2/11/11

Монголын шинэ улс төрд хэн ялах вэ? (II)

Өмнөх нийтлэлээр дэлхий дахинаа түгээмэлээр оршин буй шинэ улс төр, шинэ улс төрчдийн хандлагыг тодруулж Монголын ирээдүйн шинэ улс төрд хэн, хэрхэн ялж болох талаар төсөөлөхийг оролдсон. Харин энэ удаад, чухам энэ цагт бидэнтэй зэрэгцэн орших Монголын улс төр хийгээд улс төрчдийн өнгө, төрхийг зураглахыг зорилоо. Та бидний аж төрж буй нийгмийг удирдан чиглүүлэгч улс төр хийгээд улс төрчдийн мөн чанар ямархан байгааг хамтдаа шинжлэн үзье.

Өнгөц сонсоход орчин цагийн нэр томъёо бүхий ойлголт, ухагдахууныг хэрэглэсэн байх авч, агуулгын хувьд тэс өөр болж гажуудсан улс төр, эдийн засгийн бодлогыг өнөөгийн эрх баригчид явуулж байна. Өнөөдрийн Монголын улс төр, эдийн засгийн бодлого дэлхийн улс төрийн түгээмэл жишгийг үл хэрэгсэн Англи, Франц, Герман зэрэг өндөр хөгжсөн улсуудын хэдэн арван жилийн тэртээ татгалзаж орхисон, нийгэм, эдийн засгийн бодот хөгжлийг боомилогч-- уул уурхайн аж ахуйг хөөрөгдөж байна. Уул уурхайн эдийн засаг нь бүтээн байгуулдаггүй, зөвхөн ажлын байр бий болгох төдийгөөр үр ашиг нь гардаг, бусад хэлбэрийн ашиг нь үндсэндээ тойруу замаар хөгжлийг сааруулж байдаг. Онолын хувьд “Баялгийн хараал” хэмээн тодорхойлогдсон тэрхүү үзэгдлийн бүх хэв шинж манай нийгэм, эдийн засагт илрээд байна.

Голланд өвчин, төгрөгийн ханшийн өсөлт, ардчилалгүй болох, “мөнгөний ардчилалын” үзэгдэл, улс төрчид мөнгө амлах, дарангуйлал, төсвийн зарлагын хөөрөгдсөн өсөлт, бусад салбарын боловсон хүчний уул уурхай руу чиглэсэн шилжилт гэх мэт олон шинжээр “Баялгийн хараалыг” профессор Пол Коллиер “Адагт үлдсэн тэрбум” хэмээх номдоо тодорхойлжээ. Бэлээхэн бид бүхний харж байгаачлан тэдгээр шинж төлөвүүд цогцоороо манай нийгэм, эдийн засагт илэрч буй.

Улс төрчид юуны учир ийнхүү илэрхий буруу замаар “будаа тээнэ” вэ? Учир нь, газрын баялагт дулдуйдсан ийм бодлого явуулахад ямар ч Мэдлэг шаардлагагүй. Монголд МЭДЛЭГГҮЙ Улс Төр оршин тогтнож, Мэдлэггүй Улс төрчид тэнхээ мэдэн “орилж” байна. Тиймээс Монголын улс төр бол улс төр биш, Монголын улс төрчид нь улс төрчид биш ажээ.

Мэдлэггүй улс төрчдийн өнгө, төрхийг шинжин үзье. Мэдлэгийн хүч сорьсон үйл хэргийг тэд үргэлжид үзэн ядна. Тэд баялаг үйлдвэрлэгч эдийн засгийн тогтолцоог бий болгох тухай юу ч мэдэхгүй. Мэдлэгийг капитал болгосон мэдлэгийн эдийн засгийн тухай тэдэнд ямар ч төсөөлөл үгүй. Ард олондоо бүгд нийтээрээ баяжих боломжийг тэнцүүгээр олгон, баялаг үйлдвэрлэн бүтээх тэр их үйлсэд уриалан дууддаггүй. Харин ч эсрэгээр, ард олны хийх, бүтээх хүсэл тэмүүллийг боон хаагдуулах бодлогыг ил далдаар явуулж байдаг.

Мэдлэггүй улс төрчид мэдлэг шаардсан ажлаас ямагт зайлсхийнэ. Мэдлэггүйчүүд өөрсдийн мэдлэггүй байдлыг нуун хайцайлж, мухар сүсгийг ухуулан дэлгэрүүлж байдаг. Олон нийтийг төөрөгдөлд оруулж, булхайгаа илэрч, мэдлэг чадваргүй байдлаа илчлэгдэхээс сэрэмжилнэ. Өөрсдийн гараар бүтээсэн феодализмийн байгуулал—төрийн тогтолцоонд мэдлэгтэй хүмүүсийг орж ажиллах үүд хаалгыг элдэв аргаар хааж, зөвхөн өөрсдийн хань хамсаатаныг оруулан авилгын сүлжээг байгуулж түүнийгээ амь тэмцэн хайцаалж байдаг.

Мэдлэггүйчүүдийг эрх барьж байх үед эдийн засаг өсч буй нэртэй байвч ард түмний амьдрал сайжирдагүй. Учир нь тэдгээр мэдлэггүй улс төрчид байнга бусдын хөдөлмөрийг шулж, баялгийг зүй бусаар хуваарилж зөвхөн өөрсдөө завшиж байдагт гол учир байдаг. Нийгэмд хар тамхи, янхандалт, архидалт газар авч, ажил хөдөлмөр эрхлэхийг үл хүсэгчид олширч ард олны амьдрал доройтсоор байдаг.

Нийгэмд мэдлэгийн бүх салбар үнэгүйдэж мухар сүсгийн талбар болж хувирдаг. Ард түмэн учрыг мэдэн тэдний эсрэг тэмцэж эхлэхэд улс төрчид хуулиар далайлган “алан хядахаар” айлган сүрдүүлэхийг эрмэлздэг. Тэд өөрсдийгөө хамгаалахын тулд тэдний эсрэг үүсч болох ард түмний бослого тэмцлийг хүчирхийллээр дарж байхыг эрмэлздэг. Ийм санаархлаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийг оролдоно. Ард олны хүслийг хүчирхийллээр дарчихна гэж амархан боддог ч энэ нь яв явсаар нийгмийг бүхэлд нь хамарсан хүчирхийлэл үүсэхийн эхлэл болох аюултай. Үүнийг эдүгээ дэлхий дахинаа өрнөж буй олон үйл явдал гэрчилнэ.

Эдгээр үзэгдлүүд нь феодализмийн салшгүй шинжүүд юм. Феодализм мэдлэггүй дээр л цэцэглэдэг. Мэдлэггүйгээс мэдлэггүй төрөн гарсаар байх төгсгөлгүй эргүүлгийн дунд бид амьдарсаар.

Яагаад бид мэдлэггүй болж орхисон юм бэ? Коммунизм, хэт зүүний социализм цэцэглэж байсан үед мэдлэг үүсэх боломжгүй байжээ. Хэт зүүний социализм бол өөрөө дарангуйлал учраас тэнд мэдлэг хөгжих ямар ч боломж байхгүй. Тиймээс тэр үед авсан диплом бол мэдлэгийн диплом биш. Өнөө хэр тэр үеийн дипломтангууд их дээд сургуульд заасаар, өөрсдийн залгамжийг бэлдсээр, төр засгийг ч энэ цагт “удирдсаар” байгаа гэдгийг санагтун.

Хэт зүүний социализмийн үед феодализмийг хэлбэрийн төдийд устгаснаас биш, мэдлэгийн хийгээд оюуны түвшинд устгах хувьсгал явагдсангүй. Хэт зүүний социализмийн үед бий болсон ганц давуу зүйл болох ард олны амьдралын баталгааг өнгөрсөн 20 жилд устгаснаар буцаад өнөөх феодализм нь сэргэн мандах нөхцлийг бүрдүүлж өгчээ. Тиймээс өнгөрсөн 20 жилд феодализм дахин цэцэглэх болсон нь 1-рт, мэдлэггүйгээс, 2-рт, ард түмний амьдралын баталгаа алдагдсантай холбоотой аж.

Хүн төрөлхтний мэдлэгийн охь манлай болсон оюуны шинжлэх ухаан--философийг огт хөгжүүлээгүй нь мэдлэггүй болохын үндэс болсон. Социализмийн үед марксист, ленинист философи гэгдэгч үл гүйцэлдэх сургаалийг номнож өрнөдийн философийн “Байхуй” хэмээх чухал ойлголтыг “Ахуй” гэж гүжирдэн орчуулж, ”Ахуй анхдагч, ухамсар хоёрдогч” хэмээн дуулж хүн төрөлхтний мэдлэгийн санд огтоос байхгүй ойлголтыг догматиклаж ирсэн нь өнөө цагийн мэдлэггүйтэлийн үндэс болсон юм. Тэрхүү догма одоо хэр үргэлжилсээр.

“Ардчилалаас өөр сонголт байхгүй, ардчилалыг нэгэнт сонгосон хойно өнөөдрийн энэ мэт зовлон зүдүүрийг дайрахаас биш, тойрохын аргагүй” гэж номнодог мэдлэггүйтэнгүүд өнөөгийн улс төрчид дунд байдаг. Хэргийн учир “ардчилалд” биш, мэдлэггүйд байгаа гэдгийг мэдэх цаг болсон. Өчүүхэн хүсэл өвөрлөсөн мэдлэггүй улс төрчдийн бүтээж буй үйл хэргийн үрийг ард түмэн биеэр эдэлж байна.

Мэдлэггүй улс төрчдийн бас нэгэн нийтлэг шинж бол асар өчүүхэн “амбицийг”өвөрлөж явдаг байдал. Албан тушаал хүртэж ард түмний мөнгийг шамшигдуулж баяжих, авилгын мөнгөөрөө хилийн дээс давж мөрийтэй тоглох, харьд очиж хуучин байшин худалдаж авах, авгайдаа булган дээл, жийп авч өгөх гэх мэт тулга тойрсон жижиг хүслээн тэд “амбиц” хэмээн нэрлэж, өөрсдийн араас залгамжлан гарч ирэх мэдлэггүйтнийг “амбицлаг бацаан” хэмээн толгойг нь илж тойрон хүрээлүүлнэ.

Тийнхүү мэдлэггүй улс төрчдийн шинэ үе удам дамжин төрсөөр байх аж. Тэгвэл “Үе солигдож байж хөгжил ирнэ” хэмээсэн нэгний үг худал болох нь. Өмнөх соц үед боловсорсон мэдлэггүйтэнгүүдийн араас тэднээсээ хэд дахин харанхуй толгойтонгууд--булчингийн хүчээр үйл хэргийг шийдэхийг эрхэмлэгч “амбицлагууд” эцэс төгсгөлгүй төрөн гарах ажээ. Төрийн эрх баригчдын залгамж халаа болсон “амбицлагуудын” гудамжинд цуглан орилолдож, бие биедээ “шаардах бичиг” барих гаж гэмээр үзэгдэл үүнийг гэрчилнэ.

Нэг мэдлэггүйг нөгөөгөөр нь хичнээн соливч байдал дээрдэхгүй ээ. Эргээд санагтун: Бямбасүрэнг Жасрайгаар, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд, М.Энхсайхан, Амаржаргал гэсээр С.Баяр, Сү.Батболдыг хүртэл энэ жагсаалт үргэлжлэхэд байдал ямхын төдий ч болов өөрчлөгдсөн билүү? Өнөөх л муу зүг рүүгээ явсаар. Өнөөгийн Монголд мэдлэг байхгүй. Мэдлэг дэлхийн тоотой хэдхэн улсад байна. Мэдлэггүйтнүүдээс хагацаж, мэдлэгийн хувьсгалыг хийхээс наана хөгжил, сайн сайхан цаг үе ирэхгүй.

Тэртээ 2200 гаран оны өмнөх үед тухайн цагийн их бодогчид Сократес, Плато, Аристотлес нарын бүтээж, өнөө хэр дэлхийн түгээмэл мэдлэгийн үндэс болсоор буй хүн төрөлхтний дэвшилтэт мэдлэгийн сан дээр тулгуурлан Төрт улсаа төвхнүүлж, тэр цагийн хөгжилтэй, хүчтэй гэх бүх улсыг өмнөө сөхрүүлэн номхруулж Хүннү гүрнийг байгуулсан нь бидний дээд өвөг билээ. Найман зууны өмнө Есүхэйн Тэмүжин хөвүүн бөмбөрцгийн талыг бүрхсэн Их Монгол гүрнийг байгуулж, дэлхийн хэргийг төвхнүүлж, хүн төрөлхтнийг амар амгалан, жаргалтай аж төрүүлэх гэсэн Их Хүслээ биелүүлэх агуу их үйлсийг сэдэн бүтээж явсан түүхийг дэлхий мэднэ. Тэр агуу их өвөг дээдсийн удам болсон өнөөгийн үр ач бид тэднээсээ давдаггүй юм гэхэд дутахааргүй Их Хүслийг оюундаа бүтээж, тэр Хүслээрээ жигүүрлэн ирээдүйн улс төрийг явуулах ёстой.

Хэрвээ бид өвөг дээдсийнхээ агуу их бодол, хүслийн үргэлжлэл болсон “хүн төрөлхтний төлөө” гэсэн уриа бүхий улс төрийг бүтээж хэрэгжүүлье гэж зорих аваас юун түрүүнд түүнд саад бологч өнөөгийн мэдлэггүй улс төрчдөөс салах явдал нэн чухал аа. Эс тэгвээс “бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгчээр үе дамжин удамших мэдлэггүй улс төрчдийн гинжин хэлхээнээс бид хэзээ ч ангижрахгүй.

13 comments:

D.Sainbayar said...

Nice work! Keep writing.

Lkhavuu said...

Нийтлэлийг уншлаа. Сайхан нийтлэл болжээ. Ийм сэтгэлгээ монголын ард түмэнд тэр тусмаа өнөөгийн залууст илүү хүрээсэй тэднийг ойлгоосой гэж маш их бодох юм. Өнөөгийн манай залуус үндэсний үзэл, монголын гүн ухаан, өв уламжлал тэр нууцлаг бүхнээ мэдэхгүй дээр нь судлахгүй байгаа бөгөөд хит харийг шүтэх үзэл нь давамгайлчихсан байгаа нь нилээд зүйлүүд дээр анзаарагддаг. Харин одооноос сүүлийн үед монгол гэсэн тэр нэр үзэл нэг үеэ бодвол илүү сэргээд байгаа нь авууштай зүйл болж байна гэж бодном.
Нэгэн инээдэмтэй гэхэд хаашаа ч юм нэг болсон явдалын талаар энд биччихмээр санагдлаа...

Өнөөгийн манай төрд ажиллаж байгаа нэгэт төрийн түшээ нөхөр Арабын билүү Катарын ч билүү нэг төрийн нөхөртэй уулзалт хийгээд ярилцаж байж гэнэ л дээ ..

Тэгсэн манай нөхөр хэлж байна гэнэ
"Танай улс баян, хот хүрээ энэ тэрийн чинь хөгжил хачин сайхан шүү танай улсад очиж амьдрах юмсан манай монголч хэрэг алга энэ байж байгаа байдал ер нь тааруухан байна шүү" ухааны юм ярьж л дээ ...
Тэгсэн нөгөө нөхөр нь хэлж байна гэнэ ...
"Катар өнөөдөр баян байж болно гэхдээ Катарт ярих түүх байхгүй ш дээ танай улсын хувьд манайх өчүүхэн ш дээ танайх тийм агуу түүх соёлтой улс, та нар залуу улс , улс төрийн том албан тушаалд ажиллаж байна ингэж ярьж болж байна уу ...."
ухааны юм өөдөөс нь хэлсэн, тэгээд манай нөхөрт хэлэх үггүй болж хүнд байдалд орж уулзалт өндөрлөсөн гэнэ билээ гэж нэг анд маань ярьсан юм. Энэ бичлэгийг уншаад үнэхээрч тэгэж ярьж суух нь аргагүйн байна л даа гэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө.
Танд амжилт хүсье.

Gobi said...

Тэгэхээр өнөөгийн мэдлээггүй феодалчин улс төрчдөөс тэгээд яаж салах билээ? Салахгүй бол тэд ялсан хэвээр байна гэсэн дүгнэлтээр дууслаа. Өөрөөр хэлбэл тэд ялсан хэвээрээ байх болчоод байдаг яамаар ч юм даа :(

Unknown said...

Ардчилсан сонгуулиар салж болно. Мөн одоогийн улс төрчид дотор сайн хүмүүс байгааг мартаж болохгүй.

Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдгийг харуулан Египетийн ард түмэн өчигдөр хувьсгал хийлээ.

Buyantsogtoo, Ts. said...

Статистик харвал Египет баян орон. Сүүлийн хэдэн жилд ДНБ нь 2 дахин өссөн бдаг. Гэтэл ардтүмэн нь ядуураад л, авилга газар авсаар л бсан бна. Дээдсургууль төгссөн залууст ажил олдохгүй. Баян, ядуугийн ялгаа ихсээд л.. Өнгөрсөн 4 сард оюутны хөдөлгөөн өрнөж дарагдаад, сая дахиад л залуус интернет ашиглан тэмцлийн галыг өрдсөн бна. Мубарак олон удаа Үндсэн Хуулиа өөрт ашигтайгаар өөрчилж ирсэн бна.Түүнийг Билл Гэйтсээс давахаар баян гэж бна...
Монгол "мөнгөний" улстөрөөс эртхэн татгалзахгүй бол ямар ирээдүй биднийг хүлээх нь ойлгомжтой. Тэднээс салахгүй бол тэд "ардчилал" нэрээр ээлжилж баяжсаар ардтүмэн тартагтаа тулж магадгүй.
Улстөрчид бүгдээрээ буруу хүмүүс биш гэдэгтэй санал нэг. Одоогийн МАН АН хоёр нэг нам болчихоод бгаа явдал хэзээ ч байж болохгүй үзэгдэл.

Amarbat said...

Тиймээ, Буяа ах нөхцөл байдлыг гайхалтай сайхан дүгнэж, мэдлэгтэй уялдуулан гоё тайлбарлажээ. Их баярлалаа, гайхалтай нийтлэлд. Одоо энэ дээрээ дөрөөлөөд цаашид яавал дээр вэ гэсэн тодорхой саналууд бичвэл бүр гоё болох гээд байдаг. Ардчилсан сонгууль байж болох нэг хувилбар мөн боловч ард биднээс хэтэрхий хамааралгүй байгаа тул сонгуулиа жинхэнэ ардчилсан болготол удах байхаа даа. Тэрнээс наагуур бид өөрсдөөс хамааралтай хийж чадах хамгийн том алхам юу байж болох вэ? Төрийн эргэлт маягийн санаа бас комментэд орж ирсэн байна, төрийн эргэлт хийчихдэг юмаа гэхэд дараа нь яах вэ, хэнийг төрийн эрхэнд тавих вэ, тэр маань бас люмпэн зан гаргахгүй гэх баталгааг яаж олох вэ гээд л асуултууд их байна даа.

Төмөр-очир said...

Их үнэн бичжээ. Социализм, Коммунизм муудаа биш, түүнийг хэрэгжүүлж буй хүндээ байна гэдэг шиг л...өчигдөр малчин байсан хүн өнөөдөр хүмүүсийг өөррийн туршлагадаа дулдуйдан хонь, адуу шиг байлгах гэж л хичээх болно. Малчинг зайлууллаа гэхэд ахиад малчин гарж ирэхгүй гэсэн баталгаа бас байхгүйм. Сонгуулиар арай дээр малчинг сонгох асуудал л байна.

Galaarid said...

Баяр хүргэе. Сайхан нийтлэл болжээ. МАН АН гэж хоёр нам биш ээ, МАНАН гэдэг сэжигтэй нэртэй ганц нам болсон гэсэн шүү, хэ хэ.

erka said...

Хорьдугаар зуун бол монгол орны хувьд үсрэнгүй хөгжлийн зуун байсан гэж үздэг. Радио, телевиз, харилцаа холбоо, зам тээвэр, сургууль соёл, үйлдвэр завод, цахилгаан эрчим хүч, барилга орон сууц гээд хорьдугаар зуунд үүсч бий болсон техник, технологи бүхэн монголд нэвтэрсэн. Шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс дэндүү хол хөндий байсан орон гэхэд харьцангуй богино хугацаанд чамлахааргүй дэвшилд хүрчээ.

Энэ бүхэн МАХН намын гавъяа гэж ярьдаг хүмүүс бий. Өнгөц харахад тийм. Гэхдээ хэрвээ МАХН нам зуу юмуу хоёр зуун жилийн өмнө байгуулагдсан байсан бол 70 жилийн дотор эрчим хүч, зам тээвэр, үйлдвэр заводтай болох боломжтой байсан уу гэж асуувал яахав? Зуун жилийн өмнө автомашин, нисэх онгоц эсвэл цахилгаан эрчим хүч байгаагүй шүү дээ.
Нэгэнт машин техник хэрэглэж байгаа бол боловсролтой хүмүүс зайлшгүй хэрэгтэй. Хэзээ, хаана, ямар үйлдвэр завод барихаар төлөвлөнө, төлөвлөснийхөө дагуу тэнд ажиллах мэргэжилтэй ажилтан, инженер техникийн ажилтнуудыг гадаад болон дотоодод бэлдэнэ.
Малын түүхий эд боловсруулах зарим нэг үйлдвэрийг эс тооцвол үндэсний үйлдвэрлэл гэдэг нь ерөнхийдөө уул уурхайн олборлох үйлдвэрлэл. Дархан, Эрдэнэт, Налайх, Шарын гол, Хөтөл, Багануур гээд шинээр үүссэн хотуудын байршлыг харвал үндсэндээ түүхий эд, орд газруудаа дагасан шинжтэй.

Товчхондоо, тогтолцоо нь хүндээ үйлчилнэ гэж ярих хэдий ч нидэр дээрээ хүн нь тогтолцоондоо үйлчилнэ. Үүнийг хамгийн их мэдэрч анзаарсан хүмүүс бол магадгүй өнөөгийн дал, наян настангууд. Тэдний бодлоор, монголчууд сүүлийн тавин жилийн дотор эрх чөлөөгөө алдсан. Өөрийн дураар, өөрийн хүслээр, өөрийн би-гээ мэдэрч амьдрахаа больсон. Хүн өөрөөрөө байж чадахаа больсон. Ямагт бусдад таалагдах гэж өөрийгөө гээнэ. Хүн, хүний санаанд нийцэх гэж хоёр байтугай хорин нүүр гаргана. Эрх чөлөөгөө алдсны том шинж тэмдэг бол энэхүү хуурамч зулгуйдал. Худлаа, хоосон аз жаргал, хий хоосон, зохиомол эрх чөлөөнөөс олон хүн залхаж амиа хорлох үзэгдэл улам бүр олширч байна.

Суурин иргэншлийн хүмүүсийн хувьд боолын амьдрал гэдэг нь хэзээний дассан сурсан, идээшсэн амьдрал. Эрх чөлөөтэй амьдрал гэж юу байдгийг мэдэх боломж тэдэнд үнэндээ байхгүй. Тиймээс өөр амьдрал байдгийг төсөөлөхгүй. Харин нүүдэлчид, тэр дундаа монголчууд бид эрх чөлөө гэж юу байдгийг мэддэг хүмүүс.

Эрх чөлөөний амтыг бүрэн мэдэрсэн хүмүүс бол бид. Харин энэ мэдрэмжээ алдах шинжтэй болж буйд ахмадуудын маань санаа зовниж байна. Монгол хүн ийм байгаагүй гэж хэлээд байна шүү дээ. Тавь, жар, магадгүй далаад оноос эхлэн монгол хүн боолын амьдрал руу зугуухнаар гулсаж эхэлсэн болов уу.

Ямар нэгэн агуу төсөл, төлөвлөгөө, ямар нэгэн тоо, хэмжүүрийн төлөө зүтгэх нь хүний төлөө хийж буй сайн үйлс гэхээсээ илүү хүний эсрэг, хүнээ золиосолсон үйл ажиллагаа болон хувирдаг талаар өнөөгийн дэлхий ертөнцөд ярьж хэлцэх нь олширлоо. Ялангуяа хууль, цааз, шүүхийн байгууллагын ажилтнууд өөрсдийн хийж буй ажлаасаа таашаал авах бус харин ч эсрэгээрээ бухимдалд ордог талаар өрнөдийн олон оронд хийсэн санал, асуулга, судалгааны дүнгүүд харуулж буй нь эрхгүй анхаарал татна. Хууль дүрмүүд нь хүнд үйлчлэх бус, тогтолцоонд үйлчилдэг нь тэднийг ийнхүү бухимдахад хүргэдэг гэнэ.

Хүн ямар нэгэн тогтцолцооны эрэг шураг төдий байх биш, харин аливаа тогтолцоо нь хүнд үйлчилдэг, хүнээ дээдэлдэг байх нь өнөөгийн нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болоод буй талаар сурталчлах нэгэн судлаачын яриа та бүхэнд сонирхолтой санагдаж юуны магад хэмээн хаягийг дор тавилаа.

http://www.youtube.com/watch?v=UROCz70tlMY

Bellerophon said...

Good job! Waiting for next part.

Unknown said...

Мубарак баян гэснээс Ливийн Гаддафи гэдэг дарангуйлагч 30 тэрбум доллар хөрөнгөтэй байсныг царцаасан гэж олон улсын мэдээнд дурдсан байх юм. Тухайн хүнд ядаж өчүүхэн ч гэсэн сэтгэл байсан бол банканд 0.1 хувиар бодлоо гэхэд сар болгон 30 сая доллар олдог байснаа ард түмэндээ зарцуулдаг байсан бол одоогийнх шиг ингэж дайн тулаан хийх дээрээ тулахгүй байсан байхдаа.

Pagma said...

Ай даа, мэдлэггүй хүмүүсийг төөрүүлэхэд хичнээн амар. Яг л сохор хүнийг хөтөлж явж байгаатай адил.

70 жил мэдлэггүй харанхуй байлгасан боловч сүүлийн 20 жил сайжирсан юм огт алга.

Мэдлэггүй, дээр нь мөнгөгүй ядуу хүмүүсийг үгэндээ оруулах шиг амархан зүйл байхгүй гэдгийг сайн мэдэж байгаа эрх баригчид маань тэр талаар мэдээж юу боллоо гэж соён гэгээрүүлэх ажил хийж өөрсдийг нь дүүжлэх гогцоог бэлдэв гэж дээ. Энэ бол ойлгомжтой.

Одоо тэгээд яах билээ? Эрс шийдэмгий арга хэмжээ авах, эсвэл аядуу замаар сайн тал руугаа өөрчлөлт хийх гэсэн 2 л арга зам байх шиг:

1. Эхний арга нь өөрийн чинь нийтлэлд дурдсанчлан мэдлэггүй улс төрчдөөс салж мэдлэгтэй хүмүүсийг тавих асуудал. Уг нь энэ арга цаг хугацаа алдахгүй сайн талтай боловч тэдгээр хүмүүс маань бэлэн байна уу, яаж тэднийг таних вэ гэхчлэн асуултууд гарч ирнэ.

2. Аядуу замыг сонгох юм бол цаг хугацаа маш их алдана. Ард түмний маань хэд нь тэсэж үлдэх болоо? Аядуу зам гэдэг маань ард түмнээ гэгээрүүлж, мэдлэгжүүлээд ирэхийн алдад мэдлэгтэй жинхэнэ улс төрчдөө сонгож төр бариулах гэсэн санаа юм л даа.

Санаагаар болдог бол эхний аргаар явмаар байдаг. Өөрийн чинь нийтлэл таалагдлаа. Баярлалаа.

www.bodonchor.blogspot.com

Gerelmaa said...

Setgel emzegluulj yavdag sedveer siahan bishcen bna, Bidend odoo niigmiin setgel zuig uurchluh, olon niitiig urialan chigluuleh humuus heregtei biana, olon tumen niigmiin buruu chig handlagiig mederch biagaa,mun mongol ulsiin yazguur erh ashigt niitsen hugjliin shine handlagatai undur medleg bolovsroltoi zaluu ueiig beldeh chuhal. Bid iim turliin yarilstlaga mash iheer urnuulj ur dund hureh ni chuhal, tsag hugatsaa hergtei ch bidend baga hugatsaand hiih zuil asar ih baina. Ard tumnee deedelsen, medlegt suurilsan niigem baiguulah bidnii muruudul, uuniig bid l hiine, bid huleeh hereggui, bid yu huleej biana...