7/11/13

21-р зууны Пакс Монголикаг бүтээх нь


Зууны Мэдээ сонины 2013 оны 7 сарын 10-ны дугаарт
            
Япон, Монголын стратегийн түншлэлийн агуулгыг аюулгүй байдлын салбарын хүрээнд эрэгцүүлж үзье. Өнгөрөгч 3 сарын 30, 31-нд   Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо 100 гаран дагалдагсдын хамтаар манай улсад айлчилсан билээ. Богино хугацаанд үргэлжилсэн ч 2 улсын найрамдалд өгөөжөө өгсөн айлчлал болсон гэж үзэж байна. Японы ерөнхий сайд Монгол руу мордохоосоо 1 хоногийн өмнө айлчлалын зорилго, ач холбогдлын талаарх өөрийн бодлоо манай 5 томоохон сонинд нийтлүүлсэн юм. Нийтлэлд 2 улсын стратегийн түншлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар өөрийн бодож буйгаа Монголын ард түмэнд илэрхийлсэн юм.

            Абэ ерөнхий сайд 2 улсын хамтын ажиллагааны тулгуур болох үндсэн 3 үзэл санааг тодорхойлов:
            2010 онд 2 улс стратегийн түншлэл хөгжүүлэхийг хамтын дипломат зорилго болгон санал нэгтэйгээр тодорхойлсон билээ. Ерөнхий сайд тэрхүү зорилго 3 үзэл санаан дээр суурилан хэрэгжинэ гэж үзжээ. Үүнд 1-д, эрх чөлөө, ардчиллын үзэл санаа, 2-т, энх тайвны үзэл санаа, 3-т, харилцан туслах үзэл санаа юм.
            Энх тайваны үзэл санаа гэдэгт ямар агуулга орох вэ?
            Уг нийтлэлд “Хоёр улс олон улсын хамтын нийгэмлэгт нэг талыг барьсан хүч түрэмгийлсэн хэлбэрээр нөхцөл байдлыг өөрчлөх биш, “хууль дүрмийг дээдлэхийг” илүүтэй чухалчилна” гэсэн нь хүч хэрэглэх улстөрөөс татгалзсан хэрэг юм. Түүний урьдач нөхцөл болгож аюулгүй байдлын салбарт ч хамтын ажиллагааг хөгжүүлнэ хэмээн санал болгожээ. Мөн, зөвхөн 2 улс хооронд төдийгүй, бүс нутгийн хүрээнд, даяаршлын сэдвүүдийн хүрээнд нэгэн ижил үнэт зүйл бүхий хамтрагчид байна гэж тодорхойлсон юм.

Абэгийн саналыг хэрэгжүүлэх арга зам—харилцан ярилцах шаардлага
            Энэхүү саналыг илүү тодорхой агуулгатай болгох үүрэг 2 улсын холбогдох этгээдүүдийн өмнө тавигдаж байна.  Абэгийн дэвшүүлсэн санал нь дээд түвшний байр суурьнаас дэвшүүлсэн илэрхийлэл юм. Тиймээс тодорхой агуулга бүхий үйл ажиллагааны ерөнхий хүрээг тодорхойлохын тулд 2 улсын янз бүрийн түвшний албан тушаалтан, хариуцлагатнуудын дунд олон төрлийн харилцан яриа өрнүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна.
            Харилцан яриа нь албан ёсны хэлбэрээс албан бус хүртэл өргөн хүрээг хамрах шаардлагатай гэдэг нь ойлгомжтой. Түүний дээр, засгийн газрын хариуцлагатнууд төдийгүй хувийн сектор, иргэд, мэргэжилтнүүдээс бүрдсэн, хэмжээний хувьд том жижиг төдийлөн хамаагүйгээр олон улсын түвшний хурал, зөвлөгөөн зохион байгуулах шаардлагатай нь харагдаж байна.  Энэ нь харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтой. Ялангуяа Төрийн Бус Байгууллагын санаачилгаар өрнүүлэх иймэрхүү харилцан яриа нь Засгийн газар хоорондын албан ёсны хэлэлцээг урагшлуулахад дөхөмтэй орчинг бэлдэх төдийгүй иргэний түвшний харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох нь дамжиггүй.
            Тийм харилцан ярианы хувьд, Монгол талын байр суурьнаас харахад ямар төрлийн асуудлууд дэвшүүлж болохыг  дор сийрүүлж үзье. Энэ нь Япон талын холбогдох хүмүүст Монгол талыг ойлгоход зарим талаар тус дөхөм болохуйц санаа байгаасай гэж хүсч байна.
           
Хүч хэрэглэх улстөрөөс ангид байх арга замыг санал болгох нь
            Монгол бол Орос, Хятад гэсэн 2 их гүрний дунд оршдог эх газрын улс билээ. Харин Япон нь АНУ, Орос, Хятад гэсэн 3 их гүрэнтэй хиллэдэг далайн улс. Энэхүү геополитикийн орчины зүгээс үзвэл аюулгүй байдлын хувьд 2 улс маань төстэй нөхцөл дунд байдаг гэж хэлж болно. Мөн 2 улсад адилхан байдаг онцлог гэвэл 1-д, цөмийн зэвсэггүй статус, 2-т, их гүрнүүдийн эсрэг хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулах нь бодит байдалд үл нийцэх хязгаарлалттай байдал юм.
            Тэдгээр адил төстэй нөхцлүүдийг тооцож үзвэл 2 улс хоорондын стратегийн хамтын ажиллагааны ерөнхий дүр зургийг төсөөлөхөд хялбар болно. Хоёр улс энх тайван, тогтвортой, тасралтгүй үргэлжилсэн олон улсын хамтын ажиллагааны орчинг бүтээхийн төлөө ажиллах нь дипломат бодлогын хувьд хамгийн хүчтэй зэвсэг болох боломжтой.  Өөрөөр хэлбэл, Preventive Diplomacy буюу урьдчилан сэргийлэх дипломат бодлого явуулах нь эн тэргүүний зорилт болох учиртай.

21-р зууны Пакс Монголика
            Чингис хаан тухайн цагийн Евроазийн эх газарт хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан нь хүн төрөлхтний түүхнээ анх удаа Дэлхийн Нэгдсэн Улсыг бүтээсэн үйл явдал болсон билээ. Тэр агуу эзэнт гүрний нөлөөгөөр бүтсэн энх тайван ертөнцийг Pax Mongolica буюу Монголын Энх Тайван хэмээн даян дэлхийд нэрлэсээр ирсэн юм. Дэлхийн бөмбөрцгийн нийт эх газрын 30 хувийг хамарч, тухайн үедээ 100 гаран сая байсан дэлхийн хүн төрөлхтөнд энх тайвнаар зэрэгцэн орших боломжийг олгосон тэрхүү систем дор хаяж 160 гаран жил үргэлжилсэн түүхтэй.  Энэ хугацаанд дэлхийн хүн төрөлхтний соёл, худалдаа, технологи, эдийн засгийн хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр эрчимжин хөгжжээ.
Пакс Монголикагийн гол онцлог нь аюулгүй байдлын талаарх мэдээллийг төвлөрсөн хэлбэрээр цуглуулж боловсруулж чаддагт байжээ. Тийм ч учраас Пакс Монголикагийн үеийн монгол төр урьдчилан сэргийлэх дипломат бодлогыг цаг ямагт авч хэрэгжүүлж байсан юм. Цэргийн хүч хэрэглэх нь хамгийн сүүлчийн шатны арга хэмжээ байсан гэдгийг түүхийн баримт гэрчилдэг. Энэхүү түүхэн үнэн нь өнөөгийн аюулгүй байдлын бодлогын хувьд ч хамгийн үр дүнтэй хандлага юу байж болох талаар зохих сургамж болж байдаг гэж хэлж болно.
            Орчин цагийн Монгол улс 3-хан сая хүнтэй жижиг улс. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр Японоос бараг 4 дахин илүү.  Нийт нутгийн 70 хувь нь уулархаг бүсд хамаарах Японы цувраа арлуудад 120 гаран сая  хүн суудаг.
            Хоёр улсын аюулгүй байдлын хамгийн том сэдэв бол улсынхаа нутаг дэвсгэрийн эргэн тойрны олон улсын орчинг тасралтгүй тогтвортой байлгах явдал мөн. Түүний тулд цаг ямагт эрэл хайгуул хийж байх шаардлагатай.
            Буурал түүхийн нугачаанд хуримтлуулсан Монголчуудын  гадаад бодлогын мэдлэг, туршлага Япончуудын хувьд ч тус нэмэр болох учиртай. Аюулгүй байдлын сэдвээр Улаанбаатар хотноо 2 улсын мэдлэг, туршлага бүхий мэргэжилтнүүдийн дунд бүтээлч харилцан яриа өрнүүлэх нээлттэй талбарыг бэлдэж зохион байгуулах хэрэгцээ гарч ирж байна. Тэрхүү талбарт 2 улсын хариуцлагатан, мэргэжилтнүүд төдийгүй, 3 их гүрний холбогдох хүмүүс, Энэтхэг, Вьетнам, Өмнөд Хойд Солонгосын димпломат харилцааны мэргэжилтнүүд уригдан илтгэгчээр оролцвол бүр илүү үр өгөөжтэй арга хэмжээ болох биз ээ.
            Тийм төрлийн харилцан ярианы талбарыг бэлдэх нь Пакс Монголикагийн орчин үеийн хувилбарыг бүтээхтэй ч холбогдоно. Энэ нь Япон, Монголын стратегийн түншлэлийн хөгжлийн түлхэх хүч болж, улмаар ирээдүйн Номхон далай, Азийн бүс нутгийн энх тайванч шинжийг тодорхойлох нэгэн суурь болно гэж найдаж байна.  


1 comment:

M Hari Kumar said...

ateringlife.blogspot.com