4/20/21

Урлаг, Бөх, Улстөр гэсэн гурван хорлонтой салбар Монголыг сөнөөж байна

- Их дээд сургуулийн эрдэмтэн мэргэд дэлхийн түвшинд асуудлыг харж, хоцрогдсон улстөрчдийн амыг харах биш, тэднийг ухааруулж, ичээж, манлайлах хэрэгтэй- 

  1. Юуны өмнө ярилцлагын саналыг хүлээж авсанд талархлаа. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу. 
- Би уул нь инженер хүн. Японд мэдээллийн технологиор суралцаж байлаа. Мэргэжлийнхээ чиглэлээр компани байгуулж японы зах зээл дээр ажиллаж байлаа. Одоо бол геополитик, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа хийдэг Евразийн стратеги судлалын хүрээлэнгийн захиралаар ажиллаж байна. 

 2. Улс орны хөгжлийн тулгуур нь инженерүүд байдаг. Инженер сэтгэлгээтэй хүн л баялаг бүтээгч болдог. Тиймийн учир хүүхэд залуучуудыг багаас нь инженер сэтгэхүйтэй болгомоор санагдах юм. Энэ нь бүр улс орны бодлого баймаар. 
- Санал нэг байна. Улс орны хөгжлийн тулгуур нь аж үйлдвэр юм. Тэгэхдээ манайх шиг газрын баялагт дулдуйдсан аж үйлдвэр биш. Уул уурхайн бус, боловсруулах аж үйлдвэр гэдэг зүйл улс орны хөгжлийн гол тулгуур юм. Аль ч цаг үед, аль ч улсын хувьд энэ бол хөдөлшгүй үнэн байж ирлээ. Тийм учраас инженерүүд улс орны эдийн засгийг үүрч явдаг гол хүмүүс байдаг. Тэр утгаараа ч нийгэм дэх байр суурь, нэр хүнд өндөр байдаг. Ер нь аливаа улс орны хөгжил гэдэг тухайн улс өөрийн гэсэн онцлогтой, бусдаас давуу тал бүхий аж үйлдвэрийг хөгжүүлж чадах эсэхээс шууд хамаардаг. Оршин тогтнохын аюулгүй байдал нь ч үүнээс шууд хамаарна. Үүнийг түүх гэрчилнэ. Англи, Америк, Япон гээд барууны аль хөгжилтэй гэсэн орнууд өөрийн гэсэн аж үйлдвэр, технологийн хүчээр өнөө хэр хүчирхэг хэвээр байна. Аж үйлдвэрээс түрүүн хөдөө аж ахуйгаа бусдаас хараат бус болгож, тэргүүний технологиор хөгжүүлсэн байх ёстой. Энэ бас амин чухал зүйл. Манай хувьд энэ байдлыг сайн ойлгохгүй явж ирлээ. Өөрийн гэсэн онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлж, тэр салбарын бүтээгдэхүүнээ дэлхийн хаана ч борлох түвшинд хийж чадаж байж, сая улс орон тулхтай хөгжлийн сууриа тавьж чадна. Харамсалтай нь, даяарчлалд хөтлөгдсөн сүүлийн 30 жилд бид аж үйлдвэрээ хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх бүү хэл, харин ч түүний яг эсрэгийг хийсээр ирлээ. Үр дүнд нь зөвхөн импортоор амьдардаг улс болчихлоо. Тэгээд баахан сүлжээний бизнес, түүнийг дагасан сургалт мургалт, тиймэрхүү аж үйлдвэртэй улс боллоо. Хөдөөгүүр алт их ухаж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн чухлыг эс ойлгон, даяарчлагчдын зааж хэлснийг үг дуугүй даган биелүүлж ирсний гор гарч байна даа. Ийм улсад инженер, шинжлэх ухаан технологийн судлаач эрдэмтэд огт хэрэггүй болдог юм байна. 

  3. Харамсалтай нь өнөөдөр Монголд инженерүүд баялаг бүтээгчид бүхний ард байна. Харин хошин шогийн жүжигчид, дуучид, бөхчүүд нэр хүндтэй байна. Энэ талаар таны бодол? 
- Нэгэнт аж үйлдвэргүй улс болсон юм чинь инженерүүдийн хэрэг байхгүй болж байна. Тэдний үүрэг нийгэмд байхгүй болж, байр суурь нь ч суларч байна. Уг нь улс орны гол ачааг инженерүүд нуруундаа үүрч, урлаг соёл, спортынхон улс орныхоо алс ирээдүй, хөгжлийн төлөв, бүтээн байгуулалтын тухай бүтээл туурвиж, ард түмнийхээ сэтгэлийг засаж чиглүүлж, өргөж, хөдөлмөрийн хүний дүрийг нийгэм даяар хүргэж байх ариун үүрэгтэй сэн. Энэ бол улсыг бүтээх, төрийг бүтээх гэдэг үйлсийн хамгийн язгуур шинж болсон зүйл. Харамсалтай нь, манай урлаг спортынхон тэрхүү жанжин шугамаас хазайж халиад удаж байна. Манайд урлагийн салбар байхгүй болж, мөнгөний араас улайрсан хийрхэгчдийн солиорол маазрал бий болоод удаж байна. Бөхчүүд бас ялгаагүй. Урлаг, Бөх, Улстөр гэсэн гурван Хорлонтой салбар Монголыг сөнөөж байна гэхэд хилсдэхээргүй боллоо. Уул нь Улстөр, Урлаг, Спорт гэсэн энэ 3 салбар чинь Төрийг бүтээх үйлсэд асар чухал үүрэгтэй, гурван чухал тулгуур юм шүү дээ. Гэтэл бид одоо өөдөө харах ёстой нь уруугаа харсан гэмээр урвуу эрэмбэтэй нийгэмтэй болчихлоо. Цаг өнгөрөх тусам, улам бүр тийм болсоор байна. Тийм болгох ажлыг урлаг, спортынхон улстөрийн ах эгч нартайгаа нийлээд хийгээд байна л даа… 

  4. Яавал инженерүүдээ нэр хүндтэй болгож нийтээрээ маазарсан, дуулсан, хуурдсан, бөхөө шүтсэн сэтгэхүйг өөрчлөх вэ? Үүнд инженерийн суурь боловсрол эзэмшсэн хүний хувьд байр сууриа илэрхийлнэ үү. 
- За улстөрчдийг сайн болгочихвол бүх юм зөв замаа олно гэж худлаа хэлээд яахав. Тэр бол мянгуужингийн үлгэр. Тэдэнд найдаад хэрэггүй гэдгийг эрхбиш одоо ирж бултаараа ойлгож эхэлж байх шиг. Нийт олноороо сэрж, сэтгэж, ухаарч сэхээрэх хэрэгтэй байна. Бид өөрсдөө сэхэж сэхээрч байж энэ уруугаа чиглэсэн чөлөөт уналтыг зогсоохгүй бол тулаад зогсох ёроол гэж байхгүй… Хэрвээ тулах ёроол байна гэвэл бид тэр үед сөнөөд үгүй болчих байх. Хүн бүр, иргэн бүр улстөрчдөд, төр засагт шаардлага тавьдаг, тэднээс хийж байгаа үйл ажиллагааг нь тодруулж асуулт тавьж, хариугаа авдаг, буруу зүйлийг нь шүүмжилж байгаад шахаанд оруулж алдааг нь засуулж авч чаддаг болох хэрэгтэй. Төрөөс хулгай хийж, улс үндэстний баялгийг цөлмөж амар хялбар замаар амьдардаг хэдэн үе, давхарга үүсчихээд байгааг устгах хэрэгтэй. Ардтүмэн хүчээ нэгтгэж чадвал төрийг бүтээх үйлсийг засаж залруулж чадна. Өнөөг хүртэл тогтсон буруу улстөрийн буруу бодлогыг олны хүчээр засах хэрэгтэй. Ардтүмний дуу хоолойг нэгтгэхэд энэ сошиал орчин их чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ үйл явцыг мэдлэг боловсролтой, үндэсний үзэлтэй сэхээтний цөөнх манлайлж ажиллаасай. Ер нь ч тийм байдаг. Тэдгээр цөөнх чинь ардтүмнээ гэгээрүүлж, төрийн удирдагчдыг бэлдэж гаргаж ирдэг. Тэрнээс биш, нэг сайхан нартай өдөр Чингис хаан маань дахин мэндлээд бүхнийг засаад өгнө гэж байхгүй. Чингисийг төрүүлж бүтээх үндэсний “язгууртан” сэхээтнүүд бий болох хэрэгтэй байна. Ерөөсөө улс үндэстний хүч чадал гэдэг бол ардтүмнийх нь мэдлэг боловсрол, ёс зүй, зориг тэмүүлэл, бүтээлч чадварт байдаг. Тиймээс ардтүмнийхээ сэтгэлгээний соёлыг бүтээх нь төрийн анхдагч үүргийн нэг байх ёстой. Төр засаг гэдэг бол улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхтэй зэрэгцүүлээд үндэснийхээ сэтгэлгээний соёлыг бүтээж байдаг. Манайд аль аль нь алга. Газрын баялаг хулгайлж баяждаг нэг давхарга, тэдгээр баяжигчдыг дагаж алиа салбадай мэт аяглаж амь зогоодог урлаг, соёл, бөх “бухчуудын” бүхэл бүтэн арми-давхарга бий болж тогтлоо. Тэд маш хорлонтой юм. Хулгайч улстөрчдийг гаргаж ирж амь бөхтэй байлгах орчинг тэд бүрдүүлж байна. Урлаг спорт хэмээх ардтүмнээ соён гэгээрүүлж залж чиглүүлж байх учиртай давхарга нь тийм завхарсан дүр төрхтэй болчихсон учраас ардтүмэн өөртөө найдаж, өөрсдөө хүчээ нэгтгэхээс өөр аргагүй. Нийгмийн сэтгэлгээг бүтээж байдаг сэхээтний давхарга маань өндийж босож ирэх хэрэгтэй байна. Тэд ардтүмнийхээ сэтгэлгээг залж чиглүүлж, болохгүй бүтэхгүй юмыг зоригтой хэлж, ардтүмнийг доромжилж байдаг тэдгээр давхаргыг юун түрүүн сонгуулийн аргаар халахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Ардтүмэн хүчтэй шаардлага тавиад Монголын нийт ардтүмний баялгийг хулгайлж амьдардаг тэр давхаргыг гишгэх газаргүй болтол илчлэх хэрэгтэй. Тэд хулгай хийж баяжчихаад дийлдэхгүй байна шүү дээ. Ирээдүйнхээ төлөө, үр ач хойчсынхоо төлөө өнөө үеийнхэн зоригтой тэмцэх хэрэгтэй байна. 

  5. Их сургуулийн физик, химийн тэнхим бараг элсэх оюутангүй дуулдаж байгаа нь гунигтай юм. ШУТИС болоод их сургуулиудын байгалийн шинжлэх ухааны тэнхимийнхэн яаж энэ чиглэлд олон оюутныг бэлдэж бий болгох тал дээр саналаа хэлнэ үү? 
- Дээр хэлсэнчлэн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлого байхгүй учраас аж үйлдвэрийн салбарууд хөгждөггүй. Түүнийг дагаад инженерүүдийн нийгмийн байр суурь сул. Бусад шинжлэх ухааны салбарууд ч мөн ялгаагүй тийм болж байна. Энэ байдлыг засахад олон талт бодлого явуулах шаардлагатай. Мэдээж төрийн зөв бодлого нэн чухал үүрэгтэй. Түүнээс гадна тухайн мэргэжлээр сургадаг их дээд сургуулиуд маань хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга барил, агуулга, хэлбэртээ шинэчлэл хийх цаг болжээ. Физик, химийн мэргэжлийнхэн аль ч салбар руу хөрвөх боломжтой. Тийм чадварыг оюутнууддаа эзэмшүүлэх хэрэгтэй юм. Японд гэхэд сургуулиа төгсөөд мэргэжлээсээ тэс өөр салбараар мэргэшээд явах нь хэвийн үзэгдэл байдаг. Бакалаврын 4 жилд тухайн мэргэжлийг тэгтлээ гүнзгий судалж, мэргэшиж чаддаггүй. Өдгөө дэлхийд манлайлаад байгаа Амазон, Гүүгл гэх мэтийн баргийн улсаас ч том болчихсон компаниуд гэхэд уламжлалт хэлбэрийн дээд боловсролыг голдог болчихлоо. Тэд өөрсдөө компани дотроо өвөрмөц маягийн, орчин цагийн шаардлагад нийцсэн дээд сургуультай болж, тэндээ ажилтнуудаа бэлдэж байна. Тиймээс дэлхий даяар иймэрхүү боловсролын шинэчлэлийн асуудал яригдаж байгаа үед манай их дээд сургуулийнхан маань цогц шинэчлэл хийх шаардлагатай. Мэдээж энэ бол төрийн бодлогоос шууд хамаарах ч гэлээ, манай их дээд сургуулийн эрдэмтэн мэргэд маань дэлхийн түвшинд асуудлыг харж, хоцрогдсон улстөрчдийн амыг харах биш, тэднийг ухааруулж, ичээж, манлайлах хэрэгтэй байна гэж хэлье дээ. Дашрамд хэлэхэд Израилийн хөгжлийн тухай агуулгатай “Старт-ап үндэстэн” номыг манай сэхээтнүүд уншаасай гэж зөвлөх байна. Тэр ном бидн хоёрын ярьж буй сэдвүүдээр хүнд нэлээн юм бодуулна. 

  6. Ер нь хүүхдийг багаас нь инженер техникийн сэтгэлгээтэй болгохын тулд яах ёстой вэ? Бүгдээрээ дуучин, хуурчин, бөхчин болоод энэ улс орон чинь сүйрлээ шүү дээ. 
- Үүнд нийгмийн сэтгэлгээ өөрөө их чухал нөлөөтэй. Инженер, технологичид, эрдэмтэд нь нийгмээ, нийгмийнхээ сэтгэлгээг манлайлдаг тийм нийгэмтэй болох хэрэгтэй байна. Тийм нийгмийг бүтээх хэрэгтэй байна. Нийгмийг өнөө завхай зайдан урлаг, спорт, улстөр гэдэг давхарга муу муухай үлгэрээр удирдан чиглүүлж байдаг биш, өндөр ёс суртахуунтай, бүтээлч сэтгэлгээтэй, эрдэм мэдлэгтэй сэхээтнүүд нь тэргүүлж авч явдаг болохын цагт аяндаа хүүхдүүд маань багаасаа тийм мэргэжлийг сонгох болно, эцэг эхчүүд ч гэсэн аяндаа хүүхдээ тэр чигийн мэргэжилтэй болгох гэж боддог болно. Хүүхдийг инженер техникийн сэтгэлгээтэй болгоход хэрэгтэй өчнөөн зөвлөгөө өгч болох ч, өнөө буруу үлгэр дууриал үзүүлэгчид чинь хүүхдийн анхаарлыг буруу зүйл рүү үлгэрлэн татаад байхлаар юм ярихад хэцүү байна шүү дээ. Амьдарч байгаа орчин, нийгэм хүүхдэд шууд нөлөөлж өдөөж байдаг. Боловсролын системээ цогцоор нь харж шинэчлэх хэрэгтэй байна. Ер нь хүүхдийг багаас нь бага гэж гололгүй, өргөн мэдлэгтэй, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, дайчин, бүтээлч хүн болгож хөгжүүлэхэд хэрэгтэй мэдлэгийг томчууд бид өөрсдөө үлгэрлэж, ярьж чиглүүлж зөвлөж байх хэрэгтэй. Хүүхэд өөрөө асар том ертөнц. Ялангуяа технологи хөгжсөн орчин цагийн хүүхдүүд маш ухаалаг болсон шүү дээ. 

  7.Олны шүтэн бишрээд байдаг урлаг, спортын одууд нийгэмд ямар үйлдэл үзүүлж байгааг бид бүхэн харж байна. Сошиалд тэдний увайгүй үйлдлийг жигшиж байгаа нь харин сайшаалтай. Урлаг, спортынхон гэдэг чинь эцэстээ ёс суртахуунгүй дандаа шүтэгдэж явсаар байгаад хүнээ байчихсан хүмүүс байдаг юм бишүү. Үүнд иргэнийхээ хувьд бодлоо хуваалцахгүй юу? 
- Сүүлийн үед, үнэхээр, сонсоод чихэндээ ч үл итгэм бүдүүлэг муухай үзэгдэл, үйлдлүүд ар араасаа цуварч байна. Харамсмаар, жигшмээр. Олон түмэн ч үүнд ихээхэн жигшин зэвүүцэж байна. Энэ чинь ямар гээч үзэгдэл вэ? Уг нь нийгэм гэдэг өдөр бүр өөдөө дээшилж явах учиртай сан. Гэтэл бид чинь харанхуй ангал уруу доошоо чиглэсэн чөлөөт уналт хийж яваа юм шиг болчихлоо. Олон жил буруу замаар будаа тээсний гор нь гарч байна уу даа гэлтэй. Урлаг, спортынхон гэдэг угтаа бол нийгмийн сэтгэлгээний соёлыг бүтээх тэргүүн фронтын дайчид гэмээр улсууд шүү дээ. Та өөрөө яруу найрагч хүн. Зохиолч, яруу найрагчид ч гэсэн энэ армид харьяалагддаг. Үндсэндээ Төрийг гардан бүтээх ёстой улсууд нь тэд мөн. Төрийн инстүүц бүхэлдээ хүчтэй байж байж, хүний эрх хангагдаж, эрх чөлөө гэдэг зүйл бодитой болдог. Эрх чөлөө гэж юу вэ гэвэл Төр гэж хариулж болно. Эрх чөлөө гэдэг бол үндсэндээ амар амгалан амьдрах нийгмийг бүтээх тухай ухагдахуун юм. Төр гэдэг бол зүгээр нэг засаглалын механизм, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нэгдэл төдий зүйл биш. Төр гэдэг бол тодорхой үзэлсанаа юм. Төр гэдэг бол тэрхүү үзэлсанааг ардтүмнийхээ оюун сэтгэлгээн дотор бүтээн бий болгож байгаа тэрхүү үйл явц бас мөн. Төр хэмээх тэр үзэлсанааны дотор тухайн үндэстний эрхэмлэн дээдэлдэг ёсзүйн цогц чухал байр эзэлдэг. Тиймээс урлаг спортынхон хүссэн хүсээгүй нийгмийн ёс суртахууныг бүтээгчид байж, өөрсдөө ч эрхэм дээд ёссуртахуунтай хүний үлгэр жишээ болж байх ёстой. Би ингэж боддог. Би бол үндэсний үзэлтэй хүн. Консерватив үзэлтэй хүн. Урлаг, соёл, спортынхон маань урвагч хулгайч улстөрчидтэй өвөр түрийвчээрээ нийлж авчихаад Төрийг бусниулан устгах ажлыг цаг ямагт хийж байдаг гэмээр болжээ. Том улстөрчдийн өвөр дамжиж явдаг, түүгээрээ уралдаж гайхуулдаг гэмээр эмсийн давхарга бий болж байгаа юм биш биз дээ. Улстөрчид нь ч гэсэн тийм юмнаас ичиж зовохоо байжээ дээ. Тиймэрхүү юмаараа уралддаг, бас нөгөө “улстөр хийнэ” гэгчийнхээ зэмсгийг ч болгодог бололтой. Сошиал дээр явдаг мэдээллээс үзэхэд тийм л байна. Мэдээж сошиалын мэдээлэлд бүрэн итгэх нь өрөөсгөл. Гэлээ ч, манай нийгэм ерөнхийдөө цомхон, тиймээс олны үг ер нь ортой л байдаг. Ёс суртахууны гүнзгий ялзралд орж гүйцсэн урлаг спортынхныг даврааж байдаг нь ардтүмэн бид өөрсдөө юм. Одоо тэднийг тэгж даврааж байдгаа больцгооё. Одоо энэ хөл хорионы үеэр гэхэд л хаана ч оччихоод байгаа юм, өнөө баахан гошин шогын одууд гэх, одоо ч хат даа, ёссуртахуунгүй баахан гарууд бөөнөөрөө “нийлчихсэн” бас л өнөө утгагүй маазаа сурталдсаар байж байх юм. Ямар ач холбогдолтой юм хийж байгаа нь тэр вэ? Тэдний маазыг сонсоод үзээд хүн улам л тэнэг болно, улам л дархлаа сулрах байх. Монголчууд бид бүгдээрээ нийгмийнхээ өнөөгийн энэ байдлыг бүхлээр нь харж нухацтайхан, илэн далангүй дүгнэж ярилцаж хэлэлцэх цаг иржээ. Тэгээд ард нийтээрээ үндэстнээ аврах хөдөлгөөн өрнүүлж, энэ нийгэмд бугшчихаад байгаа бузар булайтай эвлэрэхгүй тэмцэл хийж эхэлмээр байна. Тэгж байж нийгэм эрүүлшинэ. Хамгийн гол нь үндэстний сэхээтнүүд маань өндийж босож ирэх хэрэгтэй байна. Ардтүмнээ гэгээрүүлэх, улс үндэстнээ авч явах чадалтай төрийн удирдагчдыг бэлтгэн гаргаж чадалтай үндэстний тийм сэхээтнүүдийг би өнөө цагийн үндэстний язгууртнууд, төр улсын хөлөг баатрууд гэж боддог. Сэхээтэн гэдгийг их томоор ойлгох хэрэггүй. Өнөө цагийн залуус бүгдээрээ сэхээтнүүд шүү. Хамгийн гол нь үндэстний үзлээрээ сайтар зэвсэглэж, даяарчлал, либерализмын гаж буруу үзлээс хагацах хэрэгтэй байна. Даяарчлал, либерализмыг хэт шүтвэл бид үндэстнээрээ устах аюултай. Монголын үндэстний үзэлтнүүд нэгдэж улс үндэстнийхээ төлөө босож тэмцэхийг уриалья.

1 comment:

Rosanna said...

Great post,
Thanks to share lots of information with us.
Starter Kits,vapers can find the smok starter kit,premium kits and dead rabbit r tank and Artery Adapter and smok nord x kit here,whatever you are the beginner user or experience vapor,all of them will great prince