай тэмцэхэд саад болохыг санаархаж буй хувь хүмүүс, нам бүлэглэл, хөдөлгөөн мэр сэр байгаа бололтой. Муу ч, сайн ч төрт нэгэн улсын институц ажиллаад дуулиант хэргийг зоригтой шийдэн том алхам хийлээ. Ардчилсан нийгэмд хүмүүс янз бүрийн саналтай байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлж болноо. Гэхдээ, авилгатай хийх тэмцлийг системтэйгээр, зохион байгуулалттайгаар эсрэгцэн тэмцэлдэх эрх хэнбугайд ч, ямар ч байгууллага, бүлэглэлд байх учиргүй.

Сүүлийн хорин жилд хүчээ авч соёолж ирсэн авилга гэгчтэй хийсэн тэмцэл арайхийн үр дүнд хүрч эхэлсэн энэ эгзэгтэй цагт илүү оновчтой бодлого явуулж, авилгын  уг үндсийг үтэр түргэн устгах тэмцлийн эрчийг улам чангаруулах бодит шаардлага байна. Үүний тулд авилгын эсрэг Үндэсний гэрээнд бүх нам, улстөрийн хүчнийг нэгтгэн ам өчгийг нь авах хэрэгтэй. Авилга гэгч зөвхөн Монголын төдийгүй, хүн төрөлхтний намбар ван дайсан болсон энэхүү хорт дайснаас салахын тулд монголчууд бүгдээрээ хүч, оюунаа нэгтгэх шаардлагатай байна. Үүний тулд Авилгатай тэмцэх Үндэсний Зөвшилцлийг зарлаж түүнд хамгийн түрүүнд улстөрийн намуудыг татан оролцуулах нь зүйтэй. Ямар ч тохиолдолд аль нэг улстөрийн нам авилгатай хийх тэмцлийн эсрэг элдвээр дуу хоолой гаргадаг явдлыг бүрэн зогсоох учиртай. Хэрвээ, ийм зөвшилцөлд нэгдэхгүй байр суурьтай улстөрийн нам байвал хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг дэмжсэн хэргээр шууд татан буулгаж, зохих шийтгэлийг олговол зохино. Гаалийн Баатар авилга авсныгаа намынхаа төлөө хийсэн гэж хээв нэг өчсөн гэдэг. Авилгыг өөгшүүлдэг нам байсан цагт Монголын ард түмэн хэзээ ч өөдлөхгүй.

Гүрж улс авилгатай хийсэн тэмцэлдээ чамгүй амжилт олсныг дэлхийд сайн жишээнд тооцож байна. 100 мянган доллараас дээш хөрөнгөтэй этгээдийг тэрхүү мөнгөө шударга хөдөлмөрөөр олсноо батал, чадахгүй бол Ард түмний нэгдсэн дансанд мөнгөө 6 сарын дотор тушаа, тэгвэл өршөөнө, үгүй бол зохих шийтгэлийг олгож 7-оос дээш жил хорих ял оноох замаар асуудлыг шийджээ. Үүнийгээ Авилгын өршөөлийн хууль гэж нэрлэсэн байна. Энэ мэт сайн жишээг судалж авилгыг устгах тэмцлийг хурдасгах хэрэгтэй.

Энэ цагт авилгын эсрэг хийж буй тэмцэл Монгол улс хөгжиж дэвжихийн эхний том алхам болно. Энэ ололт Монголын олон зуун мянган энгийн ард иргэдээс авахуулаад шударга сэхээтнүүд эх орондоо ажиллаж амьдрах итгэл, сэтгэлийн хүч бэлэглэнэ.

3 comments:

Pagma said...
This comment has been removed by the author.
SODON said...

Авилгыг бүрэн устгана гэж байдаггүй байх, гэхдээ маш бага хэмжээнд байлгах боломж бий гэж бодно. Гэхдээ ямар арга механизм хэрэглэх вэ гэдгийг бусдаас сайн судалж хэрэглэмээр юм шиг. Гүржийн жишээ бол бас л бодож үзүүштэй практик байна шүү.

SODON said...

Авилгыг бүрэн устгана гэж байдаггүй байх, гэхдээ маш бага хэмжээнд байлгах боломж бий гэж бодно. Гэхдээ ямар арга механизм хэрэглэх вэ гэдгийг бусдаас сайн судалж хэрэглэмээр юм шиг. Гүржийн жишээ бол бас л бодож үзүүштэй практик байна шүү.