4/13/10

Бүх мэргэжлийн Хаан нь мэдээллийн технологи

Элсэлтийн шалгалт ойртож буй энэ үед ямар мэргэжил сонгохоо шийдэж чадаагүй байгаа хүүхэд залууст болон эцэг эхчүүдэд зориулж мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “USI” компанийн ерөнхий захирал Ц.Буянцогтоотой ярилцлаа.
Зууны Мэдээ сонины 2010 оны 4 сарын 13-ны дугаарт

-Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхэд залууст ямар мэргэжил эзэмшвэл ирээдүйтэй талаар зөвлөгөө өгөөч?
-Мэдээллийн технологийн мэргэжил нийгмийн хөгжлөө дагаад маш түгээмэл болж байна. Хөгжлийн эхэн үеэсээ компьютерийн мэргэжил маань инженерийн ухаан дотроо илүү нарийн шинжлэх ухаанд ордог учраас математик, физик, байгалийн ухааны хичээлд авьяастай, толгой цохьдог цөөнхүүд эзэмшдэг мэргэжил байлаа. Аажмаар мэдээллийн технологи хөгжлийн явцад нийгэм рүү уусаад хүмүүсийн жирийн хэрэглээ болж байна. Мэдээлийн технологид суурилсан шинэ нийгэм рүү өнөөдрийн хөгжил явж байна. Тиймээс товчхондоо хэлэхэд мэдээллийн технологи бүх мэргэжлийн суурь болж байна.
Бидний өмнө ирж буй нийгэм бол мэдлэгийн нийгэм юм. Эдийн засаг, нийгмийн бүх үйл ажиллагаа, мэдлэг дээр суурилдаг болно гэсэн үг. Зах зээлийн зарчмаар хэн нэг хүнд хэрэгтэй, үнэ цэнэтэй зүйлийг бүтээх үйл явц бүгд мэдлэг дээр суурилна. Хөгжлийн өмнөх үеүд шиг Эрээнд байгаа зүйлийг энд авчирч зараад хялбархнаар ашиг олдог байсан үйл явц одоо алга болж байна. Ямар нэг байдлаар мэдлэг шингэсэн, бүтээгдэхүүн үйлчилгээ хийж байж ашиг олдог болно гэсэн үг. Тэгэхээр мэдлэгийг бүтээх, олж мэдэх, түгээх суурь нь мэдээллийн технологи болж байна. Энэ салбарын мэдлэггүйгээр шинэ мэдлэгийг бүтээх, мэдлэгийн ертөнцөд өрсөлдөх гэдэг хэцүү болно.
-Өмнө нь мэргэжил сонгохдоо өөрт таалагдсанаа юмуу, өөрийн чадах хичээлдээ тулгуурладаг байсан. Үүнээс болоод мэргэжлийн илүүдэл гараад байгаа. Тэгэхэээр ямар мэргэжил эзэмшвэл ажлын байртай, өндөр цалинтай, илүү боломжтой байх вэ гэж боддог болжээ?
-Мэргэжил сонгох гэдэг том асуудал. Олон мэргэжил байна. Монголын байдлыг харж байхад бодит байдал дээр ямар мэргэжил эзэмшвэл зохих вэ, манай нийгэмд ямар мэргэжил илүү шаардлагатай байх бол гэдэг дээр Боловсролын яам, холбогдох байгууллагууд хангалттай судалгаа хийдэггүй бололтой. Нийгмийн ухаан, гадаад харилцаа, менежмент, эдийн засаг гэсэн мэргэжлүүд илүү түлхүү хөгжөөд хүмүүсийн анхаарлыг татаж, ийм мэргэжилтнүүд олшрох хандлагатай. Иймэрхүү мэргэжлээр төгссөн хүмүүсийн 70 хувь нь ажилд орж чадахгүй байна. Тэгэхээр нийгэм тэр хүүхдүүдэд хэрэгцээтэй мэдлэг, мэргэжлийн тухай ойлголтыг өгч чадахгүй байна гэсэн үг. Энэ бол гажуудал юм. Гэтэл хөгжил маань мэдлэгийн нийгэм рүү явж байгаа учраас ирээдүйд төрөл бүрийн инженерүүдийн хэрэгцээ маш их болно. Бүтээлч урлагийн талын мэргэжлийн хэрэгцээ өсөх ёстой. Аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гаднах дизайн, хэрэглэхэд хялбар байдал гэх мэт урлагийн талын шийдэл илүү шаардлагатай болно.
Мэдлэгийн нийгмийн үед инженерийн болон байгалийн шинжлэх ухааны төрлийн мэргэжлийн хэрэгцээ улам өснө. Манайд энэ байдал сүүлийн жилүүдэд эсрэгээрээ байна. Учир шалтгаан нь манай нийгмийн хөгжлийн үе шаттай холбоотой байх. Үйлдвэрлэл, технологи хөгжөөгүй эдийн засагтай, шилжилтийн үедээ яваа энэ цагт хоосон ярьдаг хүмүүс хэт олширчээ. Сүүлийн үед уран илтгэл, илтгэх чадвар чухал гэж нэлээн ярих болж. Сүрхий ярьдаг улсууд ч их болж байна. Гэтэл илтгэл гэдэг чинь мэдлэгийг шингээж байж хүмүүст хүрэх ёстой биз дээ. Ярихаас түрүүн бид бодож сэтгэж, мэдлэгийг бүтээж сурах хэрэгтэй юм.
-Урьд нь жолооч мэргэжил байсан бол одоо хүн бүр жолоо мушгих болсон. Үүн шиг мэдээлийн технологи сүүлийн үед энгийн хэрэглээ болоод байна уу?
-Мэдээлийн технологи гэхээр “англи хэл, компьютерийн түр сургалт” гэдгээр төсөөлж болохгүй. Мэдээж хэрэг мэдээллийн технологийн цагаан толгой буюу наад захын технологийн мэдлэгт бүх нийтээр тайлагдсан байх ёстой. Мэдээллийн технологийн наад захын чадвартай болохыг мэргэжил эзэмшчихсэн мэтээр ойлгож болохгүй. Инженерийн салбар дунд хамгийн хэцүүд нь мэдээлийн технологийн салбар ордог. Одоо энэ мэргэжил бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээнд нэвтэрч байгаа нь үнэн ч, мэдээллийн технологийн мэргэжлийг жолоочтой зүйрлэхүйц амархан зүйл биш. Энэ мэргэжил дотор олон төрөл, ангилал байна. Тэр бүхнээс өөрөө сонгоод эзэмших хэрэгтэй. Орчин үеийн нарийн шинжлэх ухаан хими, биологи зэрэг олон салбарт сайн мэргэжилтэн болохыг хүсвэл мэдээллийн технологийн мэдлэг заавал хэрэгтэй болно. Сэтгүүлч та гэхэд мэргэжлийн ур чадвар өндөр сэтгүүлч байхын тулд интернэтийг гаргуун сайн эзэмших хэрэгтэй. Та өөрийн ажилладаг сонин сэтгүүлд материалаа нийтлүүлэхийн зэрэгцээ, өөрийн вэб сайт, блогтой байж, түүнийгээ хүмүүст хүрэхүйц гоё дизайн, агуулгатай болгох зэргээр өөрийнхөө үнэ цэнийг өсгөх бололцоотой. Үүний тулд танд мэдээллийн технологийн болон маркетинг, урлагийн мэдлэг, мэдрэмж хэрэгтэй. Энэ мэтчилэн салбар, мэргэжил болгон мэдээллийн технологи дээр суурилаад ирж байгаа юм. Энэ хэрэгцээг өнөөдрийн боловсролын байгууллагууд хангаж өгөх ёстой.
Газар хөдлөлтийн тухай сүүлийн үед их ярьж байна. Тэгвэл газар хөдлөлтийн прогноз хийдэг байгууллага Улаанбаатарт газар хөдлөлт боллоо гэхэд энэ дүүрэгт ямар байдал үүсч болох вэ гэдгийг симуляцийн аргаар тооцоод үүсч болох хохиролыг дүрслээд үзүүлэх боломжтой. Одоо байгаа байшингуудын бат бөхийн тухай мэдээллийг оруулж байгаад хэдэн баллын газар хөдлөлт болоход ямар хохирол учирч болохыг график дүрслэлтэйгээр төсөөлөн харж болно.

-Мэдээллийн технологийг орчин цагийн мэдлэгийн суурь болсон гэж байна. Ямар мэдлэг эзэмшсэн байвал мэдээллийн технологийн суурьтай гэж үзэх вэ?
-Өнөөдөр имэйл ашиглаж чаддаггүй хүн байна гэвэл бас харамсалтай. Интернэт гэх асар том хийсвэр ертөнцөд бидний бодит ертөнцөд болдог бүх зүйл болж байна. Интернэтээр хосууд танилцах, банкаар мөнгө шилжүүлэх, дуртай зүйлээ худалдаж авах, мөн тэнд байгаа хязгааргүй их мэдлэгийн сангаас хүртэх бололцоо дүүрэн байна. Энэ их бялхсан хязгааргүй мэдээллийн ертөнцийг зөв ашиглах гэдэг бүх хүмүүс эзэмшсэн байх ёстой шинэ цагаан толгой болж байгаа юм. Мэдээллийн технологийн бичиг үсэг болох шинэ цагаан толгойд бүх нийтэр тайлагдсан байх ёстой. Интернетийг ашиглан өөрийгөө зөв илэрхийлэх, хэрэгцээт мэдээллээ олж чадах, анализ хийж зөв дүгнэлт өгөх зэрэг чадварыг дунд сургууль төгсөж байгаа бүх хүүхэд эзэмших ёстой. Мэдээллийн технологийн цагаан толгойд тайлагдсан байх явдал нь тухайн хүүхдийн ирээдүйн мэргэжлийн өсөлтөд чухал нөлөөтэй. Манай дунд сургуулийн хөтөлбөрт Мэдээлэл технологийн хичээлийг одоо байгаагаас түлхүү оруулах шаардлагатай.

-Мэдээллийн технологийн салбарт мэргэжил эзэмших хүнд ажлын байр хүрэлцээтэй байна уу?
-Мэдээлэл технологийн чиглэлээр ажлын байр хэр байна вэ гэхээр дэлхий нийтийн хандлагаар бол энэ чиглэлийн мэргэжилтэн цаашид байнга дутагдана. Бүх зүйл мэдээллийн технологиос хамааралтай болж байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас гээд бүгдэд нь компьютер байдаг. Тэгэхээр хаа “сайгүй компьютержсан буюу юбикитос-нийгэм” рүү хөгжил явж байна. Тийм нийгэмд бүх салбар чиглэлд мэдээллийн технологи хэрэгцээтэй байна. Тэгэхээр ирээдүйд Мэдээллийн Технологийн мэргэжилтний хэрэгцээ маш их болно. Монгол ч энэ хандлагаас гажихгүй. МТ-ийн мэргэжилд программ хангамж, техник хангамж болон энэ хоёрыг нэгтгэн удирдах процесс, интернэт болон бусад хэрэглээг найдвартай хангаж байх засвар үйлчилгээний ажил гэх мэт нарийн мэргэжлүүд байна. Мөн мэдээлийн технологи дээр суурилсан үйлдвэрлэлийн салбарууд байна. МТ-ийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ ямагт өснө, мөн энэ салбарт дээр суурилсан үйлдвэрлэлийн бизнесийн хэмжээ ч тасралтгүй өснө. Тэгэхээр энэ чиглэлийн мэргэжил, ажлын байр хангалттай байх болно.

-Сургууль хэр олон байна, чанартай бэлдэж чадаж байна уу?
-Хөгжлийн хандлагыг харахад МТ-ийн мэргэжилтнүүдийн хэрэгцээ тогтмол өсөх ч одоогийн их дээд сургуулиудын мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо түүнийг бүрэн хангаж чадахгүй байна. Зөвхөн манай салбар төдийгүй монголын боловсролын салбар бүхэлдээ хямралт байдалд байна. Үүний хамгийн гол шалтгаан бол боловсролын салбар нийгмээсээ тусгаарлагдчихаж. Нийгмийн хэрэгцээ, хүслийг мэдэрч чадахгүй байна. Үүнд мэдээж маш олон суурь шалтгаан бий байх. Гэхдээ хамгийн тод харагдаж байгаа, энгийн шалтгаан гэвэл боловсрол үнэгүй болсон байна. Боловсрол гэдэг нэгэн төрлийн бараа юм. Их дээд сургуулийн төлбөрийг улс тогтоохдоо бодитой, зах зээлийн нөхцөлд таарсан үнэлгээг гаргаагүй учраас энэ барааг үнэгүйдүүлж байна. Цаана нь улс төрийн шалтгаан ч байдаг байх. Америкт нэг кредит цагийн үнэлгээ дунджаар 500 орчим доллар байдаг бол монголд 25 орчим доллар байх жишээтэй. Энэ бол дэлхийн хэмжээнд ч хамгийн бага үнэлгээ байх аа. Хуучин жийпний үнэ манайд дэлхийтэй харьцуулахад хамгийн өндөр үнэтэй байхад, боловсрол нь бараг үнэгүй шахуу. Боловсролоор бизнес хийлээ гэж хүмүүс яриад байдаг. Гэтэл боловсрол чинь бизнес шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд боловсролоо зөв үнэлдэг болохоос бүхнийг эхлэх ёстой. Монголын хувьд өнөөгийн боловсролын тогтолцоо бүхэлдээ хямралт байдалд байна. Үүнээс гарч бүрэн шинэчлэх хэрэгтэй. Мэдээллийн технологийн мэргэжлийнхний хувьд сүүлийн жилүүдэд ганц нэг мэргэжлийн сургууль гарч ирсэн. 30-аад их дээд сургууль энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгэдэг. Тэнд 10 мянга орчим оюутан суралцаж байна. Жил бүр 800-1000 мэргэжилтэн төгсдөг. Төгсөгчид бүгд мэдээлийн технологийн салбартаа ажиллахгүй байна. Төгсөн гарч буй мэргэжилтнүүдийн чанарын түвшин, ур чадвар хангалтгүй байгаа учраас тооны хувьд ч хүрэлцээ муу байна. МТ-ийн мэргэшсэн боловсон хүчний хувьд дотооддоо төдийгүй аутсорсингийн чиглэлд гадаад зах зээлд өөрийгөө үнэлэх буюу монголдоо байнгаа бусад улсаас захиалга аваад ажиллах болож байдаг. Энд мэдээллийн технологийн програм хангамжийн ажил төдийгүй үүнд суурилсан бусад үйлдвэрлэлийн ажлууд орно.

-Дэлхий хурдтай хөгжиж байна. Харин монгол улс үүнтэй хөл нийлүүлж чадаж байна уу?
-Манай М Т-ийн салбарын хөгжлийн түвшин, мэргэжилтнүүдээ бэлтгэж байгаа тогтолцооог дэлхийтэй харьцуулахад нэг их муу биш. Гурван сая хүрэхгүй хүн амтай мөртлөө хоёр сая нь гар утас барьж байх жишээтэй. Суурин холбооны систем, интернэт гээд дэд бүтцийн түвшин харьцангуй боломжийн түвшинд байна. Эндээс харахад монголчууд маань шинэ технологи хэрэглэх дуртай, түүнтэй суралцаж, зохицох чадвартай ард түмэн юм. Энэ бол маш сайн чанар. Боловсон хүчнээ бэлтгэж байгаа тогтолцоо, сургалтын агуулга хөтөлбөр нь ч боломжийн. Гэхдээ багш нар хүрэлцээ муутай, сургалтын орчин муу, төлбөр хэт хямд гэх мэт нийгмийн тогтолцооноос хамаарч байгаа менежментийн асуудал, зовлон бэрхшээл их. Уг нь энэ салбартаа илүү хүчтэй бодлого явуулмаар байгаа юм. Технологийн иновацийг илүү анхаарч, үүнд суурилсан эдийн засгийн хөгжлийн бодлогыг авч явуулах хэрэгтэй. Технологийн инноваци гэдэг нь шинээр бүтээгдсэн мэдлэг, технологийн патент дээр суурилсан үйлдвэрлэл явуулж өргөн хэмжээний эдийн засгийн үр ашгийг бий болгох тухай ойлголт. Био болон нано технологи гэх мэт өндөр технологийн инновацийг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй. Энэ чиглэл рүү авьяаслаг залуус маань хошууран ордог аятай таатай нөхцлийг үүсгээд, өрсөлдөөнийг бий болгоод тэр чиглэлд шинэ компаниуд хөрөнгө оруулалт хийдэг, өндөр ашигтай эдийн засаг болж хөгжихүйц тийм тогтолцоог төрийн маш хүчтэй, амбицтай бодлогоор үүсгэж өгвөл хөгжлийг хурдасгаж чадна. Тэгж чадвал манай эдийн засгийн олон талт шинж өсөн нэмэгдэж, өсөлт хурдасна. Технологийн инновацийн тогтолцоог үүсгэх гэдэг нь төр, хувийн хэвшил, боловсрол шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжсэн маш нарийн, цогц бодлогын тухай ойлголт юм. Ийм тогтолцоо руу бид хурдан хугацаанд шилжих ёстой. Энэ чиглэлд зөв бодлого явуулж амжилтад хүрч байгаа жишээ гэвэл Энэтхэг, Хятад, Вьетнам гээд олон орныг дурдаж болно.

Эцэст нь дүгнээд хэлэхэд бидний өмнө ирж яваа нийгмийн гол суурь нь мэдээлийн технологи яах аргаагүй мөн. Бүх шинжлэх ухааны хааныг математик гэдэг. Тэгвэл одоо цагт бүх мэргэжлийн хаан нь мэдээлэл технологийн мэргэжил болж байна. Ямар ч мэргэжлээр сурах хүсэлтэй байсан, эхлээд мэдээллийн технологийн сайн мэдлэгтэй болохыг нийгэм шаардаж байна. Тйимээс эхлээд мэдээллийн технологиор суралцаад дараа нь сонгосон мэргэжлээрээ суралцвал илүү боломжтой байх болно. Ер нь орчин цагт хэд хэдэн мэргэжилтэй байхыг нийгэм шаарддаг болжээ.

-Мэдээллийн технологиор мэргэжсэн монголчууд хөгжилтэй орнуудад ажиллаж байдаг. Ийм боломж их бий юу?
-М Т-ийн мэргэжилтнүүд дэлхийн олон оронд ажиллаж, сурдаг. Энэ салбарыг анхнаасаа онц сурдаг, толгойтой оюутнууд сонгодог байсан. Одоо ч тэр уламжлал хэвээрээ. Гадаадад сурахаар явсан залуус тэндээ үлдээд ажиллах нь элбэг. Яагаад гэвэл манайд ажиллах орчин сайн бүрдээгүй байна. Гадаадад магистр, доктор хамгаалаад 10-аад жил ажилласан хүмүүс цөөнгүй байдаг. Майкрософт, Айби Эм, Гүүгл зэрэг том компаниудад ажиллаж буй залуус ч бий. Монголдоо амьдрангаа ийм төрлийн ажил хийдэг өндөр мэргэжлийн хүмүүс ч байна. Нарийн мэргэжлийн ажлыг хийж чаддаг байгаад гаднаас зах зээлээ олоод авчихсан хүмүүс интернэт ашиглаад гэрээсээ ажлаа хийгээд байх боломжтой. Технологийн иновацийн бодлогыг идэвхтэй хөгжүүлж явуулбал энэ чиглэл манайд хөгжих бүрэн боломжтой. Жишээ нь гар утасны Аппле компанийн гаргасан айФон утасны интернэт дэлгүүрт жижиг хэрэглээний програм тухайлбал тоглоомын програм хийгээд дэлхийн бүх хүмүүст хүргэж зарах боломжтой. Тухайлбал нэг тоглоом зохиогоод түүнийгээ нэг доллараар зарлаа гэхэд 1 сая хүн татаж авбал дорхноо 1 сая доллар олох боломжтой болно. Үүнээс 30 хувийг Аппле компанид өгөөд бусдыг өөрөө авах жишээтэй. Мэдлэгтэй сайн боловсон хүчин болж чадах юм бол мэдлэг оюунаа ашиглаад дэлхийн тавцан дээр үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Тйимээс бид өөрсдийгөө бэлдэх, хүүхдүүдээ өндөр боловсролтой болгох, тэднийг дэлхийн тавцан дээр үйл ажиллагаа явуулаад мэдлэг оюунаа зарж мөнгө олж чаддаг болгох үүрэгтэй болоод байна. Үүний тулд улсынхаа бодлогыг зөв чиглүүлэх хэрэгтэй байгаа юм.

4 comments:

serdaram said...

Byren sanal niilj baina. MGL dahi niigmiin shinechleliin hamgiin chuhal ni Bolovsrolyig yndeseer ni shinechilj, Ynegyidej, ezengyidej baigaa yumnuudyig yne tsenetei, heregtseetei bolgoh ni chuhal baigaa yum.

Unknown said...

Ih zuv um yairsan bn...
Yamar ch mergejiliin humuus medeelliin tehnolohigui geer
yavahaa bolison tsag.....
deer ni medeelliin tehnologi maani delhiig havtgai bolgoj baina...

Jargal said...

Дажгүй ярилцлага болжээ. Баярлалаа.

D.Sainbayar said...

IT -iin mergejiltei bolsondoo bainga bayarlaj yavdag shuu. Ali ch salbart ajillahad mini bainga suuri bolj ugdugt. Buyantsogtoo san ih chuhal sanaanuud helsen baina. Olon zaluus unshaasai.