4/20/21

Урлаг, Бөх, Улстөр гэсэн гурван хорлонтой салбар Монголыг сөнөөж байна

- Их дээд сургуулийн эрдэмтэн мэргэд дэлхийн түвшинд асуудлыг харж, хоцрогдсон улстөрчдийн амыг харах биш, тэднийг ухааруулж, ичээж, манлайлах хэрэгтэй- 

  1. Юуны өмнө ярилцлагын саналыг хүлээж авсанд талархлаа. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу. 
- Би уул нь инженер хүн. Японд мэдээллийн технологиор суралцаж байлаа. Мэргэжлийнхээ чиглэлээр компани байгуулж японы зах зээл дээр ажиллаж байлаа. Одоо бол геополитик, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа хийдэг Евразийн стратеги судлалын хүрээлэнгийн захиралаар ажиллаж байна. 

 2. Улс орны хөгжлийн тулгуур нь инженерүүд байдаг. Инженер сэтгэлгээтэй хүн л баялаг бүтээгч болдог. Тиймийн учир хүүхэд залуучуудыг багаас нь инженер сэтгэхүйтэй болгомоор санагдах юм. Энэ нь бүр улс орны бодлого баймаар. 
- Санал нэг байна. Улс орны хөгжлийн тулгуур нь аж үйлдвэр юм. Тэгэхдээ манайх шиг газрын баялагт дулдуйдсан аж үйлдвэр биш. Уул уурхайн бус, боловсруулах аж үйлдвэр гэдэг зүйл улс орны хөгжлийн гол тулгуур юм. Аль ч цаг үед, аль ч улсын хувьд энэ бол хөдөлшгүй үнэн байж ирлээ. Тийм учраас инженерүүд улс орны эдийн засгийг үүрч явдаг гол хүмүүс байдаг. Тэр утгаараа ч нийгэм дэх байр суурь, нэр хүнд өндөр байдаг. Ер нь аливаа улс орны хөгжил гэдэг тухайн улс өөрийн гэсэн онцлогтой, бусдаас давуу тал бүхий аж үйлдвэрийг хөгжүүлж чадах эсэхээс шууд хамаардаг. Оршин тогтнохын аюулгүй байдал нь ч үүнээс шууд хамаарна. Үүнийг түүх гэрчилнэ. Англи, Америк, Япон гээд барууны аль хөгжилтэй гэсэн орнууд өөрийн гэсэн аж үйлдвэр, технологийн хүчээр өнөө хэр хүчирхэг хэвээр байна. Аж үйлдвэрээс түрүүн хөдөө аж ахуйгаа бусдаас хараат бус болгож, тэргүүний технологиор хөгжүүлсэн байх ёстой. Энэ бас амин чухал зүйл. Манай хувьд энэ байдлыг сайн ойлгохгүй явж ирлээ. Өөрийн гэсэн онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлж, тэр салбарын бүтээгдэхүүнээ дэлхийн хаана ч борлох түвшинд хийж чадаж байж, сая улс орон тулхтай хөгжлийн сууриа тавьж чадна. Харамсалтай нь, даяарчлалд хөтлөгдсөн сүүлийн 30 жилд бид аж үйлдвэрээ хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх бүү хэл, харин ч түүний яг эсрэгийг хийсээр ирлээ. Үр дүнд нь зөвхөн импортоор амьдардаг улс болчихлоо. Тэгээд баахан сүлжээний бизнес, түүнийг дагасан сургалт мургалт, тиймэрхүү аж үйлдвэртэй улс боллоо. Хөдөөгүүр алт их ухаж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн чухлыг эс ойлгон, даяарчлагчдын зааж хэлснийг үг дуугүй даган биелүүлж ирсний гор гарч байна даа. Ийм улсад инженер, шинжлэх ухаан технологийн судлаач эрдэмтэд огт хэрэггүй болдог юм байна. 

  3. Харамсалтай нь өнөөдөр Монголд инженерүүд баялаг бүтээгчид бүхний ард байна. Харин хошин шогийн жүжигчид, дуучид, бөхчүүд нэр хүндтэй байна. Энэ талаар таны бодол? 
- Нэгэнт аж үйлдвэргүй улс болсон юм чинь инженерүүдийн хэрэг байхгүй болж байна. Тэдний үүрэг нийгэмд байхгүй болж, байр суурь нь ч суларч байна. Уг нь улс орны гол ачааг инженерүүд нуруундаа үүрч, урлаг соёл, спортынхон улс орныхоо алс ирээдүй, хөгжлийн төлөв, бүтээн байгуулалтын тухай бүтээл туурвиж, ард түмнийхээ сэтгэлийг засаж чиглүүлж, өргөж, хөдөлмөрийн хүний дүрийг нийгэм даяар хүргэж байх ариун үүрэгтэй сэн. Энэ бол улсыг бүтээх, төрийг бүтээх гэдэг үйлсийн хамгийн язгуур шинж болсон зүйл. Харамсалтай нь, манай урлаг спортынхон тэрхүү жанжин шугамаас хазайж халиад удаж байна. Манайд урлагийн салбар байхгүй болж, мөнгөний араас улайрсан хийрхэгчдийн солиорол маазрал бий болоод удаж байна. Бөхчүүд бас ялгаагүй. Урлаг, Бөх, Улстөр гэсэн гурван Хорлонтой салбар Монголыг сөнөөж байна гэхэд хилсдэхээргүй боллоо. Уул нь Улстөр, Урлаг, Спорт гэсэн энэ 3 салбар чинь Төрийг бүтээх үйлсэд асар чухал үүрэгтэй, гурван чухал тулгуур юм шүү дээ. Гэтэл бид одоо өөдөө харах ёстой нь уруугаа харсан гэмээр урвуу эрэмбэтэй нийгэмтэй болчихлоо. Цаг өнгөрөх тусам, улам бүр тийм болсоор байна. Тийм болгох ажлыг урлаг, спортынхон улстөрийн ах эгч нартайгаа нийлээд хийгээд байна л даа… 

  4. Яавал инженерүүдээ нэр хүндтэй болгож нийтээрээ маазарсан, дуулсан, хуурдсан, бөхөө шүтсэн сэтгэхүйг өөрчлөх вэ? Үүнд инженерийн суурь боловсрол эзэмшсэн хүний хувьд байр сууриа илэрхийлнэ үү. 
- За улстөрчдийг сайн болгочихвол бүх юм зөв замаа олно гэж худлаа хэлээд яахав. Тэр бол мянгуужингийн үлгэр. Тэдэнд найдаад хэрэггүй гэдгийг эрхбиш одоо ирж бултаараа ойлгож эхэлж байх шиг. Нийт олноороо сэрж, сэтгэж, ухаарч сэхээрэх хэрэгтэй байна. Бид өөрсдөө сэхэж сэхээрч байж энэ уруугаа чиглэсэн чөлөөт уналтыг зогсоохгүй бол тулаад зогсох ёроол гэж байхгүй… Хэрвээ тулах ёроол байна гэвэл бид тэр үед сөнөөд үгүй болчих байх. Хүн бүр, иргэн бүр улстөрчдөд, төр засагт шаардлага тавьдаг, тэднээс хийж байгаа үйл ажиллагааг нь тодруулж асуулт тавьж, хариугаа авдаг, буруу зүйлийг нь шүүмжилж байгаад шахаанд оруулж алдааг нь засуулж авч чаддаг болох хэрэгтэй. Төрөөс хулгай хийж, улс үндэстний баялгийг цөлмөж амар хялбар замаар амьдардаг хэдэн үе, давхарга үүсчихээд байгааг устгах хэрэгтэй. Ардтүмэн хүчээ нэгтгэж чадвал төрийг бүтээх үйлсийг засаж залруулж чадна. Өнөөг хүртэл тогтсон буруу улстөрийн буруу бодлогыг олны хүчээр засах хэрэгтэй. Ардтүмний дуу хоолойг нэгтгэхэд энэ сошиал орчин их чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ үйл явцыг мэдлэг боловсролтой, үндэсний үзэлтэй сэхээтний цөөнх манлайлж ажиллаасай. Ер нь ч тийм байдаг. Тэдгээр цөөнх чинь ардтүмнээ гэгээрүүлж, төрийн удирдагчдыг бэлдэж гаргаж ирдэг. Тэрнээс биш, нэг сайхан нартай өдөр Чингис хаан маань дахин мэндлээд бүхнийг засаад өгнө гэж байхгүй. Чингисийг төрүүлж бүтээх үндэсний “язгууртан” сэхээтнүүд бий болох хэрэгтэй байна. Ерөөсөө улс үндэстний хүч чадал гэдэг бол ардтүмнийх нь мэдлэг боловсрол, ёс зүй, зориг тэмүүлэл, бүтээлч чадварт байдаг. Тиймээс ардтүмнийхээ сэтгэлгээний соёлыг бүтээх нь төрийн анхдагч үүргийн нэг байх ёстой. Төр засаг гэдэг бол улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхтэй зэрэгцүүлээд үндэснийхээ сэтгэлгээний соёлыг бүтээж байдаг. Манайд аль аль нь алга. Газрын баялаг хулгайлж баяждаг нэг давхарга, тэдгээр баяжигчдыг дагаж алиа салбадай мэт аяглаж амь зогоодог урлаг, соёл, бөх “бухчуудын” бүхэл бүтэн арми-давхарга бий болж тогтлоо. Тэд маш хорлонтой юм. Хулгайч улстөрчдийг гаргаж ирж амь бөхтэй байлгах орчинг тэд бүрдүүлж байна. Урлаг спорт хэмээх ардтүмнээ соён гэгээрүүлж залж чиглүүлж байх учиртай давхарга нь тийм завхарсан дүр төрхтэй болчихсон учраас ардтүмэн өөртөө найдаж, өөрсдөө хүчээ нэгтгэхээс өөр аргагүй. Нийгмийн сэтгэлгээг бүтээж байдаг сэхээтний давхарга маань өндийж босож ирэх хэрэгтэй байна. Тэд ардтүмнийхээ сэтгэлгээг залж чиглүүлж, болохгүй бүтэхгүй юмыг зоригтой хэлж, ардтүмнийг доромжилж байдаг тэдгээр давхаргыг юун түрүүн сонгуулийн аргаар халахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Ардтүмэн хүчтэй шаардлага тавиад Монголын нийт ардтүмний баялгийг хулгайлж амьдардаг тэр давхаргыг гишгэх газаргүй болтол илчлэх хэрэгтэй. Тэд хулгай хийж баяжчихаад дийлдэхгүй байна шүү дээ. Ирээдүйнхээ төлөө, үр ач хойчсынхоо төлөө өнөө үеийнхэн зоригтой тэмцэх хэрэгтэй байна. 

  5. Их сургуулийн физик, химийн тэнхим бараг элсэх оюутангүй дуулдаж байгаа нь гунигтай юм. ШУТИС болоод их сургуулиудын байгалийн шинжлэх ухааны тэнхимийнхэн яаж энэ чиглэлд олон оюутныг бэлдэж бий болгох тал дээр саналаа хэлнэ үү? 
- Дээр хэлсэнчлэн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлого байхгүй учраас аж үйлдвэрийн салбарууд хөгждөггүй. Түүнийг дагаад инженерүүдийн нийгмийн байр суурь сул. Бусад шинжлэх ухааны салбарууд ч мөн ялгаагүй тийм болж байна. Энэ байдлыг засахад олон талт бодлого явуулах шаардлагатай. Мэдээж төрийн зөв бодлого нэн чухал үүрэгтэй. Түүнээс гадна тухайн мэргэжлээр сургадаг их дээд сургуулиуд маань хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга барил, агуулга, хэлбэртээ шинэчлэл хийх цаг болжээ. Физик, химийн мэргэжлийнхэн аль ч салбар руу хөрвөх боломжтой. Тийм чадварыг оюутнууддаа эзэмшүүлэх хэрэгтэй юм. Японд гэхэд сургуулиа төгсөөд мэргэжлээсээ тэс өөр салбараар мэргэшээд явах нь хэвийн үзэгдэл байдаг. Бакалаврын 4 жилд тухайн мэргэжлийг тэгтлээ гүнзгий судалж, мэргэшиж чаддаггүй. Өдгөө дэлхийд манлайлаад байгаа Амазон, Гүүгл гэх мэтийн баргийн улсаас ч том болчихсон компаниуд гэхэд уламжлалт хэлбэрийн дээд боловсролыг голдог болчихлоо. Тэд өөрсдөө компани дотроо өвөрмөц маягийн, орчин цагийн шаардлагад нийцсэн дээд сургуультай болж, тэндээ ажилтнуудаа бэлдэж байна. Тиймээс дэлхий даяар иймэрхүү боловсролын шинэчлэлийн асуудал яригдаж байгаа үед манай их дээд сургуулийнхан маань цогц шинэчлэл хийх шаардлагатай. Мэдээж энэ бол төрийн бодлогоос шууд хамаарах ч гэлээ, манай их дээд сургуулийн эрдэмтэн мэргэд маань дэлхийн түвшинд асуудлыг харж, хоцрогдсон улстөрчдийн амыг харах биш, тэднийг ухааруулж, ичээж, манлайлах хэрэгтэй байна гэж хэлье дээ. Дашрамд хэлэхэд Израилийн хөгжлийн тухай агуулгатай “Старт-ап үндэстэн” номыг манай сэхээтнүүд уншаасай гэж зөвлөх байна. Тэр ном бидн хоёрын ярьж буй сэдвүүдээр хүнд нэлээн юм бодуулна. 

  6. Ер нь хүүхдийг багаас нь инженер техникийн сэтгэлгээтэй болгохын тулд яах ёстой вэ? Бүгдээрээ дуучин, хуурчин, бөхчин болоод энэ улс орон чинь сүйрлээ шүү дээ. 
- Үүнд нийгмийн сэтгэлгээ өөрөө их чухал нөлөөтэй. Инженер, технологичид, эрдэмтэд нь нийгмээ, нийгмийнхээ сэтгэлгээг манлайлдаг тийм нийгэмтэй болох хэрэгтэй байна. Тийм нийгмийг бүтээх хэрэгтэй байна. Нийгмийг өнөө завхай зайдан урлаг, спорт, улстөр гэдэг давхарга муу муухай үлгэрээр удирдан чиглүүлж байдаг биш, өндөр ёс суртахуунтай, бүтээлч сэтгэлгээтэй, эрдэм мэдлэгтэй сэхээтнүүд нь тэргүүлж авч явдаг болохын цагт аяндаа хүүхдүүд маань багаасаа тийм мэргэжлийг сонгох болно, эцэг эхчүүд ч гэсэн аяндаа хүүхдээ тэр чигийн мэргэжилтэй болгох гэж боддог болно. Хүүхдийг инженер техникийн сэтгэлгээтэй болгоход хэрэгтэй өчнөөн зөвлөгөө өгч болох ч, өнөө буруу үлгэр дууриал үзүүлэгчид чинь хүүхдийн анхаарлыг буруу зүйл рүү үлгэрлэн татаад байхлаар юм ярихад хэцүү байна шүү дээ. Амьдарч байгаа орчин, нийгэм хүүхдэд шууд нөлөөлж өдөөж байдаг. Боловсролын системээ цогцоор нь харж шинэчлэх хэрэгтэй байна. Ер нь хүүхдийг багаас нь бага гэж гололгүй, өргөн мэдлэгтэй, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, дайчин, бүтээлч хүн болгож хөгжүүлэхэд хэрэгтэй мэдлэгийг томчууд бид өөрсдөө үлгэрлэж, ярьж чиглүүлж зөвлөж байх хэрэгтэй. Хүүхэд өөрөө асар том ертөнц. Ялангуяа технологи хөгжсөн орчин цагийн хүүхдүүд маш ухаалаг болсон шүү дээ. 

  7.Олны шүтэн бишрээд байдаг урлаг, спортын одууд нийгэмд ямар үйлдэл үзүүлж байгааг бид бүхэн харж байна. Сошиалд тэдний увайгүй үйлдлийг жигшиж байгаа нь харин сайшаалтай. Урлаг, спортынхон гэдэг чинь эцэстээ ёс суртахуунгүй дандаа шүтэгдэж явсаар байгаад хүнээ байчихсан хүмүүс байдаг юм бишүү. Үүнд иргэнийхээ хувьд бодлоо хуваалцахгүй юу? 
- Сүүлийн үед, үнэхээр, сонсоод чихэндээ ч үл итгэм бүдүүлэг муухай үзэгдэл, үйлдлүүд ар араасаа цуварч байна. Харамсмаар, жигшмээр. Олон түмэн ч үүнд ихээхэн жигшин зэвүүцэж байна. Энэ чинь ямар гээч үзэгдэл вэ? Уг нь нийгэм гэдэг өдөр бүр өөдөө дээшилж явах учиртай сан. Гэтэл бид чинь харанхуй ангал уруу доошоо чиглэсэн чөлөөт уналт хийж яваа юм шиг болчихлоо. Олон жил буруу замаар будаа тээсний гор нь гарч байна уу даа гэлтэй. Урлаг, спортынхон гэдэг угтаа бол нийгмийн сэтгэлгээний соёлыг бүтээх тэргүүн фронтын дайчид гэмээр улсууд шүү дээ. Та өөрөө яруу найрагч хүн. Зохиолч, яруу найрагчид ч гэсэн энэ армид харьяалагддаг. Үндсэндээ Төрийг гардан бүтээх ёстой улсууд нь тэд мөн. Төрийн инстүүц бүхэлдээ хүчтэй байж байж, хүний эрх хангагдаж, эрх чөлөө гэдэг зүйл бодитой болдог. Эрх чөлөө гэж юу вэ гэвэл Төр гэж хариулж болно. Эрх чөлөө гэдэг бол үндсэндээ амар амгалан амьдрах нийгмийг бүтээх тухай ухагдахуун юм. Төр гэдэг бол зүгээр нэг засаглалын механизм, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нэгдэл төдий зүйл биш. Төр гэдэг бол тодорхой үзэлсанаа юм. Төр гэдэг бол тэрхүү үзэлсанааг ардтүмнийхээ оюун сэтгэлгээн дотор бүтээн бий болгож байгаа тэрхүү үйл явц бас мөн. Төр хэмээх тэр үзэлсанааны дотор тухайн үндэстний эрхэмлэн дээдэлдэг ёсзүйн цогц чухал байр эзэлдэг. Тиймээс урлаг спортынхон хүссэн хүсээгүй нийгмийн ёс суртахууныг бүтээгчид байж, өөрсдөө ч эрхэм дээд ёссуртахуунтай хүний үлгэр жишээ болж байх ёстой. Би ингэж боддог. Би бол үндэсний үзэлтэй хүн. Консерватив үзэлтэй хүн. Урлаг, соёл, спортынхон маань урвагч хулгайч улстөрчидтэй өвөр түрийвчээрээ нийлж авчихаад Төрийг бусниулан устгах ажлыг цаг ямагт хийж байдаг гэмээр болжээ. Том улстөрчдийн өвөр дамжиж явдаг, түүгээрээ уралдаж гайхуулдаг гэмээр эмсийн давхарга бий болж байгаа юм биш биз дээ. Улстөрчид нь ч гэсэн тийм юмнаас ичиж зовохоо байжээ дээ. Тиймэрхүү юмаараа уралддаг, бас нөгөө “улстөр хийнэ” гэгчийнхээ зэмсгийг ч болгодог бололтой. Сошиал дээр явдаг мэдээллээс үзэхэд тийм л байна. Мэдээж сошиалын мэдээлэлд бүрэн итгэх нь өрөөсгөл. Гэлээ ч, манай нийгэм ерөнхийдөө цомхон, тиймээс олны үг ер нь ортой л байдаг. Ёс суртахууны гүнзгий ялзралд орж гүйцсэн урлаг спортынхныг даврааж байдаг нь ардтүмэн бид өөрсдөө юм. Одоо тэднийг тэгж даврааж байдгаа больцгооё. Одоо энэ хөл хорионы үеэр гэхэд л хаана ч оччихоод байгаа юм, өнөө баахан гошин шогын одууд гэх, одоо ч хат даа, ёссуртахуунгүй баахан гарууд бөөнөөрөө “нийлчихсэн” бас л өнөө утгагүй маазаа сурталдсаар байж байх юм. Ямар ач холбогдолтой юм хийж байгаа нь тэр вэ? Тэдний маазыг сонсоод үзээд хүн улам л тэнэг болно, улам л дархлаа сулрах байх. Монголчууд бид бүгдээрээ нийгмийнхээ өнөөгийн энэ байдлыг бүхлээр нь харж нухацтайхан, илэн далангүй дүгнэж ярилцаж хэлэлцэх цаг иржээ. Тэгээд ард нийтээрээ үндэстнээ аврах хөдөлгөөн өрнүүлж, энэ нийгэмд бугшчихаад байгаа бузар булайтай эвлэрэхгүй тэмцэл хийж эхэлмээр байна. Тэгж байж нийгэм эрүүлшинэ. Хамгийн гол нь үндэстний сэхээтнүүд маань өндийж босож ирэх хэрэгтэй байна. Ардтүмнээ гэгээрүүлэх, улс үндэстнээ авч явах чадалтай төрийн удирдагчдыг бэлтгэн гаргаж чадалтай үндэстний тийм сэхээтнүүдийг би өнөө цагийн үндэстний язгууртнууд, төр улсын хөлөг баатрууд гэж боддог. Сэхээтэн гэдгийг их томоор ойлгох хэрэггүй. Өнөө цагийн залуус бүгдээрээ сэхээтнүүд шүү. Хамгийн гол нь үндэстний үзлээрээ сайтар зэвсэглэж, даяарчлал, либерализмын гаж буруу үзлээс хагацах хэрэгтэй байна. Даяарчлал, либерализмыг хэт шүтвэл бид үндэстнээрээ устах аюултай. Монголын үндэстний үзэлтнүүд нэгдэж улс үндэстнийхээ төлөө босож тэмцэхийг уриалья.

2/7/21

БИЛИГТ ХӨВҮҮН ЖАНЧИВЫН АМРЫГ ЭРИМУЙ!

    Шүлэг сэлтийг захидлын хамт ирүүлсэнийг хүлээн авсанаа мэдэгдье.

    Эрдэм сурах гэж ээсти улсын нийслэлд суралцаж байх үес, нэнд хичээж, англи, франц, герман хэлний нэгийгн шамдан суралцаж үзэхийг алс хол Монгол нутгаасаа хүсэн захьсу. Орчин үеийн болосоролт Монгол улсынхаа хойчийг залгамжлах залуус та бүхэн, хүзүүгээр бусдаас тутахгүйг маш эрхэмлэн хичээж, эрдэм сурахыг мэрийлтэй бөгөөд эх орон, ард түмэндээ ачийг нь эрдэм номоор хариулахыг хэзээд санаж яваараа, хүү минь!

    Орчин үеийн монгол сэхээтэн хүн, худам гэдэг бүхүй муучин монгол үсгээ шамдан суралцаж, Германы Йоханн Гүттенбергийг XV зууны үес анхан ном барлах арга Европод үүсгэн санаачласнаас даруй таван зуун жилийн өмнө барын ном монголоороо үзэж суусан өндөр соёлт өвгөд дээдсийнхээ өв их утга зохиолын эрдэнэс, үгсийн маш баялаг сангийн эзэн болох цаг та нарт тулгаран ирсэнийг бодож яваарай, хүү минь.

    Хөвгүүн, эргэлзэл гэх зэргээр манай хэл бичгийн багш, хэвлэлийнхний хазгай дуудан, хазгай бичдэг ганц нэгэн алдааг эх шүлгийн бичигт засан тэмдэглэлээ.

    Монгол хэлний сэтгэхүйн ёсонд ус, гол мөрөн, нуур цөөрөм, тэнгис далайд шумбах, ус буюу шалбааг мэтэд умбахаас биш, "үнэрт умбан шумбадаг" ёсгүй тул, "плавать" гэдгийн олон санаа утгы нь монголоор ганц "умбах, шумбахаар" орчуулан бодож болохгүй шүү! Любовь гэдгийг манай зарим зохиолчид ганц "дурлал" гэж шал буруу "орчуулан" бичдэгий нь бодоорой! Орсон буур, отолосон адгуусанд ороо отлолтын цагаар эм амьтны сүвээс нь гоожин гарч байгаа юманд шиншин дурлаж гүйх ёс байж болно. Оюун төгс хүн, дур точиг нь хүрээд, дайралдсан эмийн хойноос үнээ дагасан бух шиг гүйх ёсгүй, хайр гэдэг нандин сэтгэл байх ёстой. Ардууд маань эх эцэгдээ хүн хайртай, аминдаа хайртай, янаг амрагтаа хайртай гэж, хайр дурлалын утгыг ялгадаг шүү! Архинд дуртай, хүүхэнд дуртай, мөнгөнд дуртай, нэр алдарт дуртай гэдгийн дурлал гэдэг нь үнэн сэтгэлийн ХАЙР гэдгээс ялгаатай үг ухагдахуун байх бий!

     О адислаач дэ гэсэн үг бол, о благослави гэдгийг махчлан орчуулсан мэт санагдана. Энэ мэт зүйл бас аргагүй, үзэн сурах, дурлан сонирхох, амтархан шохоорох маа гадаадын хэлээр үзэх үес, харь хэлний нөлөө заавал сэтгэхүйд тусдаг нь ёс. Монголоороо бодож, монгол сайхан бичгийнхээ хэлний үг найруулгын амтыг шинээн авч, эх хэлээрээ сэтгэн бодож, зохион найруулж сурах үес харь хэлний нөлөөнд орох үзэгдэл аяндаа арьлах ёс бий.

     Бидний-манай гэдэг хоёр заах нэр, монгол хэлнээ баахан ялгаатай юм шүү! Бидний улс гэвэл-хэлж байгаа хүний өөрийн улс, дэргэд нь байгаа өөр улсын хүний тэр улсы нь хамтатган бидний улс гэдэг. Манай улс гэвэл, хэлж байгаа хүний улс гэж заахаас биш, дэргэд нь байгаа өөр улсын хүний тэр улсыг багтаан оруулаагүй, салган хасаж хэлсэн санаа. Манай гэж танай биш гэсэн санаа, бидний гэж манай танай хамтын гэсэн санааг илэрхийлэх үг ажээ. Мөч гэж дөрвөний нэг гэсэн нэр: цагт дөрвөн мөч байдаг; хүнд бас дөрвөн мөч байдаг. Цагийг монгол бичгийн хэлнээ дөрвөн мөч болгож, мөчид нь арван таван хувь болгож, нэг хувид жаран хором гэж ялгадаг байлаа. Минут гэж "бага" секунда гэж цагийн тэр бага хувийг дахин хоёрдохь удаа хувааснаа заасан хоёрдахь хоёрдугаар гэсэн утгатай үг. Манайхан цаг, мөч, хувь, хором гэж хуваан ялгажээ. Энэтхэг-европ хэлнээ "единственное число, множественное число" гэдэг "грамматическая категория числа"- хэлзүйн тооны ай байжээ. Манайханд хэлзүйн тооны ай байвч, "ганцтоо, олонтоо" гэж байхгүй. Манай сургуульд хэлний боловсорол нимгэн багш нар, тэр учрыг мэдээгүй тул, орчуулан хуулжээ. Өрөөсөн нүд, өрөөсөн гар гэх зэргээр "ганцын" санааг "өрөөсөн" гэдгээр гаргаж хэлдэг монголчууд, ер "эдгээр хүнүүдийн гарууд нь уртнууд, хуруунууд нь сайханууд, хумснууд ягаанууд" гэдэггүй шүү дээ. 

     Монгол хэлэнд төрөл тооны ай гэж бий. Тэр айн нэр нь цөм төрөл тооны дагавраар төгсдөг. Нохой гэхдээ, нохойн төрлийн юм цөм нохой. Нэг нохой ч нохой, Хоёр нохой ч нохой, Бүх нохой цөм нохой болохоос, гахайн төрөл биш гэж нохойнд тоонд орсон юм бүхэн нохойн төрөлд багтан, хэлзүйн тооны айгаар төрөл тооны нэр болно. Тэр учраас монголчууд цагаанууд шүднүүдтэй хүнүүд, сайханууд далавчнуудтай шувууд гэдэггүй! Мянгад, дархад, баяд, торгууд гэж цөм төрөл тооны нэр тул, бүх дархад ч дархад, нэг дархад ч дархад болдог нь даруй хэсэг тооны ай. Тэр учраас, дархад гэж сонгнолын нэгэн хэсэг болохоос, монгол хүн бүхэн дархад биш, нэг хэсэг нь л дархад гэж хэсэг тооны айгаар үзүүлсэн хэрэг. Сайд гэж хэсэг тооны нэр тул, хүн бүхэн сайд биш, нэг хэсэг нь сайд юм гэж сайД хэмээн -Д дагавраар үзүүлж, нэг хүн сайд байвал, сайд гэдэг хэсгийн нэг хэсэг нь гэсэн хэсэг тооны санаа хэвээр байдаг юм.

      Тэр учраас, европын единственное число л бол монголын ганц тоо, европын олон тоо л бол, монголын олон тоо гэж болохгүй, монгол хэлний хэлзүйн тооны ай нь сүрхий учир зүй бүхүйг монголоороо бодон сурагтун!

      Юм боддог болж, бодон санасанаа яруу найргийн сэтгэлээр илэтэгэн бичихийг оролдож байгаад тань би хувьдаа баяртай байна. Бичсэн зохиолынхоо эхийг (оросын оригиналь гэдэг нь монголоор эх гэдэг юм шүү!) хаялгүй хадгалж, өөрийн мэдлэг аль хир ахин нэмэгдсэнийг хэдэн жилийн өмнө бичсэнтэйгээ зэргэцүүлэн үзэхэд сонин байдаг юм шүү!

      Бичиж сур, бодож сур!

      Манай боловсоролтгүй багш нар тэднийг даган сурсан зохиолч нар, -на гэдгийг одоо цагийг үзүүлсэн дагавар гэж ташаардаг. Цай чанана гэж, мөн орой болно гэж цөм ирээдүй цагийн хэлбэр шүү дээ! Монголоороо зохиол хийх сэхээтэн эрдэмтэн хүн, монгол бичгийнхээ хэлийг шинжлэх ухааны үүднээс ухааран хэрэглэх ёстой. Манай бага, дунд, дээд сургууль тэр тухайд орос, ээсти зэргийн орчин үеийн боловсон улын адил хэмжээнд хүрээгүйг авьяастан манай залуус та бүхэн ухаарч, эх хэлэндээ эзэн болох үүрэгтэй хувьтай байгаагаа бодож явагтун.


                                                                                                                  Ёслогч Ринчен.

Шуудангийн хайрцаг 119.

 

 

4/19/17

Олон улсын харилцаанд худал хэлэх стратеги байдаг

Зууны мэдээ сонин, 2017.04.19

Ярилцсан Х.МОНГОЛХАТАН
ШУТИСийн Нээлттэй инновацийн төвийн захирал 
Ц.Буянцогтоотой ярилцлаа.
-Сүүлийн үед олон улсын тавцан дээр ямархуу нөхцөл байдал үүсээд байна вэ? Дайн болох гээд байгаа ч юм шиг, ер нь л түгшүүртэй мэдээ их гарч байна. Та дэлхийн геополитикийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үед дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүчтэй өөрчлөгдөж байна. Тодорхойгүй нөхцөл байдал ихсэж, терроризм, цагаачлалын асуудал хурцдаж, олон улсын байдал тогтворгүй болж байгааг 1930-аад оны үетэй адилтгаж үзэж байна.
Дэлхий дээр 200 орчим тусгаар улс бий. Тэдгээрийн дотор эдийн  засаг, цэрэг, шинжлэх ухаан, технологи гээд бүхий л талаараа тэргүүлдэг өндөр хөгжилтэй орнууд байдаг. Түүнээс гадна дэлхийн тавцан дээрх тоглоомын дүрмийг тодорхойлоход голлох үүрэгтэй ноёлогч улс гэж байдаг. Энэ бол дэлхийн түүхийн явцад оршиж ирсэн бодит үнэн.
1200-1500 онд Их Монголын эзэнт гүрэн дэлхийд ноёлогч улс байв. 1500-аад оноос далайн байлдан дагуулалт эхэлж, Испани, Португал, Франц, Англи гэх мэт улсууд дэлхий даяар колоничлолын бодлого явуулж, 1900-аад оны эхэн хүртэл ээлжлэн ноёлогч улсын суурийг эзэлж ирсэн түүхтэй.
Дэлхийн түүх бүхэлдээ дайны түүх байж ирсэн гэхэд буруудахгүй. Хүн гэдэг амьтан байгалиасаа түрэмгий шинжийг агуулж төрдөг, бие биедээ чоно мэт байдаг тухай эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Тийм учраас хүнээр удирдуулсан улсууд ч хоорондоо мөнхийн өрсөлдөөн, түрэмгийлэл өрнүүлж байдаг.
Дэлхийн 1, 2-р дайн бол мөнөөх ноёлогч байр суурийн төлөөх дайн байсан гэж болно. Д2Д-ны дараагаар Ялтын гэрээгээр тогтсон дэг журам өнөөг хүртэл үргэлжилж ирлээ. 1945 онд НҮБ шинэчлэгдэн байгуулагдаж, дэлхий нийтийн асуудлыг зохицуулах үүрэг хүлээж ирсэн.
Д2Д-ы дараа дэлхий ертөнц бүхэлдээ хүйтэн дайны гэх үе рүү шилжиж, бие биедээ эрс дайсагнасан 2 туйлд хуваагдсан юм. Энэ байдал 1991 онд ЗХУ аяндаа нуран унаснаар дуусгавар болж, АНУ гэх ганц ноёлогч улс бүхий эрин үе рүү шилжсэн юм.
2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг олон улсын геополитикт эргэлтийн шинжтэй өөрчлөлт авчирсан онцгой жил болсон гэж зарим судлаач үздэг. Учир нь энэ хямралаар дэлхийн ноёлогч улс АНУ-ын байр суурь муудаж, ялангуяа эдийн засгийн хувьд ихээхэн суларсан. Харин, нөгөө талд Хятад улс эдийн засгийн хувьд хүчирхэгжин гарч ирсэн. АНУ эдийн засгийн хямралд өртөж хүнд байдалд орж байхад, Хятадын эдийн засаг 10 гаран хувиар өсөж, дэлхийн 2 дахь том эдийн засаг болон хүчирхэгжин гарч ирсэн.
Тиймээс, 2008 оноос хойших үеийг дэлхий буцаад хоёр туйлт болсон үе гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ, энэ бол зөвхөн эдийн засгийн хүчин чадал талаас авч үзсэн байр суурь. Хэдийгээр АНУ эдийн засгийн хувьд өмнөхөөсөө суларсан ч гэлээ, цэргийн болон бусад талаараа хүчтэй хэвээрээ байгаа. Түүнтэй харьцуулахад Хятад улс цэргийн хүчин чадал, олон улсын харилцааны тоглоомын дүрэмд үзүүлэх нөлөөгөөрөө хараахан Америктай эн дүйцэх түвшинд очоогүй байна. Гэхдээ тэдэнд дэлхийн ноёлогч улс болж, АНУ-тай дүйцэж очин, дэлхийг хуваан хяналтдаа оруулах амбиц дүүрэн буй.
2008-2016 онд АНУ-ын ерөнхийлөгч байсан Барак Обама “АНУ дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхгүй” хэмээн мэдэгдэж байсан нь Америкийн үнэмлэхүй ноёрхогч байр суурь суларсаны илрэл мөн биз ээ. Обамагийн гадаад бодлого ихээхэн аядуу зөөлөн байж ирснийг зарим хүн “маш сул бодлого явуулсан” гэж шүүмжилдэг.
Обамагийн үед гарсан нэг томоохон эргэлт бол АНУ-ын зүгээс Ойрх Дорнодын талаар явуулах бодлого эрс өөрчлөгдсөн явдал юм. Дэлхийн геополитикт энергийн бодлого томоохон байр суурь эзэлж ирсэн түүхтэй. Дэлхийн газрын тосны нөөц хязгаарлагдмал, магадгүй 2050 он гэхэд дэлхий даяар энергийн хомсдолд орж болзошгүй гэх үзэл давамгайлж байв. Жишээлбэл АНУ-ын газрын тосны нөөц 2016 он гэхэд дуусна гэх маягийн таамаглал ч байв.
Гэтэл, сүүлийн жилүүдэд Америкт занар олборлох технологи хөгжиж, газрын тосноос ялгаагүй өртөгөөр олборлож чаддаг болсноор АНУ дэлхийд энергийн хамгийн их нөөцтэй улс болон хувирсан юм. Ийнхүү сүүлийн 100-аад жил АНУ-ын гадаадын бодлогын цөм байж ирсэн Ойрх Дорнодын бүс нутгийн ач холбогдол багассан нь гэнэтийн өөрчлөлтийг авчирсан юм.
За энэ мэт томоохон өөрчлөлтүүд дэлхийн геополитикт гарч байна. Хамгийн сүүлд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бас ихээхэн дуулиан дагууллаа. Сонгуулийн кампанит ажил өөрөө ихээхэн анхаарал татсан, урьд өмнө байгаагүй сюрпризээр дүүрэн, дэлхийн хүн ардыг гайхашруулсан онцгой үйл явдлаар дүүрэн байлаа. Үр дүнд нь Трамп хэмээх ихээхэн өвөрмөц, сонирхолтой гэмээр зан төрхтэй ерөнхийлөгч төрөн гарч ирж, 7 хоног бүр сюрприз барьсан үйл явдлууд тасралтгүй өрнөж байна.
Трамп Обамагийн бодлогыг эрс буруушааж байгаагийн дээр АНУ-ын уламжлалт бодлогыг ч нэлээд өөрчлөх шинжтэй. Тэрээр эдийн засгийн глобализмийн эсрэг бодлого явуулна гэдгээ зарлаад байгаа. Чөлөөт худалдааны гэрээг өөрчилж, улс бүртэй тулж гэрээ хэлцэл хийнэ гэсэн байр суурьтай.
Товчхон хэлбэл Д2Д-аас хойш явж ирсэн дэг журам өөрчлөгдөх шилжилтийн үе дээр явж байна гэж хэлж болохоор байна.
-АНУ Хойд Солонгостой дайн зарлах уу? Энэ Хойд Солонгос ер нь ямар учиртай улс вэ?
-АНУ-ын зүгээс Ойрх Дорнод, Европ, Украйн гэхчлэн дэлхийн өөр бүс нутгуудын бодлого дээрээ төвлөрөн завгүй байх хойгуур Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөр идэвхтэй хэрэгжүүлж, өнөөгийн аюултай түвшинд хүрч амжсан гэж үзэх нь бий.
Японы аюулгүй байдлын салбарын талаар судалгаа хийдэг нэг эрдэмтний ярьснаар бол арай өөр шалтгаан ч байж болох юм. Тэр судлаачийн хэлснээр бол 2003 оны үед Япон, Хойд Солонгос улс хоёрын хооронд байгуулсан эвлэрэлийн гэрээг АНУ-ын зүгээс зориудаар зогсоож харилцааг таслуулсан байх магадлалтай юм байна. Учир нь хэрвээ тэрхүү гэрээг хэрэгжүүлээд явбал Солонгосын Хойгт Японы нөлөө ихсэж, улмаар тэр нь АНУ-ын эрх ашигт харшилж болзошгүй гэх болгоомжлолоос үүдэн тэрхүү гэрээг зориудаар таслан зогсоосон байж магадгүй юм байна. Энэ бол ортой үндэслэл. Өмнөд Солонгос улс ерөнхийдөө Японтой төстэй, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн өргөн хүрээнд явагддагийг бид мэднэ.
Юутай ч өнөөдөр Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй улс болж чаджээ. Тэр улс өөрийн сонгосон зам дээр итгэлтэй зогсож байна. Хуучин Зөвлөлт лагерийн улсуудаас ганцаараа үлдлээ. Өөрсөндөө итгэлтэй байж, бусдын нөлөөнд автахгүй байхын тулд янз бүрийн арга тактик хэрэглэж, төр улсаа гадны нөлөөнөөс хамгаалахаар зүтгэж буйг нь харахад нэг талаас хүндэлмээр ч юм шиг. Мэдээж бидний зүгээс харахад ойлгомжгүй, шүүмжлүүштэй зүйл маш их бий. Гэхдээ, тэд өөрийн асуудлыг бие даан шийдэх эрхтэй тусгаар тогтносон бүрэн эрхт улс юм.
Трамп Хойд Солонгосын талаар хатуухан бодлого барина гэдгээ удаа дараа илэрхийлээд байна. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд Хятад улсыг хамтран ажиллахыг уриалсан. Сая Хятадын дарга Ши Жинпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтаараа нэлээн томоохон стратегийн нүүдэл хийж, Хойдын асуудал дээр хамтран ажиллахыг үндсэндээ “тулгасан” бололтой юм. Ши Жинпинийг хүлээж авсан анхны өдрийн оройн зоог барьж байхдаа Сири рүү пуужингаар харваснаа мэдэгдэж сюрприз барилаа. Гаднаас нь харахад энэ хоёрын уулзалт тийм ч амжилттай болсонгүй гэж ажиглагчид үзэж байна. Ялангуяа Ши Жинпиний хувьд нэлээд дарамттай уулзалт болсон шинжтэй. Гэвч, тэд Хойдын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцсон бололтой.
Дайн болох эсэх талаар гэвэл тийм ч амархан дайн хийгээд унахгүй биз ээ. Хойд Солонгос хэдийгээр эдийн засгийн хөгжлөөр тааруу, буурай улс боловч тэд цөмийн зэвсэгтэй. Байнга цэрэг, дайны бэлтгэл хийж байдаг. Тийм ч амар ялагдахгүй.
Сая өвөг эцгийнхээ 105 насны ойгоор пуужингийн туршилт хийсэн нь амжилтгүй болсон байна. АНУ кибер халдлага хийх замаар туршилтыг амжилтгүй болгож чадлаа гэсэн нэг таамаг явж байхад, Хойдууд өөрсдөө зориуд амжилтгүй болгосон байж магадгүй гэх бас нэг таамаг явж байна.
Хойд Солонгосын үйлдлийг ажиглаж байхад тэд яав ч тэнэг, бодлогогүй нөхдүүд биш, харин ч геополитикийн стратегийн онол практикийг мэддэг, үйлдэл бүрээ олон талаас нь бодож байж бодлогоо гаргадаг, хэрэгжүүлдэг юм биш үү гэж бодогдохоор байгаа юм. Манайхан тэдний тэрхүү сэтгэлгээг судалж үзэхэд илүүдэхгүй л болов уу.
-Хятад, Хойд Солонгосын хооронд ямар харилцаа, ямар эрх ашиг байна вэ?
-Хойд Солонгос, Хятад хоёр бол уламжлалаараа их сайн харилцаатай явж ирсэн улсууд. Солонгосын дайнд нэг тал болж дайтаж байсан түүхтэй. Худалдаа, эдийн засгийн талаар идэвхтэй харилцаатай. Хойд Солонгосын эдийн засагт Хятад томоохон байр суурьтай гэж болно.
Энэ залуу ерөнхийлөгчийн үеэс хоёр улсын харилцаанд бага зэрэг хөндийвтөр харилцаа ажиглагдаж ирсэн юм. Түүний учрыг янз бүрээр тайлбарладаг. Саяхан алагдсан Ким Жон Уны эцэг нэгтэй ахыг Хятадууд дэмжиж, Хойд Солонгосын төрийн тэргүүнд тавьж магадгүй, тэр зорилгын төлөө хэдэн жилийн өмнө цаазаар авахуулсан авга ахыгаа хятадуудтай холбоотой гэж харддаг байсан гэх яриа байдаг.  Энэ залуу ерөнхийлөгч өнөө хүртэл Хятад ч юмуу, ямар нэг гадаад улсад айлчлаагүй байгаа байх шүү. Хятадууд үнэхээр тийм төрийн эргэлт хийх санаатай байсан уу, эсвэл тэр бол зүгээр хаа нэгтээгээс энэ 2 улсын хооронд яс хаясан хэрэг байсан уу, хэн ч тодорхой хэлж мэдэхгүй байх.
Хятадын зүүн өмнө хил дээрх Хойд Солонгост дайн болох нь Хятадад ихээхэн эрсдэлтэй, ямар ч ашиггүй. Ер нь дайн хэнд ч ашиггүй.
-Америк Сирид цохилт өгсөн байгаа. Трамп Ойрх Дорнод, Хойд Солонгос гэсэн 2 фронтод зэрэг дайн хийнэ гэсэн үг үү? Дэлхий буцаад хүйтэн дайны байдалд шилжих үү?
-АНУ бол оргил үеэ өнгөрөөд хүч нь суларч яваа ноёлогч улс. Эдийн засгийн хүчин чадал нь урьдынх шигээ мундаг биш болж байна. Дотооддоо, нийгэмдээ нэлээд асуудалтай. Ард түмэн нь хуваагдмал байдалд орсон, орлогын ялгаа маш өндөр болсон гээд тоочвол асуудал их байх шиг. Өнөөгийн ерөнхийлөгч сонгуульд ялж гарч ирсэн шалтгааныг ч үүнтэй холбож үзэж байна. Шулуухан хэлэхэд АНУ аль ч фронтод дайн хийхгүй байх магадлал өндөр.
Хэрвээ тэгээд хаа сайгүй дайн хийгээд унавал наанадаж өөрийн улсын хүчин чадал улам суларч таарна, цаанадвал ялагчгүй дайн урт хугацаагаар үргэлжилж мэднэ. Тиймээс өнөөдөр Трампын засгийн газраас илэрхийлж буй алхмууд бол стратегийн нүүдэл хийж байгаа байх гэж бодож байна. Ер нь  олон улсын харилцаанд психологийн дайн гэмээр зүйл бол энгийн үзэгдэл байдаг.
Сири рүү пуужин харвасан тухайд гэвэл энэ бол цэвэр стратегийн нүүдэл байх аа. Харин, пуужин харвах болсон шалтгаан гэгдэж байгаа “Ассадын тал химийн зэвсэг хэрэглэсэн” гэдэг яриа бол тун эргэлзээтэй. ОХУ, Ассадын ЗГ-тай хамтран  сүүлийн 2 жил шахам шаргуу тэмцсэний дүнд Исламын улс бүлэглэлийг ихээхэн сулруулж, магадгүй энэ чигээрээ явбал иргэний дайн удахгүй дуусаж магадгүй гэж байсан эгзэгтэй үед Ассад өөрийгөө хорлох гэж байгаа юм шиг химийн зэвсэг хэрэглэн олон улсын нийгэмлэгийг өөрийн эсрэг босгомооргүй сэн.
НАТО-ийн орнууд, Япон гээд олон улс Трампыг дэмжиж байхад Сирид болсон явдлыг үгүйсгэх нь хэр үндэстэй вэ гэж мэтгэх улсууд байна лээ. Дэмжиж байгаа улсын тоо олон гэдгээр нь тухайн үйл явдлыг үнэн гэж үнэмшиж болохгүй л дээ. Олон талаас мэдээлэл авч, шинжилж байж, өөрийн гэсэн дүгнэлт гаргаж байвал сайн. Ерөнхийдөө АНУ-ын тал Сири рүү хийсэн ажиллагаагаа урьдчилан сайтар бэлдэж байж хийсэн бололтой.
Энэ талаар MIT-ийн хүндэт профессор, урьд нь Пентагонд зөвлөхөөр ажиллаж байсан эрдэмтэн Ассадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэл худлаа байх магадлал өндөр гэсэн судалгаа гаргаж эсэргүүцсэн байна билээ. Гэх мэтээр олон улсын харилцаанд шууд ойлгоход төвөгтэй зүйл асар их болдог.
2013 онд дээрхтэй төстэй үйл явдал болж, Ассадын тал химийн зэвсэг хэрэглэсэн тул Сири рүү дайн хийнэ гэж Обама гэнэт зарласан юм. Үүнийг Оросын тал эсэргүүцэж НҮБ-ээс хөндлөнгийн шалгалт оруулахыг уриалсан. Шалгалтын үр дүн Ассад биш, эсрэг талынхан химийн зэвсэг хэрэглэсэн байх магадлал өндөр гэж гарсан байх жишээтэй. Тэглээ ч гэсэн Обамагийн зарласан дайныг АНУ-ын гол холбоотон Их Британи, Франц хоёр дэмжихгүй гэсэн учраас тэрээр арга буюу гаргасан шийдвэрээ цуцлахад хүрч байв.
Ер нь тиймэрхүү “худал хэлэх”, “хуйвалдах” гэх мэт тактикийн алхам хийх нь олон улсын харилцаанд түгээмэл байдаг арга мэх гэж болно. Өөр өөрийн эрх ашгийг эрхэмлэсэн дайнд талууд стратеги, тактикийн янз бүрийн нүүдэл хийдэг. Тэр бүхнийг ойлгосны үндсэн дээр болж байгаа үзэгдэлд дүн шинжилгээ хийж байж дүгнэлт гаргах нь зүйтэй.
Дэлхийн шинэ дайн болох магадлал бага болов уу гэж бодож байна. Гэхээсээ илүүтэй тэгж найдаж байна. Дэлхий дээр дайн хийхийг хүсдэг тийм хүчин байдаг бололтой юм. Түүнийг бас ойлгох хэрэгтэй. Трампын засгийн газар Хойд Солонгостой дайн хийхэд бэлэн байна гэх мэтээр мэдэгдэж буй нь бодлогын алхмууд биз ээ, удахгүй талууд харилцан тохиролцох биз гэж найдаж байна.

1/13/17

СТАРТ-АП ҮНДЭСТЭН (2): Улсын хөгжилд хөдөө аж ахуйн салбар чухал үүрэгтэй

Старт-ап үндэстэн номын арын хавтас дээр 3 зүйл сэдвээр номын агуулгаас иш татаж оруулсан буй. Хөдөө аж ахуй, Венчер санг хөгжүүлсэн жишээ, Израйлийн цэргийн соёл гэсэн 3 сэдэв.
Саяхан өөд болсон Израйлийн ерөнхийлөгч Шимон Перес авхайтан тус улсыг үндэслэн байгуулагч анхны багийн гишүүдээс үлдсэн бараг хамгийн сүүлийн хүн байсан юм. 
Номын зохиогч нар түүнтэй уулзан Израйлийн хөгжлийн тухай хөөрөлдөхөд тэрбээр хамгийн түрүүн хөдөө аж ахуйн салбарыг онцолж тайлбарлажээ.
"Хорин таван жилийн дотор Израйль хөдөө аж ахуйгаас авдаг өгөөжөө 17 дахин өсгөж чадсан юм. Энэ бол гайхмаар амжилт. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Үнэндээ, хөдөө аж ахуйн 95 хувь нь шинжлэх ухаан, ердөө таван хувь нь ажил байдаг юм." хэмээн тэрбээр хэлдэг.
Улс орны хөгжилд хөдөө аж ахуйн салбар онцгой үүрэг гүйцэтгэдэг тухай олон эрдэмтэн судлаачид онцолдог. 
Ялангуяа Ази тивийн гайгүй хөгжилтэйд тооцогдох бүх орон эхлээд хөдөө аж ахуйн салбараа босгож эдийн засгийнхаа суурийг тавьсан байдаг. Үүний цаад нэг учир нь энэ салбар олон хүнийг ажлын байраар хангадагт бий гэсэн тайлбар бий. 
Үнэхээр ч Япон, Солонгос, Тайвань, Хятад гэсэн улсууд хөгжлийнхөө эхэн үед ажиллах хүчний дийлэнхийг агуулдаг хөдөө аж ахуйн салбараа түлхүү анхаарч хөгжүүлснээр эдийн засгийн сууриа тавьж чаджээ.
Харин, Израйль улс хөдөө аж ахуйн салбарыг зөвхөн ажлын байр олноор шингээдэг талаас нь биш, инновацийг төрүүлэх, өндөр үр ашиг өгөх салбар болгон хөгжүүлэх зорилго тавин гайхалтай амжилтад хүрч чадсан байна.
Израйльчуудын бүтээсэн говь цөл газарт зориулсан усалгааны систем дэлхийг даяар хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигтай инноваци болж чадсан юм. Энэ тухайд номоос уншаарай.
Эндээс нэг санаа хэлж болно. Өөрсдийн өмнө тулгарч байгаа томоохон асуудлыг шийдэх чиглэлд эрчимтэй ажиллавал тэндээс инноваци төрөх магадлал өндөр.
Манай орны хувьд хүйтэн сэрүүн бүсийн хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэх, халаалтын системийг боловсронгуй болгох гэхчлэн өөр бусад оронд тэр бүр байдаггүй, бидний онцлогоос үүдэлтэй бэрхшээлүүд бий. Барилгын дулаалга ч гэдэг юмуу. Тэр мэт асуудалд илүүтэй анхаарвал инновацийг хөгжүүлэх магадлал өндөр байх болов уу.
Нэг жишээ хэлэхэд, Япон гэр, байшингийн дотоод халаалт тал дээр яг үнэнийг хэлэхэд жаахан хоцрогдонгуй талдаа. Гэтэл, Өмнөд Солонгос энэ талаар хамаагүй дэвшилд хүрсэн байх жишээтэй. Солонгос Японоос арай сэрүүхэн газар л даа. Өвөл Японы байрууд их хүйтээн. Мань мэт нь хөлдчих гээд л, эсвэл толгой өвдтөл халааж алчих гээд байх нь бий.

СТАРТ-АП ҮНДЭСТЭН


Ийм нэг ном дөнгөж хэд хоногийн өмнө худалдаанд гарлаа. 
Израйль улс шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үзүүлэлтүүдээр дэлхийд тэргүүлж байна. Цөөнгүй үзүүлэлтээр нэгд, зарим үзүүлэлтээр АНУ-ын дараа 2-р байрт ордог.
Гэтэл, Израйль гэдэг энэ улс дөнгөж саявтар буюу 1948 онд огт оргүйгээс шахам үүсгэн байгуулагдаж тусгаар тогтнолоо олсон залуухан улс юм. 
Хүмүүс жүүдүүд угаасаа ухаантай, дэлхийн баян жүүдүүд "мөнгөөр цутгаад" байгуулчихсан улс шүү дээ гэдэг.
Гэвч, энэ бүх бидний хуучин төсөөлөл үнэнд нийцэхгүй болохыг энэ ном тайлбарлана. 
Улс орныг бүтээнэ гэдэг чухам ямар ажил болохыг ойлгоход энэ ном тус болно гэж бодож байна. 
Бүхэл бүтэн улсыг цоо шинээс эхлэн байгуулаад хөгжлөөрөө дэлхийн улсуудын тэргүүнд зогсох хэмжээнд хүргэсэн энэ жишээ бидэнд олон зүйлийг ойлгуулна.
Израйлийн жишээнээс улбаалаад өөр бусад улсын жишээг задлан шинжилж ярилцвал...
Номын хэсгээс иш татъя.
...Эхлэн сонирхогчид жүүдийг гений хувьд, эсвэл соёлын хувьд нэгэн цул байдлаар авч үзэхийг оролддог нь бодит байдалтай огт нийцдэггүй. 
Израйль хэдий жижиг ч хамгийн олон янзын үндэстэн цугласан газар. Тэдний хүн ам ойролцоогоор 70 өөр үндэстнээс бүрддэг. 
Иракаас, эсвэл Польш, Этиопоос ирсэн цагаачдад хэл, боловсрол, соёл, түүхийн хувьд адил гэхээр юм огт байдаггүй. Тэд үгүйдээ л гэхэд сүүлийн 2000 жилийн туршид огт өөр өөр замаар замнасан үндэстнүүд юм.
Ирландын эдийн засагч Дэвид МакВиллиам "Израйль бол нэгдмэл нэгэн үндэстний улс гэдэг ойлголттой огт таарахгүй. Дэлхийн өнцөг булан бүрээс өөр өөр хэл, соёл, заншил бүхий тархан суурьшсан иргэд буюу диаспораг цуглуулан нэгэн шүтлэгээр нэгтгэсэн "хайлуулах тогоо" гэж нэрлэвэл зохино" гэж хэлжээ. 20-р хуудас.
Номын үнэ 25,000 төг.


12/10/15

ХӨГЖИЛ БА АРИУН ЦЭВЭР

 1990 онд бид ардчилалтай золгосноор тэр үеийг хүртэл огт харилцаагүй шахуу байсан урд хөрш Хятадтай чөлөөтэй ирж очилцдог болсон билээ. Тэр үед манайхан Хятад руу вагоноор голдуу явж Эрээн, Хөх хот, Бээжин орж ганзага энэ тэр хийж эхэлсэн. Анх яваад ирсэн улсууд хятадуудын бохир завааныг гайхсаар ирдэг байсныг тодхон санаж байна. Вагон дотор явахдаа шүлс, цэрээ чөлөөтэй хаяна, хажуудах хүн рүүгээ хээв нэг бөгсөө чиглүүлж байгаад унгана, за тэгээд хэхрэх энэ тэр бол энүүхэнд гэж байгаа. Бас, нэг гэрийнхэн түмпэнд ус хийж байгаад бүгд ээлжээрээ нүүрээ угаана, тэгэхдээ шүлс мүлсээ түмпэн рүүгээ хаячихна, дараагийн хүн нь хамаагүй тэрэнд нь угаачихна...гэх зэрэг сонсоод жинхэнэ утгаараа "игжээр хүргэм" зүйл ярьсаар манайхан ирдэг байсан юм даг.

Тэр цагаас хойш 20 гаран жил өнгөрсөн өнөөдөр хятадуудын тэр байдал арай дээрдсэн байх аа. Манайхан ч бас дасаа биз. Гэхдээ л Бээжинд явж байхад орчин цагийн гял толь болсон зочид буудлын коридорт хээв нэг шүлсээ хаяад зогсож байх нутгийн иргэд бишгүй дээ л нэг таардаг. Бээжингийн эрх баригчид ард түмнээ соёлжуулах гэж дээрхэн үеэс элдэв арга хэрэглэж ирсэн юм билээ. Мао Зэ дун Соёлын хувсьгал гэж сүртэй том кампанит ажил хийж байсан гэдэг. Манайх ч гэсэн соёлын довтолгоон гэж 50, 60-аад онд хийж байсан юм даг уу даа. Бидний хувьд Зөвлөлтийг дагаж тэдний ахуйн соёлоос суралцсан улс шүү дээ.

Азид хамгийн цэвэрхэн, соёлтой, хөгжилтэй улс гэвэл Япон, за бас Сингапурыг нэрлэж болно. Саяхан, дэлхий 2-р дайнаас хойших Японы хөгжлийн тухай ном уншиж байгаад тэднийг цагтаа бас л соёлжих асуудалтай тулгарч явсан юм байна гэдгийг олж мэдлээ. Дайны дараа Японыг АНУ бүрэн мэдэлдээ аваад GHQ (General Headquarters) гэгчийг байгуулан генерал МакАртурыг толгойлогчоор нь тавьжээ. Дайны нурангид дарагдсан Японыг хөгжүүлж, тухайн үед дэлхий бүхэлдээ социалист, капиталист гэсэн 2 лагерьт хуваагдаж эхэлсэн цаг тул капитализмаар замнасан улс ингэж хөгждөг юм байна гэдэг сайн жишээ болгон харуулах зорилгоор Японы эдийн засгийн хөгжилд АНУ ихээхэн хүч тавьж байж.

Япон ч дорхноо сэргэж 1960-аад он гарахад бүр бие даагаад олимпийн наадам зохион байгуулах хэмжээнд хүрсэн байна. 1964 оны Токиогийн олимпийн бэлтгэл гэж улс даяараа эрвийх дэрвийхээрээ хөдөлжээ. Тэр үед Токиогийн тэнгэрт одоогийн Бээжин, Улаанбаатараас дутахааргүй нүүрсний угаар дүүрдэг байсан гэнэ. Бас, галт тэргээр зорчдог япончууд багтаж ядан чихцэлддэг нь Энэтхэг, Пакистаны өнөөгийн дүр зургаас ялгаагүй байсан бололтой. Түүнээс гадна тэр үед япончууд тэр болгон усанд орж чаддаггүй, хирээ үнэртүүлсэн хүмүүс л явдаг байсан гэнэ. Галт тэрэгний жорлон явуут дундаа доошоо урсгасаар давхидаг байсан тул хот дотор үнэр танар үүсгээд онцгүй байсан гэнэ. Ер нь тухайн үед Токио хот бүхэлдээ бохирын дэд бүтэцтэй болж амжаагүй, хураагдсан ялгадсыг "баасны шар машинаар" соруулдаг тул хот бүхэлдээ өмхийдүү...Тэр бүхнийгээ 64 оны Токиогийн олимпийн үеэр зохицуулах гэж орон даяар ихээхэн хөл хөөрцөг болж байжээ.

Тэгээд бодохоор япончууд ч гэсэн саяхан босч ирсэн байгаа биз??

Япончууд ард түмнийхээ зан төлөв, соёлыг өөрчлөх гэж том том кампанит ажил явуулж байсан гэнэ. Тэр бүхнийг нь судалж үзвэл маниуст хэрэг болж мэдэхээр юм бна...
Нэг онцгой анхаарал татсан зүйл бол япончууд тэр цагт огтоосоо менгее хадгалах тухай ойлголтгуй бсан гэнэ. Байгаа бүх мөнгөө үpэн таран хийж байж санаа нь амардаг байжээ. Тэр характерийг нь өөрчлөх гэж ундэстэн даяараа томоос том хампаанит ажил өрнуулж байж сая мөнгөө хадгалдаг япон занг төлөвшүүлсэн гэж бна шуу. Тэрхүү хуримтлал нь ч улсынх нь бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмэр оруулжээ.

11/16/15

УЛСЫН СҮР НЬ ИХ СУРГУУЛЬДАА

          Америкийн Нэгдсэн Улс бол дэлхийн хамгийн хүчирхэг улс. Аливаа улсын хүч чадал гэдэг ямар утгатай ойлголт вэ? Дээрхэн цагт бол цөмийн зэвсэг гэхчлэн цэрэг армийнх нь хүчин чадлаар энэ ойлголтыг илэрхийлдэг байв. Цэргийн хүчээр мэдээж Америк дэлхийд тэргүүлдэг ч  гэлээ, тэдний хувьд улсынх нь жинхэнэ сүр хүчний нууц нь “их дээд сургуульдаа” байдаг.
          Америкийн их дээд сургуулийн боловсролын түвшин дэлхийд дээгүүр түвшинд ордог. Хууль, эдийн засаг, инженерчлэл, анагаах, бизнесийн сургууль гээд бүхий л салбарт тэд хол тасархай түрүүлдэг. Дэлхийн их дээд сургуулиудын эхний 100 байрын дотор 60 гаран нь Америкийнх гээд бод доо. Гэхдээ, энэ бол Америкчууд дэлхийн бусад үндэстнээс илүү мундаг “толгойтой” гэсэн үг огт биш. Харин дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг “гавлуудыг” урин цуглуулж чаддаг учраас тэд ийм амжилтад хүрч.
          Америкийн их дээд сургуулиуд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх оюутнуудын өмнө үүд хаалгаа чөлөөтэй нээдэг учраас гайхмаар интернацианальч соёлтой болсон байдаг. Дийлэнх их дээд сургуулиуд гадаад оюутнуудад зориулсан тохилог дотуур байртай. Америкт Харвард тэргүүтэй зүүн эргийн Айви лийгийн сургуулиуд, баруун эргийн Станфордоор ахлуулсан дээд зэрэглэлийн сургуулиуд байхаас гадна, маш өргөн хүрээтэй боловсрол олгох зорилготой, Либераль артс коллеж гэж нэрлэгдэх 4 жилийн  дээд сургууль  бүх Америк даяар 230 орчим бий. Либераль урлагийн коллеж анх гарч ирж байхдаа дундаж дээд давхаргынхны охидыг голчлон элсүүлж байжээ. Охайо мужийн Ообилин, Массачусетс мужийн Уиллиамсын дээд сургууль зэргийг жишээлж болно. Оюутнууд нь түүх, нийгэм судлал, байгалийн ухаанаас авахуулаад урлаг, спорт гээд ерөнхий эрдмийн хичээлийг сайтар суралцаж, сургуулиа дүүргэсэн хойноо эхлээд ямар нэг газар ажилд орно. 2-3 жил ажилласны эцэст дахиад магистрт суралцахаар их сургуульд элсэнэ. Нийгмийн ухаан талдаа Харвард, Станфордын их сургуулийн бизнес, хуулийн сургууль, харин байгалийн ухаан, инженерчлэл талдаа MIT, Калтек зэрэг нь хамгийн элит сургуульд тооцогддог.
          Их сургуулиуд сайн профессорын төлөө өрсөлддөг
          Уламжлалаараа бол Английн Кембриж, Оксфордын их сургууль дэлхийд хамгийн сайн сургууль байж ирсэн боловч сүүлийн үед тэнд суралцах оюутнуудын дийлэнх нь Английн өөрийнх нь иргэд болсноос харахад бодит байдал дээр Америкийн 1-р зэрэглэлийн их сургуулиуд тэднээс хол түрүүлсэн гэдгийг олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Цагтаа Францын Сорбоны их сургууль дэлхийд дээгүүрт ордог байсан бол сүүлийн жилүүдэд мөн л франц хэлтэн оюутнуудын тоо давамгайлах болж дээгүүр байранд орохоо больж эхэлсэн. Бизнесийн сургуулийн хувьд ч Европчууд АНУ-ын түвшинд хүрэхгүй гэдгийг хэн ч эсэргүүцэж чадахгүй.
          Америкийн их дээд сургуулиуд хооронд өрсөлдөөн асар хүчтэй өрнөж байдаг.  Тиймээс оюутнуудыг татах чадвартай сайн багшийн эрэлд их дээд сургуулиуд гарах бөгөөд гадаадын алдартай эрдэмтдийг урин ажиллуулдаг. Сургуулийнх нь нүүр царай болсон алдартай профессорууд байвал сайн оюутан элсэх анхдагч нөхцөл бүрдэнэ. Авьяаслаг оюутан элсүүлж чадвал мэдээж хэрэг чадварлаг төгсөгчдийг аж үйлдвэрийн салбар луу нийлүүлж чадна гэсэн үг.  Төгсөгчид нь мундаг байвал сургуулийн нэр хүнд өснө. Сургуулийн нэр хүнд өсөхийн хэрээр мөн л сайн оюутнууд уг сургуульд элсэнэ. Ийнхүү сайнаас сайныг төрүүлсэн “сайны тойрог” үүсч бий болно.
          Их дээд сургуулийн Удирдах зөвлөлийн хурал дээр хаанаас, хэн гэдэг сайн профессорийг “агнаж авчрах вэ” гэдэг яриа байнгын сэдэв болж байдаг. Хэн нэг эрдэмтэн судалгааны сайн бүтээл гаргангуут аль нэг их сургуулиас шуудхан л утас цохиж “манай сургуульд багшлаач, манайх танд ийм тийм сайн нөхцөл амлая” гээд л урина.

(Үргэлжлэл бий)